Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00109

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02158 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мишигдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Бат-Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь Д.Н-тэй 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан английн 5 000 фунт стерлингийг хүүгүй, 44 сар 15 хоногийн хугацаатайгаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа нь дууссан боловч зээлдэгч Д.Н нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор тусгасан боловч үүнээс татгалзаж зөвхөн үндсэн зээл болох 5 000 фунт стерлинг буюу гэрээнд заасны дагуу Монголбанкны 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн английн 1 фунтийн ханш 3 229,5 төгрөг гэснийг хөрвүүлбэл 16 147 500 төгрөгийг хариуцагч Д.Н-гээс гаргуулан өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь Доржийн Сумъяатай гэр бүл болж амьдарч байгаад 2016 онд гэрлэлтээ цуцлууж тусдаа амьдрах болсон байна. Нэхэмжлэгч Д.Д нь Д.Сумъяагийн төрсөн дүү бөгөөд Д.Н, Д.Сумъяа нарыг гэр бүлийн харьцаатай цаг хугацаанд Д.Н-гийн эд зүйлийг ил ба далд аргаар олон удаа авч хохироож байсан, мөн гражид байсан “Ланд-80” маркийн машиныг нь зөвшөөрөлгүй унаж яваад моторыг нь цохиулж эвдэлснээс Д.Н 2 700 ам.доллароор мотор худалдан авч тавьж байсан байна. Д.Д нь 2009-2010 оны үед Англи Улс руу гарч тэнд амьдрах болсон ба 2014 оны намар ах, эгч хоёртоо баярласан шүү гээд 5 000 фунт стерлингийг Д.Сумъяагийн данс руу шилжүүлж өгсөн. Бид тухайн үед Д.Д урьд өмнө нь бидэнд учруулж байсан хохирлдоо тооцож дээрх мөнгийг шилжүүлсэн гэж ойлгосон юм. Д.Сумъяа руу дээрх байдлаар шилжүүлж өгсөн энэ мөнгийг би хувь аминдаа авч хэрэглэснээ одоо санахгүй байна. 2017 оны 9 сард Д.Сумъяагийн талд буяны ажил гарч УБ хотод ах, дүү нар цуглах үед Д.Д Англи Улсаас ирсэн ба тэр үед Д.Д нь ажил явдлын дараа буцаж явах зардал энэ тэрийг ярихдаа бидний гэрлэлтээ цуцлуулсан асуудалд дургүйцлээ илэрхийлж та хоёрт 5 000 фунт стерлинг хүртэл өгч байсан гэхэд нь Д.Н ч мөн “Чи надаас ил далд их авч байсан” гэж маргах үедээ “чи тэгээд авах гээд байгаа бол өгч ч болно шүү” гэж хэлтэл “одоо авъя” гэдэг асуудал яригдахад нь “одоо мөнгө байхгүй дараа өгье” гэтэл “гэрээ хийнэ” гээд байхаар нь ажил явдлын үед хэрүүл хийж хэл ам гаргаад яах вэ гэдэг утгаар нотариатчид очиж гэрээнд гарын үсэг зурсан гэж Д.Н  тайлбарлаж байгаа болно. Мөн Д.Н нь энэ мөнгө надад шилжиж орж ирсэн зүйл байхгүй, Д.Сумъяа руу шилжүүлсэн боловч би авч хувьдаа хэрэглэж байснаа санахгүй байна. Мөн Д.Д надад урьд нь олон удаа их хохирол учруулсан тул Д.Сумъяа руу шилжүүлсэн 5 000 фунт стерлингийг бид эргүүлж төлөх үндэсгүй. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу би Д.Д-аас ямар ч мөнгө аваагүй, энэ гэрээ бодит байдлаар хийгдээгүй тул би энэ гэрээний дагуу ямар нэг төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Гэсэн тайлбарыг гаргадаг болно. Д.Н-гийн дээрх тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлж гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 07-нд 5 000 фунт стерлингийг хүүгүй 2014 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 44 сар 15 хоногийн хугацаагаар зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн агуулга, зээлийн гэх гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээс үзэхэд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд хийгдсэн гэрээ нь бодит байдлаар хийгдээгүй 2014 онд Д.Сумъяаруу мөнгө шилжүүлсэн маргаантай харилцааг халхавчилсан дүр үзүүлж хийсэн Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5 000 фунт стерлингийн дүнтэй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281.1-д заасан зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хууль зүйн шаардлагыг хангаагүй байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх нь үндэслэл бүхий болно. Д.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны гэрээний дагуу Д.Н-д 5 000 фунт стерлингийг зээлдүүлээгүй тул Д.Н гэрээнд заасан мөнгийг төлөхөөс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 209.1-д хоёр талын гэрээнд үүрэг гүйцэтгэгч ... нөгөө тал үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно. Иргэний хуулийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол ... нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасантай нийцэж байна. Д.Д-аас 2014 онд Д.Сумъяагийн данс руу шилжүүлсэн 5 000 фунт стерлинг нь талуудын хооронд маргаантай байх ба энэ нь биеэ даасан эрх зүйн харилцаа тул шаардлагатай бол Д.Д нь эрх зүйн харилцааны төрлөө зөв тодорхойлж зохих субъектэд хандаж нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны зээлийн гэрээний агуулгаас үзэхэд 2014 онд Д.Сумъяа руу шилжүүлсэн 5 000 фунт стерлингтэй холбоотой гэрээний үүргийг өөр үүргээр сольж гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэл алга. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Д нь Д.Н-д холбогдуулж 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн 16 147 500 төгрөг нэхэмжилсэн ба энэ нэхэмжлэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэрэг үүсч хянагдаж байгаа болно. Д.Н нь Д.Даваанямтай 2017 оны 9 дүгээр сарын 07-нд хийсэн зээлийн гэрээний дагуу түүнээс 5 000 фунт стерлинг зээлж аваагүй, уг гэрээ бодит байдлаар хийгдээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаагүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн нотлох баримт болох зээлийн гэрээ нь Д.Д-ын үндсэн нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт авагдсан гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Н-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 690 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 688 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238 688 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, шаардлага, хариуцагчийн тайлбар, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, талуудын дунд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ Д.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 07-нд Д.Н тэй зээлийн гэрээ байгуулж 5 000 фунт стерлингийг 44 сар 15 хоногийн хугацаатай 2014 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн тул Монголбанкны ханш 3 299.5 төгрөгөөр тооцож 16 147 500 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн, хариуцагч тайлбартаа Д.Д нь миний салсан эхнэр Д.Сумъяагийн төрсөн дүү юм. Д.Сумъяатай гэр бүл байх үед Д.Д нь надад олон удаа эд хөрөнгийн хохирол учруулж байсан. “Ланд-80” машиныг минь зөвшөөрөлгүй унаж моторыг эвдэлснээс би 2 700 ам.долларын мотор авч байсан. Д.Д 2009-2010 онд Англи Улс руу гарч амьдарсан. 2014 онд баярласан гэж эхнэр Д.Сумъяаруу 5 000 фунт стерлинг шилжүүлсэн. Үүнийг бидэнд учруулсан хохиролдоо тооцож өгсөн гэж ойлгосон. Үүнээс хойш 2017 оны 9 дүгээр сард Д.Сумъяагийн талд буяны ажил гарч тэнд цугларах бид хоёрын гэрлэлт цуцлагдсан асуудалтай холбоотой хэрүүл маргаан үүссэн. Энэ үед Д.Д та хоёрт 5 000 фунт стерлинг хүртэл өгч байсан гэх үг хэллэг гаргах үед тэр чинь юу юм, тэрнээс их хохирлыг чи надад учруулж байсан биздээ гэхэд чамаас аваагүй эгчээсээ авсан уг мөнгөө чамаас авна гэх мэт хэрүүл гарахад буяны ажлын хажуугаар хэл ам үүсгээд яах вэ гэсний үүднээс 2017 оны 9 дүгээр сарын 07-нд нотариат дээр очиж 5 000 фунт стерлинг зээлж бэлнээр хүлээн авсан тухай гэрээ баримтад гарын үсэг зурж өгсөн. Иймд уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэдэг. Мөн нэхэмжлэгч тал 2017 оны 9 дүгээр сарын 07-нд 5 000 фунт стерлингийг Д.Н-д зээлдүүлсэн тухай гэрээ, мөнгө хүлээлгэж өгсөн гэх баримтыг шүүхэд гаргаж хэрэгт хавсаргуулсан байдаг. Энэ баримт дотор зээлдүүлсэн гэх 5 000 фунт стерлингийг 2014 оны 10 сарын 15-нд 44 сар 15 хоногийн хугацаатай зээлдүүлсэн гэсэн агуулга бичигдсэн байдаг. Дээрхээс үзэхэд нэгт 2017 оны 9 дүгээр сарын 07-нд талуудын дунд хийгдсэн зээлийн гэрээ бодит байдал дээр хийгдээгүй, энэ гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээний дагуу Д.Н 5 000 фунт стерлингийг 2017 оны 9 дүгээр сарын 07-нд зээлж авсан зүйлгүй байна. Хоёрт Д.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны зээлийн гэрээнд заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-нд Д.Даваанямаас 5 000 фунт стерлингийг зээлж авсан үйл баримт байхгүй. Д.Н энэ талаар миний эхнэр байсан Л.Сумъяагийн дансруу Д.Д 5 000 фунт стерлингийг шилжүүлсэн байсан. Буяны ажил дээр эгчээс нь салсан дургүйцэл илэрхийлж дээрх 5 000 фунт стрерлингийг гаргаж дахиад хэрүүл хийгээд яахав гээд буцаагаад өгье гэж хэлээд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны зээлийн гэрээг хийсэн гэж тайлбарладаг. Үүнээс харахад дээрх 5 000 фунт стерлингийг нь нэгт Д.Н-д шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл алга, хоёрт 5 000 фунт стерлингийг талууд бие биедээ зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл алга, гуравт Д.Сумъяаруу шилжүүлсэн 5 000 фунт стерлингийг нэхэж маргаан гаргахад нь төлөөд өгье гэж Д.Нарахүү гэрээнд гарын үсэг зурсан нь бусдын өмнөөс төлбөрийн үүрэг гүйцэтгэж буй эрх зүйн харилцаа байна гэж үзэх үндэстэй. Гэтэл шүүх энэ маргааныг зээлийн эрх зүйн харилцаа гэж дүгнэн 288.1, 282.2 гэсэн зүйл хэсгээр зүйлчлэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангасан нь хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Иймд уг хэргийг хянаж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч Д.Д нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Д.Н-д английн 5 000 фунт стерлингийг зээлдүүлж, зээлийн гэрээг талууд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нөхөн байгуулж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мөнгө хүлээлцсэн болохыг зөвшөөрсөн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/ Талууд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан зээлийн талаар гэрээ байгуулж, харилцан гарын үсэг зурснаас үзэхэд зээлдэгч Д.Н нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь алданги шаардаагүй болно.

Хариуцагч татгалзалдаа 5 000 фунт стерлингийг хүлээж аваагүй гэх боловч 2017 оны 9 сарын 07-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримтад Д.Н  нь 5 000 фунт стерлингийг хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хх-ийн 5 дугаар тал/

Иймд хариуцагч Д.Н-гийн төлөх ёстой нийт үүрэг 5 000 фунт стерлингийг нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны ханш 3 229,5 төгрөгт тооцон 16 147 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Хариуцагч Д.Н  нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч уг зээлийн гэрээ нь  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно. /хх-ийн 4-5 дугаар тал/

Нөгөө талаар, хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02158 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                     

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                     Г.ДАВААДОРЖ