Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/шш2019/03096

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

18,500,000 /арван найман сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгч М....ын хамт гаргасан тайлбартаа:

Ч.... би Баянгол дүүргийн .. тоот хаягт байрлах газар болон түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглахаар 2017 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ... дугаартай үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ болон, ... дугаартай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг тус тус байгуулсан. Талууд гэрээг байгуулахаар сайн дурын үндсэн дээр тохиролцсон бөгөөд, тус гэрээнүүд 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр гэрээнд тусгасан. Миний бие ... ХХК-д 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож нийт 6 сарын түрээсийн төлбөрийг Г....ын Хаан банкны ... тоот дансанд өөрийн болон аавынхаа банк дахь харилцах данснаас 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах байсан учир тухайн газрыг тохижуулахаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нүүж орсон. Гэтэл маргаашаас нь эхлээд ... ХХК нь хаалга үүд түгжиж, дарамталж эхэлсэн бөгөөд, энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2018 оны 1 дүгээр сардаа багтаж бид нүүсэн. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 18,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж байна. Түрээсийн зүйлийг ашиглаж үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан. Цагдаагаар нэг хэсэг явсан. Үйл ажиллагаа явуулах боломжгүй байсныг нотлох баримт тэнд байгаа. Хариуцагч тал та нар түр байж бай. Ингээд аргалж өгнө гэж байсан тул түрээсээ дуусгах асуудал яриагүй. Би түрээслэх сонирхолтой байсан учир асуудлаа зохицуулсны дараа үргэлжлүүлж ажиллах бодолтой байсан. Биднийг 1 сарын турш байсан гэж байна. Би нэг ч өдөр үйл ажиллагаа явуулаагүй. Хяналтын камер байсан, тэнд бичигдсэн байх.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэх нь талуудын хэн алинд нээлттэй. Хуульд тусгайлан аль нэгэнд нь энэ үүргийг хэрэгжүүлэхээр даалгаагүй. Ийнхүү хуульд заасны дагуу тухайн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр бус байх тохиолдолд талууд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харицан буцааж өгөх ёстой. Нэхэмжлэгч түрээслэхээр тохиролцсон хоёр объектыг хариуцагчид буцаан өгсөн. Харин хариуцагч ... ХХК нь шилжүүлж авсан мөнгөө буцааж өгөөгүй тул уг мөнгийг буцаан шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн 18,500,000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул уг ... ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү...гэв.

Хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... нь манай компанийн өмчлөлийн Баянгол дүүргийн .... тоот хаягт байршилтай 216 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дээрх хаягийн 37/1 тоотод байршилтай 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үйлчилгээний зориулалтаар түрээслэх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр байгуулсан боловч уг түрээсийн гэрээг хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч хуульд заасан шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь 18,500,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байх боловч ямар үндэслэлээр хариуцагчаас шаардаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор хариу тайлбарыг шүүхэд гаргаж байсан.

Нэхэмжлэгч нийт 18,500,000 шаардсанаас хариуцагчийн зүгээс 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түрээсийн гэрээнүүдээр объект тус бүрийг 5-7 дугаар сард түрээсийн төлбөрийг 1,750,000 төгрөг, бусад саруудад 1,500,000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон. Гэрээ байгуулсны дараа түрээслэгч тал тохижих гэсэн шалтгаанаар нүүж орсон. Хаалга үүдээ түгжээд дарамталж эхэлсэн гэж тайдбарладаг. Хэрэгт энэ талаар нотолсон баримт байхгүй. Гэрээг цуцлах тохиолдолд 1 сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч гэрээ цуцлах тухай ямар нэг мэдэгдэл өгөөгүй. 1 сарыг дуустал түрээсийн байранд байсан гэж үзэж байгаа. Тиймээс 1 сарын турш 2 объект ашигласны төлбөр 3,000,000 төгрөгийг суутгах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үлдэх 15,500,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй... гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу төлсөн 18,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнүүдийг харилцан тохиролцож байгуулсан боловч улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл болох бөгөөд, нэхэмжлэгч 18,500,000 төгрөгийг шаардаж буй үндэслэл тодорхойгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргасан бол, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 3,000,000 төгрөгийг тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг ашигласан хугацааны хөлсөнд тооцож суутгах шаардлагатай гэж тайлбарлан маргаж байна.

Түрээслүүлэгч ... ХХК нь түрээслэгч Ч....тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ..., ... гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслүүлэх, талуудын зөвшилцсөнөөр түрээслэгч 5-7 дугаар саруудад сард 1,750,000 төгрөг, бусад саруудад сард 1,500,000 төгрөгийн түрээс төлөх, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхний 6 сарын төлбөрийг Г....ын хаан банкны ... тоот данс руу шилжүүлэхээр,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөн ... ХХК-ийн өмчлөлийн ... гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн ... дугаар бүхий, Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслүүлэх, талуудын зөвшилцсөнөөр түрээслэгч 5-7 дугаар саруудад сард 1,750,000 төгрөг, бусад саруудад сард 1,500,000 төгрөгийн түрээс төлөх, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхний 6 сарын төлбөрийг Г....ын хаан банкны ... тоот данс руу шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож, гэрээг байгуулсан байна. /хх 4-9/

Нэхэмжлэгч Ч.... гэрээ байгуулснаас хойш өөрийн Хаан банк дахь харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,990,000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөг, аав Г....гийн Хаан банк дахь харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон, түрээсийн гэрээний дагуу 18,500,000 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч ... ХХК маргаагүй бөгөөд, түрээслэгчид түрээсийн байруудыг шилжүүлснээр нэхэмжлэгч Ч.... үйл ажиллагаа явуулахаар нүүн орсон үйл баримт тогтоогдож байх тул гэрээ хэрэгжиж эхэлсэн байна.

Харин талууд хоорондын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнүүдийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох талаар гэрээний 3.6 дахь хэсэгт заасан боловч, хэн аль нь бүртгүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасны дагуу талууд гэрээг бичгээр байгуулсан байх боловч, мөн зүйлд заасан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй буюу бүртгүүлээгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан. Талуудын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх тухай 2 гэрээ аль аль нь хуульд заасан шаардлага хангаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Ч.... болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх түрээсийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

Түрээслэгч тал гэрээний зүйлийг ашиглаж эхэлснээс хойш түрээслүүлэгч тал саад болсны улмаас 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр нэхэмжлэгч Ч.... түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг орхиж нүүсэн гэж тайлбарлах ба, энэ талаар хариуцагч тал маргаагүй боловч, түүнийг гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын өмнө урьдчилан түрээслүүлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учир түрээсийн зүйл тус бүрийг ашигласан хугацааны төлбөр 3,000,000 төгрөгийг суутган, 15,500,000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарлан маргаж байна.

Харин нэхэмжлэгч тал түрээслүүлэгч талаас хаалга үүд түгжиж, дарамтлан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосны улмаас түрээсийн зүйлийг орхиж явсан тул 3,000,000 төгрөгийг суутгуулах үндэслэлгүй хэмээн тайлбарлав.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд, тийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хариуцагчид шилжүүлсэн 18,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрх үүснэ.

Гэвч Ч.... нь маргаан бүхий гэрээнүүдийг 2017 оны 12 дугаар сарын 12, мөн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд байгуулснаас хойш түрээслүүлэгч ... ХХК-ийн өмчлөлийн, гэрээний зүйл болох объектуудыг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарыг дуусах хүртэл ашигласан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч түрээсийн зүйлүүдийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй буюу, хариуцагч талаас хаалга үүдийг нь түгжин дарамталж, хашаан дотор нь блокон хавтан тавих зэргээр саад болж байсан гэж маргах боловч, түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд, Ч....ын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээслүүлэгчид нэмж төлбөр шилжүүлсэн баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий түрээсийн зүйлүүд болох 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 1,500,000 төгрөг, 213 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч ... ХХК нь шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Ч....ын нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 15,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 15,500,000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч....ад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 235,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА