Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/03281 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч МОХНН “УБТЗ”-д холбогдох

 

 МОХНН “УБТЗ”--ын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулж, мөн хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б- нь Улаанбаатар төмөр замын Барилга үйлдвэрлэлийн нэгдэл, барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангид 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тасралтгүй 16 жил 5 сар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр МОХНН “УБТЗ”--ын даргын Б-I-254 тоот А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч А.Б- хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөлмөрийн хуульд 60 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгоно гэж заасан байдаг боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан. Энэ хууль нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн найруулагдаж батлагдсан. Энэ хуулийн дагуу А.Б- өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно. Эсвэл цаашид ажиллах хүсэл, зориг байвал ажиллаж болно гэсэн зохицуулалт харагдаж байна. Үүний дагуу цаашид 1, 2 жил ажиллах сонирхолтой байсан. Энэ талаараа 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд н.Х өргөдөл гаргасан. Гэтэл Зам тээвэр, хөгжлийн яамнаас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариу албан бичиг Улаанбаатар төмөр замын дарга н.Ж, А.Б- нарт ирүүлэхдээ хүсэлтэд дурдсаны дагуу А.Б-ыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллуулбал хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.2 дахь заалтын дагуу 8 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах боломжтой байна. Иймд хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхийг хүсье гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл н.Ж- дарга уг хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.Б- 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар төмөр замын дарга н.Ж-д өөрийн амьдрал ахуйгаа тоочиж, цаашид 1 жил үргэлжлүүлэн ажиллах хүсэл, зоригтой байгаагаа илэрхийлсэн боловч 60 нас хүрсэн. Тиймээс цаашид ажиллуулахгүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь А.Б-ын эрх ашгийг хөндсөн гэж үзэж байна. Иймд А.Б-ыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн хувьд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж, цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлд ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу цалинг тооцоолсон. 2018 оны 6, 7, 8 дугаар саруудын дундаж цалин 5 779 335 төгрөг, 1 сарын дундаж цалин нь 1 926 445 төгрөг, 1 926 445 төгрөгийг ажлын 22 хоногт хуваахаар 1 өдрийн цалин 87 565 төгрөг болж байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлын 22 хоногоор тооцоход нийтдээ 43 хоног байгаа. 1 өдрийн цалин 87 565 төгрөгийг 43 хоногоороо тооцоход 3 765 295 төгрөг болж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалинд 3 765 295 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Улаанбаатар төмөр замын даргын 117 дугаар тушаал, Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер А.Б- нь Улаанбаатар төмөр замын удирдах газрын эрх бүхий албан тушаалтан юм. Тиймээс А.Б-ыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох асуудлыг Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар шийдвэрлэдэг. Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өгсөн үүрэг даалгавар, ажлынхаа үр дүнг Улаанбаатар төмөр замын удирдлагын хэлтэст тогтоосон хугацаанд тайлагнах үүрэгтэй байдаг. Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер А.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн. Ажил олгогчийн зүгээс ар гэрийн амьдралыг нь харгалзаж үзээд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 9 сар илүү ажиллуулсан. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгүүдэд зааснаар тэтгэвэрт тогтоолгох хугацаа болсон. Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн  Б-I-254 тоот тушаалаараа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.1.3 дахь заалт, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ын холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.2 гэсэн заалтуудыг үндэслэн тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр цуцалж, 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан 60 нас хүрч, тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хөдөлмөрийн хуульд зохицуулалт орсон. Тус хуульд заасан 60 нас нь ажилтны иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт дээр бичигдсэн он, сар, өдрөөр тоолоход 60 нас хүрсэн байхыг ойлгоно. Тэгэхээр А.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн. Гэхдээ амьдрал, ахуйг нь харгалзаж тодорхой хугацаагаар илүү ажиллуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”. гэж заасан хэдий боловч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ын холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.1, 3.11.2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын байгууллагын салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тохиолдолд Улаанбаатар төмөр замд тасралтгүй ажилласан хугацааг харгалзаж, 18 сар хүртэлх хугацааны дундаж, цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. 3.11.2 дахь хэсэгт нь нарийвчлаад эмэгтэйчүүдэд 13-16 жил ажилласан тохиолдолд 4 сарын тэтгэмж олгоно гэж заасныг үндэслэн А.Б- нь Улаанбаатар төмөр замын байгууллагад 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс тасралтгүй 16 жил 5 сар ажилласан учраас 4 сарын тэтгэмж олгосон. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудад хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын 2 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг төрсөн он, оноор бичсэн. Тухайлбал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 1957 онд төрсөн бол 60 настайд нь тэтгэвэрт гаргана. Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он 1962 он ба түүнээс өмнө төрсөн 55 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгоно, 2002 он ба түүнээс хойш төрсөн тохиолдолд 65 нас хүртэл ажиллуулна гэж заасан. 1962 оноос өмнө төрсөн бол 55 настайд тэтгэвэр тогтоолгоно. Иймд зохих хуулийн дагуу ажил олгогч талаас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу А.Б-ыг ажлаас чөлөөлсөн учраас гомдлыг хүлээн авах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч МОХНН “УБТЗ”--д холбогдуулан гаргасан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаал хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 3765295 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/03281 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан хүрч өндөр насны тэтгэвэр үүссэн” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэдийгээр тэтгэвэр авах насанд хүрсэн боловч цаашид нэг жил ажиллах хүсэл зориг байсан тул байгууллагынхаа удирдлагад уламжилсан боловч хүлээн аваагүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил ажиллаад тэтгэврээ тогтоолгох хүсэлт өргөдлөө гаргасан. Тэтгэвэр тогтоолгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж зааснаар Нийгмийн  даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч МОХНН “УБТЗ”--д холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаал хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахаар нэхэмжлэгч А.Б- шаардсаныг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцласан гэж хариуцагч маргажээ./хэргийн 1-2, 16 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч А.Б- нь 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд МОХНН “УБТЗ”--ын Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгогчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалт, МОХН “УБТЗ” нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.2-т заасан үндэслэлээр А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч А.Б- нь 1957 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 3 дугаар тал/

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байхыг хамааруулсан байх тул нэхэмжлэгч А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох ерөнхий насныг  65 нас байхаар зохицуулсан нь ажилтан 60 нас хүрсэн тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч А.Б- нь 1957 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн тул 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас байхаар зохицуулсаны дагуу тэтгэвэр авах эрх үүссэн гэж хариуцагч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан нь зөв гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/03281 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.И

 

                                                  ШҮҮГЧИД                             А.О

                   

                                                                                                С.Э