Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/00927

 

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/00927

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *-р хороолол, * тоотод оршин суух АИУ овогт С.С /РД:ШЗ******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо,*, өөрийн байр ГИХГт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч М.З, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.С би 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ГИХТГын нарийн бичгийн даргаар ажилд орсон. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ажил үүргээ зөрчилгүй гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан тул энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарч ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б/18 дугаар тушаал гаргаж надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлыг маань хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ГИХГ нь С.Ст ямар нэг ажил санал болгоогүй, мөн түүнээс хойно томилогдсон Ш.Д, Э.Ч нарыг ажлаас чөлөөлөөгүй нь ялгаварласан байдлыг бий болгож, нарийн бичгийн даргын ажил үүргийг эдгээр хүмүүст хуваан хариуцуулсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагддаг. Мөн С.Ст өгсөн тушаалаас өөр тушаалыг шүүхэд гаргаж өгсөн байдаг бөгөөд энэ нь Б/18 тушаалыг зассан зэргээс өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Мөн ажилласан хугацааны цалин хөлсийг ч олгоогүй. Иймд ГИХГын Тамгын газрын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ГИХГын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 12 сарын 14-ний А/227 дугаар тушаалаар ГИХГын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Дээрх тушаалаар Захиргаа удирдлагын газар буюу хуучнаар Тамгын газар нь 22 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан боловч Гадаадын иргэн харъяатын газрын нарийн бичгийн дарга гэх албан тушаал нь байхгүй болсон. Сайдын тушаалын дагуу манай байгууллагаас 12 сарын 28-ны өдөр бүтэц, орон тоог өөрчилсөн. С.Сийн орон тоо бүтцийн хувьд байхгүй болсон учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж, 2019 оны 1 сарын 22-ны өдөр С.Стэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцалсан. Мөн хуулийн 42-т заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгэсэн. Гадаадын иргэн, харъяатын газар нь өөрөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа байгууллага учраас Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу манай байгууллагын бүтэц орон тоог Хууль зүйн сайд баталдаг. Хууль зүйн сайдын баталсан орон тооны хүрээгээр манай байгууллага бүтцээ шинэчилж, ажилчдыг томилсон байгаа. Харин 2018 оны 3 сарын 23-ны өдрийн Б/89 тушаалаар хойд бүсэд ажиллаж байсан Ш.Дыг захиргааны мэргэжилтнээр, 2018 оны 4 сарын 05-ны өдрийн Б/109 тушаалаар Э.Чыг бичиг хэргийн эрхлэгчээр авч ажиллуулж байсан ба эдгээр хүмүүс нь өөр өөрийн ажлын байранд ажиллаж байсан хүмүүс, өөр өөр шатлалтай ажиллаж байсан. Сайдын А/227 тушаал гарсантай холбогдуулан С.С ганцаараа ажлаас чөлөөлөгдөөгүй бөгөөд бусад ажилтнуудын хувьд бас амралтын мөнгөний асуудал үүссэн бөгөөд ажилтнуудын амралтын мөнгийг тооцох зүйлийг манай байгууллагаас орхигдуулсан байсан. Нэгэнт мөрдөгддөг журам учраас бид амралтын мөнгийг олгох ёстой учраас амралтын мөнгийг олгох заалтыг, журмын хамт тушаалдаа оруулсан. Нэг ёсондоо нэхэмжлэгчид ашигтай заалтыг тушаалдаа нэмж оруулсан. С.Сийн үндсэн ажил нь манай байгууллагын албан бичгийг баланкладаг ажил бөгөөд энэ нь бусад ажилчид албан бичиг болон боловсруулсан зүйлсээ файлаар С.Ст дотоод сүлжээгээр шилжүүлснийг баланклаж хэвлэж гаргадаг ажил юм. Нэгэнт сайдын тушаал гарч бүтцийг баталж, нарийн бичгийн дарга гэсэн орон тоо байхгүй болсон учир баланклах ажлыг шинээр байгуулагдсан газар, хэлтсүүдийн нэг албан хаагчид хариуцуулж, хийдэг болгож өөрчилсөн. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын Б/18 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч ГИХГт холбогдуулан Тамгын газрын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.С нь ГИХГын даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар тус газрын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар С.Сийг ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, Б/18 тоот тушаал, ажлын байрны болон цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 11-27, 46/

Харин ГИХГын даргын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, ... Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалыг үндэслэн Байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, орон тоо нь хасагдсан үндэслэл зааж С.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч ГИХГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, түүний харьяалалд багтаж үйл ажиллагаагаа явуулдаг ба Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална. гэж зааснаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд 2018 оны 12 сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаал гаргаж, тус газрын үйл ажиллагааны стратеги хөтөлбөрийг, зохион байгуулалтын бүтцийг баталсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалт бүтцийн нэгжийн орон тооны дээд хязгаарыг тогтоож, Тамгын газрыг Захиргаа удирдлагын газар болгож, орон тоог 22 болгож, нарийн бичгийн дарга гэсэн орон тоог хассан байна.

 

Дээрх тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор хариуцагч байгууллага нь С.Ст 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар №21 мэдэгдлээр хүргүүлснийг 2018 оны 12 сарын 21-ний өдөр хүлээж авсан талаарх баримт хэрэгт авагджээ./хх-ийн 39/

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нар ГИХГ нь С.Ст ямар нэг ажил санал болгоогүй, мөн түүнээс хойно томилогдсон Ш.Д, Э.Ч нарыг ажлаас чөлөөлөөгүй нь ялгаварласан байдлыг бий болгож, нарийн бичгийн даргын ажил үүргийг эдгээр хүмүүст хуваан хариуцуулсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагддаг. Б/18 тушаалыг зассан зэрэг нь өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. гэх тайлбарыг гаргасан нь дараах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Сийн ажил үүргийг нэр бүхий ажилтнуудад шилжүүлсэн гэсэн үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагч ГИХГ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаар тушаалын дагуу Тамгын газрын нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан үндэслэлээр С.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ...орон тоо хасагдсан... үндэслэлтэй нийцсэн, ажил олгогч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар биелүүлсэн байгаа зэрэг нь хариуцагч байгууллагын даргын Б/18 дугаар тушаал хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гарсан байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан ...бололцооны дагуу өөр ажил олж өгнө. гэснийг хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхөд дээрх хуулийн зохицуулалтыг заавал хэрэгжүүлэхээр хуульчлаагүй хэдий ч хариуцагч байгууллага нь С.Стэй 2018 оны 12 сарын 21-ний өдөр уулзахдаа адил чанарын төрийн үйлчилгээний албан тушаал болон сул орон тоо байхгүй талаар танилцуулж, энэ талаар тэмдэглэл үйлдснийг хэрэгт ирүүлжээ./хх-ийн 40-41/

 

Харин нэхэмжлэгч тал хариуцагч Б/18 тушаалыг зассан гэж тайлбар гаргасныг хариуцагч тал маргаагүй бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Б/18 дугаар тушаал нь нэхэмжлэгч С.Сийн хариуцагч байгууллагаас гардаж авсан Б/18 тушаалаас өөр байгаа хэдий ч ээлжийн амралт олгох заавар журам батлах тухай Монгол Улсын эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны 166 дугаар тушаалыг үндэслэл болгож, 3-р заалтад С.Сийн ээлжийн амралтын тооцоог хийхийг Санхүү хангалт, үйлчилгээний газар /Б.Даваажав/-т даалгасан нэмэлт оруулсныг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б/18 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлыг маань хүлээн авч тэмдэглэл үйлдсэн, энэ хугацааны цалинг олгоогүй. гэж дурдсан байх ба ажил олгогчоос ирүүлсэн цалингийн картад С.Сийн 2019 оны 1 сард ажилласан хоногийг 14 өдрөөр тооцож, 2019 оны 1 сарын цалин 370 263 төгрөг бодогдож олгогдсон байх ба энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн байгааг, мөн 2019 оны 3 сарын 4-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр нэхэмжлэгч С.Ст 689 910 төгрөгийг 1 удаагийн тэтгэмжийг хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газраас шилжүүлсэн байгааг зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч С.Сийг ажлаас чөлөөлсөн Б/18 тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 22-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2018 оны 02 сарын 21-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан С.Сийн ГИХГт холбогдуулан Тамгын газрын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ