Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02053

 

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02053

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *-р байранд байрлах М СӨХ /РД:*****/-ны нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *-р байр, * тоотод оршин суух С.Э /РД:НЮ**/-т холбогдох

 

            Дундын өмчлөлийн ашиглалт, завсар үйлчилгээний төлбөрт 695 377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.С, хариуцагч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч М СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Э нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 дугаар зүйл, 13.3, 12.2.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 147.1 дүгээр зүйлийг тус тус зөрчин иргэний болон оршин суугчийн үүргээ биелүүлэхгүй хуулиар хүлээсэн үүргийн дагуу СӨХ-нд төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байгаа болно. Ингэснээр 89-р байрны оршин суугчдын хурлаар үүсгэн байгуулсан М СӨХ-ны цаашлаад нийт оршин суугчдын эрх ашигт ноцтой хохирол учруулж СӨХ-ны үйл ажиллагаа доголдох, тасалдах байдалд хүрч байна. Иймд тус СӨХ-ны удирдах зөвлөлөөс тогтоосон үнийн дагуу сард төлөх төлбөрийг 24 893.50 төгрөгөөр тогтоосон бөгөөд 2016 оны 8 сараас 2018 оны 4 сар, 2019 оны 1 сараас 2019 оны 7 сар дуусталх хугацааны нийт 28 сарын төлбөрт 695 377 төгрөгийг төлөөгүй тул С.Эаас гаргуулж өгнө үү. Өр төлбөртэй байрыг худалдаж авсан эрсдлээ хариуцагч нь өөрөө хариуцна гэж, мөн тухайн байранд амьдраагүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаараа нотлоогүй гэв.

 

Хариуцагч С.Э болон өмгөөлөгч С.С нар шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 9 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн *-р хорооны *-р байрны * тоот байрыг худалдан авсан бөгөөд бид хөдөө Төв аймагт ажиллаж, амьдардаг учир авсан цагаас хойш уг байрандаа амьдарч байгаагүй. Түрээслэх хүн хайж байгаад 2018 оны 5 сард улирал бүрээр түрээслэхээр тохирч, 1 залуу гэр бүлийг оруулсан. Уг айл нь нялх хүүхэдтэй, танайх маш хүйтэн байна гэх тайлбар гаргаж, 11 сараас эхлэн нүүсэн тул бид 2018 оны 12 сараас эхлэн дахин байрандаа суулгах хүнгүй, хүйтэн учир эзгүй байж байгаад 2019 оны 7 сараас эхлэн өөрийн хүүг нүүлгэн очсон. Түүнээс хойш 2019 оны 9 сарыг хүртэл хугацаанл амьдарч байгаа. СӨХ-ны асуудлаар бид урьд нь ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, ярилцаж байсан бөгөөд айл түрээслэх хугацаанд мөнгө тушаасан. Бид СӨХ-нд тайлбар гаргахдаа ямар нэгэн үйлчилгээ аваагүй, 1 давхар учир лифт хэрэглэдэггүй, өөрсдөө худалдан авсан цагаас хойш түрээсэлсэн айл нь амьдрах хугацаанд 8 сарын мөнгө төлсөн бөгөөд бусад хугацаанд бид тухайн байранд амьдраагүй болно. Иймд байрандаа амьдарч үйлчилгээ авсан 2019 оны 6 сараас хойшхи төлбөрийг төлөх хүсэлттэй байна. Зуны 7 сараас хойш хугацаанд тус СӨХ-ны үйл ажиллагааг харахад маш доголдолтой, гадаа хог асгарсан, борооны ус тогтсон, газар шороо асгачих сэтгэлгүй, машин явахад нэн хүндрэлтэй, орцонд хүн баасан зэрэг үйлчилгээ муу байгаа талаар олон баримт байгааг оршин суугчид нотолно. Ийм муу үйлчилгээтэй, хариуцлагагүй ажиллаж байгаа хирнээ өөрт хамаалагүй хугацааны мөнгө үндэслэл муутай нэхэмжилж байна гэж үзэж байна. Иймд 89-р байрны СӨХ-ны нэхэмжилсэн 695 377 төгрөгийг цуцалж өгнө үү. Бид 2019 оны 7 сараас эхлэн оршин суусан хугацааны мөнгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М СӨХ нь хариуцагч С.Эт холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 695 377 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тухайн орон сууцанд амьдарсан эсэхээс үл хамаарч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3, 13.3, 12.2.4 дэх хэсэгт заасны дагуу оршин суугч С.Э нь төлөх үүрэгтэй боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж, СӨХ-ны үнэ батлах тухай Удирдах зөвлөлийн тогтоол, банкны нэхэмжлэхүүд болон холбогдох баримтуудыг гаргаж ирүүлжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ.

М СӨХ-ны дүрмийг баталж, тус холбоог 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бүртгэж 14/05 дугаар гэрчилгээ олгосон байх ба тус СӨХ-ны 2019 оны 01 сарын 2-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирлаар Б.Билгээг томилж, бүртгүүлсэн байна. /хх-ийн 3, 37/

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заажээ.

Харин хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2017 оны 9 сард худалдаж авсан тул өмнөх төлбөрийн үлдэгдэл надад хамаагүй, уг байранд амьдраагүй, СӨХ-ноос үйлчилгээ аваагүй, хүнд түрээслүүлж байх хугацааны төлбөрийг төлсөн учир өөрсдийн байсан хугацааны төлбөр болох 2019 оны 7 сараас хойшхи төлбөрийг төлнө гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна. гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас хариуцагч С.Э нь Хан-Уул дүүргийн *-р хороо *р байрны * тоот 69,29 м.кв, орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байх тул сууц өмчлөгч нь М СӨХ-ны удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр буюу засвар үйлчилгээний зардалд сард 27 893.50 төгрөгийг /нэг өрхийн засвар үйлчилгээний зардалд тухайн өрхийн талбайн хэмжээг 150 төгрөгөөр тооцож, хог 2 000 төгрөг, жижүүр 4 000 төгрөг, цэвэрлэгээ 4 500 төгрөг, баримт 200 төгрөг, нийтийн хэрэглээний цахилгаан 5 000 төгрөг, граж 10 000 төгрөг, ... дээрх төлбөрт гражийн 10 000 төгрөг ороогүй/ төлөх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл тухайн орон сууцанд амьдарсан эсэхээс үл хамаарч хуулиар тогтоосон төлбөрийг өөрийн өмчлөлийн сууцны хэмжээгээр төлөх үүргийг хуулиар тогтоосон байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд худалдаж авах үеийн өр 2016 оны 8 сараас 2017 оны 9 сарыг хүртэл нийт 321 974.50 төгрөг, хууль ёсны өмчлөгч болсноос хойшхи буюу 2017 оны 9 сараас 2018 оны 4 сар, 2019 оны 1 сараас 2019 оны 7 сар дуусталх хугацааны нийт төлбөр 373 402.50 төгрөг, нийт 695 377 төгрөгөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Дээрхийг нэгтгээд хариуцагч С.Э нь СӨХ-ны засвар үйлчилгээний зардалд нь хуулиар тогтоосон төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Эаас 695 377 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21 239 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 21 239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ