Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00508

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02125 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2104 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Ц.Ц-

          Хариуцагч: С.Н-

 

          нэхэмжлэл: нотариатын үйлдлүүдийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар 2020-01-10-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, Д.Цолмон нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэен-Ойдов, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ХУД-н нотариатч С.Н- 2015.03.30-ны өдрийн 152 дугаар бүртгэлтэй итгэмжлэл гэрчилсэн бөгөөд түүнд засвар болон нэмэлт заалт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл төлөөлүүлэгч Ц.Ц-ийн албан ёсны хаягийг бичээгүй, гарын үсэг илт зөрүүтэй. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийхдээ иргэн Ц.Ц- өөрийн биеэр очоогүй байхад нь түүний бичиг баримтыг ашиглаж А.Ж- гэх хүнд итгэмжлэл олгосон байдаг. Өөрийн биеэр очоогүй тул төлөөлөгч А.Ж-д ямар эрх олгож байгаагаа мэдээгүй. Мөн шинжээч томилж гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн боловч энэ дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, ажиглалтын аргаар гарын үсгийн шинжилгээ хийсэн гэсэн нь ойлгомжгүй. Энгийн нүдээр харахад нотариатчийн тамга өөр, өөр газар дарагдсан, том жижиг зэргээс уг итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхээр байна. Итгэмжлэлд олгосон өдрөөс эхлэн ХХША дуустал буюу 3 жилийн хугацаанд хүчинтэй болно гэж заасан нь ИХ-н 64.2.5-д зааснаар хугацааг тодорхой заагаагүй. Иймд Ц.Ц- итгэмжлэл өгөх хүсэл зоригоо илэрхийлэлгүй, гарын үсэг зураагүй, уг итгэмжлэлд зурагдсан гарын үсэг илт зөрүүтэй, өөрийн биеэр очоогүй, хуульд заасан хугацаагаар олгоогүй зэрэг Нотариатын хууль дүрмийг зөрчсөн итгэмжлэлийг гэрчилсэн тул С.Н-ийн 2015.03.30-ны өдрийн Ц.Ц-ээс А.Ж-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн, бүртгэлийн 152 дугаартай нотариатын үйлдэл мөн өдрийн итгэмжлэлд нэмэлт засвар оруулсан бүртгэлийн 152 дугаартай итгэмжлэлүүдийг тус тус хүчингүйд тооцно уу гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Иргэн Ц.Ц-ээс А.Ж-д өөрийг нь төлөөлөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг хийлгэхдээ өөрсдөө биеэр ирж хүсэл сонирхлоо илэрхийлсэн, ач холбогдлыг бүрэн тайлбарлуулж ойлгосон, хуульд заасан журмын дагуу итгэмжлэлийг гэрчилсэн. Уг итгэмжлэлийн дагуу А.Ж- иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Ц-ийг төлөөлж оролцож байсан байх бөгөөд энэ итгэмжлэлээр оролцсон шүүхийн шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон байдаг. Итгэмжлэл олгосноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад уг итгэмжлэлийн асуудлаар маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна. Мөн итгэмжлэлийг талууд өөрсдөө ирж хийлгэсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтийн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ц.Ц-ийнх мөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 183/ШШ2019/02125 дугаар шийдвэр гаргаж, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан  С.Н-т холбогдох 2015.03.30-ны өдөр Ц.Ц-ээс А.Ж-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйдлийг хүчингүйд тооцуулах тухай Ц.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2104 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, Д.Цолмон нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, ХХША-ны журам зөрчсөн гэсэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд: 1. Хариуцагчийн нэмэлт өөрчлөлтийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч нотариатч С.Н-ийн 2015-03-30-ны өдөр гэрчилсэн, бүртгэлийн 152 дугаартай үйлдэл болон энэхүү итгэмжлэлд нэмэлт заалт оруулсан 2015-03-30-ны өдрийн бүртгэлийн 152 дугаартай нотариатчийн үйлдлүүдийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх тогтоох хэсэгтээ зөвхөн нэг шаардлага болох нотариатч “С.Н-ийн 2015-03-30-ны өдөр гэрчилсэн, Ц.Ц-ээс иргэн А.Ж-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэмэлт заалт буюу хариуцагч гараар бичсэн сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар гаргах эрхийг нэмж олгов гэж оруулсан хариуцагчийн 2015-03-30-ны өдрийн бүртгэлийн 152 дугаартай нотариатчийн үйлдлүүдийг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсанд гомдолтой. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатч С.Н-ийн 2015-03-30-ны өдөр гэрчилсэн 152 дугаартай үйлдэл болон энэхүү итгэмжлэлд нэмэлт оруулсан 2015-03-30-ны өдрийн бүртгэлийн үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан байхад шүүх зөвхөн нэг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа нэмэлт оруулсан итгэмжлэлийг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан. 2. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн 2 өөр өдөр хийсэн 2 үйлдлийг 1 өдөр хийсэн 1 үйлдэл хэмээн дүгнэж шийдвэрээ гаргасанд гомдолтой. Хариуцагчийг 1 дүгээр үйлдэл нь 2015-03-30-ны өдөр хийгдсэн сөрөг нэхэмжлэл гардаж авах эрхгүй олгогдсон итгэмжлэл олгосон үйлдэл бөгөөд энэхүү 1 дүгээр үйлдлээ хариуцагч бүртгэлийн дэвтэртээ 152 гэсэн дугаараар бүртгэж бүртгэлийн дугаар өгсөн. Харин хариуцагчийн 2 дугаар үйлдэл нь А.Ж- сөрөг нэхэмжлэлийг гардаж авах, тайлбар гаргах эрхийг хариуцагч 2017-05-01-ний өдөр өгсөн, өөрөөр хэлбэл хариуцагч эхний итгэмжлэлийг олгосноос хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа сөрөг нэхэмжлэл гардаж авах итгэмжлэлийг үйлдэхдээ 2 жилийн өмнө хийсэн 2015-03-30-ны өдрийн итгэмжлэлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүртгэлийн дэвтэрт бүртгэхгүйгээр, 2 үйлдлийг нэг бүртгэлийн дугаараар бүртгэсэн байгаа байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзаж үзэхгүй, нэг өдөр хийсэн бүртгэл хэмээн андуурч шийдвэр, магадлалаа гаргасан. 3. А.Ж-д олгосон сөрөг нэхэмжлэлийг гардаж авах, тайлбар гаргах эрх олгосон үйлдлийг хариуцагч “Нэмэлт, өөрчлөлт”-өөр 2017-05-01-ний өдөр хийсэн болохыг нотлох зорилгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн журмаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж авалгүй, хангахгүй орхисонд гомдолтой. Хариуцагчийн 2 үйлдэл нь тус тусдаа 2 өөр он цаг хугацаанд хийгдсэн болохыг шүүхийн журмаар хэрэгт үзлэг хийлгэж, нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан итгэмжлэл нь цаг хугацааны хувьд 2015-03-30-с хойш хийгдсэн бөгөөд 2 итгэмжлэл тус тусдаа бүртгэлийн дугаар авсан байх учиртай юм. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын материалаас иргэн А.Ж-д сөрөг нэхэмжлэлийг гардаж авах шаардлага он, цаг хугацааны хувьд хэзээ үүссэн, сөрөг нэхэмжлэл гардаж авах шаардлагыг Ц.Ц- мэдсэн эсэх, мөн уг итгэмжлэлийн дагуу Ц.Ц-ийг төлөөлж А.Ж-ы оролцсон ХХША-нд Ц.Ц- биечлэн оролцсон эсэх, тус хэрэгт нэхэмжлэгч Ц.Ц-ийн эрх ашиг сонирхол байсан эсэх, сөрөг нэхэмжлэлийг ямар итгэмжлэлийн дагуу А.Ж- гардаж авсан эсэх, итгэмжлэлийг хариуцагч С.Н- хэзээ гэрчилсэн зэрэг нөхцөл байдлууд уг үзлэгээр тогтоогдох байсан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг зөвхөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд шийдвэрлэгдсэн хавтаст хэрэгт шүүхийн журмаар үзлэг хийлгэх замаар тогтоох боломжтой, уг нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг хангахгүй шийдвэрлэсэн. Мөн шүүх Хан-Уул дүүргийн нотариатч С.Н- нь 2015-03-30-ны өдрийн 152 дугаарт бүртгэлтэй итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд уг итгэмжлэлд нэмэлтээр “ИХШХШТХ-26.3-д заасан сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар өгөх эрхийг нэмж олгов.” гэж бичсэнийг бие даан тусдаа олгосон итгэмжлэл гэж үзэхээргүй байна гэж 2 өөр цаг хугацаанд хийгдсэн 2 үйлдлийг үйлдлийг 1 үйлдэл хэмээн үзэж, хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой бөгөөд шүүхийн журмаар хавтаст хэрэгт үзлэг хийснээр 2 өөр цаг хугацаанд хийгдсэн 2 үйлдэл болох нь нотлогдох байсан болно. Гэтэл шүүх энэ хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй болно. Нотариатын тухай хуулийн 25.1.3-д зааснаар итгэмжлэл гэрчлэх нь нотариатыг үйлдлийн төрөлд хамаарах бөгөөд нотариатч Нотариатын тухай хуулийн 31.1-д заасан тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй байдаг. Гэтэл анхны итгэмжлэл олгосон 2015-03-30-ны өдөр гэрчилсэн итгэмжлэл нь 152 дугаартай бүртгэгдсэн бүртгэл дээр 2 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гардаж авах, хариу тайлбар гаргах эрх олгосон нэмэлт өөрчлөлтийг гэрчилсэн үйлдэлдээ хариуцагч бүртгэл хийгээгүй байдлыг шүүх огт авч хэлэлцэхгүй шийдвэр, магадлалаа гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна, нотлох баримтад тулгуурлана гэсэн үндсэн зарчимд огт нийцэхгүй бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан үйлдлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүртгэсэн бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн дугаар байхгүй байгаа байдалд шүүх анхааралдаа авч, дүгнэлт хийхийг хүсье. Хариуцагч нэмэлт өөрчлөлт оруулсан итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлээ бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй байгаа нь нэхэмжлэгч Ц.Ц- энэхүү сөрөг нэхэмжлэл гардаж авах, хариу тайлбар өгөх эрхийг А.Ж-д олгоогүй, энэхүү итгэмжлэлийг олгох үед Ц.Ц- биечлэн очоогүй болох нь нотлогддог. Гэтэл шүүх энэ байдалд огт дүгнэлт хийхгүй төдийгүй, хийхээс зайлсхийж, бодит байдлыг гуйвуулж    нэгэнт нэг итгэмжлэлээр олгосон эрх, түүнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах талаар гаргасан нэхэмжлэлийг 2 шаардлага гэж үзэхгүй ....хэмээн дүгнэж шийдвэр, магадлалаа гаргасанд гомдолтой. 2015-03-30-ны өдөр гэрчилсэн үйлдэл, нэмэлт өөрчлөлт оруулсан сөрөг нэхэмжлэл гардан авах үйлдлийг гэрчилсэн үйлдлүүд нь тус тусдаа үр дагавартай юм. 4. Хариуцагч С.Н-ийн 2015-03- 30-ны өдрийн итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хийхэд бүртгэсэн нотариатын үйлдлийн 152 дугаартай бүртгэлийн дэвтэр л хэрэгт авагдсан бөгөөд сүүлд нэмэлт өөрчлөлт орсон сөрөг нэхэмжлэл гардаж авах эрх олгосон үйлдлийг гэрчилсэн бүртгэлийн дэвтэр байхгүй бөгөөд энэхүү сөрөг нэхэмжлэл гардаж авах эрхийг гэрчилсэн бүртгэлийн дугаар хэрэгт байхгүй байгааг шүүх харгалзаж үзээгүйд гомдолтой. Энэ нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын Нотариатын үйлдэл хийх зааврын 3.1-д Нотариатч Нотариатын тухай хуулийн 25.1-д заасан үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө, 3.2-т Нотариатч үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтлөнө, 3.3-т Нотариатын бүртгэлийг хөтлөхдөө Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтална., Нотариатын тухай хуулийн 26.1-д Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ, 26.3-т Үйлчлүүлэгч,            нотариатын бүртгэлд гарын үсэг зурна гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн болно. 5. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримт материалыг зориуд гуйвуулан дүгнэлт хийж магадлалаа бичсэнд гомдолтой. Учир нь 2019-12-13-ны өдрийн 2104 дугаартай магадлалын 6 дахь талын доороосоо 2 дахь догол мөрийн сүүлийн өгүүлбэрт: Түүнчлэн уг бичвэр нь итгэмжлэл хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн дараа буюу хожим олгосон гэх үйл баримтыг нотлох боломжгүй гэж зориуд бодит байдалд дүгнэлт хийхээс зайлсхийжээ. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй Д.Т-т холбогдох хэрэгт ХХША-ны явцад хариуцагч Д.Т- нь хэзээ сөрөг нэхэмжлэл гаргасан, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлүүд нэг цаг хугацаанд гаргасан эсэх, энэхүү сөрөг нэхэмжлэлийг А.Ж- хэзээ гардаж авсан. гардаж авахдаа ямар итгэмжлэлийн дагуу гардаж авсан эсэх, сөрөг нэхэмжлэлийг хэн гардаж авсан, сөрөг нэхэмжлэлд ямар итгэмжлэлийн дагуу, хэн хариу тайлбар гаргасан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдох байсан бөгөөд үзлэг хийснээр хариуцагчийн эдгээр итгэмжлэлүүдийг гэрчилсэн үйлдлүүд нь өөр өөр цаг хугацаанд буюу нэг итгэмжлэл нь нөгөө итгэмжлэлээсээ хожим хийгдсэн болох нь нотлогдох байсан. Мөн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шинжээч томилуулж, гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн боловч энэ дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл ажиглалтын аргаар гарын үсгийн шинжилгээ хийсэн гэсэн шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй, энгийн нүдээр харахад нотариатийн тамга болон иргэний үнэмлэхний хэмжээс том, жижиг дарагдсан зэргээс уг итгэмжлэлд хийсэн шинжээчийн дүгнэлтэд ажиглалтын аргаар шинжилгээ хийх боломжгүй тул дахин шинжээч томилуулж, итгэмжлэлийг компьютер, техник тоног төхөөрөмж ашиглаж үйлдсэн эсэхийг тодруулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Анхан шатны шүүх анх 2019-03-05-ны өдрийн 02771 дугаартай захирамжаар шинжээч томилохдоо шинжээчид тавьсан асуултуудад шинжээч хариулт ирүүлээгүй, ирүүлэх боломжгүй талаарх хавтаст хэргийн 59 дугаарт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-05-24-ний өдрийн 10/2930 дугаартай албан бичигт ...архивт хадгалагдаж буй баримтаас дээжийг хусч шинжилгээнд ашиглах боломжгүй тул буцаав гэсэн албан бичиг ирүүлдэг. Гэтэл шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2019-06-10-ны өдрийн 2063 дугаартай албан бичгээр ажиглалтын аргаар шинжилгээ хийлээ, гарын үсэг мөн гэх дүгнэлт ирүүлсэн нь ойлгомжгүй төдийгүй шүүгчийн захирамжид дурьдсан шинжээчийн асуултуудад бүрэн хариулт ирүүлээгүй, ирүүлээгүй шалтгаанаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлт дээрээ бичээгүй, шинжээч томилсон захирамжид дурьдсан В болон Д дугаартай асуултуудад хариулт ирүүлээгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шинжээчид хууль сануулсан баримт хэрэгт авагдаагүй, шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэж шийдвэр магадлал гарсанд гомдолтой. Нөгөө талаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нэг болохоор шүүгчийн захирамжид дурьдсан байдлаар шинжилгээ хийх боломжгүй, нэг болохоор ажиглалтын аргаар шинжилгээ хийгээд дүгнэлт ирүүлээд байгаа байдал нь нэхэмжлэгч талд эргэлзээ төрүүлсэн тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт болон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан хариуцагчийн үйлдэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3.5-т заасан Нотариатын хэд хэдэн үйлдлийг нэг дэвтэрт хольж бүртгэхийг хориглоно, 3.6-д заасан бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах бөгөөд хуулийн этгээдийн хувьд тамга тэмдгээр баталгаажуулж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн болно. 6. Итгэмжлэлд ИХ-н 64.2.5-д зааснаар хугацааг тодорхой заагаагүй бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн хугацааг тооцох уу эсвэл өөрчлөлт ороогүй өдрөөс хугацааг тооцох уу гэдэг ойлгомжгүй тул хугацаа бичигдэх хуулийн шаардлагыг 2 итгэмжлэл хоёулаа хангаагүй болно. 7. Нөгөө талаас нэмэлт өөрчлөлтийг гэрчилсэн хариуцагчийн үйлдлийг бүртгэсэн бүртгэлийн дугаар болон бүртгэлийн дэвтэр байхгүй байгаа нь нэхэмжлэгч Ц.Ц- өөрөө биечлэн ирээгүй болох нь харагддаг. Мөн шүүхийн журмаар архиваас гаргуулсан хариуцагчийн бүртгэлийн дэвтрийн хамгийн эхний хуудаст итгэмжлэл №1, 2015.01.05-2015.06.26, № 01-359 гэж хариуцагчийн өөрийн гараар тэмдэглэсэн бичвэр хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Хариуцагчийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлүүдийг бүртгэсэн дэвтэр нь зөвхөн цаг хугацааны хувьд 2015-01-05-с 2015-06- 26- ны өдрүүдэд хийгдсэн үйлдлийг бүртгэсэн бол яагаад 2 жилийн дараа хийгдсэн сөрөг нэхэмжлэл гардан авах, хариу тайлбар өгөх нэмэлт өөрчлөлтийн үйлдлийг энэ дэвтэрт бүртгэгдсэн гэж шүүх үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Ц.Ц- нь итгэмжлэл өгөх хүсэл зоригоо илэрхийлээгүй, гарын үсэг зураагүй, итгэмжлэл олгогдох үед өөрийн биеэр очоогүй, шинжээчид хууль сануулсан баримт хэрэгт авагдаагүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шүүгчийн асуултуудад шинжээч хариулт ирүүлээгүй, 2 үйлдлийг 1 дэвтэрт хольж бүртгэсэн, Нотариатын бүртгэлийг хөтлөхдөө Нотариатын тухай хуулийн 26-г баримтлаагүй, Нотариатын тухай хуулийн 26.1-т заасны дагуу Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичээгүй, 26.3-т Үйлчлүүлэгч     нотариатын бүртгэлд гарын үсэг зураагүй гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн болно. Тиймээс Нотариатын хууль дүрмийг зөрчиж итгэмжлэлийг гэрчилсэн байхад Нотариатын тухай хуулийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 183/ШШ2019/02125 дугаар шийдвэр, 2104 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ц.Ц- С.Н-т холбогдуулан 2019-01-16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2015.03.30-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, нэмэлт засвар оруулсан итгэмжлэлийг тус тус хүчингүйд тооцуулахыг шаардсан байна. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

         Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлээгүй орхисон гэх Ц.Ц-ийн гомдол үндэслэлгүй байна.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ц.Ц- шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...2015.03.30-ны өдөр гэрчилсэн бүртгэлийн 152 дугаартай үйлдэл болон энэхүү итгэмжлэлд засвар, нэмэлт заалт оруулсан 2015-03-30-ны өдрийн бүртгэлийн 152 дугаартай нотариатчийн үйлдлүүдийг тус тус хүчингүй болгох..” шаардлага тавьжээ. 

        Ц.Ц-ийн нэхэмжлэлд хариуцагч тайлбар өгсөн, зохигчид шаардлагын  талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн шүүх тайлбар баримтыг үнэлж нэхэмжлэлийн   шаардлагын талаар  дүгнэлтээ хийсэн байна.   

 

      Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн  116.3, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй болно.

       2. Хэрэгт хоёр “итгэмжлэл”  буюу  “ямар нэг нэмэлт бичвэргүй”, нөгөө нь  “уг итгэмжлэл дээр  гараар  нэмэлт оруулж бичсэн” байдалтай баримтууд авагдсан, эдгээрийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг Ц.Ц- хүчингүй болгуулахыг шаардсан байна.

     Шүүх  2015.03.30-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь  Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл , Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд нийцжээ.   

        а/. Ц.Ц-ээс 2015.03.30-ны өдөр А.Ж-д  итгэмжлэл олгосныг  С.Н- нь нотариатын бүртгэлийн дэвтрийн 152 дугаарт бүртгэж  үнэн зөвийг  гэрчилсэн, талууд өөрсдөө гарын үсэг зурсан нь хэргийн баримтаар нотлогдсон байна.

       Уг итгэмжлэлээр /нэмэлт бичвэргүй/ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрх эдэлж, 25 дугаар зүйлийн 25.2-д заасан үүрэг хүлээн оролцож шүүхэд нэхэмжлэл гарган бүх шатны шүүх хуралдаанд оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон хуулинд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдлэх, нэхэмжлэлийн зүйлийг өөрчлөх, эвлэрэх, шүүхийн шийдвэрт давж заалдах, шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх бичиг баримтыг хүлээн авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө, эд хөрөнгийг гаргуулан авах зэрэг бүрэн эрхийг..”  Ц.Ц- А.Ж-д  олгосон байв.  /хх 8/    

        Хариуцагч 2015.03.30-ны өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул уг баримтыг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.    

        б/. Дурдсан  итгэмжлэлд   “... ИХШХШХ-26-3-д заасан сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар өгөх эрхийг нэмж олгов...” гэж гараар нэмж  бичсэн /хх 7/  нөхцөл байдлын талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах баримтгүй байна.   

        Ц.Ц- нь А.Ж-д “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасан эрх эдлэх, ... хуульд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдлэх...” итгэмжлэлийг олгосон талаар дээр дурдсан, “нэхэмжлэгчийн бүх эрх” гэдэгт “сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар өгөх” ажиллагаа  багтана.

      Иймд 2015.03.30-ны өдрийн итгэмжлэл  дээр  “гараар  нэмэлт оруулж бичсэн “ нь нэхэмжлэлийн үндэслэл болсон хоёр баримтыг  хүчингүй болгох, итгэмжлэлээр А.Ж-д “нэмж эрх олгосон” гэж үзэх буюу нотариатчийн үйлдлийг үгүйсгэх үндэслэл биш байна.

       Түүнчлэн, 2015.03.30-ны өдрийн итгэмжлэлд “нэмэлт оруулж” бичихэд төлөөлүүлэгч болон төлөөлөгч нар оролцоогүй гэж үзэх, мөн уг нэмэлтийг 2015.03.30-ны өдөр бичээгүй  гэх нөхцөл байдал  нотлогдоогүй  байна.

       3. Шинжээч дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

        4. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх  нотлох баримтын хэмжээнд  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ. 

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Нотариатын тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон  үндэслэлээ тодорхой заасан байх тул  шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2104 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Д.ЦОЛМОН

                                                     ШҮҮГЧИД,                          Х.СОНИНБАЯР

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД