Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00736

 

С.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар магадлалтай,

С.П-ын нэхэмжлэлтэй

С.М-ад холбогдох, 

Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч С.М-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч С.П-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие нь С.М-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 6 дугаар сараас түүний эзэмшлийн газар дээр хамтран цэцэрлэг, орон сууцны барилга барьж эхлээд 2 жил 6 сарын дараа барилгаа барьж дуусаад байна. Тус барилгыг анх барьж эхэлсэн цагаас С.М- гэрээгээ удаа дараа зөрчиж надад маш их хохирол учруулсан. Би 2013 оны 10 дугаар сар хүртэл С.М-аас нэг ч төгрөг гаргахгүйгээр барилгыг 2 давхар болтол нь барьж дуусаад үл хөдлөх хөрөнгийн газарт хандаж С.М-ын нэр дээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулаад Хаан банкинд хандсан боловч С.М- нь Хаан банкинд өндөр зээлтэй банкны зээлийг удаа дараа хожимдуулж банкны найдваргүй зээлдэгч болчихсон байсан учраас цаашид зээл авах ямар ч боломжгүй болсон. С.М- нь гэрээнд заасан ёсоор газар эзэмших гэрчилгээг хамтран эзэмшигчээр гаргуулж өгөөгүй учраас банкны зээл авч чадахгүй, хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж зээл, хүү, эд хөрөнгийн хохирол амсаад байна. Уг барилгыг барьж байгаа газрыг Хаан банкинд барьцаалсан байгаа болохоор бусад банк зээл өгөөгүй. Барилга барих ажилд 4 удаа мөнгө олж барилгын ажлын 60 орчим хувийг хийж гүйцэтгээд 170.000.000 төгрөгийг гаргах ёстой байсан ч би 195.600.000 төгрөгийн хөрөнгө оруулаад байна. С.М- бид хоёр энэ барилгын 50 хувь хүртэл өөрийн хөрөнгөөр барьж, нэмж банкны зээл авч нэг давхрыг цэцэрлэгээр ажиллуулах, 2, 3 давхрын 10 өрөөнөөс нэг нэг байрыг өөрсдөө авч үлдэгдэл байраа зарж барилгад оруулсан мөнгөө төлөөд үлдэгдлийг нь хувааж авах ёстой байсан. Гэтэл С.М- нь барилгад бага хөрөнгө оруулсан хирнээ 16 байрны 11-ийг нь авчихаад байна. Гэрээнд барилгын зургийг барилгын компаниар хийлгэнэ гэж заасны дагуу би 3.000.000 төгрөгөөр хийлгэсэн энэ талаар С.М- ч хэлж байгаа. С.М- нь хувь хүмүүсээс авсан мөнгөө барилгад оруулахгүйгээр банкныхаа зээлийг төлчихөөд хувь хүмүүсээс барилгын материал зээлдэж аваад барилгад бага зэргийн ажил хийчихээд гэрээнд заасан хувь хэмжээг зөрчиж, тухайн гэрээнд заасан цэцэрлэгийн байрыг бусдад худалдан борлуулж айл оруулаад байна. Би цэцэрлэг барих л гэж гэрээ хийж энэ барилгыг хамтран барьсан. Иймд гэрээнд заасан ёсоор тухайн барилгын 1 давхрын 3 байрыг надад эзэмшүүлэх, өмчлүүлэх, тухайн барилга барихад илүү оруулсан хөрөнгө болох 25.600.000 төгрөгийг С.М-аас гаргуулах, барилга барьсан 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие нь С.П-тай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ байгуулан миний эзэмшлийн газар дээр 617.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. С.П- нь гэрээний 2.3 дахь заалтаар 16 айлын барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг дангаар хариуцаж, үлдэгдэл 50 хувийн гүйцэтгэлийг хамтран хариуцахаар харилцан тохиролцсон. Тодруулбал С.П-аас тухайн 16 айлын орон сууцыг барьж дуусгахад 462.750.000 төгрөгийг, харин миний бие 154.250.000 төгрөг дээр нэмж өөрийн эзэмшил газраас барилга барих газрыг гаргахаар харилцан тохиролцсон байдаг. Би тухайн гэрээний дагуу өөрт хамаарах үүргээ хэрэгжүүлэн 517.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин хамтран ажиллагч С.П- нь энэ хугацаанд тухайн барилгад 61.800.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө одоог хүртэл гаргахгүй байна. Миний бие 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр одоогийн барилга баригдсан газрыг обьектын хамт 90.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Би 2013 оны 6 дугаар сард С.П-тай уулзсан ба манай эхнэрийн холын хамаатны хүн учир итгэж болох хүн гэж үзэн байр баръя гэсэн, тухайн үед би хашаа, байшингаа 45.000.000 төгрөгөөр үнэлээд зарах гэж байсан. Мөн С.П- нь надад 80.000.000 төгрөг байна, хамтарч ажиллая би цэцэрлэгийн менежментийг сайн эзэмшсэн гэж надад итгүүлж чадсан учраас би үл хөллөх хөрөнгөө нурааж хохирсон. Тухайн үед би уг газарт хувийн хоолны газар ажиллуулдаг байсан. Би барилгын газрыг өөрийн 100 хувь мөнгөөр авсан байхад уг газрын эзэмшигч нь болчихмоор санаа С.П-т төрсөн нь хачирхалтай юм. Барилгын ажлыг эхлэхдээ урьдчилсан нөхцөл болгож гэрээ хийснээс газрын эрх шилжүүлэх хэлцэл хийгээгүй учир газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах боломж байхгүй. Иймд С.П-ын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 16 айлын барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг С.П- дангаар хариуцаж, үлдэгдэл 50 хувийн гүйцэтгэлийг хамтран хариуцахаар тохиролцсон боловч 617.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. С.П- нь барилгад 61.800.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө одоог хүртэл гаргахгүй байна. Иймд хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж С.П-аас 246.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.П-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Барилгын ажлын ихэнхи хөрөнгийг би гаргасан. Уг гэрээнд хамтрагч С.М- газрыг чөлөөлж газрын гэрчилгээг талууд хамтран эзэмших хэлбэрээр гаргуулна гэсэн заалттай мөн хуулинд ч газрыг хамтран эзэмших тухай заасан байхад С.М- газрын гэрчилгээг банкны барьцаанд тавьж зээл авсан учир өдийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй байсаар байна. 2013 оны намар би барилгыг 50 хувь хүртэл барьчихсан байсан ба барилгад 114.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж, 36.000.000 төгрөгийн материал зээлээр авч, С.М-ад 9.650.000 төгрөг өгсөн байхад миний барьсан барилгыг Үл хөдлөх хөрөнгийн газраас 90 хувийн гүйцэтгэлтэй гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. Барилгын 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах ба үлдсэн 10 байрнаас бид тус бүр нэг байр аваад үлдсэн 8 байрыг зарж ашигаа хувааж авах гэрээ байгуулсан ч С.М- 1 болон 3 давхрыг тэр чигээр нь аваад, цэцэрлэгийн зориулалттай 1 давхрын байранд айл оруулсан. 1 болон 2 давхарт С.М-аас ямар ч хөрөнгө гараагүй. Би 5 удаа уг барилгад хөрөнгө оруулсан ба уг барилга нийт 340.000.000 төгрөгийн хөрөнгөөр боссон, бид хүн тус бүр 170.000.000 төгрөгийг гаргах ёстой байсан ч би 195.600.000 төгрөг оруулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.М-ын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.П-аас шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 дансанд оруулж, хариуцагч С.М-аас улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356.150 /гурван зуун тавин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар 100150000957 тоот данснаас гаргуулж С.П-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч С.П-ын хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх хуулийн дагуу бүрэн дүүрэн үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн магадлал гаргасанд гомдолтой байна. Хамтран ажиллах болон хамтран ззэмших гэрээг 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулснаар гэрээнд бичигдсэн байх боловч талууд “Техникийн алдааны улмаас 2008 он гэж буруу бичигдсэн байна, гэрээг 2013 онд байгуулсан” гэж хэн хэн нь зөвшөөрсөн тул уг гэрээг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэж үзсэн нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаа зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх үзэж шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газрыг бусдад шилжүүлэхдээ талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, мөн зүйлийн 38.2.1-38.3.3-т заасан баримт бичгийг хавсарган тухайн шатны Засаг даргад хүсэлтээ гаргах бөгөөд тухайн шатны Засаг дарга нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа хүчин төгөлдөр болохоор зохицуулжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нь зохигчдын хооронд дээрх үйл ажиллагааг хийгдсэн эсэхийг нягтлан шалгахгүйгээр хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргаж хариуцагчийн эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.П- С.М-ад холбогдуулан хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү хөрөнгө оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигч хэн аль нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тухай магадлалын үндэслэл буруу биш байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулж, эрх зүйн бүрэн дүгнэлт өгөөгүй, гэрч асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийг “нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна. Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

       ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ