Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2019/03216

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

3,698,416 /гурван сая зургаан зуун ерэн найман мянга дөрвөн зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б...., хариуцагчийн өмгөөлөгч Ш.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б....ын хамт гаргасан тайлбартаа:

Би С....той амаар тохиролцож байгуулсан орон сууцны гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 51 тоотын 2 өрөө орон сууцаа сарын 600,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг 3 сараар авахаар хариуцагчид хөлслүүлсэн. Харилцан тохиролцсон ёсоор би 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл хариуцагч С.... нь миний орон сууцыг эзэмшилдээ авсан атлаа эхний 3 сарын хөлс 1,800,000 төгрөгийг өгөхгүй, хугацаа хэтрүүлж байсан тул би түүнтэй холбогдож мөнгөө шаардаж байсан. Тэрээр ..дараагийн 3 сарын хөлсөө өгөхдөө нэмж, нэг дор 6 сарын хөлс нийт 3,600,000 төгрөг өгье, одоо боломжгүй байна, би хариуцлагатай ажил хийж байгаа, надад итгэ гэхээр нь зөвшвөөрсөн. Гэвч хөлсөлж эхэлсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд миний орон сууцыг хөлсөлж амьдрахдаа орон сууцны хөлс 3,600,000 төгрөгийг огт төлөөгүй, олон удаа мөнгөө нэхэж шаардсан боловч өгөхгүй явсаар 2018 оны 11 дүгээр сард надад огт мэдэгдэлгүй, түлхүүр ч хүлээлгэж өгөлгүйгээр орон сууцнаас нүүж явсан байсан. Иймд би Иргэний хуулийн 302.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч С....оос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн орон сууцыг хөлслүүлэхдээ ашиглалтын зардлыг хөлслөгч хариуцаж байхаар тохиролцсон байсан юм. Гэтэл хариуцагч С.... нь миний орон сууцыг хөлслөх хугацаандаа СӨХ-ны төлбөрийг ч огт төлөөгүй байсан бөгөөд, түүний амьдарсан хугацааны ашиглалтын зардал 194,615.82 төгрөг, СӨХ-ны төлбөр 103,800 төгрөг болж, нийт 298,416 төгрөгийг би хожим ... болон ... СӨХ-нд төлсөн. С....ыг хөлсөлж байх хугацаанд ус алдаж, мөн эвдрэл гарч байсан. Тэр бүрд зардал гарч байсан ч түүнийг нэхээгүй. СӨХ-ноос надруу залгаж танайхаас ус алдаад байна гэж хэлж байсан. Би тэрийг өөрийн зардлаар зассан. Үүнийг нэхээгүй. Амьдарсан хөлс, гарсан зардлыг нь нэхэж байгаа. Орон сууц хөлсөлсөн 3,600,000 төгрөг, ашиглалтын зардал 298,416 төгөрг нийт 3,898,416 төгрөгийг нэхэж байна. Хариуцагч нь анх манай хүү Г....тэй холбогдож түрээслэхээр болсон гэсэн. Байрны түлхүүрийг манай хүү С....т хүлээлгэж өгсөн. Энэ байраа би өмнө нь хэзээ ч хүнд хөлслүүлж байгаагүй. Манай ээж энэ байранд амьдардаг байсан. Ээж маань нас бараад 1 жил орчим хоосон, хүнгүй байсан. Г....т хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд, тэрээр С....ыг байр хөлсөлснийг гэрчилсэн. С.... нь 00 өрөөний суултуурын почкиг солиулахаар нэхэмжлэгчийн хүү Г.... рүү энийг бүхлээр нь авна гэсэн почкины зурагтай имэйл явуулсан нь их тушаасан байдалтай байдаг. Үүнийгээ Г....ийг 100 айлд явж байна гэхээр нь захьсан гэж тайлбарладаг боловч, хэрвээ хүнээр юм авахуулахаар захьсан гэж байгаа бол манай юм эвдэрчихлээ тийм юм авчраад өгөөч гэж хэлнэ. Гэтэл танайд хөлс төлж байгаа юм чинь та нар миний амьдрах нөхцлийг хангах ёстой гэсэн агуулга харагдаж байна. Мөн түүнчлэн, ...ийн төхөөрөмжийг Г.... гуйсан учраас хэрэглүүлсэн гэдэг боловч гуйсан гэдгийг өөрөө нотлох ёстой. Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч ашиглалтын зардлыг хөлслүүлж байсан тухайн хугацаанд төлөөгүй. Харин гарснаас нь хойш төлсөн гэдэг нь төлбөрийн баримтуудаас харагдана. Хэрвээ С.... хөлсөлж амьдраагүй байсан бол нэхэмжлэгч сар бүр төлбөрийг төлөөд л явна шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон, өмгөөлөгч Ш.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.... нь З....г танихгүй, түүнтэй утсаар ярьж байгаагүй, орон сууц түрээслэхээр амаар болон бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж байгаагүй, түүнтэй биечлэн уулзаж байгаагүй, нэхэмжлэлд дурдсан Үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг эзэмшиж, түрээслээгүй, түүнд амьдарч байгаагүй, холбогдох СӨХ зэрэг эрх бүхий байгууллагад ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болно. Хэрэв З.... нь орон сууц хөлслөх гэрээ байгуулан орон сууцаа түрээслүүлсэн бол түүнийг нотлох гэрээ болон түүнтэй холбоотой нотлох баримтаа хавсарган шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Тухайн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц хөлслөх, аль эсхүл түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаарх үйл баримтыг гэрчлэх байсан. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, тухайн орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул түрээсийн гэрээний холбогдох заалтыг баримтлах шаардлага үүснэ. Тодруулбал: Иргэний хуулийн 318.3-т үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ хэмээн хуульчилсан байдаг. Иймд дээрх үндэслэл, тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү Г....ийг таньдаг гэдэг дээр маргахгүй. Харин байраа хөлслүүлээд байгаа З....г бол С.... танихгүй, мэдэхгүй, утсаар ч ярьж байгаагүй гэдэг. ...ий албан бичигт бол төхөөрөмж хариуцагчийн ээжийн нэр дээр байгаа. Бүртгэлтэй утас С....ын утасны дугаар байснаар хэрэглэгч нь болохгүй. Почкины зурагны тухайд хөлслүүлсэн гэх байрны почки мөн эсэхийг мэдэх боломжгүй. Хариуцагчийн хувьд Г....тэй утсаар ярихад 100 айлд явж байна гэхээр нь өөрийнх нь ажиллуулдаг Сарнай төвд почки хэрэгтэй байсан учир захиж зургийг явуулсан байдаг. Сарнай төвийн бүх зүйл солигдсон. Нотлогдохгүй зүйл олон байна. Үнэхээр байранд нь төлбөр төлөхгүйгээр амьдраад байсан бол Иргэний хуульд зааснаар өөртөө туслах боломжтой байсан. Энэ талаараа цагдаад яагаад гомдол гаргахгүй байгаа юм бэ?. Илүү хурдан шийдэгдэнэ шүү дээ. Төлбөрөө өөрөө төлөөд яваад байгаа ч, өөрөө Сүхбаатар дүүрэгт амьдардаг гээд байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж харагдахгүй байна. Гэрээний хүчин төгөлдөр байх гол шаардлага сарын хөлс хэд байхаар тохирсон, хугацаа болон төлбөр төлөх нөхцлийн талаар хийсэн тохиролцоо байхгүй. Иргэний хуулийн 187.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх хууль зүйн үндэслэл харгдахгүй байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.... нь хариуцагч С....т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлөгдөөгүй 6 сарын хугацааны хөлс 3,600,000 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 298,416 төгрөг, нийт 3,898,416 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч З....г танихгүй бөгөөд, маргаан бүхий орон сууцыг хөлслөн суугаагүй, орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй учир төлбөр төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Нэхэмжлэгч З.... Хан-Уул дүүргийн ... тоот дахь 47.98 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцыг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмчлөн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бусдад худалдсан байна. /хх-7/

Тэрээр өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хариуцагч С....т өөрийн хүү Г....ээр дамжуулан хөлслүүлж, ...нэг сарын хөлс 600,000 төгрөг байхаар тохирон, 3 сарын хугацаатай хөлслүүлсэн боловч, дахин 3 сарын хугацаагаар сунгаж, энэ хугацаанд хөлслөгч С.... огт төлбөр төлөлгүй 2018 оны 11 дүгээр сарын 20-нд байрыг сулласан... гэж тайлбарлан 6 сарын хугацааны хөлс 3,600,000 төгрөгийг шаардсан.

Тэрээр уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч С....оос нэхэмжлэгчийн хүү Г....т илгээсэн цахим шууданд үзлэг хийлгэж, энийг бүхлээр нь авна гэх гарчих бүхий имэйлд хавсаргасан фото зургийг маргаан бүхий орон сууцны 00 өрөөний почкины зураг хэмээн тайлбарласан бол, хариуцагч тал үүнийг эс зөвшөөрөн, нэхэмжлэгчийн хүү Г....ийг 100 айлд явж байна гэхэд нь С.... өөрт ашиглахаар захьсан гэж тайлбарлана. /хх 130-134/

Гэвч уг хавсралт дахь почкины зураг чухам нэхэмжлэгч З....гийн өмчлөлийн орон сууцных, эсхүл хариуцагч С....ын ашиглахаар захьсан гэх Сарнай төвийнх эсэхийг нотлох боломжгүй юм.

... ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19-9 тоот албан бичигт тус компанийн кабелийн төхөөрөмжийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны хаягаар шилжүүлсэн болох нь Суурилуулалтын нэхэмжлэх хуудас-аар тогтоогдох бөгөөд, уг төхөөрөмж нь М.... гэх хүний нэр дээр бүртгэлтэй, гэрээнд бүртгэгдсэн утасны дугаар С....ынх болох талаар тодорхойлсон байна. /хх 50,51/

Хариуцагчийн зүгээс уг төхөөрөмжийг нэхэмжлэгчийн хүү Г.... түр хугацаанд хэрэглэхээр авсан гэж тайлбарлах боловч, шүүхэд гаргасан тэрхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд өөрийн гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээр баримтаар нотлох үүрэг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч З....гийн хувьд хариуцагч С....той орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ... ХХК-иас гаргасан дээрх баримтаар нотлогдсон гэж үзэхээр байна. Үүнийг хариуцагч тал баримтаар няцааж чадаагүй, уг баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Г....ийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

С.... орон сууцыг хөлсөлж эхэлсэн хугацаа болон, гарсан хугацааг тогтоох тодорхой баримт байхгүй боловч, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ... кабелийн төхөөрөмжийг маргаан бүхий орон сууцны хаягаар шилжүүлсэн, гэрчийн мэдүүлгээр байр хөлслөх тухай яриа 6 дугаар сарын 10-ны өдөр болсон гэх зэргийг дүгнээд, нэхэмжлэлд заасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хөлсөлж эхэлсэн гэх хугацааг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэхүй, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу талуудын хүсэл зоригийг тайлбарлавал, З....гийн хүүгээр дамжуулан талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх боломжтой.

Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууц хөлслөх гэрээ огт байгуулагдаагүй гэх боловч, энэ хугацаанд өөрийн хаана амьдарч байсан талаар тодорхой тайлбарлаж, үүнийгээ нотлоогүй, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт-оор түүнийг Баянгол дүүргийн ... тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон боловч маргаан бүхий хугацаанд энэ хаягт амьдарч байсан талаар нотлогдохгүй, мөн нэхэмжлэгч талын орон сууцны нэг сарын хөлс 600,000 төгрөг байхаар тохирсон гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй байна.

Түүнчлэн хариуцагч С.... өөрийн ээжийн нэр дээр бүртгэлтэй ... кабелийн төхөөрөмжийг маргаан бүхий Хан-Уул дүүргийн ...тоот хаяг руу шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний хариилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тиймээс дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн бөгөөд, нэг сарын 600,000 төгрөгийн хөлсийг хөлслөгч С.... нь хөлслүүлэгч З....д төлөх үүрэг хүлээж, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд хөлсөлсөн байх тул энэ хугацааны хөлс 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү шаардсан 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах бөгөөд, хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж заасны дагуу ашиглалтын зардлыг хөлслөх, эсхүл хөлслүүлэгчийн аль нь хариуцах талаар тохирсон зүйлгүй байх ба, хөлслөгч С.... өөрийн кабель төхөөрөмжийг шилжүүлэн авчирсан үйлдлийг дүгнэвэл тэд ашиглалтын зардлыг тохиролцоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн шаардсан 298,416 төгрөгийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С....оос 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 898,416 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 77,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгтт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА