Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00793

 
 

Р.Самбалхүндэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01186 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1296 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Р.Самбалхүндэв

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын хяналтын журмаар 2020.07.08-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Р.Самбалхүндэв болон иргэн Б.Батбаатар нараас 2017.02.20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар шүүхийн шийдвэрээр Хас банк ХХК-д 190,151,522 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. НШШГГ-н шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболор шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Р.Самбалхүндэв, Р.Цэрэндулам, Е.Лхагва нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012810 дугаарт бүртгэлтэй, БГД, 9-р хороо, 3-р хороолол, СОТ 2-н 2-р дугаар байрны 21 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020.02.10-ны өдрийн 4/4603 дугаарт мэдэгдлийг 2020.02.10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Тус барьцаа хөрөнгө болох 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь УБ хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурьдсанаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцоололгүй тогтоосон нь төлбөр төлөгч Р.Самбалхүндэв миний эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Иймд НШШГГ-н 2020.02.10-ны өдрийн 4/4603 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205012810 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал давхацсан тул Т.Ариунболор миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 102/ШШ2020/01186 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгох тухай Р.Самбалхүндэвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Самбалхүндэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1296 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо:... Тус барьцаа хөрөнгө болох 21 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь УБ хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд Нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурьдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч Р.Самбалхүндэв миний эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Иймд НШШГ-н 2020.02.10-ны өдрийн 4/4603 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205012810 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, 2020.04.15-ны өдрийн 102/ШШ2020/01186 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Р.Самбалхүндэв 2020.02.03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2020.02.10-ны өдрийн 74,685,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар шийдвэрээр Р.Самбаллхүндэв, Б.Батбаатар нар 190,151,522 төгрөгийг Хасбанк ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 9-р хороо,СОТ-2-ын 2-р байр, 21 тоот 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн байна. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

2. Хуульд заасан үндэслэл бий болсон тул хариуцагч эд хөрөнгийг эрх бүхий этгээдээр үнэлүүлж, зохих журмын дагуу талуудад мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т нийцжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

 

Шинжээч Баянгол дүүрэг, 9-р хороо,СОТ-2-ын 2-р байр, 21 тоот 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 74,685,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт бага болсон гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38, 40 дүгээр зүйл., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2., Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхино.

 

Харин, шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах тухай зохицуулалтыг үндэслэсэн нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1296 дугаар магадлалын нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01186 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын ..122 дугаар зүйлийн 122.5.. гэснийг ..Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.. гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН