Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/03157

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:... тоотод байрлах, регистр .., А... ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:... ... газрын байранд байрлах, ... ажлын албанд холбогдох  

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Г..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч А... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай захирамжаар А... ХХК-аас 404 499 906 төгрөгийг гаргуулан Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай компанийн барьцаалагдсан хөрөнгөд бидний өгсөн үнийн саналыг Капитал банк хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлүүлсэн байв. Хөрөнгийн үнэлгээчнээр ... ХХК ажиллажээ. Бид эхлээд манай барьцаанд байгаа нийт 3 орон сууц, 1 хашааны газар, үйлдвэрийн барилгын газрын хамт зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна гэж гомдол гаргасан боловч ... тоот 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот аж ахуйн зориулалтаар зассан 2 өрөө байр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины ... тоот үйлдвэрийн барилга, газар зэргийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан юм. Харин 58 000 000 төгрөгөөр үнэлэгдэж анхдугаар дуудлага худалдаагаар 43 000 000 төгрөгөөр зарагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах 566,6 м.кв талбай бүхий Өлгийн ... тоот хашаа, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа.Дээр дурдсан 566,6 м.кв талбай бүхий газар нь төв замын дэргэд, хүйтэн усны шугамд ойр, цахилгааны 0,4 квт буюу 380 вольтын шугамд холбогдсон, дулааны шугам 10 метр зайтай, бохирын шугам 16 метр зайтай, холбооны шугам 18 метр зайтай, дэд бүтэц сайтай газрыг 43 000 000 төгрөгөөр зарна гэдэг нь хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн үйлдэл юм. Би энэ газрыг ... үнэлгээний компаниар үнэлүүлэхэд үнэлгээг 368 700 000 төгрөг гэж тогтоосон. Иймд манай компанийн барьцаанд байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн ... тоот хашааны газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Г... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот захирамжаар ... трейд ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч А... ХХК болон захирал Л.Г... би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдолтой байна. Энэхүү үнэлгээний тайлан нь буруу, ноцтой алдаатай гаргасан тул уг хөрөнгийн өмчлөгч надад ихээхэн хохирол учирч байна. Үнэлгээнд хамрагдсан өөрийн өмчлөлийн газар дээрээ гурван талт хашаа, байшин, худаг, дулаан хангамжийн тэжээл байдаг. Эдгээр зүйлс байдаг талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Манай хашаа хэдий 566 м.кв гэж байгаа боловч урагш нь сунгаж, 800 м.кв болгох бололцоотой байсан. Миний газар дээр байсан эдгээр хөрөнгүүдийн үнэлэхгүй, үнэлгээг гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д хөрөнгийн үнэлгээний зүйл гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг хэлнэ гэж заасан. Гэтэл миний байшин, хашаа болон худгийг эд хөрөнгө гэж үзээгүй бөгөөд тус хуулийн заалтыг зөрчсөн. Газар дээрх хөрөнгийг үнэлээгүй учир миний хөрөнгийн үнэлгээ буруу гарсан тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагыг гаргасан. Үнэлгээг гаргахдаа үнэлгээний тооцооллыг буруу хийсэн. Миний өмчлөх эрхтэй газар нь олон давуу талтай байсан. Төв зам дагуу, нүүрэн талын хашаа, төвийн нэгдсэн цэвэр усны шугамтай, бохир усны төвийн шугамтай, дулааны сүлжээний шугам манай хашааны дэргэд ирсэн, холбооны шугамтай юм. Үнэлгээнд харьцуулахаар сонгосон газруудад манай газартай адил дэд бүтэц байхгүй. Тиймээс миний газар илүү үнэтэй байх нь ойлгомжтой. Миний газрын давуу талыг орхигдуулж, хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн. Харьцуулсан хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрх болон хаана байршилтай болох нь тодорхойгүй. Газрыг зориуд үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан заалтыг биелүүлээгүй зөрчсөн байна. Үнэлгээний тайлангийн 2.2.1-д Олон улсын үнэлгээний 2014 оны стандартад заасан заалтын эхний хэсгийг зөвхөн өөрийн үнэлгээний аргаар тайлбарлах зорилгоор оруулж, уг заалтын үргэлжлэл болох гэвч ялангуяа нэг аргын хувьд бодит баримтын буюу ажиглагчийн хангалттай баримт байхгүй байвал үнэлгээчин найдвартай үнэлгээ гаргахын тулд олон аргуудыг хэрэглэж, ашиглаж болох 1 буюу түүнээс дээш аргуудыг ашиглаж авч үзвэл зохино гэж заасан. Манай улсад газар эдийн засгийн эргэлтэд орж чамгүй хугацаа өнгөрч байна. Үүний том жишээ нь миний газар байгаа юм. Жишээлбэл би хашаагаа 2011-2013 онуудад жил бүр 8 400 000 төгрөгөөр, 2014-2019 онуудад жил бүр 13 000 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж, орлого олж байсан. 2018 онд зогсоох шийдвэр гарч хашаануудыг буулгаж байх явцад хүмүүс манай хашааг жилийн 20 000 000 төгрөгөөр түрээслэх санал тавьж байсан. Жил бүр уг газрын орлого нэмэгдэж байсан. Үнэлгээнд орлогын аргыг ашиглаагүй. Энэ мэтчилэн үнэлгээ алдаатай, олон улсын үнэлгээний стандартыг зөрчиж гаргасан буруу үнэлгээ байх тул тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Би шүүхэд нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргасан. Эхний удаа бүх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Дараа нь уг маргаан бүхий газраас бусад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээсэн байгаа гэв. 

Хариуцагч ... ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:А... ХХК-ийн Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 0... дугаар шийдвэрээр А... ХХК-аас 404 995 906 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А... ХХК-н үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 40 м.кв, 3 өрөө хувийн сууц, Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах 1400 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн ... тоот хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрнуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу битүүмжлэн, хураан мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу хураах ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Төлбөр төлөгч А... ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн .. тоот хаягт байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар тогтоолоор ... ХХК-ийг томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтооход 58.700.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч А... ХХК болон өмчлөгч Л.Г...д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 55.3-т заасны дагуу оршин суух Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт баталгаат шуудангаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч А... ХХК-ний барьцаа хөрөнгө болох 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь буюу 41.090.000 төгрөгөөр оруулахад 43.090.000 төгрөгөөр худалдан борлогдож бусад барьцаа хөрөнгийг тус газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний санал болгох хурлаар төлбөр авагч Капитал банкны эрх хүлээн авагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр санал болгож шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/... дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч А... ХХК-ийн захирал Л.Г... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргаагүй, мөн таны гаргасан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/... дүгээр захирамжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... газраас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Тус албадан дуудлага худалдаагаар би оролцож, маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, 566 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын дуудлага худалдааны ялагч болж, 43 090 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед худалдан авсны дараагаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн маргаан байхгүй, та дуудлага худалдааны ялагч болсон тул 14 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө тушааж газрын өмчлөх болох эрх чинь нээгдэж байгаа гэж тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу тухайн заасан хугацаанд мөнгийг байршуулж, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дээрх газрыг гэрчилгээг надад шилжүүлж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч томилуулсан бол мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байсан. Үүний дагуу нэхэмжлэгч А... ХХК нь 2019 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргасан байдаг.Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 05611 тоот захирамжаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд хэргийг үндэслэлгүй болгох үндэслэлтэй гэж заасан. Миний хувьд өнөөдрийн байдлаар тус газартаа 6 давхар барилга барих зөвшөөрөл авсан, дулаан болон цэвэр ус татсан, 10 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-аас барилгын материал ирнэ, одоогоор 278,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А... ХХК нь хариуцагч ... ажлын албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн ... тоот хашааны газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/0... дугаартай шийдвэрээр А... ХХК-аас 402 823 837 төгрөгийг гаргуулан ... банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн ... хороо Өлгийн ... тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс ... газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн ... тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот тогтоолоор хураасан байна.

... байгууллагын дээрх ажиллагааны дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар А... ХХК-аас 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн үнийн саналыг Капитал банк ХХК нь зөвшөөрөхгүй гэж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар тогтоолоор үнэлгээ хийлгэхээр ... Трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн ... тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай, ... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн ... дугаартай бүртгэлтэй газрын өмчлөгч А... ХХК-ийн захирал Л.Г...д эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2005 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон ... Трейд ХХК-ийн шинжээч нь Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Өлгийн ... тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газарт үнэлгээ хийхдээ хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3.1-т заасан үнэлгээний зүйлийн мэдээллийг дутуу авсан байна гэж үзэхээр байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хөрөнгийн биет байдалтай 2019 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр газар дээр нь үзэж танилцсан, хөрөнгийг үзэх үед ... газрын шийдвэр гүйцэтгэгч байлцсан, уг хөрөнгийн талаар захиалагчийн өгсөн мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, холбогдох бичиг баримтууд, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг үндэслэн үнэлгээг хийж гүйцэтгэв гэснээс үзэхэд үнэлэх гэж байгаа хөрөнгийн талаар тодорхой мэдэх тухайн хөрөнгийн өмчлөгчийг уг ажиллагаанд оролцуулаагүй, түүнээс мэдээлэл аваагүй байгаа нь учир дутагдалтай болжээ.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2 дугаар зүйлийн 2.2.1-т ...Тухайн объектыг өртгийн хандлагын аргаар үнэлэх боломжгүй бөгөөд өнөөдрийн байдлаар газрын түрээсийн зах зээл манайд бүрэн эдийн засгийн утгаараа бүрэлдээгүй тул орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй байна гэсэн нь энэхүү хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй гэх үндэслэл нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн ... Өлгийн ... тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай газрын өмчлөгч нь тухайн газар бүхий хашааг бусдад түрээсэлж орлого олдог байсан тухайгаа тухайгаа тайлбарлаж, гэрчээр нотлуулж байхад энэ талаарх мэдээллийг үнэлгээ хийхэд аваагүй байхад үнэлгээг зөв хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

... Трейд ХХК-ийн хийсэн үнэлгээ нь үндэслэл муутай, бодит бус байх тул ... Трейд ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай үнэлгээг хүчингүй болгох үндэстэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ... тоот мэдэгдлийг А... ХХК-д, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ... тоот мэдэгдлийг Л.Г...д тус тус хүргүүлж, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр барьцаа хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээчээр үнэлэгдсэн үнэлгээг А... ХХК-ийн захирал Л.Г...д гардуулж, тэмдэглэл үйлдсэн байна.

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

А... ХХК нь ... Трейд ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд анх 2019 оны 03 дугаар сарын 1-ний өдөр хандсан байх тул А... ХХК үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Өлгийн ... тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай газрыг 58 719 590 төгрөгөөр үнэлсэн ... Трейд ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн ... дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан А... ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН