Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01121

 

Ч.Энхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03096 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар магадлалтай,

Ч.Энхбатын нэхэмжлэлтэй,

Техник форум ХХК-д холбогдох

Хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний дагуу урьдчилан төлсөн 18,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг              

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 товчооны зам 37/2 тоот хаягт байрлах газар болон түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглахаар 2017.12.12, 13-ны өдрүүдэд Ү-2205043068 дугаартай үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ болон Ү-2205028397 дугаартай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг тус тус байгуулсан. Талууд гэрээг байгуулахаар сайн дурын үндсэн дээр тохиролцсон бөгөөд тус гэрээнүүд 2018.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр гэрээнд тусгасан. Миний бие Техник форум ХХК-д 2018.01.01-ний өдрөөс эхлэн тооцож нийт 6 сарын түрээсийн төлбөрийг Г.Тулгын Хаан банкны 5003985170 тоот дансанд өөрийн болон аавынхаа банк дахь харилцах данснаас 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018.01.01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах байсан учир тухайн газрыг тохижуулахаар 2017.12.23-ны өдөр нүүж орсон. Гэтэл маргаашаас нь эхлээд Техник форум ХХК нь хаалга үүд түгжиж, дарамталж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2018 оны 1 сардаа багтаж бид нүүсэн. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 18,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж байна. Биднийг 1 сарын турш байсан гэж байна. Би нэг ч өдөр үйл ажиллагаа явуулаагүй. Хяналтын камер байсан, тэнд бичигдсэн байх. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэх нь талуудын хэн алинд нээлттэй. Хуульд тусгайлан аль нэгэнд нь энэ үүргийг хэрэгжүүлэхээр даалгаагүй. Ийнхүү хуульд заасны дагуу тухайн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр бус байх тохиолдолд талууд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ёстой. Нэхэмжлэгч түрээслэхээр тохиролцсон хоёр объектыг хариуцагчид буцаан өгсөн. Харин хариуцагч Техник форум ХХК нь шилжүүлж авсан мөнгөө буцааж өгөөгүй тул уг мөнгийг буцаан шаардах эрхтэй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн 18,500,000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Техник форум ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга нь манай компанийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Товчооны зам 37/2 тоот хаягт байршилтай 216 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай Ү-2205028397 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дээрх хаягийн 37/1 тоотод байршилтай 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий Ү-2205043068 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үйлчилгээний зориулалтаар түрээслэх гэрээг 2017.12.12, 13-ны өдөр байгуулсан боловч уг түрээсийн гэрээг хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч хуульд заасан шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нийт 18,500,000 төгрөг шаардсанаас хариуцагчийн зүгээс 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түрээсийн гэрээнүүдээр объект тус бүрийг 5-7 дугаар сард түрээсийн төлбөрийг 1,750,000 төгрөг, бусад саруудад 1,500,000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон. Гэрээг цуцлах тохиолдолд 1 сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч гэрээ цуцлах тухай ямар нэг мэдэгдэл өгөөгүй. 1 сарыг дуустал түрээсийн байранд байсан гэж үзэж байгаа. Тиймээс 1 сарын турш 2 объект ашигласны төлбөр 3,000,000 төгрөгийг суутгах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үлдэх 15,500,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03096 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Техник форум ХХК-иас 15,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Энхбатад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 235,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03096 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Техник форум ХХК-иас 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Энхбатад олгосугай гэж, 2 дахь заалтын 235,450 гэснийг 250,450 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 136 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс, шүүх хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт ...нэхэмжлэгч нь Техник Форум ХХК хаалга үүд түгжиж, энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг 1 сарын турш 2 обьектыг ашигласан гэх тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн 18,500,000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Ч.Энхбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, хариуцагчтай гэрээ байгуулж 2017.12.23-ны өдөр түрээсийн обьектод нүүж орсон. Гэтэл маргааш өдрөөс нь хариуцагч компани нь хаалга үүд түгжиж, бид ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарладаг, мөн давж заалдах гомдолдоо, түрээслүүлэгч талын үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй байсан учир түрээсийн зүйлийг ашиглаж, үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж гаргасан гомдлын хүрээнд давж заалдах шатны шүүх, гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм. Гэтэл нэхэмжлэгчийн тухайн түрээсийн обьектод 2017.12.23-ны өдрөөс нүүж орсон, 2018 оны 1 сарын сүүлээр гарсан гэж тайлбарладаг, түрээсийн байранд 2018 оны 1 дүгээр сар хүртэл байсан шалтгааны хувьд, түрээслүүлэгч тал үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангаж өгөх талаар удаа дараа хэлж байсан гэх тайлбар, мөн хариуцагч компанийн нэхэмжлэгч нь 1 сарыг дуустал түрээсийн байранд байсан гэх тайлбар хавтаст хэрэгт авагдсан ба анхан шатны шүүх дээрх талуудын тайлбар, үндэслэл нь ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хэргийн нотлох баримтаар үнэлж, мөн талуудын дээрх тайлбарууд нь маргааны үйл баримтад нийцсэн ямар нэгэн нотлох баримтаар үгүйсгэгдээгүй тул ИХШХШтХ-ийн 42.1 зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэснийг үндэслэж, дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэн, анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Ч.Энхбат нь маргаан бүхий гэрээнүүдийг 2017.12.12-ны өдөр, 2017.12.13-ны өдрүүдэд байгуулснаас хойш түрээслүүлэгч Техник Форум ХХК-ийн өмчлөлийн, гэрээний зүйл болох обьектуудыг 2017.12.23-ны өдрөөс 2018 оны 1-р сарыг дуусах хүртэл ашигласан байна. Хэдийгээр нэхэмжлэгч түрээсийн зүйлүүдийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй буюу хариуцагч тал хаалга үүдийг нь түгжин дарамталж, хашаан дотор нь блокон хавтан тавих зэргээр саад болж байсан гэж маргах боловч түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд Ч.Энхбатын 2017.12.26-ны өдөр түрээслүүлэгчид нэмж төлбөр шилжүүлсэн баримтаар үгүйсгэгдэж байна гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн юм.

Харин давж заалдах шатны шүүх энэхүү анхан шатын шүүхийн дүгнэлтийг тодорхой хууль зүйн үндэслэлээр үгүйсгэж чадаагүй ба дээрх хэрэгт авагдсан үйл баримтад ямар ч дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу үл хөдлөх хөрөнгийг ашиглаагүй үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хуулийн зарчмыг хэрэгжүүлээгүйгээс давж заалдах шатны шүүхийн магадлал хуувь ёсны үндэслэл бүхий болж чадаагүй юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШтХ-ийн 37.2, 40.2 дах заалтыг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 03096 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Энхбат нь хариуцагч Техник форум ХХК-д холбогдуулан хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний дагуу урьдчилан төлсөн 18,500,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Техник форум ХХК-аас 15,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Энхбатад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Талууд 2017.12.12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг байгуулж, хариуцагч Техник форум ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028397 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/ Товчооны зам 37/2 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/ Товчооны зам 37/1 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг тус тус үйлчилгээний зориулалтаар 2018.01.01-ний өдрөөс 2021.01.01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч сарын 1,500,000-1,750,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх, 2017.12.13-ны өдөр эхний 6 сарын төлбөрийг Г.Тулгын хаан банкны 5003985170 тоот данс руу шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

Хариуцагч нь 18,500,000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэгч Ч.Энхбат түрээсийн байранд нүүн орсон боловч гэрээнд заасан зориулалтын дагуу хөрөнгийг ашиглаагүй үйл баримт тогтоогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар тодорхой заасан тул нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлсон нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн боловч гэрээний зүйл болох объектуудыг 2017.12.23-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарыг дуустал ашигласан гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж зөвшөөрсөн атлаа хүчин төгөлдөр бус гэрээг цуцлах талаар тайлбарлаж, улмаар 1 сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх тул ...шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН