Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1985

 

 “М” СӨХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02053 дугаар шийдвэртэй, “М” СӨХ-ны  /цаашид СӨХ гэх/ нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э-т холбогдох,

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 695 377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч С.Э нь СӨХ-ны  эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь 89 дүгээр байрны оршин суугчдын хурлаар үүсгэн байгуулсан СӨХ-ны болон нийт оршин суугчдын эрх ашигт ноцтой хохирол учруулж, үйл ажиллагаа доголдох, тасалдах байдалд хүрч байна.

Тус СӨХ-ны удирдах зөвлөлөөс 1 сарын төлбөрийг 24 893.50 төгрөг гэж  тогтоосон бөгөөд 2016 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар, 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар дуустал хугацааны нийт 28 сарын төлбөрт 695 377 төгрөгийг оршин суугч С.Э-аас гаргуулж өгнө үү. Өр төлбөртэй байрыг худалдаж авсан эрсдлээ хариуцагч өөрөө хариуцах бөгөөд тухайн байранд амьдраагүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 89 дүгээр байрны 1 тоот орон сууцыг худалдан авсан. Төв аймагт ажиллаж амьдардаг учир худалдан авсан цагаас хойш тус орон сууцанд амьдраагүй. 2018 оны 5 дугаар сараас бусдад түрээсэлсэн боловч түрээслэгч нь хүйтэн байна гээд тухайн оны 11 дүгээр сард нүүсэн. Түүнээс хойш орон сууцанд хүн амьдраагүй байж байгаад 2019 оны 7 дугаар сараас эхлэн манай хүү амьдарч байна. СӨХ-ны асуудлаар бид урьд нь ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, ярилцаж байсан бөгөөд түрээслэх хугацаанд төлбөрийг төлсөн. СӨХ-ны төлбөрийн хувьд манайх ямар нэгэн үйлчилгээ аваагүй, 1 давхар учир лифт хэрэглэдэггүй, түрээслэгч байсан хугацааныхаа төлбөрийг төлсөн, бусад хугацаанд тус хаягт амьдраагүй. Үйлчилгээ авсан 2019 оны 6 дугаар сараас хойш хугацааны төлбөрийг төлөх хүсэлтэй байна.

Тус СӨХ үйл ажиллагаа муутай, гадаа хог асгарсан, борооны ус тогтсон газарт шороо асгачих сэтгэлгүй, автомашин явахад нэн хүндрэлтэй, орц бохир зэрэг үйлчилгээ муу байгаа талаарх олон баримтыг оршин суугчид нотолно. Хариуцлагагүй, үйлчилгээ муутай атлаа өөрсдөд хамааралгүй хугацааны мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХ-ны  эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э-аас нийт 695 377 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” СӨХ-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 239 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх, хариуцагч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 21 239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” СӨХ-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: С.Э нь Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг, Хөгжил хотхоны 65 дугаар байранд оршин суудаг бөгөөд үүнийгээ нотлохоор иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 14.3 дах хэсэгт хариуцагчийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргана гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүх хариуцагчийн одоогийн оршин суугаа газрын хаяг тодорхой байхад түүний эд хөрөнгө байгаа газрын онцгой харьяаллаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. С.Э нь 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тухайн орон сууцны өмчлөгч болсон нь хэрэгт хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Шүүх өмчлөгч болохоос өмнөх хугацааны 321 974 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой, хэрэглэж, ашиглаагүй зүйлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдап, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэх ёстой. Дээрхээс үзвэл төлбөр төлөгчийн өмнөөс үүрэг хүлээгээгүй этгээдийг хүчээр төлүүлэх зохицуулалтыг НЗОСБДӨЭХ тухай хуульд оруулсан нь Иргэний хуулийн зорилт, зарчимд нийцэхгүй. Учир нь, 2016 оны 8 дугаар сараас уг эд хөрөнгө хариуцагчийн эзэмшил, өмчлөлд очоогүй түүний мэдэлд байгаагүй ба хууль буюу хэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах, бусдын өмнө хариуцлага тооцуулах үүрэг хүлээсэн этгээд биш байхад Иргэний хуулийн үүрэг хүлээсэн, хариуцлага тооцуулах этгээд мөн эсэх талаар дүгнэлт өгч ерөнхий хуулийн зохицуулалтыг удирдлага болгож шийдвэрлэх байтал салбар эрх зүйн хуулийн худалдан авагчийг хэт хохироосон Иргэний хуульд нийцээгүй зохицуулалтыг баримталсанд гомдолтой.

СӨХ-ны  эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагаас магадлах үүрэгтэй ба уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж зааснаар, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж худалдагч, худалдан авагч талуудын хүлээх эрх үүргийн адил хуульчлан өгсөн байхад байрыг худалдсан худалдагчид биш зөвхөн худалдан авагчид хариуцлага тооцох өөрт ашигтай заалтыг дээрх хуульд оруулсан. Шүүх СӨХ-д буюу нэхэмжлэгчид ашигтай хуулийн зохицуулалтыг баримталсан.

СӨХ-ны дарга нь тодорхой хэмжээний цалин авч санхүүждэг, хяналтын зөвлөлтэй, атлаа 2016 онд төлбөр төлөөгүй оршин суугчдад хяналт тавих, мөн хугацааны үүргийг гүйцэтгүүлэхээр тухайн оршин суугчдаас төлбөр гаргуулах тухай шаардаж болох байсан. С.Э 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд уг орон сууцны өмчлөгч болоогүй байхад түүнийг өмчлөгч гэж үзэж дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 13.3 дах хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэжээ. Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож хэргийн харьяалал болон өмчлөгч биш байсан хугацааны мөнгийг төлөхгүй талаар мэтгэлцсэн боловч шүүх энэ талаар шийдвэртээ огт дурдаагүй. Иймд анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр харьяалалын шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “М” СӨХ нь хариуцагч С.Э-т холбогдуулан 2016 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар, 2019 оны 1 дүгээр сараас мөн оны 7 дугаар сар хүртэл хугацаанд төлөгдөх СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 695 377 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч 2019 оны 6 дугаар сараас хойш хугацааны төлбөр төлөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 14/05, 18/39 дугаартай “Гэрчилгээ”-ээр /хх3,37/ нэхэмжлэгч “М” СӨХ нь тус дүүргийн 2 дугаар хороонд байршилтай 89 дүгээр орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий холбоо болох нь тогтоогдож байна.

Хариуцагч С.Э дээрх СӨХ-нд хамаарах 89 дүгээр байрны 1 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх38/ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх36/, талуудын тайлбараар тогтоогдсон тул түүнийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо, зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ нд тус тус төлөхөөр хуваарилан зохицуулсан байна. Нэхэмжлэгч нь С.Э-ыг тухайн орон сууцны өмчлөгчийн хувьд нэхэмжлэлд дурдсан хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлүүлэхээр шаардсан нь  дээрх хуулийн заалтад нийцнэ.

“М” СӨХ-нь 2016 оны 12 дугаар сараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 өрхөөс сард 24 893.50 төгрөг авч байсан ба энэхүү үнийн дүнг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн СӨХ-ны Удирдах зөвлөлийн “Үнэ батлах тухай” тогтоолоор дахин баталгаажуулсан байна. /хх4,35/

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нэхэмжлэлд дурдсан 1 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон тул үүнээс өмнөх буюу 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд хамаарах төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, худалдагч тал хариуцах байсан, шүүх үүнийг анхаараагүй гэх агуулгаар тайлбарлажээ.

Зүй нь, худалдан авагч тухайн орон сууцыг худалдан авч буй тохиолдолд өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах талаар СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсгээр зохицуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл зааж дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй.  

Түүнчлэн, хариуцагч тал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай давж заалдах гомдлын үндэслэлдээ, шүүх хэргийн харьяалал зөрчсөн, маргааныг шийдвэрлэсэн хуулийн дээрх зохицуулалт нь Иргэний хуулийн зорилт болон 13 дугаар зүйлийн 13.3, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэжээ.

Гэтэл талуудын хооронд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн үүрэгтэй холбоотой маргаан үүссэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс сууц өмчлөгчид холбогдуулан СӨХ-ны  эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан дээрх үүргээ биелүүлэхгүй байгаа талаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд түүний өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн байрлах хаягаар хэргийг шийдвэрлэснийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар хэргийг шийдвэрлэх байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.  

Мөн хариуцагч тал худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн Иргэний хуулийн холбогдох заалттай СӨХ-ны  эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт заасан худалдан авагчийн үүргийн талаарх зохицуулалт нийцэхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчид ашигтай хуулийн заалтыг нь баримталсан гэж давж заалдах гомдолд дурджээ.

Нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбараас үзвэл, маргалдагч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагчийн өөр этгээдтэй байгуулсан тухайн төрлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй. Тодруулбал, сууц өмчлөгчийн хуулиар хүлээсэн үүргийн зөрчлийн талаарх маргааныг шийдвэрлэж буй тохиолдолд дээрх худалдагчийн үүргийн талаар зохицуулсан хуулийн заалтыг шүүх хэрэглэх боломжгүй юм. Харин талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд шууд хамаарах буюу тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан СӨХ-ны  эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                         Т.ТУЯА