Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01296

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01296

 

 

 

Р.С -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01186 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.С -ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар шийдвэрээр Р.С -, К.Б нараас 190 151 522 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар Р.С -, Р.Ц , Е.Л нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012810 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-н, 2 дугаар байрны 21 тоот, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4603 дугаар мэдэгдлийг мөн өдрөө шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Тус барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойрхон бөгөөд иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Тухайн үед 180 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал гаргасан. Гэтэл үнэлгээ нь Р.С -ийн гаргасан үнийн саналын 50 хувьд ч хүрэхгүй байна. Мөн тохируулгын тайлбар гэсэн хэсэгт үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн байдлаар цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ алддаг гэж дурдсан боловч ямар аргачлалаар элэгдэл хорогдол тооцсон нь үнэлгээний тайлангаас харагдахгүй байна. 2,2 хувиар хямдруулсан гэсэн мөртлөө хямдруулж тооцсон нь тодорхой биш байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол СОТ-2-2 дугаар байрны 21 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Р.С -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.С -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: Тус барьцаа хөрөнгө болох Ү-2205012810 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-2 дугаар байрны 21 тоот, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч Р.С -ийн эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4603 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205012810 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.С - нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2018/00963 дугаар захирамж, 86 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Р.С -, иргэн Ё.Лхагва, Р.Ц нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-ын 2 байр, 21 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хураан авсан байна. /хх17-23, 25-26, 29-30/ Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүйн улмаас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэжээ. Дээрх үйл баримт хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. /хх-17-69, 81-82/ Зохигчид дээрх ажиллагааны талаар маргаагүй, шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд шинжээч Виннэр вэй ХХК нь төлбөр төлөгч Р.С -, иргэн Ё.Лхагва, Р.Ц нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-ын 2 байр, 21 тоот, 29 м.кв талбай орон сууцыг 74 685 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх51-69/ Тэрээр шинжилгээ хийхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болохуйц буюу ижил дүүрэгт байрлах 3 орон сууцыг сонгон авч харьцуулан зах зээлийн жишиг үнийн арга, орлого, өртгийн аргыг сонгон үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад тус тус нийцжээ.

Мөн эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД