Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00343

 

С.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00927 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 929 дүгээр магадлалтай,

С.Сийн нэхэмжлэлтэй

“ГИ, ХГ”т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Гадаадын иргэн харьяатын газарт Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажилд орсон. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ажил үүргээ зөрчилгүй гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан тул энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарч ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/18 дугаар тушаал гаргаж надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлыг маань хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “ГИ, ХГ” нь С.Ст ямар нэг ажил санал болгоогүй, мөн түүнээс хойно томилогдсон Ш.Даринчулуун, Э.Чулуунтогтох нарыг ажлаас чөлөөлөөгүй нь ялгаварласан байдлыг бий болгож, нарийн бичгийн даргын ажил үүргийг эдгээр хүмүүст хуваан хариуцуулсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагддаг. Мөн С.Ст өгсөн тушаалаас өөр тушаалыг шүүхэд гаргаж өгсөн байдаг бөгөөд энэ нь Б/18 тушаалыг зассан зэргээс өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Мөн ажилласан хугацааны цалин хөлсийг ч олгоогүй. Иймд “ГИ, ХГ”ын Тамгын газрын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 12 сарын 14-ний А/227 дугаар тушаалаар “ГИ, ХГ”ын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Дээрх тушаалаар Захиргаа удирдлагын газар буюу хуучнаар Тамгын газар нь 22 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан боловч Гадаадын иргэн харъяатын газрын нарийн бичгийн дарга гэх албан тушаал нь байхгүй болсон. Сайдын тушаалын дагуу манай байгууллагаас 12 сарын 28-ны өдөр бүтэц, орон тоог өөрчилсөн. С.Сийн орон тоо бүтцийн хувьд байхгүй болсон учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж, 2019 оны 01 сарын 22-ны өдөр С.Стэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцалсан. Мөн хуулийн 42-т заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгэсэн. Гадаадын иргэн, харъяатын газар нь өөрөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа байгууллага учраас Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу манай байгууллагын бүтэц орон тоог Хууль зүйн сайд баталдаг. Хууль зүйн сайдын баталсан орон тооны хүрээгээр манай байгууллага бүтцээ шинэчилж, ажилчдыг томилсон байгаа. Харин 2018 оны 3 сарын 23-ны өдрийн Б/89 тушаалаар хойд бүсэд ажиллаж байсан Ш.Даринчулууныг захиргааны мэргэжилтнээр, 2018 оны 4 сарын 05-ны өдрийн Б/109 тушаалаар Э.Чулуунтогтохыг бичиг хэргийн эрхлэгчээр авч ажиллуулж байсан ба эдгээр хүмүүс нь өөр өөрийн ажлын байранд ажиллаж байсан хүмүүс, өөр өөр шатлалтай ажиллаж байсан. Сайдын А/227 тушаал гарсантай холбогдуулан С.С ганцаараа ажлаас чөлөөлөгдөөгүй бөгөөд бусад ажилтнуудын хувьд бас амралтын мөнгөний асуудал үүссэн бөгөөд ажилтнуудын амралтын мөнгийг тооцох зүйлийг манай байгууллагаас орхигдуулсан байсан. Нэгэнт мөрдөгддөг журам учраас бид амралтын мөнгийг олгох ёстой учраас амралтын мөнгийг олгох заалтыг, журмын хамт тушаалдаа оруулсан. Нэг ёсондоо нэхэмжлэгчид ашигтай заалтыг тушаалдаа нэмж оруулсан. С.Сийн үндсэн ажил нь манай байгууллагын албан бичгийг бланкладаг ажил бөгөөд энэ нь бусад ажилчид албан бичиг болон боловсруулсан зүйлсээ файлаар С.Ст дотоод сүлжээгээр шилжүүлснийг бланклаж хэвлэж гаргадаг ажил юм. Нэгэнт сайдын тушаал гарч бүтцийг баталж, нарийн бичгийн дарга гэсэн орон тоо байхгүй болсон учир бланклах ажлыг шинээр байгуулагдсан газар, хэлтсүүдийн нэг албан хаагчид хариуцуулж, хийдэг болгож өөрчилсөн. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын Б/18 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00927 дүгээр шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан С.Сийн “ГИ, ХГ”т холбогдуулан Тамгын газрын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 929 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. 1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалаар “ГИ, ХГ”ын орон тоог шинэчлэн баталсан хэдий ч хэлтэс газрын болон албан тушаалын нэр солигдсон бөгөөд энэ нь С.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. С.Сээс сүүлд ажилд орсон ажилтныг үлдээж, мөн “дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-д түүний хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийг хариуцуулснаар ажил олгогч Гадаадын иргэн харьяатын газар давуу байдлыг өөртөө бий болгож түүний хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн. 2. С.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсаныг үндэслэлтэй гэж байгаа ч түүний хийж байсан ажлын “ажлын байдлын тодорхойлолт”-д заасан чиг үүргийг шүүх анхаарч үзсэнгүй. 3. Хэрэв С.Сийн орон тоо хасагдсан нь үндэслэлтэй гэж үзвэл түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргийг Гадаадын иргэн харьяатын газар хүлээнэ. 4. С.Ст гардуулан өгснөөс өөр буюу нэмж өөрчлөлт оруулсан түшаалыг хариуцагч байгууллага шүүхэд гаргаж өгсөн байдаг. 5. С.Ст үрьдчилан бэлдсэн мэдэгдэл дээр гарын үсгийг нь зүрүүлсанаас гадна 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлыг нь хүлээлцүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч “ГИ, ХГ”т холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг баримталж, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр С.Сийг нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шалтгаан, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байдал, шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрээгүй, ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн талаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалаар Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалт бүтцийн нэгжийн орон тооны жагсаалтыг шинэчлэн баталсны дагуу ажил олгогч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/18 дугаар тушаал гаргаж, орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дах хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Орон тоо хассан шийдвэрийг ажил олгогч өөрөө бус харъяа дээд байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргасан, тогтоосон орон тооны хязгаарын хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалд засвар оруулсан нь буруу боловч ээлжийн амралтыг олгох талаар нэмэлт заалт оруулсан нь тушаалын үндэслэлд нөлөөлөөгүй тул хоёр өөр тушаал гаргасан гэж үзэх үндэслэлгүй байв. Иймд  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ

1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00927 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 929 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                    П.ЗОЛЗАЯА