Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 01

 

С.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ63101001, З овогт С-ийн П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22-02 тоотод оршин суух, 1982 онд төрсөн,37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ82102774, Зуутраг овогт Сэсээрийн Мад  холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.П, түүний өмгөөлөгч Г.Батмөнх /онлейнаар/, хариуцагч С.М, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэнцэцэг /онлейнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С.П нь хариуцагч С.Мад холбогдуулан хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3,5,6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч С.М нь нэхэмжлэгч С.Паас хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч С.П анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь С.Мтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 6 дугаар сараас эхлэн С.Мын эзэмшлийн газар дээр хамтран цэцэрлэг, орон сууцны барилга барьж эхлээд 2 жил 6 сарын дараа барилгаа барьж дуусаад байна. Тус барилгыг анх барьж эхлэсэн цагаас С.М гэрээгээ удаа дараа зөрчиж надад маш их хохирол учруулсан.

Би 2013 оны 10 дугаар сар хүртэл С.Маас нэг ч төгрөг гаргахгүйгээр барилгыг 2 давхар болтол нь барьж дуусаад үл хөдлөх хөрөнгийн газарт хандаж С.Мын нэр дээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулаад Хаан банкинд хандсан боловч С.М нь Хаан банкинд өндөр зээлтэй банкны зээлийг удаа дараа хожимдуулж банкны найдваргүй зээлдэгч болчихсон байсан учраас цаашид зээл авах ямар ч боломжгүй болсон.

С.М нь гэрээнд заасан ёсоор газар эзэмших гэрчилгээг хамтран эзэмшигчээр гаргуулж өгөөгүй учраас банкны зээл авч чадахгүй, хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж зээл, хүү, эд хөрөнгийн хохирол амсаад байна. Уг барилгыг барьж байгаа газрыг Хаан банкинд барьцаалсан байгаа болохоор бусад банк зээл өгөөгүй.

Би энэ барилга барих ажилд 4 удаа мөнгө олж барилгын ажлын 60 орчим хувийг хийж гүйцэтгээд 170.000.000 төгрөгийг гаргах ёстой байсан ч би 195.600.000 төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Нэхэмжлэл дээр 185.600.000 төгрөг гэсэн нь өндөр хүчдэлийн шугам буулгахад гарсан зардлыг нэмж тооцоогүй үнэ байгаа юм. С.М бид хоёр энэ барилгын 50 хувь хүртэл өөрийн хөрөнгөөр барьж, нэмж банкны зээл авч нэг давхрыг цэцэрлэгээр ажиллуулах, 2, 3 давхрын 10 өрөөнөөс нэг нэг байрыг өөрсдөө авч үлдэгдэл байраа зарж барилгад оруулсан мөнгөө төлөөд үлдэгдлийг нь хувааж авах ёстой.

Гэтэл С.М нь барилгад бага хөрөнгө оруулсан хирнээ 16 байрны 11-ийг нь авчихаад байна. Гэрээнд барилгын зургийг барилгын компаниар хийлгэнэ гэж заасны дагуу би 3.000.000 төгрөгөөр хийлгэсэн энэ талаар С.М ч хэлж байгаа. С.М нь хувь хүмүүсээс авсан мөнгөө барилгад оруулахгүйгээр банкныхаа зээлийг төлчихөөд хувь хүмүүсээс барилгын материал зээлдэж аваад барилгад бага зэргийн ажил хийчихээд гэрээнд заасан хувь хэмжээг зөрчиж, тухайн гэрээнд заасан цэцэрлэгийн байрыг бусдад худалдан борлуулж айл оруулаад байна. Би цэцэрлэг барих л гэж гэрээ хийж энэ барилгыг хамтран барьсан.

Иймд гэрээнд заасан ёсоор тухайн барилгын 1 давхрын 3 байрыг надад эзэмшүүлэх, өмчлүүлэх, тухайн барилга барихад миний илүү оруулсан хөрөнгө болох 25.600.000 төгрөгийг С.Маас гаргуулах, барилга барьсан 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. Мөн С.Мын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч С.М анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь С.Птай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ байгуулан С.М миний эзэмшлийн газар дээр 617.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн юм.

С.П нь гэрээний 2.3 дахь заалтаар 16 айлын барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг дангаар хариуцаж, үлдэгдэл 50 хувийн гүйцэтгэлийг хамтран хариуцахаар харилцан тохиролцсон. Тодруулбал С.Паас тухайн 16 айлын орон сууцыг барьж дуусгахад 462.750.000 төгрөгийг, харин миний бие 154.250.000 төгрөг дээр нэмж өөрийн эзэмшил газраас барилга барих газрыг гаргахаар харилцан тохиролцсон байдаг. Би тухайн гэрээний дагуу өөрт хамаарах үүргээ хэрэгжүүлэн 517.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

Харин хамтран ажиллагч С.П нь энэ хугацаанд тухайн барилгад 61.800.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө одоог хүртэл гаргахгүй байна. Иймд хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж С.Паас 246.700.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

С.П-ын нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр одоогийн барилга баригдсан газрыг обьектын хамт 90.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Би 2013 оны 6 дугаар сард С.Птай уулзсан ба манай эхнэрийн холын хамаатны хүн учир итгэж болох хүн гэж үзэн байр баръя гэсэн, тухайн үед би хашаа, байшингаа 45.000.000 төгрөгөөр үнэлээд зарах гэж байсан. Мөн С.П нь надад 80.000.000 төгрөг байна, хамтарч ажиллая би цэцэрлэгийн менежментийг сайн эзэмшсэн гэж надад итгүүлж чадсан учраас би үл хөллөх хөрөнгөө нурааж хохирсон. Тухайн үед би уг газарт хувийн хоолны газар ажиллуулдаг байсан. Би барилгын газрыг өөрийн 100 хувь мөнгөөр авсан байхад уг газрын эзэмшигч нь болчихмоор санаа С.Пт төрсөн нь хачирхалтай юм.

С.П нь 3.000.000 төгрөгөөр барилгын зураг төсөл хийлгэсэн гэсэн ч тухайн хийлгэсэн зураг төсөл нь шаардлага хангаагүй, дөнгөж сургууль төгссөн 2 хүүхдийн цоохорлосон цаас төдий зүйл байсан тул би 2013 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн зураг төслийн компанид захиалга өгч шаардлага хангасан зураг төслийг хийлгэсэн. Тухайн үед мөнгийг нь өгч чадаагүй ба 2015 онд 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг сүүлд өгсөн. Барилгыг миний зуруулсан зургийн дагуу улсын комисс хүлээж авсан, бүх техникийн нөхцөл миний нэр дээр, бүх зүйл миний нэрээр хийгдсэн, С.Пын хийлгэсэн зураг төслөөр улсын комисс хүлээж авсан акт байхгүй байхад зураг төслийг хуурамч гэж худлаа яриад байгааг гайхаж байна.

Барилгын ажлын явцад бүх хоолны зардлыг би төлсөн ба төсөвлөөгүй асар их зардал гарсан. Хавтаст хэрэгт хавсаргагдсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үнэлж дүгнэхэд С.Пын барилгад оруулсан нийт хөрөнгө 72.000.000 төгрөг байна. Энэ нь хууль бус шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнгийн 25 хувьд ч хүрэхгүй байна. Барилгын ажлыг эхлэхдээ урьдчилсан нөхцөл болгож гэрээ хийснээс газрын эрх шилжүүлэх хэлцэл хийгээгүй учир газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах боломж байхгүй. Иймд С.Пын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие энэхүү барилгад 3 жилийн турш 239.100.000 төгрөг, мөн газрыг худалдаж авсан үнэ 90.000.000 төгрөг, нийтдээ 329.100.000 төгрөгийг оруулсан болно” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч С.Пын гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.Мын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Паас шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 дансанд оруулж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах”-аар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан хэлсэн саналдаа: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “ шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Миний бие С.П нь 2016 оны 6 дугаар сард анх удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч С.М нь янз бүрийн заль мэх хэрэглэж шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар 2 жил 6 сарын дараа анхан шатны шүүх хурал болоход шүүх хохирогчийн эрх ашгийг үл хүндэтгэсэн хэргийн үнэн мөнийг олоогүй байж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ гэрээний 2.6-д заасан хэсгийг баримталж С.П нэг давхрын 3; 5; 6 тоот байрыг авах нь гэрээний заалттай нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл тус гэрээний 3.1-д заасныг шүүх огт анхаараагүй байна.

С.М 2014 оны 10-р сард Захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ С.П 74 сая төгрөгний хөрөнгө оруулсан гэж мэдүүлсэн, П барилгыг 50 хувь хүртэл нь барина гэж гэрээ хийчихээд дөнгөж 2 давхрыг өрлөг өрсөн гэж бичиж өгсөн мөн 2013 оны намар шүүхэд өгсөн тайлбартаа би 3 давхарт 39 сая төгрөгний ажил хийсэн гэж бичсэн нь С.П 2 давхар хүртэл барьсныг нотлож байхад хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн мөнгөнөөс бага мөнгө оруулсан байна гэж дүгнэсэнд үнэхээр гомдолтой байна. Энэ барилга 340 000 000 сая төгрөгт баригдсан. Бид хоёр 170 сая, 170 сая төгрөг оруулах ёстой.

Би 2013 онд барилгын суурь тавих,1, 2 давхрын өрлөг цутгалт, хийх,1, 2 давхрын бүх өрөө тасалгаа шавардах цахилгааны монтаж хийлгэх зэрэг ажилд 114.115.000 төгрөг

Өндөр хүчдэл буулгахад 7.300.000 төгрөг

2013 онд зээлээр авсан материалын үнэ 1.000.000 төгрөг

2014 оны 10-р сард гадна траншейны суурь цутгах, 2 ханыг өрөх цэвэрлэх 2 давхрын хавтангийн зай дүүргэж цутгах, 3 давхрын эргэн тойрны дотор хана, голын хананы 2 талыг шавардах зэрэг ажилд 7.146.300 төгрөг

2015 оны 6-р сард 3 давхрын дотор хана өрөх, шавардах,1,2 давхрын дутуу өрлөг гүйцээх, 1,2,3 давхрын хаалганы ялуу тавьж өрлөг өрөх Тэсхүүд 2 сая төгрөгний 2 давхрын цонхны мөнгө өгөх зэрэг ажилд 15.120.750 төгрөг

2015 оны 10-12-р саруудад зөвхөн 2 давхрын заслын ажил, гадна бохирын шугам хийх, блоконы хаалт, шатны бариул хийх зэрэг ажилд 35.940.000 төгрөг

30 сая төгрөгний тоосгоны хагас үнэ 15.000.000 төгрөг

Бүгд 195.622.050 төгрөгний ажил хийсэн учраас зөрүү 25.600.000 төгрөгийг хариуцагч С.Маас нэхэмжилж байна.

С.П миний бие болон хариуцагч С.М бидний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний 3.1-д “Тухайн цэцэрлэгийг 4 ангитайгаар байгуулах бөгөөд ордерыг үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлтээ гаргаж С.М, С.П нарын өмч болгон гаргана. Цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаанаас олсон ашиг орлогыг 50:50 хувиар эзэмшинэ” гэж тодорхой заасан байдаг.

Гэтэл хариуцагч С.М нь тус гэрээний 3.1 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчиж, 16 айлын орон сууцны нэг давхарын бүх өрөөнүүдийг эзэмшиж, зармыг нь захиран зарцуулж, ашиг орлого олж байна.

Нэхэмжлэгч С.П миний бие барилгын ажлын явцад хэрэглэж байсан дэвтрийг хариуцагч С.М нь алга болгосон тухай тайлбараа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан.

Миний бие Улаанбаатар хот руу ажлын шугамаар явахаар болж уг дэвтрийг С.Мад хүлээлгэж өгсөн. Дэвтрийг С.Маас албадан гаргуулахаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүхээс тодорхой ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

С.П миний бие уг дэвтрийг С.Мад хүлээлгэж өгснийг охин С.Батзаяа, хүргэн хүү Б.Шинэбаяр, тогооч Цээбумбаа нар нь харсан. Мөн эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулсан ба дэвтрийг С.Мад хүлээлгэж өгснийг тэд гэрчилсэн байдаг. Энэхүү дэвтэрт маргааны үйл баримт болох болсон бодит нөхцөл байдлыг тогтоох маш чухал мэдээлэл агуулагдсан эд мөрийн баримт байсан юм. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжпэгч С.Пын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоосон, хуульд заасан арга хэрэгслийн дагуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, зарим нотлох баримтыг огт үнэлээгүй байна.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд бодит нөхцөл байдалд нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч С.Мын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад харьцуулсан дүн шинжилгээ хийлгүйгээр нотлох баримтаар үнэлсэн нь буруу юм. Яагаад гэвэл С.М 1 болон 3 давхрын заслын ажлыг З.Оюундэлгэрээр хийлгэж 4.000.000 төгрөг, мөн О.Цогзолмаад 4.000.000 төгрөг өгсөн баримт бүрдүүлсэн хирнээ 3-р хавтаст хэргийн 9-11 р хуудаст 16 айлын барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээгээр 8.000.000 төгрөгийг давхцуулж тооцсон. Мөн 3-р хавтаст хэргийн 17-р хуудаст Улаанбаатар хотоос Амгалан гэдэг залуугаас 15.249.700 төгрөгний материал авсан гэсэн баримтыг үнэлгээгээр нэг давхарт хэдэн пильта, хэдэн м/кав паркет зэргийг тулгаж үзэлгүйгээр шууд нотлох баримтаар үнэлсэн байна.

Нэхэмжлэгч С.П миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан нэхэмжлэгчид олгосон эрхээ эдэлж 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэнми хэргшии анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа иргэн Мөнхбаяр, иргэн Э.Цэвээнчимэд, Батзаяа, Дуламжав, Бадиугийн эхнэр, засалчин Пэлжир, мужаан Дамбаа, Баттулга, туслах Дөшин, Д.Нохойжав, У.Насанжаргал нарын нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах гэсэн боловч, шүүх эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Пын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоосон, хуульд заасан арга хэрэгслийн дагуу олж авч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, нэр бүхий гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг аваагүй, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн бодит нөхцөл байдлыг шүүх тогтоогоогүй байж хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.П нь хариуцагч С.Мад холбогдуулан хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3,5,6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “С.П нь өөрөө хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж би их цаг хугацаа, их хэмжээний мөнгөний алдагдалд орсон тул” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Мөн хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны явцад хариуцагч С.М нь нэхэмжлэгч С.Паас хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг С.П хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх С.Пын гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3,5,6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулахаар, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.Мын хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.П нь гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3,5,6 тоот байрыг эзэмших, 420 м2 газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах гэсэн гурван шаардлага гаргасан байх бөгөөд шүүх түүний  нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөн шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэл тус бүрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад материаллаг хуулийг тайлбарлаж хэрэглээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн, бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа үндэслэх хэсэгтээ бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбараас үзвэл талууд 16 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулахад өөрсдийн оруулсан хөрөнгийн хэмжээ дээрээ маргасан байна. Гэтэл шүүх гүйцэтгэсэн ажлын хөлс, авсан барилгын материал, түүний үнэ зэргийг нотлуулахаар гэрч асуулгах талаар гаргасан хүсэлтүүдийг “нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий гэрчээс мэдүүлэг авахуулах хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Пын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356.150 /гурван зуун тавин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар 100150000957 тоот данснаас гаргуулж С.Пд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ТУЯА

ШҮҮГЧИД                                         М.НЯМБАЯР

                                                            Н.МӨНХЖАРГАЛ