Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1643

 

 

З.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/01654 дугаар шийдвэртэй, З.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.С-т холбогдох, 3 698 416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, түүний өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай амаар тохиролцон, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 25-51 тоот хаягт байрлах орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, нэг сарын 600 000 төгрөгөөр хөлслүүлэх болсон. С.С гэрээний хугацаа дуусахаас өмнө надтай утсаар яриад “хугацааг дахин 3 сараар сунгая” гэснийг би зөвшөөрсөн. Хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 5 сар 20 хоног миний өмчлөлийн орон сууцанд дээрх аман гэрээний дагуу амьдарсан боловч төлбөр огт төлөөгүй.  

Иймд хариуцагч С.С-с 6 сарын төлбөр 3 600 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасган, 5 сар 20 хоногийн төлбөрт 3 400 000 төгрөгийг анх тохиролцсон ёсоор түүний төлвөл зохих ашиглалтын зардал 194 615.82 төгрөг, СӨХ-ны төлбөр 103 800 төгрөг, нийт 298 416 төгрөг, нийт 3 698 416 төгрөгийг нэхэмжилж байна. Манай хүү Г.Б нь хариуцагчтай ажил хэргийн холбоотой байсан бөгөөд анх хүү маань хариуцагчийг яриулсан. Би хүүдээ итгэсэн учраас, мөн С.С-ийг хариуцлагатай ажил хийдэг учраас итгээд өөрийн орон сууцны түлхүүрийг өгч, амаар гэрээ байгуулсан юм.

Хариуцагч хэдийгээр намайг огт мэдэхгүй, манай байранд амьдарч байгаагүй гэх боловч хэрэгт авагдсан “Ю” ХХК-ийн төлбөрийн хуудас, хүү Г.Б-т бичиж байсан цахим шуудан зэргээс үзэхэд хариуцагч нь манай байранд амьдарч байсан, надтай гэрээ байгуулсан нь нотлогдоно. Шүүхийн журмаар хүү Г.Б-гийн цахим шууданд үзлэг хийсэн. Хариуцагч С.С нь байранд амьдарч байхдаа 00 өрөөний почки эвдэрсэн гэсэн байдаг. Ингээд тэрээр өөрийн цахим шуудангаас уг почкины зургийг явуулж, Г.Б нь 100 айлаас авчран сольж өгсөн. Гэтэл хариуцагч эдгээр бодит байдлыг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч С.С нь нэхэмжлэгчийг огт мэдэхгүй, түүнтэй орон сууцыг нь түрээслэхээр амаар эсхүл бичгээр ямар ч гэрээ байгуулаагүй. Харин нэхэмжлэгчийн төрсөн хүү Г.Б-г таньдаг. С.С нь Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа Г.Б-гийн үеэл Н.Б-г мөнгө төгрөг шамшигдуулсан гэж ажлаас нь халж, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Н.Б нь Г.Б-гийн тусламжтай тус ажилд анх орсон бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж уурлан, өс хонзонгийн сэдэлтээр Г.Б-гийн ээж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч нь өөрийн байрыг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт байхгүй. Хариуцагч өөрийн орон сууцтай, бусдын орон сууцыг хөлсөлж суух шаардлагагүй. Нэхэмжлэгчийн хүү Г.Б, С.С нар ажил хэргийн харилцаатай, нэг нэгэндээ тусалж явсан хүмүүс. Г.Б нь “...надад юнивишнээ түр хэрэглүүлээч” гэж гуйсан учраас хариуцагч өөрийн юнивишний төхөөрөмжийг нэхэмжлэгчийн хаягт түр шилжүүлж хэрэглүүлсэн. Хариуцагч 3, 4 дүгээр хороололд “С” үйлчилгээний төв ажиллуулдаг. Тус төвийн угаалгын өрөөний почки тухайн үед эвдэрсэн байсан, өөрөө завгүй байсан учир Г.Б-г гуйж 100 айлаас шинэ почки авахуулахаар явуулж, цахим хуудсаар почкины зургийг “...иймийг аваарай” гэж захисан. Нэхэмжлэгчийн тайлбарласан шиг түрээсийн байранд нь почки захиж авчруулсан зүйл огт байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-с 960 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 738 416 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-с 27 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...суурилуулалтын нэхэмжлэх хуудас,....З.А-гийн хүү Г.Б-д явуулсан цахим шуудангийн агуулга, М. овогтой С-ийн нэр дээр байна...гэх албан бичгүүдийг харьцуулж үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтуудаар нэхэмжлэгч нь С.С-тэй орон сууц хөлслүүлэх талаар гэрээ байгуулсан, улмаар С.С нь тухайн орон сууцанд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл амьдарсан, эсхүл шүүхийн дүгнэснээр 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 48 хоногийн хугацаанд байсан гэдгийг нотлохгүй.

Нөгөөтэйгүүр, хариуцагчаас талуудын хооронд орон сууц хөлслөх харилцаа үүсээгүй, уг байранд нэг ч удаа очиж байгаагүй бөгөөд З.А гэж хүнийг огт мэдэхгүй гэж маргасаар байтал нэг сарын түрээсийн төлбөр 600 000 төгрөг гэдэгт хариуцагч талаас маргаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шинжийг агуулаагүй. Мөн тухайн орон сууц хариуцагчийн эзэмшилд 48 хоногийн хугацаанд байсан гэж дүгнэсэн нь хариуцагчийн тайлбарыг эрс үгүйсгэсэн, түүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй бодит байдалтай огт нийцээгүй шийдвэр болжээ. Орон сууц хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулахаар хэлбэрийн хувьд хуульчлаагүй тул нэхэмжлэгч орон сууцаа хөлслүүлэхээр хариуцагчтай тохирсоны дагуу хариуцагч түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан эсэх, нэхэмжлэгч орон сууцаа хариуцагчид хэрхэн хүлээлгэн өгсөн эсэх, уг орон сууцанд хариуцагч оршин сууж байсан эсэх үйл баримт, түрээсийн гэрээ, төлбөр мөнгө төлсөн баримт зэрэг бичмэл нотлох баримтаар зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Эдгээр асуудлыг бичмэл нотлох баримтуудаар тогтоолгох боломжгүй тохиолдолд бусад байдлаар нотлох зайлшгүй юм. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал орцны жижүүр болон Г.Б-гийн үеэл нарыг гэрчээр дуудаж асуух хүсэлтээсээ шалтгаангүйгээр татгалзсан байдаг. Хариуцагчийн зүгээс Г.Б, түүний үеэл Н.Б нар хариуцагч талтай ашиг сонирхлын зөрчилтэй гэж маргасаар ирсэн. Хариуцагч тал нь Г.Б-д хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 5 000 000 гаруй төгрөгийг зээлүүлсэн, мөн үеэл Н.Б хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан нотлох баримтыг шүүхэд өгсөөр байхад талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэж үзсэнд маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч С-д холбогдуулан, орон сууц хөлслөх гэрээний төлбөр 3 400 000 төгрөг, ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны зардал 298 416 төгрөг, нийт 3 698 416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хариуцагч талд сарын 600 000 төгрөгөөр тооцон хөлсөлж, ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны зардалд төлвөл зохих 298 416 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчийг танихгүй, энэхүү тохиролцооны талаар огт мэдэхгүй, түүний орон сууцыг эзэмшиж, ашиглаагүй, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

 

Шүүх, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар дүгнэхдээ,  хариуцагч С.С нь нэхэмжлэгч З.А-гийн хүү Г.Б-д 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр илгээсэн цахим шуудангийн агуулга, “Ю” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19-9 дугаартай шүүхэд ирүүлсэн албан тоот зэрэг баримтуудыг үндэслэн, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гээд, хариуцагчаас нийт 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч тал хүсэлт /хх30,31/ гаргаснаар дээрх цахим шууданд шүүх үзлэг хийж /хх37,38,44,45/, уг үзлэгээр илэрсэн зүйлийг шийдвэрийн үндэслэлээ болгожээ. Хэргийн баримтаас үзвэл тухайн үзлэг хийх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмын дагуу хийгээгүй байна. Зүй нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар үзлэг хийх тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулах, тухайн гэрч нь уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх, хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй байдаг. Ийнхүү үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн гэрчид хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт зохицуулсан байна.

 

Шүүх хөндлөнгийн гэрчүүдэд дээрх хуульд заасан журмын дагуу эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага бүхий хуулийн холбогдох заалтыг тайлбарласан, танилцуулсан талаар хэрэгт авагдсан баримтгүй байх тул үзлэгээр илэрсэн зүйлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүхээс тухайн ажиллагааг нөхөн гүйцэтгэх, шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулах, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үнэлж, талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэрийг З.А гэж буруу бичсэн байгааг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/01654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч С.С-ийн төлсөн 27 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

         ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

Т.ТУЯА