Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00487

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00487

 

 

******** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02457 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ********т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,548,871 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, Н.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******** ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******** нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагатай ХУЗГ19/66 дугаар зээлийн гэрээ, ХУБГ19/66 дугаартай барьцааны гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, сарын 3,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ***тоот хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн хаягт байрлах ****** нэгж талбарын дугаартай, 414 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

******** нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 2,776,507 төгрөг, үндсэн хүүд 4,928,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 57,011 төгрөг, нийт 7,762,330 төгрөгийг төлсөн. Тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул манай компаниас 3 удаа бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд ********аас үндсэн зээлд 12,223,492 төгрөг, үндсэн хүүд 7,000,089 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 325,289 төгрөг, нийт 19,548,871 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч ********аас 19,548,871,05 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох ********ын өмчлөлийн Ү-2206014436 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ***** тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *****улсын бүртгэлийн дугаартай, **** нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ***** тоот хаягт байршилтай, 414 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 325,896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхацсан тул мөн өдөр болох дээрх иргэний хэрэгт оролцох боломжгүй болсон. Иймээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт холбогдох баримтыг шүүхэд өгсөн.

Гэтэл анхан шатны шүүхээс миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Би хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, нотлох баримтыг хавсарган хүргэсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэжээ.

 

5.Нэхэмжлэгч ******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байдаг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхалангийн шүүх хуралдаан давхацсан гэх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов нь мөн сарын 20-ны өдөр гарсан. Иймд эхэлж мэдэгдсэн шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч ********д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,548,871 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна./хх-1-2, 86/

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг шүүхэд ирүүлжээ. /хх70-71/

3.Анхан шатны шүүх шүүгч солигдсон, хариуцагчид эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагаа явуулах шаардлагатай гэх үндэслэлээр өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны товоос түрүүлж мэдсэн гэж дүгнэн, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хх-74/

4.Уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэж дүгнэн мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02457 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,896 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД