Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1462

 

188/2019/0580/Э 

 

 

 

    2020         12            10                                           2020/ДШМ/1462    

 

Д.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Х.Б-,

иргэний нэхэмжлэгч Б.Б-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Д-т холбогдох эрүүгийн 1903001490156 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д-,

Д.Д- нь 2019 оны 2 дугаар сарын 9-ний шөнийн 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансар” үйлчилгээний төвийн урд замд “Toyota corolla rumion” загварын, *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох" гэж, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж, 11 дүгээр бүлгийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас С.Энхтүвшингийн жолоодож явсан “Toyota harrier” загварын, 7958 УНЭ улсын дугаартай, Г.Даваацэрэнгийн жолоодож явсан “Mazda Demio” загварын, 6245 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota harrier” загварын, 7958 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Дорлигт нийт 2.749.000 төгрөгийн хохирол, “Mazda Demio” загварын, 6245 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Даваацэрэнд 1.693.000 төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд 3.046.059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б-, иргэний нэхэмжлэгч Б.Б- нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... миний үйлчлүүлэгч Д.Д- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас тухай бүрт нь уучлалт гуйж, бусдад учруулсан хохирлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдад төлөх төлбөргүй гэж заасан. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт шүүхээс тогтоосон төлбөл зохих төлбөрөө бүрэн төлж барагдуулсан ба хохирогч Х.Б-, Б.Б- нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлөхөө бүрэн илэрхийлж байна. Д.Д- ам бүл тавуулаа амьдардаг бөгөөд нөхөр Г.Отгонбаяр нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Сайпан арал руу 1 жилийн гэрээгээр ажиллахаар явсан боловч дэлхийн хэмжээнд дэгдээд байгаа COVID-19 цар тахлын улмаас 2 сараас эхлэн ажилгүй хорионд байгаа бөгөөд Монгол Улсад хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Хүүхдүүд болох том хүү 14 настай Энхбаяр, дунд хүү 10 настай Энхбат, бага хүү 3 настай Энхтөр нарыг өөрөө харж хандаж байсан бөгөөд одоо 3 хүүхдийг харж хандах, тэжээн тэтгэх хүнгүй тул гурван хүүхдийн байдлыг харгалзан үзнэ үү. Иймд Д.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Х.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Д- нь хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд нэг ч удаа утсаар яриагүй, уулзаж уучлалт гуйгаагүй. Түүнийг цагдан хоригдож байх хугацаанд хадам эх нь над дээр ирээд “таны нүүрний сорвийг арилгах талаар бид ярилцлаа, мөнгө олоод тантай холбогдъё” гээд дахиж холбоо бариагүй. Надад учирсан бодит хохирол одоог хүртэл нүүрэн дээр минь байна. ...” гэв. 

Иргэний нэхэмжлэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар Д.Д-т 2 жилийн хорих ял оногдуулсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хохирогч Х.Б- бид хоёрт огт мэдэгдэлгүйгээр явуулж Д.Д-ыг сулласанд маш их гомдолтой байна. Д.Д- нь осол гаргачихаад гэм буруугаа ухамсарлаагүй. Одоог хүртэл бидэнтэй холбоо бариагүй. Шүүх хуралдаан болох үед л “гэм буруугаа ухаарч байна, хохирогч нараас уучлалт гуйж байгаа” гэж ярьдаг боловч бид нартай уулзаж, уучлалт гуйсан зүйл байхгүй. Энэ ослоос болж би маш их хохирсон. Би дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эх. Хүүхдүүдийнхээ хамт хөлсний байранд амьдарч байгаад осол болсноос хойш бие өвдөөд ажлаасаа гарч хөдөлмөрийн чадваргүй болсон. Анх ослын дараа үзүүлэхэд нурууны гэмтэлтэй гэж гарч байсан. Одоо байнгын бие өвдөж, даралт ихсдэг болсон. Мөн гэр оронгүй болж дүүгийндээ амьдарч байгаа. Биеэ үзүүлж эмнэлгээр явъя гэхээр мөнгө байхгүй. Би анх Д.Д-аас 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Түүнээс 534.000 төгрөгийг авсан. Иймээс үлдсэн мөнгөө нэхэмжилж, биеэ эмчлүүлэх шаардлагатай байна. ...”  гэв. 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Д- нь 1.94 хувийн согтолттой байх үедээ замын хөдөлгөөнд оролцож, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Энэ хэргийн тухайд анхан шатны шүүхээс “хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэлийн баримтын хүрээнд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан” гэж дүгнэсэн боловч цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хохирогч Х.Б- нь нүүрэндээ том хэмжээний сорвитой, өөрөө санхүүгийн хувьд боломжгүй учраас Д.Д-ыг дагуулж яваад “ийм эмчилгээ хийлгэе” гэсэн боловч Д.Д- ямар нэг арга хэмжээ аваагүй гэж тайлбарлаж байсан. Иймд хохирогч Х.Б-гийн духанд үүссэн сорви бүхий гэмтлийг эмчлүүлэх, хор уршгийг арилгуулах арга хэмжээ аваагүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Д-ыг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар, 2019 оны 2 дугаар сарын 9-ний шөнийн 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансар” үйлчилгээний төвийн урд замд “Toyota corolla rumion” загварын, *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох" гэж, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж, 11 дүгээр бүлгийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Г.Даваацэрэнгийн жолоодож явсан “Mazda Demio” загварын 6245 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг автомашин дотор зорчиж явсан Х.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Б-гийн “...2019 оны 2 дугаар сарын 9-ний 20 цагийн орчимд Баянхошуунд найзындаа оччихоод буцаж харихаар Баянхошууны эцсээс “Mazda Demio загварын 6245 УБМ улсын дугаартай автомашинд дөрвүүлээ сууж явсан. 01 цаг 40 минутын орчимд “Сансар” үйлчилгээний төвийн урд замаар явж байтал өөдөөс гэрэл гялсхийн, түс тас хийх чимээ гарсан. Тэгтэл манайхны нэг нь “урдаас урсгал сөрөөд автомашин мөргөчихлөө” гэж хэлсэн. ...” /1хх 16-14/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ы “... Яармаг орохоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байсан. Би гар утсаараа оролдоод явж байтал тас хийх дуу чимээ гарсан. ...Машин дотор битүү утаа байсан. ...Б- зүүн хойд хаалганы гадна талд зогссон, дух хэсгээс нь цус гарч байсан. ...” /1хх 22-23/,

иргэний нэхэмжлэгч Г.Даваацэрэнгийн “...Би өөрийн эзэмшлийн “Mazda Demio” загварын 6245 УБМ улсын дугаартай автомашинаа жолоодон зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байгаад гурав дугаар эгнээ рүү орох үед “Toyota Corolla Rumion” загварын *********улсын дугаартай автомашин урсгал сөрөөд, зорчих хэсэг тусгаарласан төмөр сараалжин хайс мөргөөд, түрээд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд зогсож байсан “Toyota Harrier” загварын 7958 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөөд шууд өөдөөс ирээд миний автомашиныг мөргөсөн. ...” /1хх 26-27/,

иргэний нэхэмжлэгч П.Чойжилжавын “...төмөр сараалжин хайснууд нь Нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн улсын өмч . ...Нийт 9 ширхэг хайс эвдэрсэн, 1 метр нь 88.000 төгрөг, 9 ширхэг хайс нь 2.376.000 төгрөг, ажлын хөлстэйгээ нийлээд 3.046.059 төгрөг болно. Хайснууд бүгд хэлбэр дүрсээ алдсан байсан тул засварлах боломжгүй дахин шинээр худалдан авна. ...” /1хх 20/,

гэрч Р.Тунгалагийн “...нөхрийн хамт Mazda Demio” загварын 6245 УБМ улсын дугаартай автомашинаар Баянхошуунаас Яармаг руу явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн урд замаар эргэх гээд явж байтал өөдөөс урсгал сөрөөд нэг автомашин орж ирээд мөргөсөн. ... /1хх 29/,

гэрч Д.Ганбаатарын “...би эхнэр Б- болон Б-, Наранбаяр нарын хамт Баянхошууны эцсээс “Mazda Demio” загварын 6245 УБМ улсын дугаартай автомашин хөлслөөдСансар худалдааны төвийн урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөөс улаан өнгийн нэг автомашин хашлага мөргөөд ороод ирсэн. ...“Toyota Corolla Rumion” загварын *********улсын дугаартай автомашин эхлээд хайс мөргөөд дараа нь гэрлэн дохион дээр зогсож байсан “Toyota Harrier” загварын 7958 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөөд дараа нь миний сууж явсан автомашиныг мөргөсөн. ...” /1хх 31-32/,

гэрч С.Энхтүвшингийн “...Би “Toyota Harrier” загварын 7958 УНЭ улсын дугаартай автомашинаа жолоодон “Сансар худалдааны төвийн урд замаар Таван шараас Нүхтийн ам орохоор эхнэрийн хамт явж байсан. Сонсголон чигтээ эргэхээр гэрэл дохио хүлээгээд зогсож байтал өөдөөс хурц гэрэл гарч зорчих хэсгийн голын төмөр хайс хуйлраад, улбар шар өнгийн автомашин урсгал сөрж орж ирээд миний автомашины урд хэсэг болон хойд хэсгийг мөргөөд төмөр хайс хамаад араас ирж явсан “Mazda Demio” загварын автомашины урд хэсгийг очиж мөргөөд тулаад зогссон. ...” /1хх 34-35/,

гэрч Ж.Арсланбаатарын “...Д.Д-тай уулзаад 0.5 литрийн архи аваад 3 цаг орчим хиртэй суусан. ...Д- жолооны ард сууж явсан. Тэгтэл түс тас хийх дуу чимээ гараад би урд суудлаа мөргөсөн. Юу болов гээд хартал миний сууж явсан автомашин “Mazda Demio” загварын 6245 УБМ улсын дугаартай автомашины өөдөөс урсгал сөрж очоод мөргөсөн байсан. ...” /1хх 37/,

Д.Д-ын яллагдагчаар өгсөн “...10 дугаар хорооллын нэг pub-д хоёр найзын хамт 1 шил 0.5 литрийн цагаан архи хувааж уугаад найзыгаа хүргэж өгөхөөр машинаа жолоодож явах үедээ эсрэг урсгал сөрж ороод “Toyota Harrier” загварын, 7958 УНЭ, “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай автомашинуудыг мөргөж, улмаар тус машинд зорчиж явсан Х.Б-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан. ...” гэсэн мэдүүлгүүд,

 “...Х.Б-гийн биед хүзүүний 6 дугаар нугалмын зүүн сэртэн, зүүн дал ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, хүзүү, доод мөчинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2172 дугаартай дүгнэлт /1хх 40-41/,

“...Б.Б-ы биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, гуя, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2295 дугаартай дүгнэлт /1хх 43/,

“...“Тоyota Согоllа Rumion” загварын *********улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Д- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1, 11 дүгээр бүлгийн 11.5-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Тээврийн цагдаагийн албан Замын цагдаагийн газрын 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 127 дугаартай дүгнэлт /1хх 90-91/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1.94%/ /1хх 7-12/, хохирлын үнэлгээний тайлангууд /1хх 58-61, 64-69, 70-72, 232-236, 239-243/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Д-ын согтуугаар автомашин жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.1, 11.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нийцүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг түүний бага насны гурван хүүхэдтэй ар гэрийн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар 1 жил болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн ердийн бүрэлдэхүүн буюу 1 дэх хэсгийн диспозицэд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж зааснаар авто тээврийн ослын улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдолд л гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн  гэм буруутайд тооцсон /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэдгийг орхигдуулсан/ байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад найруулгын хувьд өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, хохирогч Х.Б-д 2.581.882 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.Б-д 360.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Даваацэрэнд 417.000, иргэний нэхэмжлэгч Ц.Дорлигт 2.749.000 төгрөг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 2.868.459 төгрөг тус тус төлснийг дурдаж, тооцоолох боломжгүй /цаашид гарах эмчилгээний зардал/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарын гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой.

Шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...Д.Д-ын нөхөр Г.Отгонбаяр нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Сайпан арал руу 1 жилийн гэрээгээр ажиллахаар явсан боловч дэлхийн хэмжээнд дэгдээд байгаа COVID-19 цар тахлын улмаас 2 сараас эхлэн ажилгүй хорионд байгаа бөгөөд Монгол Улсад хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Одоо гурван хүүхдийг нь харж хандах, тэжээн тэтгэх хүнгүй байгаа. ...” талаар дурдсан байх тул шүүгдэгч Д.Д-ын 3-14 насны гурван хүүхдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар харьяалах дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгальд даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч О Д-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. …” гэснийг “...Шүүгдэгч Д-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. …” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Д.Д-ын 3-14 насны гурван хүүхдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгальд даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН