Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00929

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00927 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГИХГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Наранцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ГИХГ-т Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажилд орсон. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ажил үүргээ зөрчилгүй гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан тул энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарч ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/18 дугаар тушаал гаргаж надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлыг маань хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Гадаадын иргэн, харьяатын газар нь С.С-т ямар нэг ажил санал болгоогүй, мөн түүнээс хойно томилогдсон Ш.Даринчулуун, Э.Чулуунтогтох нарыг ажлаас чөлөөлөөгүй нь ялгаварласан байдлыг бий болгож, нарийн бичгийн даргын ажил үүргийг эдгээр хүмүүст хуваан хариуцуулсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагддаг. Мөн С.С-т өгсөн тушаалаас өөр тушаалыг шүүхэд гаргаж өгсөн байдаг бөгөөд энэ нь Б/18 тушаалыг зассан зэргээс өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Мөн ажилласан хугацааны цалин хөлсийг ч олгоогүй. Иймд ГИХГ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 12 сарын 14-ний А/227 дугаар тушаалаар ГИХГ-ын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Дээрх тушаалаар Захиргаа удирдлагын газар буюу хуучнаар Тамгын газар нь 22 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан боловч ГИХГ-ын нарийн бичгийн дарга гэх албан тушаал нь байхгүй болсон. Сайдын тушаалын дагуу манай байгууллагаас 12 сарын 28-ны өдөр бүтэц, орон тоог өөрчилсөн. С.С-ийн орон тоо бүтцийн хувьд байхгүй болсон учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж, 2019 оны 01 сарын 22-ны өдөр С.С-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцалсан. Мөн хуулийн 42-т заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгэсэн. ГИХГ нь өөрөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа байгууллага учраас Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу манай байгууллагын бүтэц орон тоог Хууль зүйн сайд баталдаг. Хууль зүйн сайдын баталсан орон тооны хүрээгээр манай байгууллага бүтцээ шинэчилж, ажилчдыг томилсон байгаа. Харин 2018 оны 3 сарын 23-ны өдрийн Б/89 тушаалаар хойд бүсэд ажиллаж байсан Ш.Даринчулууныг захиргааны мэргэжилтнээр, 2018 оны 4 сарын 05-ны өдрийн Б/109 тушаалаар Э.Чулуунтогтохыг бичиг хэргийн эрхлэгчээр авч ажиллуулж байсан ба эдгээр хүмүүс нь өөр өөрийн ажлын байранд ажиллаж байсан хүмүүс, өөр өөр шатлалтай ажиллаж байсан. Сайдын А/227 тушаал гарсантай холбогдуулан С.С ганцаараа ажлаас чөлөөлөгдөөгүй бөгөөд бусад ажилтнуудын хувьд бас амралтын мөнгөний асуудал үүссэн бөгөөд ажилтнуудын амралтын мөнгийг тооцох зүйлийг манай байгууллагаас орхигдуулсан байсан. Нэгэнт мөрдөгддөг журам учраас бид амралтын мөнгийг олгох ёстой учраас амралтын мөнгийг олгох заалтыг, журмын хамт тушаалдаа оруулсан. Нэг ёсондоо нэхэмжлэгчид ашигтай заалтыг тушаалдаа нэмж оруулсан. С.С-ийн үндсэн ажил нь манай байгууллагын албан бичгийг бланкладаг ажил бөгөөд энэ нь бусад ажилчид албан бичиг болон боловсруулсан зүйлсээ файлаар С.С-т дотоод сүлжээгээр шилжүүлснийг бланклаж хэвлэж гаргадаг ажил юм. Нэгэнт сайдын тушаал гарч бүтцийг баталж, нарийн бичгийн дарга гэсэн орон тоо байхгүй болсон учир бланклах ажлыг шинээр байгуулагдсан газар, хэлтсүүдийн нэг албан хаагчид хариуцуулж, хийдэг болгож өөрчилсөн. Иймд ГИХГ-ын даргын Б/18 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан С.С-ийн ГИХГ-т холбогдуулан Тамгын газрын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар ГИХГ-ын даргын тушаалаар С.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалаар цуцалсан. Уг тушаалаар "Тамгын газар"-ын нэр "Захиргаа, удирдлагын газар" болж хуучин 19 байсан ажилтны тоо 22 болсон байхад орон тоог хасагдсан гэж үзэхэд учир дутагдалтай. Хэлтсийн нэр, албан тушаалын нэр өөрчлөгдсөн. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл байдал бий болсон байна гэхэд Гадаадын иргэн харьяатын газар С.С-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Ажил олгогч нь ажил санал болгоогүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 16 дугаар зүйлд "... бололцооны дагуу ..." өөр ажил олж өгөхийг мөн ажил олгогчид үүрэг болгосон байна. С.С нь байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Нэгэнт С.С-тэй байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-г цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг харгалзан үзэх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 1.2, 1.5-т "Тамгын газрын нарийн бичгийн дарга"-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заагдсан. С.С нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны эрх эдэлж үүрэг хүлээх баримт бичгийн нэг нь "ажлын байрны тодорхойлолт" юм. Түүний ажлын байрны тодорхойлолтоор хийж гүйцэтгэж байсан ажлыг шинээр бий болгосон "дотоод ажил хариуцсан мэргэжилтэн"-ээр ажилд авсан Ш.Даринчулуун. С.С-ээс сүүлд ажилд орсон Э.Чулуунтогтохыг бичиг хэргийн эрхлэгч нарт хуваан тэдний "ажлын байрны тодорхойлолт"-ыг бий болгон С.С-ийн хийж гүйцэтгэж байсан ажлуудыг хийлгэж байгаа. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар хэлтэс, албан тушаалын нэршил нь солигдсоноос биш хийж гүйцэтгэх ажил өөрчлөгдөөгүй, цомхтгогдоогүй байна. С.С-т мэдэгдэл өгөхдөө урьдчилан бэлдсэн баримтад гарын үсэг зуруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлыг нь хүлээлцүүлэн өнөөдрийг хүртэл ажиллуулсан хугацааны цалинг өгөөгүй, юуны мөнгө болох нь тодорхойгүй 689 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа өөрт нь хэлэлгүй дансруу нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. С.С Б/18 тоот тушаалыг хүлээн авч хуулийн хугацаанд шүүхэд хандсан ба гардуулан өгснөөс өөр тушаалыг хариуцагч тал шүүхийн шатанд гарган өгсөн. Анхан шатны шүүх "тушаалд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй" гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д заасныг зөрчсөн. Хариуцагч ГИХГ өөртөө давуу байдлыг бий болгож, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс хуулийн үндэслэлгүй Б/18 тоот тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж шийдвэрийг өөрчилнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч ГИХГ-т холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.С нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар ГИХГ-т нарийн бичгийн даргын ажлын байранд томилогдсон бөгөөд хариуцагч ГИХГ-ын   даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нарийн бичгийн даргын ажлын байр хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.С-ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9, 39, 47 дугаар тал/

Хариуцагч нь Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалаар ГИХГ-ын зохион байгуулалт бүтцийн нэгжийн орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалаар ГИХГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байна. /хх-ийн 80 дугаар тал/

Дээрх тушаалаар нэхэмжлэгч С.С-ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан тул хариуцагч ГИХГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаар мэдэгдлээр С.С-т хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, тус мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч С.С хүлээн авчээ. Тус өдөр хуралдсан хуралдаанд С.С-нь тусгайлан санал гаргаагүй байх бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд мэдэгдсэн үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-ийн 40-42 дугаар тал/

Иймд хариуцагч ГИХГ нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.С-ийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй бөгөөд нарийн бичгийн даргын хийж гүйцэтгэх үүргийг 2 хүнд хувааж өгсөн гэх боловч хариуцагч ГИХГ-т нарийн бичгийн даргын ажил албан тушаалтай ижил төрлийн ажил албан тушаал байхгүй, 2 хүнд нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хувааж өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч тал Б/18 тушаалыг зассан гэж тайлбар гаргасныг хариуцагч зөвшөөрсөн бөгөөд тушаалд техникийн шинжтэй өөрчлөлт оруулсан нь тухайн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь уг тушаалд ээлжийн амралт олгох заавар журам батлах тухай Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын 2000 оны 166 дугаар тушаалыг үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Э.ЗОЛЗАЯА

                                   ШҮҮГЧ                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                               Г.ДАВААДОРЖ