Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01186

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Сот 2-2 дугаар байрны 21 тоотод оршин суух А овогт Р с

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж өөрийн байр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г

нарийн бичгийн дарга Б.Н оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие с болон иргэн К.Б нараас нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн102/ШШ2017/00557 дугаар шийдвэрээр "Хас банк ХХКомпанид 190,151,522 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.А явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.Ашийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Р.с, Р.Ц Е.Лхнарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-н 2-р дугаар байрны 21 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 2 дугаар сарын10-ны өдрийн 4/4603 дугаарт мэдэгдлийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Тус барьцаа хөрөнгө болох Ү-2дугаарт бүртгэлтэй, Баянгол дуүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-н 2-р дугаар байрны 21 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөо орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурьдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцоололгүй тогтоосон мь төлбөр төлөгч Р.с миний эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4603 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 102/ШШ2017/00057 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.Ар гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дагуу тухайн барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн. Тухайн үнэлгээг үндэслэлгүй гаргасан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Үнэлгээг ижил төсөөтэй үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулж, орлогын хандлагын аргаар зах зээлийн үнэлгээг гаргасан гэсэн байна. Голдуу үнэгүй.мн-ээс иш татаж үнэлгээ гаргасан байсан. Нэхэмжлэгч Р.с нь тухайн үед 180,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал гаргасан. Гэтэл үнэлгээ нь Р.с гаргасан үнийн саналын 50 хувьд ч хүрэхгүй байгаа. Үүнд гомдолтой байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн тохируулгын тайлбар гэсэн хэсэг дээр үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн байдлаар цаг хуагцаа өнгөрөх тусам үнэ цэнээ алддаг гэж дурдсан байна. Яг ямар аргачлалаар элэгдэл хорогдол тооцсоныг тайлангаас нь олж харсангүй. Хорооллын эцэс нь хотын А зэрэглэлийн бүсэд хамаарах хэсэг юм. Тохируулга дээрээ уг нь 3, 4 дүгээр хорооллын төвд байрлалтай гэж бичсэн байна. 2,2 хувиар хямдруулсан гэсэн мөртлөө хямдруулж тооцсон нь тодорхой биш байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Р.с нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал давхацсан тул Н.Ариунболор миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Р.с нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол СОТ-2-2 дугаар байр 21 тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байршлын эдийн засгийн үр ашиг, тав тухтай байдлыг тооцоолоогүй хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар захирамжаар нэхэмжлэгч Хас банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,616,204 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 190,151,522 төгрөгийг хариуцагч Р.с, Б.Батбаатар нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хугацаа тогтоож хэсэгчлэн төлөх, тухайн хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2018/00963 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ГХ2018/00086 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол СОТ-2-2 дугаар байрны 21 тоотод байршилтай орон сууцыг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хураан авч дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Дээрх ажиллагааны дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно гэж заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч Б.сээс үнийн санал авахад орон сууцыг 160,000,000 төгрөгөөр, тухайн орон сууцны өмчлөгч нараас үнийн санал авахад 180,000,000 төрөгөөр үнэлсэн байх ба уг үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүйгээс шинжээч томилжээ. Дээрх ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох орон сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн чанар, барилгын хийц, ашиглалтын түвшин, давуу тал /харагдах орчин, автомашины зогсоол гэх мэт/-ыг судалж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, хийц ижил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж, ашиглалтад орсон хугацаанаас хамаарч элэгдлийн тохируулга хийж, одоогийн стандартаар талбайн хэмжээг тогтоож зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлгээг тогтоосон байна. Зах зээлийн жишиг үнийн хандлага гэдэг нь ижил төстэй хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлийн өгөгдлийг харгалзан үзэж харьцуулалт хийж үнэ цэнэ тогтоодог. Өөрөөр хэлбэл үнэлж буй хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа ижил төстэй хөрөнгийн борлуулалттай жишдэг. Иймд үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байршлын эдийн засгийн үр ашиг, тав тухтай байдлыг тооцоолоогүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн дээрх үндэслэлээр орон сууцны үнийг хэт доогуур үнэлсэн гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нотлох, өөрөө нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч Б.с нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүйгээ мэдэгдэж, өөрийгөө оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол СОТ-2-2 дугаар байрны 21 тоотод байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Р.с нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА