Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/00015

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч ......

 

        Хариуцагч ......... холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэнд 5.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

        

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....., хариуцагч Ч....., хариуцагчийн өмгөөлөгч Л....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..... нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Иргэн Д......., Ч.....т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэнд 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

       Д......., З........ нарыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ч.....тай, Ц..... гэдэг хүн танилцуулсан байдаг.

       Ингэж танилцуулах явцдаа Ч..... “.........” компаниа 8 нэрийн дэлгүүрийн хамт зарна гэж хэлсэн.

       Үүний дагуу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр экскватор үзэхээр Д.......ын эзэмшлийн 00-00 УБЕ улсын дугаартай “Toyota prima” маркийн автомашинаар Архангай аймгийн Цэнхэр сум руу н....., С......, н.Отгон нар хамт яваад, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ч..... трайлер ирээд сар хүлээж байна, мөнгө байдаггүй, чи машинаа зараад мөнгө өгчих, би машиныг чинь 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор дунд гарын жип машин болгож өгнө гэж хэлсэн байдаг.

       Ингээд Ч.....ын хэлсэн амлалтанд итгээд, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан машинаа 9.800.000 төгрөгөөр зарж, 5.500.000 төгрөгийг Ч.....т бэлнээр өгөөд, мөнгө хүлээлцсэн баримтан дээр “.........” ХХК-ийн тамга дарагдсан болохоос уг мөнгийг тухайн хуулийн этгээдийн данс руу шилжүүлээгүй учраас хуулийн этгээдэд хамааралгүй, зөвхөн иргэн Ч.....тай эрх зүйн харилцаанд орж байсан гэж үзэхээр байна.

       Дээрх мөнгийг Увс аймгийн Тариалан суманд алт олборлоход хамтран ажиллана гэж амаар тохиролцон, алт олборлоход хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байдлаар өгөөгүй, анхнаасаа тийм хүсэл зориг байгаагүй тул Ч.....ын бэлнээр авсан 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

       Хариуцагч Ч..... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       2017 онд “.........” ХХК, иргэн н......, П........., С...... нартай Увс аймгийн Тариалан сумын нутагт орших ашигт малтмалын зөвшөөрөл бүхий газар олборлолтын үйл ажиллагаа явуулахаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, талууд ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцсон.

       Ингэхдээ манай компани Увс аймгийн Тариалан суманд нөхөн сэргээх ажилд түлшний хөрөнгө оруулалт хийж, “........” ХХК-тай гэрээ байгуулан, ажлаа эхэлсэн.

       Д....... гэдэг хүнийг би анхнаасаа таньдаггүй байсан. С...... над дээр дагуулж ирсэн. Энэ хүн надтай хамтарч ажиллаагүй. С......тэй ажилласан. Дагуулж ирсэн шалтгаан нь би ломбардад байгаа автомашинаа алдах гээд байна, автомашинаа зараад зөрүү мөнгийг чамд өгч ашиглуулъя гээд 5.500.000 төгрөг өгснийг нь би буцаагаад С......т өгсөн, авсан баримт хэрэгт байж байна.

     Бидний хоорондын тохироо бол тал талаасаа мөнгө нийлүүлж алт олборлоно гээд нийлцгээсэн. Автомашиныг зарахад би яваагүй. С...... явсан. Энэ бол тодорхой зүйлүүд. Намайг аваад идчихсэн юм шиг яриад байх юм. Авсан баримт, авсан эзэн нь байж байна.

     Иймд надаас энэ мөнгийг нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй, С......тэй Д....... учраа олох байх болсон процесс гэвэл энэ.

     Гэхдээ эхний ээлжинд гарсан алтыг Д......., С......ээс оруулсан хөрөнгө оруулалт гэж авч яваад, эргэж ирж ажиллаагүй. Мөнгөө алт болгоод аваад явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Д......., хариуцагч Ч.....т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэнд 5.5000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

      Хариуцагч Д.......тай хамтран ажиллахаар гэрээ байгуулаагүй. Надтай хамтарч ажиллахаар ирсэн С......ийн найз. 5.500.000 төгрөгийг нь буцаагаад С......т өгсөн баримт хэрэгт байгаа тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

   

     Шүүх хэрэгт авагдсан болон нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.  

    

      2017 онд “.........” ХХК, иргэн н......, П........., С...... нартай Увс аймгийн Тариалан сумын нутагт орших ашигт малтмалын зөвшөөрөл бүхий газар олборлолтын үйл ажиллагаа явуулахаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 6 сарын хугацаатай гэрээ үргэлжлэхээр, нэхэмжлэгч түлшний үнэ, өөрсдийн үйл ажиллагааны эрсдлийг хариуцахаар, хариуцагч нар техник, тоног төхөөрөмж гаргаж, талууд ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцжээ.

 

       Дээрх гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

 

      Хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг нь хамтын ажиллагаа тул түүнийг хэрхэн явуулах талаар зохигчид харилцан тохиролцож, эрхлэн явуулахаар гэрээндээ тусгаж, ашиг шимээ тэнцүү хуваарилж хүртэхээр заасан байх тул гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

      Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “.........” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Д.......аас шилжүүлсэн 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж маргаж байгаа хэдий ч зохигчдын тайлбар, гэрч З........, Т......... нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Д....... “.........” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар алт олборлохоор хамтран ажиллахаар гэрээ байгуулаагүй, гэрээний нэг тал С......тэй нэхэмжлэгч хамтран ажилласан болох нь тогтоогдож,

 

     Гэрч З........ “...Б....... Ч.....т 5.500.000 төгрөгийг тоолж өгөхөд би байсан, С......, Т......... хоёр байсан санагдаж байна”,

 

     Гэрч Т......... “бид нар алт олборлохоор тал талаасаа хөрөнгө босгож, Ч..... 40.000.000 төгрөг, би 45.000.000 төгрөг, С...... 20.000.000 төгрөг, Б....... 5.000.000 төгрөг гаргасан. Эхний угаалтаар 32 грамм билүү 52 грамм билүү сайн санахгүй байна, алт гарсныг Б....... оруулсан хөрөнгөө авлаа гээд авч яваад цаашид дахин ажлаагүй. Бидний тохиролцоо бол гаргасан хэмжээний мөнгөөрөө ашгаа хувааж авах байсан” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч 5.500.000 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байна.

 

      Харин талуудын мэтгэлцээн болон хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “5.500.000 төгрөгийг С...... буюу “Б” талд өгсөн”, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “.........” ХХК-иас алт угаах төхөөрөмжийн урьдчилгаа 5.300.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эксковаторын түрээсийн урьдчилгаа 2.500.000 төгрөгийг “.........” ХХК, С......т тус тус өгсөн нь нотлогдож, өөрөөр хэлбэл мөнгийг нөгөө тал авсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

     Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу бэлнээр өгсөн 5.500.000 төгрөгтөө С......тэй хамтран ажилласан газраас гарсан алтнаас аваагүй гэдгээ үгүйсгэж няцааж чадаагүй мөн хариуцагчтай иргэний хувьд хамтран ажиллахаар тохиролцоогүй, “.........” ХХК гэсэн баримтыг үндэслэн мөнгө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   

  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

      

       1.Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г овогт Д....н ......ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б овогт Ч....т холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэнд 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

        

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА