Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2021/00495

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: З овогт С-ийн П-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: З овогт С-ийн М-д холбогдох,

   Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П, хариуцагч М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь М-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 6 дугаар сараас эхлэн М-ын эзэмшлийн газар дээр хамтран цэцэрлэг орон сууцны барилга барьсан. Гэрээний дагуу би барилгын 2 дугаар давхрыг гүйцээж шавардаад, өрөө тасалгаануудын тусгаарлалтыг хийж, барилгын 50 хувийг барьж гүйцэтгээд миний мөнгө дууссан. Хамтрагчид нь төсөв санхүүг зарцуулахад харилцан тэгш эрхтэйгээр оролцож, өдөр бүрийн үйл ажиллагаанд хяналт тавина гэсэн гэрээний нөхцөлтэй байсан ба бид өдөр бүр авсан зүйлээ бичиж тэмдэглэдэг дэвтэртэй байсан, би дүүгээсээ санхүүжилт авахаар Улаанбаатар хот явахдаа Май чи үргэлжлүүлээд хөтөлж байгаарай гээд дэвтрээ өгч үлдээгээд 12 хоноод ирэхэд санаа сэтгэл нь бүрэн өөрчлөгдөж, тэмдэглэлийн дэвтрээ ч алга болгосон байдалтай байсан.Уг байр нь 1 дүгээр давхартаа цэцэрлэг, 2 болон 3 дугаар давхартаа 10 айлын орон сууц байна гэж гэрээнд заасны дагуу барьсан боловч барилга баригдаж дууссаны дараа 2 дугаар давхрын 5 байрыг надад үлдээгээд 1 дүгээр давхрын цэцэрлэгийн байрыг дундаа хамтран эзэмшинэ гээд айлууд оруулчихсан. Талууд 10 байрнаас нэг нэгийг өөрсдөө авч үлдэгдэл 8 байрыг зарж барилгыг барихад гарсан зардлаа төлөөд үлдсэнийг нь тэнцүү хэмжээгээр хувааж авна, орон сууцны урьдчилгааг авах болон бусад санхүүгийн орлогыг нэг дансанд төвлөрүүлж дансыг 2 тал хамтран эзэмшинэ гэж гэрээнд заасны дагуу Голомт банкинд төвлөрүүлж 2 талын гарын үсгээр гүйлгээ хийгдэж байсан. Барилгыг 3 давхараар тооцож бохироор 864 мкв гэж үзэж, дуусаагүй барилгын ордер гаргуулаад газар нь М-ын нэр дээр байсан учраас Хаан банкнаас зээл авах гээд очиход М банкинд өмнө нь их зээлтэй байсан тул зээл авах боломжгүй гэсэн хариуг эдийн засагч өгсөн. Банкнаас зээл авах боломжгүй болсон учраас хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээллэх замаар хөрөнгө оруулалт босгож барилгын ажлыг дуусгасан. Тухайн цэцэрлэгийг 4 ангитай байгуулах бөгөөд гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлтээ гаргаж М, П нарын хуваарьт өмч болгон хамтран өмчлөгчөөр бүртгэж, цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаанаас олсон орлогыг тэнцүү хэмжээгээр эзэмшинэ гэж гэрээнд заасан ч М айлуудад зарчихсан тул гэрээний нөхцөл хангагдах боломжгүй болсон. М нь гэрээнд заасан ёсоор газар эзэмших гэрчилгээг хамтран эзэмшигчээр гаргуулж өгөөгүй учраас банкны зээл авч чадахгүй дандаа хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж зээл, хүү, эд хөрөнгийн хохирол амссан. М бид хоёр энэ барилгын 50 хувь хүртэл өөрийн хөрөнгөөр барьж, нэмж банкны зээл авч нэг давхрыг цэцэрлэгээр ажиллуулах, хоёр, гурван давхрын 10 өрөөнөөс нэг нэг байрыг өөрсдөө авч үлдэгдэл байраа зарж барилгад оруулсан мөнгөө төлөөд үлдэгдлийг нь хувааж авах ёстой байтал М нь барилгад бага хөрөнгө оруулсан хирнээ 16 байрны 11-ийг нь авчихсан. М нь хувь хүмүүсээс авсан мөнгөө баригад оруулахгүйгээр банкныхаа зээлийг төлчихөөд хувь хүмүүсээс барилгын материал зээлдэж аваад барилгад бага зэргийн ажил хийчихээд гэрээнд заасан хувь хэмжээг зөрчиж, тухайн барилгын гэрээнд заасан цэцэрлэгийн байрыг бусдад худалдан борлуулж айл оруулаад байна. Би цэцэрлэг барих л гэж гэрээ хийж энэ барилгыг хамтран барьсан. Бид гэрээнд заасны дагуу тухайн барилгын нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, зарах шаардлагатай бол надад бичгээр мэдэгдэж харилцан ашигтайгаар зарах ёстой. Гэтэл цэцэрлэгийн зориулалтаар барьсан нэг давхрын байранд надтай огт зөвшилцөхгүй, айлууд оруулаад зогсохгүй, миний нэр дээр ордер нь гарчихсан 3 байрыг надад өгөхгүй айлууд оруулаад байна.М нь банкны зээл авах эрхийг хааж мөн бусадтай хуйвалдан барилга барьж байгаа газраа зарж, хугацаа алдагдуулж, гэрээгээ удаа дараа ноцтой зөрчсөнд би маш их гомдолтой байна. Гэхдээ миний хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 4 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудаасаа татгалзаж байгаа. Иймд хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 3.1-д хуваарьт өмчөө хамтран эзэмшинэ гэж заасны дагуу намайг 1, 2 тоот байрны эзэмшигчээр тогтоож өгнө үү. М-ын гаргасан хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 246.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

     Хариуцагч М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Улаангом сум 3 дугаар баг, х дугаар байрны 16 тоотод оршин суух М нь Увс аймгийн Улаангом сум 3 дугаар баг х айлын 11 тоотод оршин суух П-тай 2013 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ байгуулан М миний эзэмшлийн газар дээр 617.000.000 төгрөг төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн юм. М болон П би гэрээний 2.3 дахь заалтаар 16 айлын сарилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг П дангаар хариуцаж, үлдэгдэл 50 хувийн гүйцэтгэлийг хамтран хариуцахаар харилцан тохиролцсон. Тодруулбал П-аас тухайн 16 айлын орог сууцыг барьж дуусгахад 462.750.000 төгрөгийг, харин миний бие М 154.250.000 төгрөг дээр нэмж өөрийн эзэмшил газраас барилга барих газрыг гаргахаар харилцан тохиролцсон байдаг. М би тухайн гэрээний дагуу өөрт хамаарах үүргээ хэрэгжүүлэн 5 I 7.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2016 оиы 4 дүгээр сарын 05-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин хамтран ажиллагч П нь энэ хугацаанд тухайн барилгад 61.800.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө одоог хүргэл гаргахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж П-с 246.700.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

    Хариуцагч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хоолны газар ажиллуулдаг байхдаа 2012 оны 3 дугаар сард П-тай анх танилцсан. Тухайн үед би барилга барих талаар мэддэггүй, энэ салбарт ажилладаггүй байсан, 2015 оны 5 дугаар сард П Би цэцэрлэгийн арга зүйчийн ажлаасаа гарчихсан, цэцэрлэг болон орон сууцны зориулалттай 2 давхар барилга барих гэж байгаа надад 80 сая төгрөг байна гэж хамтарч ажиллах санал тавьсан. 2012 онд би уг газрыг 90 сая төгрөгөөр худалдаж авсан, авахдаа Хаан банкнаас 68 сая төгрөгийн зээл авсан. Барилгыг барихын тулд грашаа нурааж газрын 50 хувийг чөлөөлсөн. 2015 оны 6 дугаар сард барилгын ажил эхлэх болоход анхнаасаа нэхэмжлэгчид хөрөнгө оруулах мөнгө байгаагүй тул барилгын суурийн бүх материалыг зээлээр авсан. Бид 2 хамт Тоосгон Уул ХХК-аас 20 сая төгрөгийн 100.000 ширхэг тоосго зээл авахаар очоод 8 дугаар сарын 05-ны өдөр гэхэд мөнгө орж ирэхээр өгнө гэж амаар тохиролцоод авсан. Барилгын 1 дүгээр давхар дуусахад П ямар ч мөнгөгүй болчихсон. Хучилт болон 2 дугаар давхрыг битүүлэхэд бүх материалыг зээлээр авч хийсэн. П нь би санхүүжилтийн асуудал шийдэхээр Улаанбаатар хот явах шаардлагатай боллоо явахаасаа өмнө гэрээ хийх шаардлагатай байна гээд 2015 оны 08 дугаар сарын 05-нд бид гэрээ байгуулсан. Барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй, гүйцэт баригдаагүй байхад танилын хүрээ, нутгийн хүмүүстээ би ийм барилга барьж байгаа зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээгээр аваарай гэх мэтээр хуурч мэхэлж авсан мөнгөө хувьдаа хэрэглэдэг байсан. Хоёр дугаар давхрын өрлөгийг 9 дүгээр сард дуусаад 3 дугаар давхрыг би нэхэмжлэгчээс ямар ч хөрөнгө оруулахгүйгээр Тоосгон-Уул ХХК-ийн захирал А гэдэг хүнтэй 30 саяын гэрээ байгуулж тоосго авч барьсан. Ийм учраас 50, 50 хувиар эзэмших боломжгүй. Миний хүргэн Голомт банкинд ажилладаг, барьцаалах хөрөнгөтэй бол надад зээл гаргаж өгнө гэсэн гэхээр нь та хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол та 864 мкв-аас 2 давхрын 288 мкв-ыг шилжүүлье гэхэд, Тэгвэл эгчдээ нэгдүгээр давхраас 45 мкв-ыг нэмээд өгчих тэгвэл 333 мкв-т талбайд арай ахиухан зээл гарна гэхээр нь би бэлэглэлийн гэрээ хийсэн, тухайн үед дахин боловсруулсан гэрээн дээр намайг гарын үсэг зуруулсан. 2 хоногийн дараа нэхэмжлэгч уруу залгахад Би чамаас авах ёстой зүйлээ авсан хохино, чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсэн. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэй байрны 333 мкв байрыг салгаж, тусад нь 8 хувааж гэрчилгээ гаргаад, гаргасан гэрчилгээгээ барьцаалж хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээллэж хувьдаа хэрэглэсэн. Би Н гэдэг хүнээр гүйцэтгүүлж бариулах гэхэд П би хамт барилцсан энэ миний барилга чи надаас 200.000.000 төгрөгөөр худалдаж ав гэсэн асуудал яригдаад барилга баригдахгүй дахиад нэг жил царцсан. Тэгэхээр нь Н нь П ажил хийх боломж олгохгүй байна хоёулаа гэрээ байгуулж, эсвэл чи байрны гэрчилгээ миний нэр дээр шилжүүлвэл хөрөнгө оруулалт хийж барилгын ажлаа эхэлье гээд бид ажлаа эхлээд 1 болон 3 дугаар давхрыг битүүлсэний дараа 2 дугаар давхрын паар болон цонх бусад материалууд хэрэгтэй болсон учраас би Улаанбаатар хот руу материал авахаар явсан. Гэтэл П нь Н-ийн эхнэр Б болон орон сууцанд захиалга өгсөн өөрийн найзуудаа байлцуулаад өөрийн гараар хурлын протокол хөтлөөд хурал хийсэн ба уг тэмдэглэлдээ Тухайн барилгын 2 давхрын П, 1 болон 3 дугаар давхрыг Б мөнгө гаргаж М-тай хамтарч дуусгахаар тохиролцов, тус барилгын цонхны тавцан, сангийн материал Улаанбаатар хотод бэлэн болчихсон байгаа, ирэхээр нь мөнгийг Х-ийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрийн мөнгөнөөс Б-д өгөхөөр тохиролцов. Х нь тус байранд захиалга өгөөд 28 сар болж байгаа бөгөөд Х-д 20 сарын хүү тооцож өгөхөөр тохиров гээд гарын үсэг зурсан байсан. Би 3 дугаар давхарт 1 байр, одоо Г, Д нарын байгаа байрыг өгч байж Н, Б нар хөрөнгө оруулж уг барилгыг гүйцээж ашиглалтанд оруулсан. Анх байгуулсан гэрээний дагуу би 1 давхрыг эзэмших ёстой, мөн 3 дугаар давхрыг нэхэмжлэгчийн оролцоогүй би өөрөө барьсан учраас 3 давхар барилгын 50 хувийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгаа улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тэрнээс өмнө 2014 онд П нь 2014 онд байрны 8 гэрчилгээ гаргаад гэрчилгээгээ барьцаалаад хувь хүмүүсээс зээл авсан ч 2019 онд зээл өгсөн хүмүүс нь гэрчилгээ нь үнэ цэнэгүй цаас юм байна гээд гараад ирсэн. 100 хувь гүйцэтгэлтэй барилгад гэрчилгээ гаргах ёстой байхад Улсын бүртгэлийн хэлтэс тухайн үед өрөө тасалгаагаа ч хуваагаагүй байранд 8 гэрчилгээ хууль зөрчиж гаргаж өгсөн ба энэ нь хүний өмчлөх эрхийн харилцааг зөрчсөн. Барилгын 1 дүгээр давхарт шийдвэр гүйцэтгэлийн өрнөөс нуух зорилгоор дундуур нь цоолж нэгтгээд цэцэрлэг болгочихсон байгаа. 3 давхар барилгын зураг 3 сая төгрөгөөр гаргуулсан гээд ирэхээр нь тухайн зургийг барилгын инженер хүнд харуулахад энэ шаардлага хангахгүй зураг байна гэхээр нь би 2015 онд өөр зургийн компаниар 14 сая төгрөгөөр мкв болон бусад зүйл нь тодорхой зураг гаргуулсан ба тэр зургийн дагуу улсын комисс хүлээж авсан. 2016 онд улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгөөд гэрчилгээнүүдээ гаргуулж авсаны дараа П мкв нь тодорхойгүй 2014 онд гаргуулсан 1, 2, 3 тоот орон сууцны хууль бус 3 гэрчилгээ гаргаад ирсэн. Барилгын 3 дугаар давхарт нэхэмжлэгч огт оролцоогүй, хөрөнгө оруулаагүй тул 3 давхраас нэхэмжлэгч эзэмших эрхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч П нь хариуцагч М-д холбогдуулан хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, М нь хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

     Нэхэмжлэгч П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 16 айлын орон сууцны 1 давхарын 1, 2, 4 тоот байрыг эзэмшихээр гэж өөрчилсөн ба 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах, 4 тоот байрыг эзэмших шаардлагуудаасаас тус тус татгалзжээ.

     Нэхэмжлэгч П сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч М үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

1.      Үндсэн нэхэмжлэлийн талаар:  

    Хэрэгт авагдсан 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээ-ээр нэхэмжлэгч П, хариуцагч М нар нь М-ын эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, х тоот хаягт байрлах хашаанд орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий барилгыг хамтран бариулахаар тохиролцсон байна.

       Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээг 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулснаар гэрээнд бичигдсэн байх боловч талууд Техникийн алдааны улмаас 2008 он гэж буруу бичигдсэн байна, гэрээг 2013 онд байгуулсан гэж хэн хэн нь зөвшөөрсөн тул уг гэрээг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэж үзсэн болно.  

        Талууд уг гэрээнд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан гэрээний 3.1 дэх заалтад өмчлөлд хуваарьт өмч болон хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хэлбэрээр бүртгүүлж болно гэж нэмсэн байх боловч уг гэрээний бичиг бүдэг, гаргацгүй, өөрчлөлт оруулсан гэрээний 2-р хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээнд хэрхэн тохиролцсон байдлаар талуудын маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.  

     Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

      Талууд гэрээний 2.6-д Цаашид талууд 10 ордер бүхий орон сууцнаас нэг нэг байрыг өөрсдөө авч, үлдэгдэл 8 ордер бүхий байрыг зарж, уг барилгыг барихад гарсан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваана. Барилга барих явцдаа орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдээс урьдчилгаа төлбөр авч болно гэж тохиролцжээ.

      Нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах х айлын орон сууцны 1, 2 тоот байрыг эзэмшихээр шаардсан ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 тоот шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн /2003/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, х байрны 5 тоот хаягт байрших 45м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн бүртгэлийн Y-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн 2 тоот байрыг эзэмших шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

     Харин Талууд гэрээний 2.6-д Цаашид талууд 10 ордер бүхий орон сууцнаас нэг нэг байрыг өөрсдөө авч, үлдэгдэл 8 ордер бүхий байрыг зарж, уг барилгыг барихад гарсан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваана. Барилга барих явцдаа орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдээс урьдчилгаа төлбөр авч болно гэж тохиролцсон ба нэхэмжлэгч П нь 16 айлын орон сууцны барилгыг барихад гаргасан зардлыг тооцохгүйгээр 10 ордер бүхий байрыг шууд хувааж авахаар нэхэмжилж байгаа нь дээрх гэрээний заалттай нийцэхгүй байх тул 16 айлын орон сууцны 1 давхрын 1 тоот байрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэв.

      Хэрэгт Г, Ц, Т, Б, Ц, М, Ж, Ш нарыг гэрчээр асуусан ба уг барилгад ажиллаж, цалин авсан талаар мэдүүлжээ. Т, Ж, Б, Э, Г, П, М, Г, Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч эдгээр гэрчүүд нь хаягтаа оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолт, бичиг хүргэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

       2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

     Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 2.3-т Хамтрагч П нь тухайн барилга барих газрын дээгүүр явж байгаа 6000 киловаттын шугам өөрчлүүлж кабелжуулан газрын гүнд байршуулах, цаашид тухайн барилгын суурь тавих болон цаашид ажил үйлчилгээг тасралтгүй явуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээр хангах /барилгын 50 хувийг барих хүртэл/ хэмээн тохиролцсон гэж тодорхойлон хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

     Монгол Улсын тэргүүлэх төсөвчний төсөвт өртгийн нэгдсэн товчоогоор Увс аймгийн Улаангом сумын х айлын орон сууцны барилгыг 617.012.781 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг дүгнэлт нь эргэлзээтэй гэх үндэслэлээр нэхэмжлэгч П-ын хүсэлтээр уг барилгыг барихад гаргасан зардлын тооцоог гаргуулахаар Гэрэгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

      Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/25/18 дугаар шинжээчийн дүгнэлтээр 16 айлын орон сууцны барилгыг барихад гарсан зардлын тооцоог 383.260.421 төгрөг гэж тооцоолсон байх боловч шинжээч нь уг дүгнэлтдээ залруулга хийж, нийт 388.950.596 төгрөгийн зардлаар уг барилга баригдсан гэх дүгнэлтийг ирүүлсэн учир уг шинжээчийн дүгнэлтээр барилгын нийт өртгийг тооцох нь зүйтэй.

     Нэхэмжлэгч М нь дараах баримтуудаар барилгад 105.723.750 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тогтоогдож байна. Үүнд:  

    1. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 8.534.100 төгрөгийн барилгын материал худалдан авсан /гэрээнд зарлагын баримтыг хавсаргасан, 3-р хавтаст хэргийн 228-229 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/ 2015 дугаар х айлын барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлс 8.000.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 9-11 хуудас/, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр З.Оюундэлгэрт ажлын хөлс 4.000.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 16, 20 хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 15.249.700 төгрөгийн барилгын материал худалдаж авсан /4-р хавтаст хэргийн 17 хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баталгаагаар нийт 700.000 төгрөгийн шохой худалдаж авсан /баримтыг баталгаа гэх нэртэй боловч худалдагч болон худалдан авагч тал гарын үсэг зурсан байх тул үнэлсэн болно, 4-р хавтаст хэргийн 19 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тоосгоны төлбөр барагдуулах тухай хэлцлээр нийт 18.375.000 төгрөгийн тоосго худалдаж авсан /4-р хавтаст хэргийн 36 хуудас/, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр Ц-д ажлын хөлс 4.000.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 37-38 хуудас/, 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08/2015 дугаар Зураг төсөл боловсруулах гэрээгээр зураг төсөл боловсруулах ажлын үнэ 10.000.000 төгрөг /6-р хавтаст хэргийн 7-9 хуудас/, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх худалдан авах гэрээгээр цонхны үнэ 3.418.000 төгрөг /6-р хавтаст хэргийн 17-18 хуудас/, бүгд 68.858.800 төгрөг, 

      2. 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн нийт үнийн дүн 2.920.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нийт үнийн дүн 824.200 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нийт үнийн дүн 1.578.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн нийт үнийн дүн 940.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн нийт үнийн дүн 560.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн нийт үнийн дүн 374.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 23 хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нийт үнийн дүн 165.500 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 39 хуудас/, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нийт үнийн дүн 4.488.750 төгрөгийн нэхэмжлэх /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийт үнийн дүн 105.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн нийт үнийн дүн 105.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нийт үнийн дүн 5.580.000 төгрөгийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн нийт үнийн дүн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэх, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нийт үнийн дүн 2.665.500 төгрөгийн зарлагын баримт, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нийт үнийн дүн 1.980.000 төгрөгийн нэхэмжлэх, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нийт үнийн дүн 2.579.000 төгрөгийн зарлагын баримт, бүгд 36.864.950 төгрөг болно.  

     Тодруулбал 4-р хавтаст хэргийн 21 хуудаст авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4.311.000 төгрөгийн зарлагын баримтын нийт үнийн дүн засвартай байх боловч худалдан авсан хаалга, нугасны үнээр нийт үнийн дүнг тооцсон болно.  

      Мөн 4-р хавтаст хэргийн 39 хуудаст авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 522.500 төгрөгийн зарлагын баримтад хэдний өдөр худалдаж авсан болох нь бичигдээгүй байх боловч уг барилгын материалыг барилгыг барьж байх хугацаанд худалдаж авсан байх тул өдөр бичигдээгүй хэдий ч нотлох баримтаар үнэлсэн болно.

      Нэхэмжлэгч М-с гаргаж ирүүлсэн дараах баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Үүнд:

     1. М-ын гар ноорог /2-р хавтаст хэргийн 11-13 хуудас/,

     2. Г, Б, О нарын тодорхойлолт /4-р хавтаст хэргийн 18 хуудас/,

      3. Ч-ийн тодорхойлолт /6-р хавтаст хэргийн 19-р хуудас/,  

      4. Бэлэн мөнгөний орлогын баримт /хуулбар хувь учраас үнэлэх боломжгүй, 3-р хавтаст хэргийн 249 хуудас/, нийт 675.000 үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нийт үнийн дүн 137.000, 7000 төгрөгийн зарлагын баримтууд /худалдан авагчийн нэр болон хүлээн авагч хэсэгт гарын үсэг зурагдаагүй, хэн худалдаж авсан нь тодорхойгүй, 4-р хавтаст хэргийн 21 хуудас/, нийт 318.000 үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, нийт 13.2000 үнийн дүнтэй зарлагын баримтын он, сар, өдөр, компаний нэр засвартай /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, нийт 48.000 үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтад он, сар, өдөр, нийт үнийн дүн засвартай /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, нийт үнийн дүн 940.000, 560.000, 1.224.500, 1.814.000, 493.000 төгрөгийн зарлагын баримтууд /худалдан авагчийн нэр болон хүлээн авагч хэсэгт гарын үсэг зурагдаагүй, хэн худалдаж авсан нь тодорхойгүй, 4-р хавтаст хэргийн 23 хуудас/, нийт үнийн дүн 3.190.000 төгрөгийн зарлагын баримтад он бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 32 хуудас/, нийт үнийн дүн 6.950.00 төгрөгийн зарлагын баримтын он засвартай /4-р хавтаст хэргийн 32 хуудас/, нийт үнийн дүн 17.157.800 төгрөгийн зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 32 хуудас/, нийт 12.000 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 39 хуудас/, нийт 2.556.500 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 41 хуудас/, нийт 1.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 41 хуудас/, нийт үнийн дүн 517.000 төгрөгийн зарлагын баримтын он, сар засвартай /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, нийт үнийн дүн 2.560.000 төгрөгийн зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, нийт үнийн дүн 675.000 төгрөгийн зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, 5-р хавтаст хэргийн 59 хуудас дахь нийт үнийн дүн 4.488.750 төгрөгийн нэхэмжлэх 4-р хавтаст хэргийн 42 хуудаст авагдсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нийт үнийн дүн 4.488.750 төгрөгийн нэхэмжлэхтэй давхацсан, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн кассын зарлагын ордерийн хэнд хэсэгт Цагаанаад гэж бичигдсэн тул үнэлэх боломжгүй, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нийт үнийн дүн 4.500.000 төгрөгийн нэхэмжлэхэд тээврийн хөлс 3.000.000 төгрөг гэж бичигдсэн байх боловч ямар тээврийн хөлс болохыг тодруулаагүй, ажилчдын нүүрс 1.500.000 төгрөг нь барилга барихад гарсан зардалд оруулж тооцох боломжгүй болно.

     2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 15.249.700 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 17 хуудас/ нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа хэдий ч 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 15.249.700 төгрөгийн барилгын материал худалдаж авсан /4-р хавтаст хэргийн 17 хуудас/ талаарх баримттай давхацсан учир тооцоонд оруулаагүй болно.

      Зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлсэн гар ноорог болон тооцооны баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр авагдаагүй буюу зохигчид өөрсдөө үйлдсэн байх тул тухайн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

    Хариуцагчаас барилгыг барьж байх үед гарсан цахилгаан болон усны зардлын баримтуудыг ирүүлсэн байх боловч энэхүү урсгал зардлыг барилга барихад гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

     Зохигчдын хүсэлтээр Н, М, Н.О, З.О, Х, Э нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н-ийн Миний бие нь нийтдээ М-ын барилгад 110-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдүүлэг, гэрч М-ын Уг барилгыг ашиглалтад өгөх ажлыг М гардан гүйцэтгэсэн. Гэхдээ П-ын хувь нэмэр ч бас байгаа. Уг барилгыг ашиглалтад өгөхөд заслын ажлууд дутуу байсан учир П нь Х багшийн байрыг хөрөнгө оруулагчид барьцаалж барилгын материал авч байж уг орон сууцыг барьж дуусгасан. М нь мөн Н /Цагаанаа/ гэх хүнтэй уулзаж хөрөнгө оруулалт авсан. Энэ хүмүүсээс яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг, гэрч Н.О-ын Миний бие нь уг 16 айлын орон сууцны 3 давхрын заслын ажлыг хийсэн. М нь уг 3 давхрын барилгын заслын ажлыг хийхэд шаардагдах барилгын материалуудыг авч ирж өгдөг байсан. П, М нарын хэн нь мөнгө зарцуулж уг барилгыг ашиглалтад оруулсан талаар мэдэхгүй. Би зөвхөн заслын ажлыг л хийж хөлсөө авсан. Миний бие ажлын хөлсөнд М-с 2.500.000 төгрөг авсан гэх мэдүүлэг, гэрч Х-ын Эхний өрлөг буюу 2 давхрын өрлөгийн цалинг Пүүжээ эгчээс авсан. Бусдыг нь М-с авсан. Гадна заслын ажлын хөлсийг ба М-с авсан гэх мэдүүлэг, гэрч Э-ийн Би 2015 оны 9 дүгээр сард барилга дээр ирсэн О эгчтэй гэрээ хийж, 1-р давхраас нь эхлэн засал чимэглэлийн ажлыг хийсэн. Бидний засалд хэрэглэгдэх бүхий л материал, багаж хэрэгслийг М ах авч өгдөг байсан. Бид нарт цалин гэж 4.000.000 өгсөн гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

      Түүнчлэн гэрч З.О Миний бие нь уг 16 айлын орон сууцны 1 давхрын заслын ажлыг хийсэн. М нь 1 давхрын барилгын заслын ажлыг хийхэд шаардагдах барилгын материалуудыг авчирч өгдөг байсан. Миний бие ажлын хөлс 2.000.000 төгрөгөө М-с авсан гэж мэдүүлсэн боловч гэрч нь хариуцагч М-тай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр ажлын хөлсийг 4.000.000 төгрөгөөр тохирсон байх тул ажлын хөлс 4.000.000 төгрөгийг хариуцагчаас гарсан зардалд оруулж тооцов.

    Хариуцагч М хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч гэрээ ёсоор 16 айлын орон сууцны барилгыг барихад 194.475.298 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон.

     Гэвч дээрх баримтуудаар хариуцагч М нь барилгад 105.723.750 төгрөгийн хөрөнгө оруулсан байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

     Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч П-ыг гэрээний дагуу 16 айлын орон сууцны 16 айлын орон сууцны 1 давхарын 2 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хангаж, үлдэх 16 айлын орон сууцны 1 давхарын 1 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Мын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ыг шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төлөхийг хойшлуулсан бөгөөд түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төгрөг гаргуулж Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

      Нэхэмжлэгч П-ын хүсэлтээр Гэрэгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, барилгыг барихад гарсан зардлын тооцоог гаргуулсан ба шинжээчийн ажлын хөлс нь 3.500.000 төгрөг болсон бөгөөд үүнээс 2.000.000 төгрөгийг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас төлсөн бөгөөд нэхэмжлэгч П-ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

      1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч П-ыг гэрээний дагуу 16 айлын орон сууцны 16 айлын орон сууцны 1 давхарын 2 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хангаж, үлдэх 16 айлын орон сууцны 1 давхарын 1 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М-ын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П-с шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 дансанд оруулж, хариуцагч М-с улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            П.БОЛОР