Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0155

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, гуравдагч этгээд “Ай ******* Юу Тур” ХХК-ийн төлөөлөгч П.*******, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, гуравдагч этгээд “******* трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Үл зхөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030465 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нар давж заалдах гомдолдоо: “...Үндэслэл нэг: Нэхэмжлэгч “Пром-импорт” ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Барилгын тухай хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартыг зөрчиж, “Ай ******* Юу Тур” ХХК-ийн нэр дээр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2205030465 дугаарын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх “Шүүх бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэх, уг бүртгэл гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгсөн болно” гэж дүгнэсэн атлаа 980 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэгд зөвхөн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д зааснаар хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй, дээрх хуультай зөрчилдсөн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн үлсын бүртгэл, гэрчилгээ”-ний талаар ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

Үндэслэл хоёрт: “Ай ******* Юу Тур” ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан 3 талт “Хамтран ажиллах” гэрээний дагуу өөрт ногдох талбайгаа “*******” ХХК-д худалдсан, мөн иргэн Хандмаад бэлэглэлийн журмаар шилжүүүлсэн ба өнөөдрийн байдлаар “Ай ******* Юу Тур” ХХК-д бодитоор тухайн барилгад эзэмшиж ашиглаж, өмчилсөн ямар нэгэн талбай байхгүй юм. Харин иргэн Хандмаад талбайгаа бэлэглэж улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлэхдээ хаана байгаа ямар зориулалттай нь тодорхойгүй, схем зураггүй, зөвшөөрөлгүй бүрдүүлбэр дутуу материалаар улсын бүртгэлд 24 м.кв талбайн бүртгэл хийлгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх "Хариуцагч нь өмчлөх эрх шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг хүсэлтийг үндэслэн өмнөх гэрчилгээг хүчингүй болгож өмнөх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үлдэх хэсэг болох 24 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр “Ай ******* Юу Тур” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ

Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд шүүх үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжих, өмчлөгч өөрчлөгдөх, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бүртгэл, өмчлөх эрхийн шилжилтийн бүртгэлүүдийг хольж хутган “бүртгэл үнэн зөв байх” зарчим зөрчөөгүй байна гэж хууль бус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19, 24 дүгээр зүйлийг зөв хэрэглэж чадаагүй алдаа гаргасан гэж үзэж байна.

Үндэслэл гурав: Хавтаст хэрэгт авагдсан “Инженер геодези” ХХК-иин талбайн хэмжээ тогтоосон акт, шинжээчийн дүгнэлтээр “Ай ******* Юу Тур” ХХК-ийн нийт талбай 337.67 м.кв үүнээс ашигтай талбай 313.67 м.кв гарсан байхад 336 м.кв талбайг бусдад зарсан тул хохироогүй, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас газар дээр нь барилгын эскиз зурагт 24 м.кв талбай нь “шат”-ны хэсэг болох нь тухайн барилгын анхны зураг төсөл болон “Инженер геодези” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр тус тус тогтоогдсон байдаг. Харин бүртгэлийн байгууллагаас бүртгэж гэрчилгээ олгохдоо энэ нөхцөл байдлыг огтоос нягтлаагүй болох нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс өгсөн тайлбар хариултаас харагддаг. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан "орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана. доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, ...тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарна.”, 15.5-д “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж заасан байхад "Ай ******* Юу Тур" ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 барилгын 1 давхараас доошоо -1 давхар руу орох нийтийн зориулалттай явган шатанд хамаарах 24 м.кв талбайг өмчлөлдөө бүртгүүлж гэрчилгээ авсан нь хууль зөрчсөн байна.

Үндэслэл дөрөв: Шүүх “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8-д “Энэ үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол  ...  эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” хэмээн хуульчилжээ” гэжээ. Энэ хуулийн заалтаар хэний өмчлөлөөс х******* шилжиж бүртгэгдсэн талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй, харин “Ай ******* Юу Тур” ХХК-ийн өмнөх бүртгэл хүчингүй болж, шинэ өмчлөгчид эрхийн гэрчилгээ олгох асуудлыг зохицуулж өгсөн заалт болохоос “Ай ******* Юу Тур” ХХК-д дахин гэрчилгээ олгох асуудлыг зохицуулсан гэж үзэхгүй юм. “Ай ******* Юу Тур” ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хийлгээгүй байгаа нөхцөлд шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулсан, зайлсхийсэн гэж үзэж байна.

Үндэслэл тав: Шүүх “маргааны зүйл болох 24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан хууль хэрэглэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх “Ай ******* Юу Тур” ХХК-ийн өмчлөлийн /явган хүний шат, шатны хонгил/ эд хөрөнгө болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...нийтийн эзэмшилийн талбайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олгосон" гэсэн тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн, нотлогдсон нь тодорхойгүй таамаглалд үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Үндэслэл зургаа: Хариуцагч захиргааны байгууллага нь Баянгол дүүргийн 7 хороо, 3 хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 барилгын 1 давхрын В хэсэгт байршилтай 24 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Үндэслэл долоо: Шүүх “Талууд барилгын орц, гарцыг чөлөөлүүлэх асуудлаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар эүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Үндэслэл найм: Анхан шатны шүүхийн 980 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэгд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дахь заалтыг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль бус үндэслэлгүй гэж үээж байна.

Нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхтэй холбоогүй, харин хариуцагч нь “Ай ******* Юу Тур” ХХК-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл”, 19 дүгээр зүйлд “эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах” бүртгэлийг хийхдээ хууль зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдаг.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2,106 дугаар зүйлийн 106.4, 106 5, 106.7, 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийи тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дахь эаалтуудыг зөрчсөн, шүүх холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж шийдвэрлээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хучингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдал, захиргааны байгууллагын үйл ажиллагаа болон нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн талаар буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноос шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 дугаар барилгын 1 дүгээр давхрын В хэсгийн 24 м.кв талбайтай шатны хэсгийг  үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэж өмчлөгчөөр нь “Ай ******* Юу Тур” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тухайн 36 дугаар барилгын 2 дугаар давхрын 720 м.кв тайлбайн өмчлөгч болохын хувьд 2 дугаар давхар руу болон хасах 1 дүгээр давхрын супермаркет руу гарах, буух зориулалттай шатны хэсгийг нийтээрээ ашиглах боломжгүй болгож эрх зөрчиж байна гэж маргажээ.

            Гэтэл анхан шатны шүүх маргааны гол асуудал болох анх барилгыг барихдаа дээд доод давхар руу гардаг шатны зориулалтаар барьсан шатны хэсгийг тусад нь “үл хөдлөх эд хөрөнгө” гэж үзэж өмчлөгчөөр гуравдагч этгээдийг бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн эсэх, уг бүртгэлийн улмаас 2 дугаар давхрын өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлгүй, “...анхнаасаа тухайн барилгын 2 дугаар давхрын 720 м.кв талбайг өмчлөгч нь “*******” ХХК, 1 дүгээр давхрын 360 м.кв талбай өмчлөгч нь “Ай ******* Юу Тур” ХХК байсан, тэдгээрийг дундаа хэсгээр өмчлөгч гэж үзэхгүй, “Ай ******* Юу Тур” ХХК нь 336 м.кв талбайгаа иргэн Ё.Хандмаад шилжүүлж, үлдэх 24 м.кв талбайг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчөөгүй, бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “Ай ******* Юу Тур” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 336 м.кв талбайг Ё.Хандмаад, үлдэх 24 м.кв талбайг өөрийн нэр дээр үлдээх хүсэлт, мэдүүлгийг хүлээн авч, мэдүүлэгт хавсаргасан схем зурагт үлдэх 24 м.кв буюу “В” хэсэг нь “шатны зориулалтаар баригдсан хэсэг” болох нь тодорхой байхад нягтлан шалгалгүй уг 24 м.кв хэсгийг дангаар нь “үл хөдлөх хөрөнгө” гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох  барилга, байгууламж ... зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчсөн байна.

            Учир нь уг 24 м.кв хэсэг нь 2 давхар /хасах 1 давхартайгаа 3 давхар/ барилгын дээд доод давхар руу гарч буух зориулалттай шатны зориулалтаар анх баригдсан, уг зориулалт өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл газар, түүнтэй параллель дээр нь үйлчилгээ явуулах талбай биш “шатны хэсэг” байх тул Ё.Хандмаад шилжүүлсэн 336 м.кв үйлчилгээний зориулалттай талбайгаас салгаж, дангаар нь үйлчилгээний зориулалттай талбай буюу “үл хөдлөх эд хөрөнгө” гэж үзэх үндэслэлгүй юм.

            Шүүх хэрэгт авагдсан “Ай ******* Юу Тур” ХХК нь иргэн Д.Мөнхөөтэй харилцан тохиролцож 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн протокол, хамтран ажиллах гэрээний талуудын 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нэмэлт гэрэ******* “... 00 түвшний зүүн талын 1 дүгээр давхрын доошоо орсон шатыг нурааж битүүлэх зардлыг Д.Мөнхөө, “Ай ******* Юу Тур” ХХК нь “*******” ХХК-д төлөхөөр тохиролцож байжээ” гэж дурдсан боловч эдгээр гэрээ, протокол, түүний биелэлтийн талаарх баримтыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан мэдүүлэгтээ хавсаргаж өгөөгүйгээс гадна уг протокол, нэмэлт гэрээний дагуу шатыг битүүлж үйлчилгээний зориулалттай талбай болгоогүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх хууль зөрчсөн бүртгэлийн улмаас уг барилгын 2 дугаар давхрыг “Хамтран ажиллах гэрээ”[1]-ний дагуу өмчилдөг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

            Харин дээрх протокол, нэмэлт гэрээний талаар талууд иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа тухай гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед тайлбарласан бөгөөд шүүхийн шийдвэр болон эдгээр протокол, гэрээний дагуу уг шатны зориулалтыг өөрчилж үйлчилгээний зориулалттай талбай болгосны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 дугаар барилгын 1 дүгээр давхрын В хэсгийн 24 м.кв талбайтай (шатны хэсэг) үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Ай ******* Юу Тур” ХХК-ийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030465 дугаар бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

                                    ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ


[1] 1 дүгээр хавтас, 63 дугаар тал