Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 02104

 

                                          Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02125 дугаар шийдвэртэй, Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдох, нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хан-Уул дүүргийн нотариатч С.Н- 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаар бүртгэлтэй итгэмжлэл гэрчилсэн бөгөөд түүнд засвар болон нэмэлт заалт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл төлөөлүүлэгч Ц.Ц-ийн албан ёсны хаягийг бичээгүй, гарын үсэг илт зөрүүтэй. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийхдээ иргэн Ц.Ц- өөрийн биеэр очоогүй байхад нь түүний бичиг баримтыг ашиглаж А.Жаргалсайхан гэх хүнд итгэмжлэл олгосон байдаг. Өөрийн биеэр очоогүй тул төлөөлөгч А.Жаргалсайханд ямар эрх олгож байгаагаа мэдээгүй. Мөн шинжээч томилж гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн боловч энэ дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, ажиглалтын аргаар гарын үсгийн шинжилгээ хийсэн гэсэн нь ойлгомжгүй. Энгийн нүдээр харахад нотариатчийн тамга өөр, өөр газар дарагдсан, том жижиг зэргээс уг итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.

Итгэмжлэлд олгосон өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал буюу 3 жилийн хугацаанд хүчинтэй болно гэж заасан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д зааснаар хугацааг тодорхой заагаагүй. Иймд Ц.Ц- итгэмжлэл өгөх хүсэл зоригоо илэрхийлэлгүй, гарын үсэг зураагүй, уг итгэмжлэлд зурагдсан гарын үсэг илт зөрүүтэй, өөрийн биеэр очоогүй, хуульд заасан хугацаагаар олгоогүй зэрэг Нотариатын хууль дүрмийг зөрчсөн итгэмжлэлийг гэрчилсэн тул С.Н-ийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Ц-ээс А.Жаргалсайханд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн, бүртгэлийн 152 дугаартай нотариатын үйлдэл мөн өдрийн итгэмжлэлд нэмэлт засвар оруулсан бүртгэлийн 152 дугаартай итгэмжлэлүүдийг тус тус хүчингүйд тооцно уу гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Иргэн Ц.Ц-ээс А.Жаргалсайханд өөрийг нь төлөөлөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг хийлгэхдээ өөрсдөө биеэр ирж хүсэл сонирхлоо илэрхийлсэн, ач холбогдлыг бүрэн тайлбарлуулж ойлгосон, хуульд заасан журмын дагуу итгэмжлэлийг гэрчилсэн. Уг итгэмжлэлийн дагуу А.Жаргалсайхан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Ц-ийг төлөөлж оролцож байсан байх бөгөөд энэ итгэмжлэлээр оролцсон шүүхийн шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон байдаг. Итгэмжлэл олгосноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад уг итгэмжлэлийн асуудлаар маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна. Мөн итгэмжлэлийг талууд өөрсдөө ирж хийлгэсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтийн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ц.Ц-ийнх мөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Н-т холбогдох 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Ц-ээс А.Жаргалсайханд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нотариатч С.Н-ийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрчилсэн, бүртгэлийн 152 дугаартай үйлдэл, энэхүү итгэмжлэлд нэмэлт заалт оруулсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийн 152 дугаартай нотариатчийн үйлдлүүдийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх тогтоох хэсэгтээ зөвхөн нэг шаардлага болох нотариатч С.Н-ийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрчилсэн, Ц.Ц-ээс иргэн А.Жаргалсайханд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин “сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар гаргах эрх”-ийг нэмж олгов гэж оруулсан хариуцагчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийн 152 дугаартай нотариатчийн үйлдлүүдийг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагыг нь шийдвэрлэхгүй орхигдуулсанд гомдолтой. Шүүх зөвхөн нэг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа нэмэлт оруулсан итгэмжлэлийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын материалаас иргэн А.Жаргалсайхан сөрөг нэхэмжлэлийг гардаж авахдаа хэзээ гэрчилсэн итгэмжлэлээр авсан талаарх нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасныг хангалгүй шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь А.Жаргалсайхан сөрөг нэхэмжлэлийг гардаж авах, тайлбар гаргах эрхийг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн, өөрөөр хэлбэл хариуцагч эхний итгэмжлэлийг олгосноос хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа сөрөг нэхэмжлэл гардаж авах итгэмжлэлийг үйлдэхдээ 2 жилийн өмнө хийсэн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдлыг шүүхийн журмаар үзлэг хийлгэж, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан. Нэмэлт өөрчлөлт оруулсан итгэмжлэл нь цаг хугацааны хувьд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хийгдсэн байх бөгөөд 2 итгэмжлэл тус тусдаа бүртгэлийн дугаар авсан байх учиртай.

Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн нотариатч С.Н- нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаарт бүртгэлтэй итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд уг итгэмжлэлд нэмэлтээр “ИХШХШТХ-26.3-д заасан сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар өгөх эрхийг нэмж олгов” гэж бичсэнийг бие даан тусдаа олгосон итгэмжлэл гэж үзхээргүй байна гэж хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Ц.Ц- маргаан бүхий 2 итгэмжлэлийг үйлдэхэд өөрийн биеэр очоогүй тул төлөөлөгч А.Жаргалсайханд ямар эрх олгож байгаагаа мэдээгүй байсан. Шинжээч томилуулж, гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн ч энэ дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу ажиглалтын аргаар гарын үсгийн шинжилгээ хийсэн гэсэн нь ойлгомжгүй байна. Энгийн нүдээр харахад нотариатийн тамга болон иргэний үнэмлэхийн хэмжээс том, жижиг шинжилгээ хийх боломжгүй юм.

Шинжээчийн дүгнэлт болон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан хариуцагчийн үйлдэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.5. Нотариатын хэд хэдэн үйлдлийг нэг дэвтэрт хольж бүртгэхийг хориглоно, 3.6. Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах бөгөөд хуулийн этгээдийн хувьд тамга тэмдгээр баталгаажуулж болно гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн. Шүүх нэмэлт өөрчлөлт оруулсан итгэмжлэлд бүртгэлийн дугаар байхгүй байгаа байдалд дүгнэлт хийгээгүй. Мөн итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д зааснаар хугацааг тодорхой заагаагүй бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн хугацааг тооцох уу эсвэл өөрчлөлт ороогүй өдрөөс хугацааг тооцох уу гэдэг нь ойлгомжгүй тул хугацаа бичигдэх хуулийн шаардлагыг 2 итгэмжлэл хоёулаа хангаагүй болно.

Ц.Ц- нь итгэмжлэл өгөх хүсэл зоригоо илэрхийлээгүй, гарын үсэг зураагүй, итгэмжлэл олгогдох үед өөрийн биеэр очоогүй, хуульд заасан хугацаагаар олгоогүй зэрэг Нотариатын хууль дүрмийг зөрчиж итгэмжлэлийг гэрчилсэн байхад Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч С.Н-т холбогдуулан, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийн 152 дугаарт бүртгэж итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдэл мөн өдөр уг итгэмжлэлд нэмэлт засвар оруулсан бүртгэлийн 152 дугаартай итгэмжлэлүүдийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан тайлбар гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Н- нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Ц-ээс иргэн А.Жаргалсайханд “өөрийн нэрийн өмнөөс Д.Тунгалагт холбогдуулсан иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дах хэсэгт заасан эрх, үүрэг хүлээн оролцож шүүхэд нэхэмжлэл гарган бүх шатны шүүх хуралдаанд оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдлэх, нэхэмжлэлийн зүйлийг өөрчлөх, эвлэрэх, шүүхийн шийдвэрт давж заалдах, шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх бичиг баримтыг хүлээн авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө, эд хөрөнгийг гаргуулан авах зэрэг бүрэн эрх”-ийг 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийг гэрчилж, нотариатын бүртгэлийн 152 дугаарт бүртгэсэн, ба уг итгэмжлэлд нэмэлтээр “ИХШХШХ-26-3-д заасан сөрөг нэхэмжлэл хүлээн авах, тайлбар өгөх эрхийг нэмж олгов” гэсэн нэмэлт бичвэрт нотариатч С.Н- гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан байна. /хх7, 49-52/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Н-ийг дээрх итгэмжлэл болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсгийг гэрчлэхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх дүрэм, зааврыг тус тус зөрчсөн, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр А.Жаргалсайханд итгэмжлэлд дурдсан эрхийг олгох хүсэл зориг байгаагүй, өөрийн биеэр очоогүй, нотариатын бүртгэлийн дэвтэр, итгэмжлэлд гарын үсэг зураагүй, тухайн итгэмжлэл хуульд заасан хугацаагаар олгогдоогүй зэрэг үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолд мөн дээрх үндэслэлүүдийг зааснаас гадна шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлагын нэгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй, итгэмжлэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдлыг шүүхийн журмаар үзлэг хийлгэж, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж  маргаан бүхий итгэмжлэл болон нотариатын дэвтэрт нэхэмжлэгч Ц.Ц- гарын үсэг зурсан эсэхэд шинжилгээ хийлгэсэн. /хх27-29, 34-35/ Уг дүгнэлтээр тухайн баримтуудад зурагдсан буюу шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Ц-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирсон, итгэмжлэлийн 2 дугаар талд байх иргэний үнэмлэхийн хуулбар нь Ц.Ц-ийн нэр дээрх иргэний үнэмлэхээс хуулбарлагдсан болохыг дүгнэсэн байна. /хх60-61/

 

Нэхэмжлэгч тал дээрх дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангаагүй буюу шинжээч ажиглалтын аргаар гарын үсгийг шинжилсэн гэсэн нь ойлгомжгүй гэж давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тайлбарлах боловч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Энхбаяр нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2063 дугаартай тухайн Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа ажиглалт, хэмжил зүйн аргыг хэрэглэж, өсгөгч шил ашигласнаар шинж тэмдгүүдийг илрүүлснийг буруутгахгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, нотариатч С.Н- нь нэхэмжлэгч Ц.Ц-ээс А.Жаргалсайханд олгосон дээрх итгэмжлэлийг гэрчлэх үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ гэж заасан шаардлагыг зөрчсөн эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт заасан хориглосон үйлдлийг хийсэн гэх үндэслэл нь маргааны зүйл болж буй итгэмжлэл, нотариатын бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч дээрх итгэмжлэлийг олгох үед өөрийн биеэр нотариатын газар очоогүй, дурдсан баримтуудад гарын үсэг зураагүй гэх шаардлага болон гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг шүүх зөв дүгнэжээ.

 

Үүнээс гадна, маргаан бүхий итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5.Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, “энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал буюу 3 жилийн хугацаанд хүчинтэй болно” гэж тухайн итгэмжлэлд хугацааг тодорхой заасан нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.Нотариатч итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62.6, 64.5-д заасан хугацааг баримтлах ба хугацаатай олгох итгэмжлэлд хугацааг тоо болон үсгээр бичнэ гэсэнтэй нийцэж байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлд нэмэлтээр өөрчлөлт оруулсан байдлыг нотариатын үйлдэл гэж үзэх учир уг үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэг шаардлагыг шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж гомджээ. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...нотариатч уг итгэмжлэлд нэмэлтээр гараар бичиж, гарын үсэг зурж, уг бичвэр дээр тэмдгээ дарсныг бие даан тусдаа олгосон итгэмжлэл гэж үзэхгүй...” талаар дүгнэлт хийсэн байна. Нэгэнт нэг итгэмжлэлээр олгосон эрх, түүнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах талаар гаргасан нэхэмжлэлийг хоёр шаардлага гэж үзэхгүй тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Мөн нэхэмжлэгч талаас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлд зарим эрхийг нэмж олгосон талаарх гар бичвэр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, Д.Тунгалагт холбогдох хэрэгт авагдсан тул үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах, тухайн баримтуудад шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх91-92,97/ Үүнийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч тухайн хэрэгт хадгалагдсан болон уг хэрэгт авагдсан итгэмжлэлийн хуулбарт байгаа нэмэлт гар бичвэрийн талаар маргаагүй тохиолдолд тухайн хүсэлт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Түүнчлэн, уг бичвэр нь итгэмжлэл хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн дараа буюу хожим олгосон гэх үйл баримтыг нотлох боломжгүй.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА