Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 557

 

    Д.Д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл,шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ, хохирогч Х.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаар магадлалтай Д.Д холбогдох эрүүгийн 1903001490156 дугаартай хэргийг хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Монголын хүүхдийн ордонд драмын багш ажилтай, ял шийтгэлгүй О овогт Д-ийн Д

Д.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар үйлчилгээний төвийн урд замд “Тоёота королла румион” маркийн 16-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас С.Э-ний жолоодож явсан “Тоёота харриер” маркийн 79-58 УНЭ улсын дугаартай, Г.Д-гийн жолоодож явсан “Мазда демио” маркийн 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота харриер” маркийн 79-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Д 2,749,000 төгрөгийн хохирол, “Мазда демио” маркийн 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Д 1,693,000 төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд 3,046,059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 713 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй”,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээжээ.        

Хяналтын шатны шүүхэд хохирогч Х.Б гаргасан гомдолдоо: ”Анхан шатны шүүх хэргийг зөв зүйтэй шийдвэрлэсэн билээ. Үүний дараа гэнэт надтай энэ 1 жил 5 сарын хугацаанд хүн гэж тоогоогүй хүмүүс утсаар ярьж эхэлсэн. Хадам ээж, нөхрийнх нь ах, дүү 3 нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр надтай ирж уулзаад манай бэрийг харж үзээч, бид чиний хагалгааны мөнгө, эмнэлэгт хэвтэх төлбөр болох 9-10 сая төгрөгийг төлнө гэж сайхан яриад явсан. 5 сард намайг дагуулж яваад арьс, гоо заслын Урангоо эмнэлэгт үзүүлж хагалгаа 3,800,000-4,500,000 орчим болохыг мэдээд эгч нь мөнгөө олоод залгая гээд алга болсон.

 Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал надад мэдэгдэлгүйгээр хохирогч, өмгөөлөгч оролцуулахгүйгээр болсонд гомдолтой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явагдаж хэт нэг талыг баримтлан, хохирогч миний санал хүсэлтийг сонсолгүйгээр болсныг би 06 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар магадлал хүлээж аваад маш их гайхлаа. Өнөөгийн нийгэмд хохирсон нь давхар, давхар хохирч болохгүй л баймаар юм. Худал хуурмаг хүмүүсийн талд шүүх ажиллах ёсгүй гэж бодож байна.

Шүүх хурал болохоос өмнө заавал мэдэгдэх ёстой байтал, хүний эрхийг дэндүү хязгаарласан өөрийгөө хамгаалах, үгээ хэлэх эрхийг минь боогдуулж хурал хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Б.Б гаргасан гомдолдоо: “Осолд орсны улмаас эрүүл мэнд сэтгэл санааны хохирол амсаад 1 жил 5 сарын нүүр үзлээ. Энэ осолд орсны улмаас нуруу толгойндоо гэмтэл авсан. Байнга нуруу толгой өвдөж даралт ихэсдэг болсон. Энэ хугацаанд энэ хэрэг цагдаа, шүүхэд хянагдаж гурван шатны шүүхээр орж  2020 оны 04 дүгээр сарын 09-ний шүүх хурлаар Д анхан шатны шүүх 2 жил хорих ял оноосон. Гэтэл давж заалдах шатны шүүх надад хэлэлгүйгээр шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр явуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулаагүй, намайг шүүх хуралд оролцоогүй байхад хэргийг шийдвэрлэж 2 жилийн хорих ялыг 3 жилийн тэнсэн харгалзах ялаар сольж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д-ын хадам аав, ээж, ах Багануурт ирж надтай уулзсан. Чиний хохирол болох 2,500,000 төгрөгийг төлий мөнгө олчоод яръя гэж хэлээд явсан. Гэтэл одоо болтол надтай эргэж холбогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хохирогч Х.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Д.Д нь 1.94 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ  тухайн ослыг гаргаж надад олон тооны гэмтэл учруулсан. Хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 8 сарын хугацаанд надаас уучлалт гуйгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшээгүй, утсаар яриагүй. Миний нүүрэн дээр байгаа 10 см оёдлыг засах талаар санаачлага огт гаргаагүй. Маш их гомдолтой байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд энэ гэмтлийг би учруулаагүй, надаас болоогүй, Баянхошуунаас явж байхдаа энэ гэмтлийг авсан байх гэж гүтгэсэн. Миний хувьд өнчин 6 хүүхэдтэй учир эмнэлгээр явах мөнгө байхгүй. Эмийн сангаас авсан эмний баримт, эмчилгээний баримтууд байгаа. Би 485,000 төгрөгийн баримттай ирсэн. Д.Д-аас миний гоо сайхныг засах зардлыг гаргуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Д.Д нь хохирогчид 4,210,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 474,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлсэн тохиолдолд шүүгдэгч бүрэн төлж барагдуулах хүсэлттэй байгаа. Мөн гэм буруугийн талаар маргасан зүйл байхгүй гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч Д.Д нь үйлдсэн гэмт хэргийн талаар маргадаггүй бөгөөд нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөр төлөгдсөн. Давж заалдах шатны шүүх хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоодог тул үүнд зааснаас өөр үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдоггүй билээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхой заажээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн ердийн бүрэлдэхүүн буюу 1 дэх хэсгийн диспозицэд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж зааснаар авто тээврийн ослын улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдолд л гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгохгүй байгаа тохиолдолд тэдгээрийг нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэр хэмжээ, шинж чанарт оруулан тооцож болохгүй.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон энэхүү зарчим, ойлголтын хүрээнд прокурор Д.Д-ын хоёр тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан (хэргийн 1 дэх хавтас, 100-105 дахь тал), 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт (хэргийн 1 дэх хавтас, 244-250 дахь тал) үйлджээ.

Шийтгэх тогтоолын (хэргийн 3 дахь хавтас, 1-7 дахь тал) тодорхойлох хэсэгт “Д.Д-ын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “...гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч буйг зөв тогтоон тодорхойлж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнд шийдвэрлэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд Д.Д-ыг буруутгаагүй, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгохгүй нөхцөл байдлыг буюу бусдын биед хөнгөн гэмтэл болон эд хөрөнгийн хохирол учруулсныг уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд хамааруулан үзэж дүгнэлт хийсэн нь (магадлал, хэргийн 3 дахь хавтас, 32-33 дахь тал) үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хүний биед хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцоогүй байх тул эдгээрийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн хохирлын хэр хэмжээ шинж чанарт оруулан тодорхойлж болохгүй.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хэргийг дахин хянан хэлэлцүүлэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулвал зохихыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН