Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/02125

 

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/02125

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *-р хороо, * * тоотод оршин суух Ж овогт Ц.Ц /РД:УО*/****/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *-р хороо, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх *-р байрны * давхарт байрлах С.Н /РД:СО*********/-т холбогдох

 

2015 оны 3 сарын 30-ны өдрийн бүртгэлийн 152 дугаарт бүртгэж итгэмжлэл гэрчилсэн нотариатчын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн төлөөлөгч Т.Ц, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийг төлөөлөгч, өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн нотариатч С.Н нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаар бүртгэлтэй итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд уг итгэмжлэлд засвар болон нэмэлт заалт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл төлөөлүүлэгч Ц.Цийн албан ёсны хаягийг бичээгүй, гарын үсэг илт зөрүүтэй байна. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийхдээ Ц.Ц нь өөрийн биеэр очих ёстой боловч төлөөлүүлэгч очоогүй байхад түүний бичиг баримтыг ашиглаж бусдад итгэмжлэл шууд олгосон буюу А.Ж гэх хүнд итгэмжлэл олгосон байдаг. Миний бие уг итгэмжлэлийг үйлдэхэд өөрийн биеэр очоогүй тул төлөөлөгч А.Жд ямар эрх олгож байгаагаа мэдээгүй болно. Мөн шинжээч томилж гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн боловч энэ дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл ажиглалтын аргаар гарын үсгийн шинжилгээ хийсэн гэсэн нь ойлгомжгүй байна. Энгийн нүдээр харахад нотариатчийн тамга өөр, өөр газар дарагдсан, том жижиг зэргээс уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхээр байна. Мөн уг итгэмжлэлд итгэмжлэлийг олгосон өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэлэх ажиллагаа дуустал буюу 3 жилийн хугацаанд хүчинтэй болно гэж заасан нь Иргэний хуулийн 64.2.5-д зааснаар хугацаанг тодорхой заагаагүй байна. Иймд намайг итгэмжлэл өгөх хүсэл зоригоо илэрхийлэлгүй, гарын үсэг зураагүй, итгэмжлэлд зурагдсан гарын үсэг илт зөрүүтэй, өөрийн биеэр очоогүй, хуульд заасан хугацаагаар олгоогүй зэрэг Нотариатын хууль дүрмийг зөрчиж итгэмжлэлийг гэрчилсэн байх тул 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Цээс А.Жд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн, бүртгэлийн 152 дугаартай нотариатын үйлдэл мөн өдрийн итгэмжлэлд нэмэлт засвар оруулсан бүртгэлийн 152 дугаартай итгэмжлэлүүдийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Ц.Цээс А.Жд өөрийг нь төлөөлөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг хийлгэхдээ өөрсдөө биеэр ирж хүсэл сонирхлоо илэрхийлсэн, ач холбогдлыг бүрэн тайлбарлуулж ойлгосон, хуульд заасан журмын дагуу итгэмжлэлийг гэрчилж өгсөн. Мөн уг итгэмжлэлийн дагуу А.Ж нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Цийг төлөөлж оролцож байсан байх бөгөөд энэ итгэмжлэлээр оролцсон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байдаг. Итгэмжлэл олгосноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад уг итгэмжлэлийн асуудлаар маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна. Мөн уг итгэмжлэлийг талууд өөрсдөө ирж хийлгэсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтийн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ц.Цийнх мөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч С.Нт холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Цээс А.Жд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн, бүртгэлийн 152 дугаартай нотариатчийн үйлдэл мөн өдрийн итгэмжлэлд нэмэлт засвар оруулсан бүртгэлийн 152 дугаартай итгэмжлэлүүдийг тус тус хүчингүйд тооцуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 3 сарын 30-ны өдөр Ц.Цээс А.Ж гэх хүнд олгосон итгэмжлэлд Ц.Ц нь өөрийн биеэр очоогүй, өөрөө гарын үсэг зураагүй, итгэмжлэлд зурагдсан гарын үсэг илт зөрүүтэй, хуульд заасан хугацаагаар олгоогүй зэрэг Нотариатын хууль дүрмийг зөрчиж итгэмжлэлийг гэрчилсэн гэх тайлбарыг гаргасныг, хариуцагч тал итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу гэрчилсэн бөгөөд талууд өөрсдөө ирж итгэмжлэлд гарын үсэг зурсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбар гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Төлөөлүүлэгч Ц.Ц нь төлөөлөгч А.Жд 2015 оны 03 сарын 30-ны өдөр Итгэмжлэл олгосныг хариуцагч С.Н нь нотариатын бүртгэлийн 152 дугаарт бүртгэж итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн байх ба энэ талаараа бүртгэлийн дэвтрийн 152-т шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлөх гэж бүртгэн талуудаар гарын үсэг зуруулсан бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. /7-9/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2063 тоот дүгнэлтэд 2015.03.30 гэсэн огноотой Итгэмжлэл гэсэн баримтын Төлөөлүүлэгч гэсний доор, Бүртгэлийн дэвтрийн 152 дугаартай бүртгэлийн гарын үсэг гэсэн багананд байх шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Цийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. ...иргэний үнэмлэхний хуулбар нь Ц.Цийн нэр дээрх иргэний үнэмлэхнээс хуулбарлагдсан байна. гэсэн байна./хх-ийн 60-64/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч С.Н нь 2015 оны 3 сарын 30-ны өдрийн төлөөлүүлэгч Ц.Цээс төлөөлөгч А.Жд олгосон итгэмжлэлийг гэрчилэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. ... гэснийг, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн өдрийн итгэмжлэлд гараар бичсэн нэмэлт засвар оруулсан итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна гэж тайлбарлаж байх ба энэ нь тухайн өдрийн итгэмжлэлд нэмэлтээр ИХШХШТХ 26.3-д заасан сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар өгөх эрхийг нэмж олгов. гэж гараар бичиж нотариатч гарын үсэг зурж, уг бичвэр дээр тэмдэгээ дарсныг бие даан тусдаа олгосон итгэмжлэл гэж үзэхээргүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас нотариатч төлөөлүүлэгч болон төлөөлөгчийг оролцуулж, тэдний хүсэл зоригийн дагуу итгэмжлэлийг гэрчилсэн болох нь тогтоогдож байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн уг итгэмжлэлд гарын үсэг зураагүй, өөрийн биеэр байгаагүй гэсэн нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт авагдсан баримтаар нотлож чадаагүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн ирж оролцоогүй бөгөөд 2018.12.04-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч нартай байгуулж, хавтаст хэргийн 14-15 дугаар талд ирүүлсэн байх ба уг гэрээнд ...бүх шатны шүүхэд төлөөлөх оролцох эрхийг өмгөөлөгч Г.Х, Д.Цолмон, П.Батцэцэг нарт олгосон байгааг дурдах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цийн хариуцагч С.Нт холбогдох 2015 оны 03 сарын 30-ны өдөр Ц.Цээс А.Жд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ