Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00460

 

 

 

МИШЭЭЛ сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02053 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1985 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: МИШЭЭЛ сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

Хариуцагч: С.Энхтунгалаг

 

нэхэмжлэл: нийт 695,377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар 2019.12.23-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: С.Энхтунгалаг нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.2.4, 13.2.3, 13.3, Иргэний хуулийн 147.1-т заасан үүргээ биелүүлж, төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь 89 дүгээр байрны оршин суугчдын хурлаар үүсгэн байгуулсан СӨХ-ны болон нийт оршин суугчдын эрх ашигт ноцтой хохирол учруулж, үйл ажиллагаа доголдох, тасалдах байдалд хүрч байна. Тус СӨХ-ны удирдах зөвлөлөөс 1 сарын төлбөрийг 24,893.50 төгрөг гэж тогтоосон бөгөөд 2016 оны 08-р сараас 2018 оны 04 сар., 2019 оны 01 сараас 2019 оны 07 сар дуустал хугацааны нийт 28 сарын төлбөрт 695,377 төгрөгийг оршин суугч С.Энхтунгалагаас гаргуулж өгнө үү. Өр төлбөртэй байрыг худалдаж авсан эрсдэлээ хариуцагч өөрөө хариуцах бөгөөд тухайн байранд амьдраагүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2017.09.25-ны өдөр 89 дүгээр байрны 1 тоот орон сууцыг худалдан авсан. Төв аймагт ажиллаж амьдардаг учир худалдан авсан цагаас хойш тус орон сууцанд амьдраагүй. 2018 оны 05 сараас бусдад түрээсэлсэн боловч түрээслэгч нь хүйтэн байна гээд тухайн оны 11 дүгээр сард нүүсэн. Түүнээс хойш орон сууцанд хүн амьдраагүй байж байгаад 2019 оны 07 сараас эхлэн манай хүү амьдарч байна. СӨХ-ны асуудлаар бид урьд нь ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, ярилцаж байсан бөгөөд түрээслэх хугацаанд төлбөрийг төлсөн. СӨХ-ны төлбөрийн хувьд манайх ямар нэгэн үйлчилгээ аваагүй, 1 давхар учир лифт хэрэглэдэггүй, түрээслэгч байсан хугацааныхаа төлбөрийг төлсөн, бусад хугацаанд тус хаягт амьдраагүй. Үйлчилгээ авсан 2019 оны 06 сараас хойш хугацааны төлбөрийг төлөх хүсэлтэй байна. Тус СӨХ үйл ажиллагаа муутай, гадаа хог асгарсан, борооны ус тогтсон газарт шороо асгачих сэтгэлгүй, автомашин явахад нэн хүндрэлтэй, орц бохир зэрэг үйлчилгээ муу байгаа талаарх олон баримтыг оршин суугчид нотолно. Хариуцлагагүй, үйлчилгээ муутай атлаа өөрсдөд хамааралгүй хугацааны мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 183/ШШ2019/02053 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энхтунгалагаас 695,377 төгрөгийг гаргуулж МИШЭЭЛ СӨХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан МИШЭЭЛ СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Энхтунгалагаас 21,239 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1985 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-н 172.1.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. С.Энхтунгалагийн одоогийн оршин байгаа газар нь Төв аймаг, Зуунмод сум 1-р баг, Хөгжил хотхон 6 -р байр. Энэ хаяг нь иргэний үнэмлэх дээрх байнгын хаяг. Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөж албан ёсоор УБ хот руу шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа. Гэтэл шүүх түүний эд хөрөнгө байгаа газрын шүүхэд нэхэмжлэл өгсөн байхад түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 14.1-г зөрчиж онцгой харьяаллаар хэргийг шийдвэрлэсэн. С.Энхтунгалаг уг байранд анх хэзээ орж өмчлөгч болсон талаарх нотлох баримт буюу өмчлөх эрхийн гэрчилгээгээ шүүхэд өгсөөр байтал энэ нотлох баримтыг үндэслэл болгохын оронд харин дээрх байранд өмнө нь амьдар ч байгаагүй, сууц өмчлөгчийн өмнө ямар нэгэн эрх үүрэг хүлээгээгүй С.Энхтунгалагаар 2016-08 сараас 2017-09 сар хүртэлх хугацааны 321,974 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилж түүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Энэ нь ИХ-н 1.2 дэх зорилттой нийцээгүй гэж үзэж байна. Үүнийг ноцтой зөрчсөн. Шүүхийн удирдлага болгосон хуулийн заалтаар худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэсэн заалтыг баримталсан. Гэтэл холбогдох байгууллагад СӨХ-н өр тэр болгон бүртгэгдсэн байдаггүй байна. ИХ-н 242.1-д худалдагч худалдан авагчийн эрх үүргүүдийг адил тэнцүү хуульчлан өгсөн бөгөөд дээрх заалт нь худалдсан худалдагч буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хүнд биш зөвхөн худалдан авагчид хариуцлага тооцуулахаар СӨХ-д ашигтай хувилбарыг хуульчилж өгсөн байна. СӨХ нь 2016 онд төлөөгүй оршин суугчиддаа хяналт тавих, мөн хугацааны үүргийг гүйцэтгүүлэхээр түрүүчийн оршин суугчаас төлбөр гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байсан. Мөн түрүүчийн өр үлдээж явсан оршин суугчийн хувьд ИХ-н 13.1, 13.3-г зөрчсөн байхад шүүх түүнд дүгнэлт хийгээгүй. Шүүх эрх зөрчигдсөн хүний эрх ашгийг хамгаалах сэргээх ёстой. Дээрх үндэслэлүүдээр шүүх хуульд заасан ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

МИШЭЭЛ Сууц өмчлөгчдийн холбоо \цаашид СӨХ гэх\ нь 2019.08.26-ны өдөр С.Энхтунгалагт холбогдуулан 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар., 2019 оны 01 сараас 2019 оны 07 сар дуустал нийт 28 сарын хугацааны төлбөр нийт 695,377 төгрөг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй. Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо 89-р байрны 1 тоот орон сууцны өмчлөгч нь С.Энхтунгалаг байх бөгөөд нэхэмжлэлд заасан хугацааны төлбөр төлөгдөөгүй нь нотлогдсон байна. Шүүх нэхэмжлэлийг хангахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3., Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээний талуудад холбоотой асуудал нь МИШЭЭЛ СӨХ-д хамааралгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-г зөрчөөгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ харьяалал зөрчсөн эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02053 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1985 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 21,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ