Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

 ******* -ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2018/00782 дугаар шийдвэртэй, ******* -ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* од оршин суух, ******* регистрийн дугаартай,******* ******* ******* *******од холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд /онлайнаар/, хариуцагч Т.******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 66.180.700 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Манай компани Т.*******той 2011 онд Ховд аймагт манай компанийн Хүлэг нэрийн мотоцикль борлуулах талаар харилцан тохиролцсон ба бидний зүгээс урьдчилгаа төлбөргүйгээр мотоцикль нийлүүлж, Т.*******ын хувьд мотоцикль борлуулмагц үнийг нь бидэнд төлөх байсан. Түүнчлэн борлуулсан мотоциклийнхоо дүнг манай компани руу шилжүүлсэний дараа урамшуулал тооцон олгодог байсан. Хариуцагчтай 2014 оны 08 сард биечлэн уулзаж тооцоо нийлсэн бөгөөд үүнээс хойш удаа дараа амаар болон албан бичгээр төлбөрөө төлөхийг шаардсан.Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дахин тооцоо нийлэхэд түүнд бэлэн мотоцикль байхгүй ба нийт 38,100,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг харилцан тооцоо нийлж тогтоосон болно. Тус үнийн дүнг дэлгэрүүлбэл:

1.  Хаожин загварын тус бүр нь 1,200,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг мотоцикль буюу 2,400,000 төгрөг,

2.  Юм-эм загварын тус бүр нь 1,350,000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг мотоцикльбуюу 18,900,000 төгрөг,

3.  Хуучин буюу Гүовэй үйлдвэрийн тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй 21 ширхэг мотоцикль буюу 16,800,000 төгрөг тус тус болно. Т.******* нь манай компаний авах байсан дүнг өөрийн өмчлөлд авч, бидэнд өртэй болсон бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн баримтаар төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,06 хувийн хүүг төлөхөөр болсон. Гэвч үүнээс хойш 2016 оны зун 236,200 төгрөг төлснөөс өөрөөр бидэнд ямар нэгэн төлбөр төлөөгүй буюу хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй хэвээр байна. Иймд хариуцагч Т.*******оос мотоциклийн үлдэгдэл төлбөр болох 38,100,000 төгрөг мөн төлбөр хэтрүүлсэн хугацаанд төлөхөөр тохирсон хүү болох 16,342,200 төгрөг болон төлөх хугацаа хэтрүүлсэн тул тооцогдсон алданги 11,054,700 төгрөг буюу 2016 онд төлсөн 236,200 төгрөгийг хасвал нийт 65,260,700 /жаран таван сая хоёр зуун жаран мянга долоон зуун/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлийг гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар:  Миний бие Т.******* нь 2011 оноос эхлэн ******* -тай харилцан тохиролцсоны үндсэн дээр /тус компаны гүйцэтгэх захирал Бямбасүрэнтэй тохиролцсон/ тус компаний борлуулагчаар ажилласан нь үнэн болно. Тус компаний гэрээнд заасны дагуу мотоциклийн борлуулалтанд шаргуу анхаарч бэлэн мөнгөөр зарагдаж борлуулагдсан мотоцикль нэг бүрийг нь маш үнэнч шудрагаар тухай бүрд нь О.Амарцэнгэлийн дансруу шилжүүлж байсан. Мөн компани захиалагчийн дагуу лизингийн мотоциклийг бүх сумдын банкинд хүргэж өгч, хүлээлгэж өгсөн мотоцикль нэг бүрийн тоо ширхэг, мэдээллийг тэр даруй нягтлан болон захирлуудад утсаар мэдэгдэж тооцоо тайлан өгч байсан. 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн захирал О.Амарцэнгэл өөрийн биеэр ирж тооцоо хийсэн боловч, бид тооцоо нийлээгүй. Тооцоо нийлээгүйн учир нь надад нийлүүлсэн мотоциклийн тоо зөрүүтэй байсан. Мөн тухайн үед миний зүгээс тэдэнд тавьсан шаардлага нь надад өгч байсан шатахууныхаа баримт болон миний тэдэнд цаг тухай бүрт нь мэдэгдэж байсан тоо тайлангийн дагуу бүх сумуудаар явж тооцоо нийлэх болон миний хүлээж аваагүй 12 ширхэг GN загварын мотоциколиудын надад өгсөн баримтыг олгож өгөхийг хүсэж байна.

Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр О.Алтангэрэл дахин тооцоо хийхээр ирсэн. Ирэхдээ зам дагуух сумууд болох Ховд аймгийн Манхан, Зэрэг, Дарви, Ховд сумаар орж мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумуудаар явж тооцоо хийсэн. Бусад сумуудаар ороогүй болно. Тооцоо хийх явцад миний хамт очсон Ховд сумаас гэхэд 3 ширхэг мотоциклийн тооцоо гарч ирж компаний дансруу шилжүүлсэн. Иргэн Х.Бөмбөр-1 ширхэг Юу-Эм 1,350,000 төгрөг, Хаан банкны Чандмань салбар-1 ширхэг, Юу-Эм 1,350,000 төгрөг, Хаан банкны Алтай салбар-1 ширхэг, Юу-Эм 1,350,000 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байгаа. Эдгээр хүмүүсийг компаний удирдлагуудтай уулзуулж акт үйлдүүлсэн. Энэ актын дагуу тус компани эдгээр хүмүүсээс өөрийн компаний нэрийн өмнөөс нэхэмжлэхээр болсон. Тус компанид 3 жил тасралтгүй ажиллах хугацаандаа 22,080,000 төгрөгийн урамшуулал, цалингийн хөлс бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тус компани байгууллагын урамшуулалын цалин хөлсийг цаг тухайд нь олгож чадахгүй байсан тул компаний удирдлагуудтай зөвшилцсөний үүднээс урамшуулалын үнийн дүнгээс тохиролцож 7 ширхэг мотоцикль /5 ширхэг мотоцикль-1,350,000 төгрөг, 2 ширхэг мотоцикль-1,200,000 төгрөг/ авч хэрэглэсэн.Тус компаний хуучин загварын GW-ын 370 ширхэг мотоцикль ирснээс 9 ширхэг мотоциклийн үлдэгдэл байгаа бөгөөд эдгээр мотоцикль Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Зэрэг, Манхан сумуудад үлдэгдэл байх магадлалтай учир миний явуулж байсан мэдээ тайлангийн дагуу компани хүргэлт нийлүүлэхийг тайлангаа нийлүүлэн тооцоо нийлэх ёстой. Тус компаний илгээсэн нэхэмжлэлийг иргэн Т.******* миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэл дээр дурдагдсан үнийн дүн, хүү алданги зэргийг үгүйсгэж байна. Үүнээс үзэхэд сумуудаар явж тооцоо нийлэхэд үлдэгдэлтэй мотоциклиуд гарч ирэх шаардлагатай.

Ийм учир тус компаний захирал О.Амарцэнгэлээс үлдсэн сумуудаар явж тооцоогоо миний утсаар мэдээлж хүргэлт хийсэн мэдээнүүдтэй нэгтгэж нэгдсэн тооцоо хийхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл энэ тооцоо нийлээгүй байна. Борлуулагч миний бие зарим үлдэгдэлтэй сумуудын банкны эрхлэгч нартай уулзахад захиралуудад чинь мэдэгдсэн байгаа гэдэг хариултыг өгдөг. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирж хийсэн тооцоо нийлээгүй бөгөөд бидний хувьд дахин тооцоо нийлэхээр болж салсан боловч өнөөдрийг хүртэл дахин тооцоо нийлээгүй. Хуучин загварын GW-ын тооцоо зөрүүтэй байсан учир би компаниас холбогдох бичиг баримтыг шаардсан боловч ирүүлээгүй байна.

Миний бие 2011-2014 оны хооронд тус компаны 552 ширхэг мотоциклийг хүлээн авч борлуулалтанд нийлүүлсэн байдаг. Үүнд:370 ширхэг GW загвар, 70 ширхэг Хаожин загвар, 110 ширхэг Юу-эм загвар

Шинэ загварын Хаожин болон Юу-эм загварын нийлүүлэлтийн тоо, тооцоо миний өөрийн хүлээж авсан тооцоотой нийлж байгаа болно. Үлдэгдэл: Хаожин загварын мотоцикль- 2 ширхэг, Юу-эм загварын мотоцикль 14 ширхэг байгаа бөгөөд үүнээс Н.Баатарцогт Юу-эм заварын мотоцикль 1,350,000 төгрөг, иргэн Г.Баттөмөр- 1 ширхэг Юу-эм загварын мотоцикль 1,350,000 төгрөг. Тус компаний нийлүүлж байгаа мотоцикль нэг бүрийн жин нь 150 кг байдаг бөгөөд, ганц хүн ачиж буулгаж, тээвэрлэх боломжгүй байдаг. Иймд би ачих болон буулгах бүртээ 3-4 хүн байнга хөлсөлж авдаг байсан. Компаниас 2 удаа ачих буулгах хөлс өгсөн.Мөн сумуудаар явах замын томилолт эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, утасны төлбөр зэрэг асуудлыг компани хөнгөлж байгаагүй учир эдгээрт гарсан зардлыг нөхөн шийдүүлнэ. Сумуудаар нийлүүлсэн лизингийн мотоциклиудыг би хүргэж өгөн, угсарч бэлдэн бүрэн бүтэн байдал зэргийг хариуцаж байсан бөгөөд салбарын эрхлэгч болон компаний данс хооронд хийгдэж байгаа шилжүүлэг, мөнгөн дүнг хянах шалгах эрх надад байхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2018/00782 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6-дзаасныг баримтлан хариуцагч Т.*******оос 65,260,700 /жаран таван сая хоёр зуун жаран мянга долоон зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ” -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2018/02228 дугаартай “Хүсэлт хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад дурдагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ” -ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 510,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 484,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ” -д олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* нь олон удаа надтай тооцоо нийлүүлэх акт үйлдэхэд өөр сумтай андуурч надад өгдөг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэх мотоциклийн төлбөр тооцоо барагдуулах тухай тохиролцооны актыг захирал надад шүүхэд өгнө гэж хэлээгүй, чи олон юм яриад байлгүй наад актан дээрээ идэж уусанаа хүлээ гэж хажуудаа олон залуучуудтай ирсэн болохоор би аргагүйн эрхэнд гарын үсэг зурж өгсөн юм. Иймд үнэн нөхцөл байдлыг шударгаар дүгнэж нутгийн иргэдээс авч чадаагүй байгаа 16 ширхэг мотоциклийн үнэ буюу 21.300.000 төгрөгийг төлж барагдуулна. Үндэслэлгүйгээр надаас нэхэмжилсэн 43.960.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “******* ” нь хариуцагч Т.*******од холбогдуулан нийт 65.260.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 920.000 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

            Хариуцагч Т.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “тус компани нь сумуудаар нэг ч удаа явж тооцоо нийлээгүй, үнийн дүн хүү, алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актыг би уншаагүй, дахин тооцоо нийлнэ гэхээр нь гарын үсгээ зурсан” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч нь бидний хооронд мотоцикл худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж, хариуцагч нь бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан байна. Шүүх талуудын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Хариуцагч Т.******* нь ******* -ний шинэ хуучин мотоциклуудыг Ховд аймагт борлуулж, хуучин мотоциклоос 30.000 төгрөг, шинэ мотоциклоос 40.000 төгрөгийн урамшуулал авдаг байсан нь зохигчдын тайлбар болон 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байхад шүүх даалгаврын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж дүгнэсэн нь буруу байна.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь бидний хооронд бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээ байгаа гэж, нэхэмжлэгч нь бичгийн гэрээг тамга дарж гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч бидний хооронд бичгийн гэрээний төсөл байсан гэж тайлбарлаж байгааг шүүх анхаараагүй байна.

            Хэрэгт авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актад хариуцагч Т.******* нь гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа боловч хариуцагч Т.******* нь борлуулагчаар ажиллаж байх хугацаанд уг актад дурдсан мотоцикл дутагдуулснаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.  Тухайлбал тооцоо нийлсэн актын 2.3 дахь хэсэгт хуучин мотоцикл 256 ширхэг, шинэ мотоцикл 308 ширхэг нийт 564 ширхэг мотоцикл Т.******* худалдан борлуулсан гэж дурдсан байхад хариуцагч Т.******* нь нийт 552 ширхэг мотоцикл борлуулсан гэж маргаж байна.

            Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч компаниас хариуцагч Т.*******од хуучин мотоцикл хэдэн ширхэг, шинэ мотоцикл хэдэн ширхэг нийт хэдэн мотоцикл хүлээлгэн өгсөн, үүнээс хэдэн мотоциклын тооцоог хийж дуусгасан, хэдэн мотоциклын тооцоо үлдсэн талаар санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд болох орлого, зарлагын баримт, данс бүртгэл, бараа материалын жагсаалт, тайлан зэрэг баримт хэрэгт байхгүй байна.

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргааны үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377.754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2018/00782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 377.754 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР