Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/02158

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 02 өдөр

    Дугаар 183/ШШ2018/02158

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, дүгээр байр, тоот хаягт оршин суух овогт Д Д/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, гудамж, дүгээр байр, тоот хаягт оршин суух, Хариад овогт Д Н /РД: /-д холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.                                                                             

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төлөөлүүлэгч Д. Д нь Д.Н-тэй 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 5000 фунт стерлингийг хүүгүй, 44 сар 15 хоногийн хугацаатайгаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа нь дууссан боловч зээлдэгч Д.Н нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор тусгасан боловч үүнээс татгалзаж зөвхөн үндсэн зээл болох 5000 (таван мянган) Английн фунт стерлинг буюу гэрээнд заасны дагуу Монгол банкны 2018 оны 6 дугаар сарын 30 -ны өдрийн Английн 1 фунтийн ханш 3229.50 төгрөг гэснийг хөрвүүлбэл 16 147 500 (арван зургаан сая нэг зуун дөчин долоон мянга таван зуун) төгрөгийг хариуцагч Д.Н-гээс гаргуулан өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжпэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д овогтой Д-ын нэхэмжлэлийг хариуцагч Д овогтой Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмгөөлөгч Ц.Б би шүүхээс гардан авсан ба хариуцагчаас гаргасан мэдээлэлд тулгуурлан доорх тайлбарыг гаргаж байна. Д.Н нь Д С-ай гэр бүл болж амьдарч байгаад 2016 онд гэрлэлтээ цуцлууж тусдаа амьдрах болсон байна. Нэхэмжлэгч Д.Д нь Д.С-гийн төрсөн дүү бөгөөд Д.Н, Д.С нарыг гэр бүлийн харьцаатай цаг хугацаанд Д.Нгийн эд зүйлийг ил ба далд аргаар олон удаа авч хохироож байсан, мөн гаражд байсан Ланд-80 маркийн машиныг нь зөвшөөрөлгүй унаж яваад моторыг нь цохиулж эвдэлснээс Д.Н 2.700 ам.доллороор мотор худалдан авч тавьж байсан байна. Д.Д нь 2009-2010 оны үед Англи улсруу гарч тэнд амьдрах болсон ба 2014 оны намар ах, эгч хоёртоо баярласан шүү гээд 5.000 фунт стерлингийг Д.С-гийн дансруу шилжүүлж өгсөн. Бид тухайн үед Д.Д урьд өмнө нь бидэнд учруулж байсан хохиролдоо тооцож дээрх мөнгийг шилжүүлсэн гэж ойлгосон юм. Д.С-руу дээрх байдлаар шилжүүлж өгсөн энэ мөнгийг би хувь аминдаа авч хэрэглэснээ одоо санахгүй байна. 2017 оны 9-р сард Д.С-гийн талд буяны ажил гарч УБ хотод ах, дүү нар цуглах үед Д.Д Англи улсаас ирсэн ба тэр үед Д.Д нь ажил явдлын дараа буцаж явах зардал энэ тэрийг ярихдаа бидний гэрлэлтээ цуцлуулсан асуудалд дургүйцлээ илэрхийлж та хоёрт 5000 фунт стерлинг хүртэл өгч байсан гэхэд нь Д.Н ч мөн “Чи надаас ил далд их авч байсан” гэж маргах үедээ чи тэгээд авах гээд байгаа бол өгч ч болно шүү гэж хэлтэл одоо авъя гэдэг асуудал яригдахад нь одоо мөнгө байхгүй дараа өгье гэтэл гэрээ хийнэ гээд байхаар нь ажил явдлын үед хэрүүл хийж хэл ам гаргаад яах вэ гэдэг утгаар нотариатчид очиж гэрээнд гарын үсэг зурсан гэж Д.Н тайлбарлаж байгаа болно. Мөн Д.Н нь энэ мөнгө надад шилжиж орж ирсэн зүйл байхгүй, Д.С-руу шилжүүлсэн боловч би авч хувьдаа хэрэглэж байснаа санахгүй байна. Мөн Д.Д надад урьд нь олон удаа их хохирол учруулсан тул Д.Сумъяаруу шилжүүлсэн 5000 фунт стерлингийг бид эргүүлж төлөх үндэсгүй. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу би Д.Даас ямар ч мөнгө аваагүй, энэ гэрээ бодит байдлаар хийгдээгүй тул би энэ гэрээний дагуу ямар нэг төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Гэсэн тайлбарыг гаргадаг болно. Д.Нгийн дээрх тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлж гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 07-нд 5000 фунт стерлингийг хүүгүй 2014 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 44 сар 15 хоногийн хугацаагаар зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн агуулга, зээлийн гэх гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээс үзэхэд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд хийгдсэн гэрээ нь бодит байдлаар хийгдээгүй 2014 онд Д.С-руу мөнгө шилжүүлсэн маргаантай харилцааг халхавчилсан дүр үзүүлж хийсэн Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5000 фунт стерлингийн дүнтэй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281.1-д заасан Зээлдүүлэгч Зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, Зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хууль зүйн шаардлагыг хангаагүй байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх нь үндэслэл бүхий болно. Д.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны гэрэний дагуу Д.Нд 5000 фунт стерлингийг зээлдүүлээгүй тул Д.Н гэрээнд заасан мөнгийг төлөхөөс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 209.1 “Хоёр талын гэрээнд” Үүрэг гүйцэтгэгч... нөгөө тал үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно. Иргэний хуулийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол... нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасантай нийцэж байна. Д.Д-аас 2014 онд Д.С-гийн дансруу шилжүүлсэн 5000 фунт стерлинг нь талуудын хооронд маргаантай байх ба энэ нь биеэ даасан эрх зүйн харилцаа тул шаардлагатай бол Д.Д нь эрх зүйн харилцааны төрлөө зөв тодорхойлж зохих субъектэд хандаж нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны Зээлийн гэрээний агуулгаас үзэхэд 2014 онд Д.С-руу шилжүүлсэн 5000 фунт стерлингтэй холбоотой гэрээний үүргийг өөр үүргээр сольж гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэл алга. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Д.Д нь Д.Н-д холбогдуулж 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээг гүндэслэн 16 147 500 төгрөг нэхэмжилсэн ба энэ нэхэмжлэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Иргэний хэрэг үүсч хянагдаж байгаа болно. Д.Н нь Д.Д-тай 2017 оны 9 дүгээр сарын 07-нд хийсэн зээлийн гэрээний дагуу түүнээс 5000 фунт стерлинг зээлж аваагүй, уг гэрээ бодит байдлаар хйигдээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлйн 1-д заасан шаардлагыг хангаагүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн нотлох баримт болох зээлийн гэрээ нь Д.Д-ын үндсэн нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт авагдсан болно гэв.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Д.Д-ын гаргасан  хариу тайлбартаа:

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Хариуцагч Д.Н-д холбогдуулан  нэхэмжлэгч Д.Д нь  зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.Дд холбогдуулан Д.Н 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус  шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч Д.Д 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5000 фунт стерлинг буюу 16 147 500 төгрөгийг Д.Н-д хүүгүй, 44 сар 15 хоногийн хугацаатай зээлж, зээлийн гэрээ  байгуулж, хэлцлийг талууд харилцан тохиролцож амаар хийсэн байх ба  2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бичгийн хэлбэрт хэлцлийг буулгаж, талууд зээлийн  гэрээнд гарын үсэг зурсан байна. /х.х-ийн 4 дүгээр тал/

          Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, мөн хуулийн 42.2-д “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Д нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 147 500 төгрөгийг хариуцагч Д.Н-д зээлж, хэлцлийг амаар хийж, 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

          2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д “2014 оны 10 сарын 15-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 44 сар 15 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцов”, мөн гэрээний 2.5-д “... зээлдэгч хугацааны эцэст үндсэн зээлийг төлөхөөр тохиролцов” гэж талууд хугацааг харилцаж тохиролцсон байх тул хариуцагч Д.Н Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний зүйлийг тохирсон хугацаанд  буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, үүрэг биелүүлэх хугацаа хэтрүүлжээ. Иймд нэхэмжлэгч Д.Д Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Д.Н-гээс зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг  шаардах эрхтэй.

          Өөрөөр хэлбэл 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Н  16 147 500 төгрөгийг хариуцагч Д.Д-д шилжүүлсэн бөгөөд мөнгө хүлээн авсан, зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтанд хариуцагч гарын үсэг зурсан,  гарын үсэг зурсан үйл баримтанд маргаагүй. Иймд хариуцагч Д.Д буюу зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул хариуцагч Д.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгох нь зүйтэй байна. /х.х-ийн 4,5 дугаар тал/

           Хариуцагч Д.Н нэхэмжлэгч Д.Дд холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 онд Д.С-д мөнгө шилжүүлсэн маргаантай харилцааг халхавчилж дүр үзүүлж хийсэн, 2017.09.07-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй, уг өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.

           Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл байдаг бөгөөд хариуцагчийн 2014 онд Д.С-д мөнгө шилжүүлсэн маргаантай харилцааг халхавчилж дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

          Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь  2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  5000 фунт стерлинг буюу 16 147 500 төгрөгийг хариуцагч Д.Н-д зээлсэн хэлцлийг үндэслэн нэхэмжлэл шүүхэд гаргасан. Талууд  2017.09.07-ны өдөр урьд амаар хийсэн хэлцлийг бичгийн хэлбэрт оруулж, гарын үсэг зурж баримтжуулсан үйл баримтыг дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй юм. Учир нь уг зээлийн гэрээний агуулга, мөнгө хүлээлцсэн баримтын агуулга нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд харилцан тохиролцсон хэлцлийг баримтжуулсан байна.Иймд 2017.09.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гэрээний зүйлийг аваагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан шаардлага хангаагүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

         Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдснээр бий болдог хэлцлийн нэг хэлбэр юм. Зохигчдын хоорондох 2017.09.07-ны өдрийн зээлийн гэрээ нь 2014.10.15-ны өдөр амаар хийсэн хэлцлийг баримтжуулж байгаа хэлбэр бөгөөд уг хэлцэл нь зохигчдын хүсэл зоригийг илэрхийлсэн байх ба ямар нэгэн хэлцлийг халхавчилж хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

         Нөгөөтэйгүүр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага нь бие даасан шаардлага биш бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгахаар хариуцагч шаардах эрхтэй. Иймд хариуцагч Д.Н-гийн  2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.        

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь  хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Нгээс зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Н-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 690 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 688 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжинд 238 688 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                 ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ