Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00093

 

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00093

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02964 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Р ХХК

Хариуцагч: Г.Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 25,958,117 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эсү-Үжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Р ХХК-тай ХУЗГ19/6 тай зээлийн гэрээ, ХУБГ19/6 тай барьцааны гэрээ байгуулж, нийт 15,000,000 төгрөгийг жилийн 39,6 хувийн, сарын 3.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220601443 т бүртгэлтэй, 80 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 414 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан.

1.2 Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлд 2,776,507 төгрөг, хүүгийн төлбөрт 4,928,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57,011 төгрөг, нийт 7,762,320 төгрөг төлсөн. Г.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлдүүлэгчийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 0 сарын 09-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэлийг түүнд удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 12,223,492 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,450,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төблөр 1,283,996 төгрөг, нийт 25,958,117 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзалын агуулга:

2.1 Зээлийн гэрээний үлдэгдэл 12,223,482 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргасан. Гэрээг цуцалснаас хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн. Гэрээ цуцлагдсан тул нэмэгдүүлж хүү тооцож байгаа нь үндэслэлгүй.

2.2 Хариуцагчийн хувьд 2020, 2021 онд дэлхий нийтээр тохиосон Ковид-19 цар тахлаас болж зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул түүнээс хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Баас зээлийн гэрээний үүрэгт 18 545 771,49 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 412 405,51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Б шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220601443 т бүртгэлтэй, 80 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 414 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 388 145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас улсын тэмдгийн хураамжид 250 679 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр гэрээг цуцлагдсан гэж үзнэ гээд Гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 6,352,330.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,060,015.04 төгрөг, нийт 7,412,346.02 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

4.2 Үүрэг гүйцэтгэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул зээлдүүлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас удааширсан. Зээлдэгч нь зээлийг төлж барагдуулаагүй тул зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнгээр буюу 7,412,346 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээнд нийцэж байгаа.

Иймд зээлийн хүү 6,352,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,060,015 төгрөгөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,223,492 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,450,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,283,996 төгрөг, нийт 25,958,117 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 12,223,492 төгрөг төлөх болон үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргажээ.

3. Р ХХК болон Г.Б нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ХУЗГ19/6 тай зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч Р ХХК нь 15,000,000 төгрөгийг зээлдэгч Г.Бд нэг сарын 3,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна /хх 10-12/

3.1 Мөн талууд уг өдрөө ХУБГ19/6 тай Барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220601443 т бүртгэлтэй, 80 м.кв талбай бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 414 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 13-17/

3.2 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон мөн хуулийн 15 зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн.

Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү зэргийг нэхэмжлэх эрхтэй байна. 

3.3 Хэргийн баримтаар зээлдэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 2,776,507 төгрөг, зээлийн хүүд 5,404,480 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 57,011 төгрөгийг тус тус төлсөн нь тогтоогдож байхад /хх 105/  анхан шатны шүүх хариуцагчийг ...зээлийн хүүд 4,928,800 төгрөг ...төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх боловч хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчим үндэслэн энэ шийдлийг хэвээр үлдээв.

3.4 Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь тогтоогджээ. /хх 105/ 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлдүүлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцлах эрхтэй. Энэ талаар талууд зээлийн гэрээний 6.2.1-д зээлдэгч зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө, нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх 11/

Нэхэмжлэгчээс зээлдэгчид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 0 сарын 09-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл хүргүүлж, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна. /хх 22-29/ Улмаар зээлдүүлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, энэ хугацаагаар зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг цуцлагдсан хугацаанаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрх зүйн зохицуулалтыг оновчгүй хэрэглэснийг хасч залруулна.

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэйг үндэслэж шийдвэрлэхдээ хөдлөх эд хөрөнөгийн барьцааны эрхийг хэрэгжүүлэх мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг хамт баримталсан нь алдаатай болсныг залруулах боломжтой байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02964 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын , 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг,

2 дахь заалтын 158 дугаар зүйлийн 158.1, гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 133,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН