Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/02457

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 02 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02457                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О  ОМЗ ББСБ ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 548 871,05 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ..............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ОМЗ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагатай ХУЗГ19/66 дугаартай зээлийн гэрээ, ХУБГ19/66 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан нийт 15 000 000 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, сарын 3.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 2 776 507,82 төгрөг, хүү 4 928 800,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 011,34 төгрөг, нийт 7 762 330 төгрөгийг төлсөн. Г.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул манай байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэл зэргийг зээлдэгчид удаа дараа өгч байсан боловч зээлдэгчийн зүгээс амлалтуудаа биелүүлэлгүй, хугацааг удаашруулж, хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүргэсэн. Иймд зээлийн үндсэн төлбөр 12 223 492,18 төгрөг, хүү 7 000 089,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 325 289,15 төгрөг, нийт 19 548 871,05 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О  ОМЗ ББСБ ХХК нь Г.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 555 771,49 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 993 099,56 төгрөгөөр ихэсгэж, зээлийн гэрээний үүрэгт 19 548 871,05 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаар, О  ОМЗ ББСБ ХХК болон Г.Б  нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХУЗГ19/66 тоот зээлийн, ХУБГ19/66 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, 15 000 000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 1096 хоногийн хугацаатай, жилийн 39.6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогддог.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч Г.Б  2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул зээлийн гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зэрэг үйл баримтад хариуцагчийг мөн маргаагүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 28, 6 дугаар сарын 09, 8 дугаар сарын 26, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдийн албан шаардлагаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож, улмаар дээрх хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан байна.

 

Иймд шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 12 223 492,18 төгрөг, хүү 7 000 089,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 325 289,15 төгрөг, нийт 19 548 871,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хариуцагч барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч  үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Г.Б-ын өмчлөлийн Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, ............................газар зэргийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-д мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч нь тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгч солигдсоноос хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаагүй тул тус эрхийг нь эдлүүлэхээр мөн өдрийг хүртэл хуралдааныг хойшлуулж, хуралдааны товыг мөн өдрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байна. 

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсыг хавсаргаж, хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан, хариуцагч Г.Б аас 19 548 871,05 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О  ОМЗ ББСБ ХХК-д олгосугай.

 

  1.   Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Г.Б ын өмчлөлийн Ү-000000улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 дугаар гудамж, 84 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Г-2206005025 улсын бүртгэлийн дугаартай, 18635305559676 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 дугаар гудамж, 84 тоот хаягт байршилтай, 414 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 325 896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О  ОМЗ ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ