Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00779

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02158 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Д.Д- нь Д.Н-тэй 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5 000 фунт стерлингийг хүүгүй, 44 сарын 15 хоногийн хугацаатайгаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлүүлсэн. ...Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Н- нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тусгасан боловч үүнээс татгалзаж, зөвхөн үндсэн зээл болох 5 000 англи фунт стерлинг буюу гэрээнд заасны дагуу Монгол банкны 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн фунтын ханш 3 229.50 төгрөг гэснийг хөрвүүлбэл 16 147 500 төгрөгийг хариуцагч Д.Н-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Нэхэмжлэгч Д.Д- нь эхнэр Д.Сумъяагийн төрсөн дүү бөгөөд бид нарыг гэр бүлийн харьцаатай байх хугацаанд эд зүйлийг ил ба далд аргаар олон удаа авч хохироож байсан.

...Д.Д- нь 2009-2010 оны үед Англи улс руу гарч тэнд амьдрах болсон ба 2014 оны намар ах эгч хоёртоо баярласан шүү гээд 5 000 фунт стерлингийг Д.Сумъяагийн данс руу шилжүүлж өгсөн. Бид тухайн үед Д.Д-ыг урьд өмнө нь бидэнд учруулж байсан хохиролдоо тооцож дээрх мөнгийг шилжүүлсэн гэж ойлгосон. 5 000 фунт стерлинг хувьдаа авч хэрэглэснээ санахгүй байна.

Иймд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ дагуу би Д.Д-аас 5 000 фунт стерлинг аваагүй, энэ гэрээ бодит байдлаар хийгдээгүй тул төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

...Д.Н- нь Д.Д-тай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн зээлийн гэрээний дагуу түүнээс 5 000 фунт стерлинг зээлж аваагүй, уг гэрээ бодит байдлаар хийгдээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагыг хангаагүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Иймд дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02158 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Н-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 690 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 688 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238 688 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02158 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...шүүх талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн, үүрэг үүссэн мэтээр үзэж Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 281.4 заалтыг хэрэглэн нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ нь бодит үйлдлээс хийсэн зээлийн гэрээ биш, үүрэг шилжүүлсэн хэлцэл ч биш нь тодорхой.

Энэ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хангаж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Д.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 16 147 500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Д.Н- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, харин Д.Д- нь өөрийн урьд өмнө учруулсан хохирлоо арилгахаар 5 000 фунт стерлингийг Англи улсаас эгчийнхээ буюу Д.Н-гийн эхнэр байсан Д.Сумъяагийн данс руу шилжүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн гэрээг дүр үзүүлсэн хуурамч, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүсч нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Зохигч нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Д- нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 44 сар 15 хоногийн хугацаагаар 5 000 фунт стерлингийг хариуцагч Д.Н-д зээлүүлсэн талаар гэрээнд тусгажээ. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0,2 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон байна. Үүнээс гадна зохигч нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж, нэхэмжлэгч хариуцагчид 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5 000 фунт стерлинг өгсөн талаар нөхөн баримт үйлдэж байгааг зааж, зээлдүүлэгч Д.Д-, зээлдэгч Д.Н- баримтад гарын үсэг зурсан байна.

Дээрх нотлох баримтыг хариуцагчийн зүгээс баримтаар үгүйсгэж чадаагүй, зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтад тусгасан үйл баримтууд бодитоор болоогүй, харин Д.Сумъяатай үүссэн эд хөрөнгийн маргааныг халхавчлах зорилготой байсан гэх  тайлбараа нотлоогүй тул хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтад үндэслэн шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Зээлийн гэрээний зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02158 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 477 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН