Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

 

 

З.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03216 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.А-гийн хариуцагч С.С-т холбогдуулан гаргасан 3 698 416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Д-ын хамт гаргасан тайлбартаа:

Би С.С-той амаар тохиролцож байгуулсан орон сууцны гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 51 тоотын 2 өрөө орон сууцаа сарын 600 000 төгрөгөөр тооцож, төлбөрийг 3 сараар авахаар хариуцагчид хөлслүүлсэн. Харилцан тохиролцсон ёсоор би 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл хариуцагч С.С- нь миний орон сууцыг эзэмшилдээ авсан атлаа эхний 3 сарын хөлс 1 800 000 төгрөгийг өгөхгүй, хугацаа хэтрүүлж байсан тул би түүнтэй холбогдож мөнгөө шаардаж байсан. Тэрээр “...дараагийн 3 сарын хөлсөө өгөхдөө нэмж, нэг дор 6 сарын хөлс нийт 3 600 000 төгрөг өгье, одоо боломжгүй байна, би хариуцлагатай ажил хийж байгаа, надад итгэ” гэхээр нь зөвшөөрсөн. Гэвч хөлсөлж эхэлсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд миний орон сууцыг хөлсөлж амьдрахдаа орон сууцны хөлс 3 600 000 төгрөгийг огт төлөөгүй, олон удаа мөнгөө нэхэж шаардсан боловч өгөхгүй явсаар 2018 оны 11 дүгээр сард надад огт мэдэгдэлгүй, түлхүүр ч хүлээлгэж өгөлгүйгээр орон сууцнаас нүүж явсан байсан. Иймд би Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч С.С-оос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн орон сууцыг хөлслүүлэхдээ ашиглалтын зардлыг хөлслөгч хариуцаж байхаар тохиролцсон байсан юм. Гэтэл хариуцагч С.С- нь миний орон сууцыг хөлслөх хугацаандаа СӨХ-ны төлбөрийг ч огт төлөөгүй байсан бөгөөд, түүний амьдарсан хугацааны ашиглалтын зардал 194 615.82 төгрөг, СӨХ-ны төлбөр 103 800 төгрөг болж, нийт 298,416 төгрөгийг би ОСНАА ХҮТ-10 болон Эвсэг-25 СӨХ-нд төлсөн. С.С-ыг хөлсөлж байх хугацаанд ус алдаж, мөн эвдрэл гарч байсан. Тэр бүрд зардал гарч байсан ч түүнийг нэхээгүй. СӨХ-ноос надруу залгаж танайхаас ус алдаад байна гэж хэлж байсан. Би тэрийг өөрийн зардлаар зассан. Үүнийг нэхээгүй. Амьдарсан хөлс, гарсан зардлыг нь нэхэж байгаа. Орон сууц хөлсөлсөн 3 600 000 төгрөг, ашиглалтын зардал 298 416 төгөрг нийт 3 898 416 төгрөгийг нэхэж байна. Хариуцагч нь анх манай хүү Г.Б-тэй холбогдож түрээслэхээр болсон гэсэн. Байрны түлхүүрийг манай хүү С.С-т хүлээлгэж өгсөн. Энэ байраа би өмнө нь хэзээ ч хүнд хөлслүүлж байгаагүй. Манай ээж энэ байранд амьдардаг байсан. Ээж маань нас бараад 1 жил орчим хоосон, хүнгүй байсан. Г.Б-т хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд, тэрээр С.С-ыг байр хөлсөлснийг гэрчилсэн. С.С- нь 00 өрөөний суултуурын почкиг солиулахаар нэхэмжлэгчийн хүү Г.Б- рүү энийг бүхлээр нь авна гэсэн почкины зурагтай имэйл явуулсан нь их тушаасан байдалтай байдаг. Үүнийгээ Г.Б-ийг 100 айлд явж байна гэхээр нь захисан гэж тайлбарладаг боловч, хэрвээ хүнээр юм авахуулахаар захисан гэж байгаа бол манай юм эвдэрчихлээ тийм юм авчраад өгөөч гэж хэлнэ. Гэтэл танайд хөлс төлж байгаа юм чинь та нар миний амьдрах нөхцлийг хангах ёстой гэсэн агуулга харагдаж байна. Мөн түүнчлэн, Юнивишнийн төхөөрөмжийг Г.Б- гуйсан учраас хэрэглүүлсэн гэдэг боловч гуйсан гэдгийг өөрөө нотлох ёстой. Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч ашиглалтын зардлыг хөлслүүлж байсан тухайн хугацаанд төлөөгүй. Харин гарснаас нь хойш төлсөн гэдэг нь төлбөрийн баримтуудаас харагдана. Хэрвээ С.С- хөлсөлж амьдраагүй байсан бол нэхэмжлэгч сар бүр төлбөрийг төлөөд л явна шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.С- нь З.А-г танихгүй, түүнтэй утсаар ярьж байгаагүй, орон сууц түрээслэхээр амаар болон бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж байгаагүй, түүнтэй биечлэн уулзаж байгаагүй, нэхэмжлэлд дурдсан Үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг эзэмшиж, түрээслээгүй, түүнд амьдарч байгаагүй, холбогдох СӨХ зэрэг эрх бүхий байгууллагад ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болно. Хэрэв З.А- нь орон сууц хөлслөх гэрээ байгуулан орон сууцаа түрээслүүлсэн бол түүнийг нотлох гэрээ болон түүнтэй холбоотой нотлох баримтаа хавсарган шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Тухайн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц хөлслөх, аль эсхүл түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаарх үйл баримтыг гэрчлэх байсан. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, тухайн орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул түрээсийн гэрээний холбогдох заалтыг баримтлах шаардлага үүснэ. Тодруулбал, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ хэмээн хуульчилсан. Иймд дээрх үндэслэл, тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү Г.Б-ийг таньдаг гэдэг дээр маргахгүй. Харин байраа хөлслүүлээд байгаа З.А-г бол С.С- танихгүй, мэдэхгүй, утсаар ч ярьж байгаагүй гэдэг. Юнивишний албан бичигт бол төхөөрөмж хариуцагчийн ээжийн нэр дээр байгаа. Бүртгэлтэй утас С.С-ын утасны дугаар байснаар хэрэглэгч нь болохгүй. Почкины зурагны тухайд хөлслүүлсэн гэх байрны почки мөн эсэхийг мэдэх боломжгүй. Хариуцагчийн хувьд Г.Б-тэй утсаар ярихад 100 айлд явж байна гэхээр нь өөрийнх нь ажиллуулдаг Сарнай төвд почки хэрэгтэй байсан учир захиж зургийг явуулсан. Сарнай төвийн бүх зүйл солигдсон. Нотлогдохгүй зүйл олон байна. Үнэхээр байранд нь төлбөр төлөхгүйгээр амьдраад байсан бол Иргэний хуульд зааснаар өөртөө туслах боломжтой байсан. Иргэний хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж харагдахгүй байна. Гэрээний хүчин төгөлдөр байх гол шаардлага сарын хөлс хэд байхаар тохирсон, хугацаа болон төлбөр төлөх нөхцлийн талаар хийсэн тохиролцоо байхгүй. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-оос 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 898 416 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 77 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ц давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг тухайн хэрэгт, тухайлбал, орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн эсэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй, зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байх тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийн дийлэнх хэсгийг нь зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.

Хариуцагч С.С- нь нэхэмжлэгч Э.А танихгүй буюу түүнтэй утсаар ярьж байгаагүй, орон сууц түрээслэхээр амар болон бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж байгаагүй, түүнтэй биечлэн уулзаж байгаагүй, түүний нэхэмжлэлд дурдсан Үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг эзэмшиж, ашиглах байдлаар түрээслээгүй, түүнд амьдарч байгаагүй, түүний хүүтэй танил, хуурай ах дүүсийн харилцаатай байж, хүүд нь тусалж байсан үйл баримтыг нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүтэй танил, хуурай ах дүүсийн харилцаатай, хүүд нь тусалж, найрсаг харилцаатай байх үедээ хүүгийнх нь гуйлтаар өөрийн ээж М.Сувдаагийн нэр дээр бүртгэлтэй, ашигладаггүй төхөөрөмжийг түр хугацаанд өгсөн. Харин нэхэмжлэгчийн хүү Г.Б- хариуцагчийн итгэлийг урвуугаар ашиглаж, түүнийг хохироож байсан ба улмаар хариуцагч үүнийг мэдэж, харилцаагаа дуусгавар болгон түүнд зээлдүүлсэн мөнгөө нэхсэнээс үүдэж тэрбээр зээлсэн мөнгөө өгөхгүй гэсэн башир аргаар буюу өөрийн ээж Э.А-гаар дамжуулан энэхүү хэргийг сэдсэн болно. Мөн гэрч Г.Б- нь шүүх хуралдаан дээр өөрийн сэдсэн хэргийг хамгаалах зорилгоор ашиг сонирхол нэгтэй этгээд болох өөрийн ээж, нэхэмжлэгч Э.А-гийн талд ашигтай мэдүүлэг өгөх нь ойлгомжтой асуудал юм. Өөрөөр хэлбэл, энэ бүх эргэлзээтэй үйл баримтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдэж, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит нөхцөл байдал зэргийг шүүхээс хуульд нийцсэн байдлаар үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэсэн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримталж буруу тайлбарласан гэж үзэж байна.

Дээр дурдсан болон хэрэгт авагдсан эргэлзээтэй үйл баримтууд нь тухайн хэлцлийг хийсэн гэдгийг бүрэн дүүрэн нотолж чадахгүй болно. Учир нь бодит байдал дээр талуудын хэн аль нь хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлээгүй, ямар нэгэн хүсэл зориг илэрхийлэгдээгүй тул тодорхой үйлдэл хийгдэхгүй буюу хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй. Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс үзвэл дээрх шүүхийн шийдвэр нь хэргийн байдлын талаарх хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй болно. Түүнээс гадна нь шүүх хэрэгт авагдсан эргэлзээтэй үйл баримтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хуулийг буруу хэрэглэж тайлбарласан нь хэргийн оролцогчийн адил тэгш эрхийг хангаагүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу, үнэн зөв эргэлзээгүй талаас, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч З.А- нь хариуцагч С.С-оос орон сууц хөлслөх гэрээний үүрэг буюу 6 сарын хөлс 3 600 000 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 298 416 төгрөг, нийт 3 898 416 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, З.А-г танихгүй, түүний өмчлөлийн орон сууцыг хөлсөлж суугаагүй, үүрэг үүсээгүй гэж маргажээ.

 

            Хариуцагч С.С- нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргасан тул орон сууц хөлслөх гэрээг утсаар ярьж буюу амаар хийсэн гэх үндэслэлээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

 

            Хэлцлийг амаар хийж, орон сууц хөлслөх гэрээний гол нөхцлийг, тухайлбал, хөлслүүлэх хугацаа, хөлсний хэмжээ, хөлс төлөх хугацаа зэргийг хэлэлцэн тохиролцсон гэж үзэх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, орон сууцыг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хөлслөгчид үүссэн, хөлслүүлэгч гэрээний үүрэг шаардах эрхтэйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

З.А- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 25 дугаар байрны 51 тоот орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд хэзээ хэрхэн шилжүүлсэн, мөн эзэмшлээс хэзээ, ямар байдлаар буцаан хүлээн авсан нь тодорхойгүй, түүнчлэн хариуцагчид сар тутам 600 000 төгрөгийн хөлс төлөх үүрэг үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 3 000 000 төгрөгөөр хангасан нь нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзэхээргүй байна.

 

Гэрч Г.Б-ийн орон сууцыг С.С-т хүлээлгэн өгсөн, 600 000 төгрөгөөр орон сууцыг хөлслөхөөр  утсаар ярьж байсныг сонссон гэх мэдүүлэг, Юнивишн кабелийн төхөөрөмжийг маргаж буй орон сууцны хаягт шилжүүлсэн тухай баримтыг З.А-, С.С- нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ тодорхой нөхцөлтэйгээр байгуулагдсаныг нотолсон, сарын 600 000 төгрөгийн хөлс төлөх үүрэг С.С-т үүссэн гэрээний нөхцлийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй юм.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу сарын 600 000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацааны 3 600 000 төгрөгийн хөлс шаардах үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх гэрээний гол нөхцлийг талууд хэлэлцэн тохиролцсон, 600 000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хариуцагчид үүссэн баримтгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч З.А-гийн С.С-т холбогдуулан гаргасан 3 698 416 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 324.66 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ