Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/шш2019/03025

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... ХХК-д холбогдох,

13,685,000 /арван гурван сая зугаан зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... ХХК-ийн М....ээс 3,200,000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л...., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У...., хариуцагчийн өмгөөлөгч Т.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Л....ын хамт гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 17/36 тоот гэрээгээр ... ХХК-иар 14,000,000 төгрөгийн 8х6 харьцаатай байшин, 4х2 харьцаатай тамбарыг бариулахаар гэрээ байгуулсан. Байшингаас манайх палкны үнэ 2,000,000 төгрөг, паркетан шалны үнэ 450,000 төгрөгийг суутгуулж, нийт 11,550,000 төгрөгөөр бариулахаар тохирсон. 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 6,000,000 төгрөгийг ... тоот дансанд, үлдэгдэл 5,550,000 төгрөгийг мөн дансанд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж төлбөрөө дуусгасан. Ингээд тохирсон хугацаанд байшинг барьж гүйцэтгээгүй 1 жил 9 сар болсон тул гэрээний дагуу болон дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын дагуу хувийн сууцны дотор засал болон далий муруй хийгдсэн ажлын хохирлын үнэлгээний дүн 3,021,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээнд тусгагдаагүй үлдсэн хаалга (2ш*60,000120,000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээчний төлбөр 140,000 төгрөг, гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөгийн төлбөрөө өгсөн өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 578 хоногийн хугацаанд нэг хоногийн 0,3 хувийн хүү 18,000 төгрөгөөр тооцуулан хохирол 10,404,000 төгрөг, нийт 13,685,000 төгрөг гаргуулах гаргуулах хүсэлтэй. Анх байшин бариулахаар тохиролцохдоо ... ХХК-ийн реклам бүхий брошураас тамбарын хэсгийг орсон байшин бариулахаар зургийг өгч гэрээнд хавсаргасан. 3х3 харьцаатай тамбар хийнэ гэсэн нь гэрээнд 4х2 гэж бичигдсэн. Тамбарын урд талын шувуун нуруу гурвалжин байсан боловч налуу болгосон. Тамбарыг налуу дээвэртэй байхад нь гурвалжин болгосон. Байшинг чанарын шаардлага хангалгүй дутуу гүйцэтгэсэн. Хундаамыг хийхдээ газрыг 30-40 см ухаж байж барих байтал газар дээр нь цутгаад барьсан. Гэрээ нь түлхүүр хүлээж авах нөхцлөөр хийсэн боловч, цонх, хаалга онгойхгүй, хана далий барьсан. Чанар муутай паркет өгсөн гэж байгаа ч, шинжээчийн дүгнэлтэд паркетийг хуулаад үзэхэд шалан дээр тэгшилгээ яваад, шал цутгах байтал тэгшилгээгүй шууд шалаа цутгасан байна гэсэн. Дотор хана маш далий, муруй хийгдсэн байна гэдэг. Мөн дулаалгын шаардлага хангахгүй зүйл хийж өгчихөөд нэмэлт мөнгө авна гээд байна. 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хийсэн гэрээний дагуу ажлыг 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх ёстой. Гэтэл гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэлгүй 25 сар 20 хоног болсон байна. Уг гэрээнээс болоод М.... мөнгө хөрөнгө, цаг хугацаа болон бүх зүйлээрээ хохирч байна. Нэхэмжлэгч энэ гэрээг байгуулахдаа цалингийн зээл авч хариуцагчид өгсөн байдаг. Одоо мөнгөгүй учир хэн нэг гуравдагч этгээдээр дахин гүйцэтгүүлэх боломжгүй. Гэрээнд заасан хугацаанд чанарын шаардлага хангасан байдлаар ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учир уг гэрээнээс учирсан хохирлоо шаардахын зэрэгцээ, гэрээгээр болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алдангийг нийт 740 хоногоор бодоод үзвэл 25,641,000 төгрөгийн алданги төлөхөөр байгаа ч, бид байшинг хүлээлгэж өгөх 2017 оны 7 дугаар сарын 25-наас нэхэмжлэл гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд 0,3 хувиар буюу 1 өдрийн 18,000 төгрөгөөр тооцож бүгд 10,404,000 төгрөг шаардсан. Гэрээнд хүү гэж бичсэн байгаа боловч бодитоор хариуцлага тооцсон, анз гэж үзнэ. Шинжээчийн зардалд бид зардлын 50 хувь болох 750,000 төгрөг төлсөн байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

... Манай компани 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 17/36 дугаартай Палкан байшингийн материал нийлүүлэх барих захиалгын гэрээг М....тэй байгуулсан. Уг гэрээгээр 8*6 хэмжээтэй палкан байшин, 4*2 хэмжээтэй тамбар барихаар, нийт 48 м.кв талбайтай байшинг 14,000,000 төгрөгөөр барихаар хоёр тал харилцан тохиролцсон. Ажлын явцад М.... нь 2,000,000 төгрөгийн палк, 450,000 төгрөгийн шалыг өөрөө гаргахаар болсон тул ажлын хөлсөөс хасч, 11,550,000 төгрөгийг төлөхөөр хоёр тал амаар тохиролцон гэрээндээ өөрчлөлт оруулсан. Дээрх гэрээний дагуу байшин баригдаж байх явцад М....ийн зүгээс 12 м.кв-ыг нэмж бариулах хүсэлт гаргасан тул бид харилцан тохиролцож, барилгад өөрчлөлт оруулж барихаар болсон. М.... тухайн нэмэлтийг бариулах палкыг 4,200,000 төгрөгийн хамт нэмж өгөхөөр болж зөвшөөрсөн. Манай компани байшингийн 12 м.кв-ыг өөрийн хөрөнгөөр нэмж барьсан бөгөөд, М.... тохирсон 4,200,000 төгрөгөө төлөөгүй тул арга буюу 90 хувьд хүргээд ажлыг түр зогсоосон. Төлбөрөө төлвөл ажлыг хийж гүйцэтгэн дуусгая гэсэн боловч төлбөрөө төлөөгүйн улмаас байшинг гүйцээж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин бид нэхэмжлэгчээс тухайн байшингийн өргөтгөлд зарцуулсан зардлаа нэхэмжлэх болно... гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон, өмгөөлөгч Т....ийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

... Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байх явцад М.... нь палк илүү гарах тул загвар гаргаж байшингийн нүүрэн талд 4 м.кв нэмүүлэх, тамбарын хэсэгт 3*3 хэмжээтэй өрөө нэмж, нийт 12 м.кв нэмүүлж бариулах хүсэлт тавьсны дагуу хийж, 3*3 хэмжээтэй өрөө тамбар барих хэсэг нэмж, байшин хойд хэсгээрээ 11 м болж сунгаж байгаа тул дээвэр мөн 11 м уртаашаа сунгасан. Иймд анх тохирсон гэрээт ажлаас илүү ажил, зардал орох болсон тул М.... нь палкаа өөрөө өгч 4,200,000 төгрөг төлж нэмэлт ажлаа хийлгэхээр амаар тохиролцсон. Бид өөрсдийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж байсан боловч төлбөрөө төлөхгүй байсны улмаас зөвхөн 3*3-тай тамбарын хэсэгт нэмсэн өрөөний лампир тааз, шал шахах ажил, бүх өрөөний обой, обой наах ажлыг л хийгээгүй үлдээсэн. Иймд хийгээгүй дээрх ажлын хөлс, материалын зардалд 1,000,000 төгрөгийг тооцож хасаад, үлдэгдэл ажлын хөлс, материалын зардал болох 3,200,000 төгрөгийг нэхэмжлэгч М....ээс нэхэмжилж байна. 11,500,000 төгрөг бол гэрээнд тусгаж паркет, палкаа хасч тохирсон үнэ. ... бол байшинг анх тохирсноос 3х3 хэмжээтэй сунгаж, нийт 12 мкв хэмжээтэй болгохоор тохирч, тэр хэмжээгээр сунгагдсан. Манай байгууллага өөрсдийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж байсан боловч өрөөний лампир, тааз, обойг хийлгүй үлдээсэн. Нэхэмжлэгчийн өгсөн паркетан шал нь хуучирсан шаардлага хангахгүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд тодорхой материалуудын зардлыг хийгээгүй гэж үзэхгүй, пийшин, цонх зэргийг хийгээгүй гэж хэлэхгүй хэмээн дүгнэсэн байна. Нэхэмжлэлд гэрээнд зааснаар хүү тооцно гээд 10,404,000 төгрөг шаардаж байна. Анз, дэнчин, баталгаа, батлан даалт гэх үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд байгаа. Хүү бол үүргийн гүйцэтгэлийг тооцох арга биш учраас уг шаардлага үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талын гэрээнд хавсаргасан зургийн дагуу хийнэ гэж тохироогүй. Харин сүүлд эдний гэрээнд хавсаргаж өгсөн байгаа зургийг палк илүү гарвал ингэж хийж болно гэсэн байдлаар л хавсаргасан. Байшинг наашаа сунгах байсан бол энэ талаар гэрээнд тусгана. 8х6 хэмжээтэй мансардгүй палкан байшингийн хэмжээг гадна талаар нь тооцно гэж дурдсан. Жижиг барьж байгаа байшинд тогтоосон стандарт норм гэж байдаггүй. Гадна талаараа 48 мкв хангалттай хүрнэ. Нэмсэн өрөө нь 9.83 мкв байсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү. Шинжээчийн зардалд 750,000 төгрөгийг төлсөн... гэв.

Нэхэмжлэгч М.... хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар болон, уг тайлбараа дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

...План зургийн дагуу захиалсан байшингийн нүүрэн хэсэг нь анхнаасаа урагшаа илүү гарсан хэсэгтэй байсан бөгөөд, барилгаа барихдаа харин тэр хэсгийн дээврийн загварыг хэлэлгүй өөрчилж, шууд налуу байдлаар гаргасан байсан. Захиалгын гэрээнд тамбар 3*4 хэмжээтэй, 3-ын банкаар барих талаар заасан байсан боловч манайхаас гаргаж өгсөн палк нь илүү гарсан тул тамбар хэсгийг мөн палкаар өрсөн. Түүнээс биш тамбар хэсэг дээр нэмж 12 м.кв бариулсан зүйл байхгүй. Тамбар хэсэгт орох ёстой байсан 2 м 20 урттай 3-ын банк нь дээвэр хэсэгт нэмэлтээр орсноос өөрөөр тус компаниас гарсан барилгын материал байхгүй. Захиалагч талаас өөрсдийн гэрээнд заасан үүрэг болох хундам цутгах, хайрга, элс, цемент, ус зэргийг саадгүй гаргаж өгөөд зогсохгүй, ажилчдын байр, хоолыг хийж байсан. Мөн хямд үнээр 12*12 хэмжээтэй 176 ширхэг палк, 15*15 хэмжээтэй 25 ширхэг палк, дам нуруунд 12*12 хэмжээтэй 17 ширхэг палк, нийт 218 ширхэг палк орсон бөгөөд, 20,000 төгрөгөөр бодвол 4,360,000 төгрөг, дээрээс нь паркетан шалны 450,000 төгрөгийг нэмвэл нийт үнийн дүнгээс 4,180,000 төгрөг хасагдаж тооцогдох байсан. Бидний хооронд ямар нэгэн үнийн дүн ярьсан яриа болоогүй бөгөөд, гарч байгаа палкийн хэмжээг харилцан хараад, банз байх хэсэгт палк өрүүлэх, түүнээс гарсан 3-ын банзаар нь дээвэр тааз зэрэгт оруулах, тамбарын дээврийн налууг А нуруугаар хийх буюу нэгээс нь нөгөөд шилжүүлэх талаар ярилцан хийсэн. Хариуцагч гэрээний хугацаанд хийх ёстой ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй төдийгүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй барьсан. Гэрээгээр материал худалдах үнэ, ажлын хөлс бүгд ороод 14,000,000 төгрөг гэж байгуулсан атал шүүхэд нэхэмжлэл гаргахаар огт хамааралгүй төсөв гарган ирж, хэлэлцэн тохиролцоогүй үнийн дүн нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээгээр тохирсноос өөрөөр хаана нэмэлт ажил хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Гэрээнд палкаа 20,000 төгрөгөөр үнэлсэн. Дам нуруунд ашигласан 25 ширхэг палк захиалагчаас гарсан. Үүнийг 20,000 төгрөгөөр үржүүлвэл 4,400,000 төгрөг болно. Гэтэл бид зөвхөн 2,000,000 төгрөгийг л гэрээний үнээс хасуулсан. Хариуцагч тал нэмэлт ажил хийлгэхээр 4,200,000 төгрөг авахаар тохирсон гэж байгаа нь үндэслэлгүй. Тийм зүйл ёстой яригдаагүй. Байшинг өргөтгөнө гэж ярьсан зүйл байхгүй. Гэрээний дагуу л тохирсон хэмжээгээр барьсан. Тамбар бол дарга нь хэлэхдээ палк чинь илүү гарлаа, тамбараа палкаар өрүүлчих гэхэд нь за гээд өрүүлсэн. Тэрэнд орох банз ч илүү гарч байна. Өөрөө ирж уулзахгүй байж 4,200,000 төгрөг өгөөгүй тул байшин дуусаагүй гээд байна. Тийм зүйл ерөөсөө яригдаагүй... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, далий муруй хийгдсэн ажлын хохирлын үнэлгээний дүн 3,021,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээнд тусгагдаагүй үлдсэн хаалга (2ш*60,000) 120,000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээчний төлбөр 140,000 төгрөг, гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөгийн төлбөрөө өгсөн өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 578 хоногийн хугацаанд нэг хоногийн 0,3 хувийн хүү 18,000 төгрөгөөр тооцуулан хохирол 10,404,000 төгрөг, нийт 13,685,000төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч ... ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч М....ийг нэмэлт ажил гүйцэтгүүлсний төлөгдөөгүй хөлс 3,200,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлаж маргасан.

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 17/36 тоот Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ бичгээр байгуулагдан, уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч ... ХХК нь Сонгинохайрхан дүүргийн .... тоот дахь М....ийн хашаанд ...8*6 хэмжээтэй, мансардгүй палкан байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу, дээврийн төмөр 3-ын банзан дээвэр, пишингийн тоосго, лапер тааз, паркетан шал, обой, 5 ширхэг вакум цонх, 5 ширхэг модон хаалга, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж, шохойтой цаас хадаж, 3-н банзан 4*2 хэмжээтэй тамбар...-ыг тус тус барьж, захиалагч М....т хүлээлгэн өгөх, захиалагч нь хундам цутгах цемент 30 уут, элс, хайрга болон, ажилчдын байр, хоолыг бүрэн хариуцах үүрэг хүлээж, гэрээний нийт үнэ 14,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх 15/

Дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд, ажил гүйцэтгэх материалаас палкыг захиалагч тал хариуцах, түүний үнэ 1 ширхэгийг 20,000 төгрөг тооцохоор харилцан тохиролцож, улмаар гэрээний нийт үнийг 11,550,000 төгрөг байхыг зөвшөөрч, захиалагч талаас энэ төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд болон, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх 4-5/

Зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй боловч, гэрээний дагуу гүйцэтгэхээр тохиролцсон ажлын талаар өөр өөрийн үндэлэлийг гаргаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч тал гэрээ болон түүнд хавсаргасан танилцуулга бүхий зургийн дагуу анх 8*6 хэмжээтэй байшинг урдаа доголтой, хажуудаа тамбартай хийхээр тохиролцсон бөгөөд, ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй чанарын доголдолтой ажил дутуу гүйцэтгэсэн, зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээс хохирол учирсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Харин хариуцагч тал гэрээний дагуу 8*6 хэмжээтэй энгийн байшин хийхээр тохирч, байшин барихад ашиглагдах палкнаас илүү гарсан тохиолдолд нэмэлтээр байшингийн урд доголтой хийхээр тохирч, улмаар гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад захиалагчаас гаргасан хүсэлтийн дагуу ажлын гүйцэтгэлийг өөрчлөн нэмэлт ажил буюу, тамбарыг дээврээр сунгуулан өрөө болгож, уг ажлын зардал 4,200,000 төгрөгийг захиалагч төлөхөөр тохирсон боловч, тийнхүү тохирсон нэмэлт зардлыг төлөөгүйгээс ажлыг дуусгаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Маргаан бүхий гэрээний дагуу талууд гэрээний зүйл болох байшинг урдаа доголтойгоор буюу гэрээнд хавсаргагдсан байдлаар хийхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь ажил гүйцэтгэгч ... ХХК-иас захиалагч М....т гэрээ байгуулах үед гэрээнд хавсаргасан брошур зураг нь гэрээний хавсралт Давхарын байгуулалт М1:50 гэх бүдүүвч зурагтай ижил загвартай байна.

Харин гэрээгээр тохиролцсон тамбарын оронд нэмэлт өрөө хийлгэсэн гэж үзэх мөн үндэслэлтэй байх тул ажил гүйцэтгэгчид уг ажлыг хийж гүйцэтгэсний улмаас нэмэлт зардал гарсан байх боломжтой.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээх ба, маргаан бүхий гэрээний дагуу ... ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байшингийн материалыг захиалагчийн гадна буулгаж, энэ өдрөөс хойш 10-15 хоногт хийж гүйцэтгэхээр хугацааг гэрээнд тусгайлан зааж, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч М.... урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөс эхлэн сараас 0,3 хувийн хүү тооцож буцаан авахаар зааж, харин захиалагч нь үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоног тутамд үнийн дүнгийн 0,3 хувийн хүү тооцож ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцжээ.

Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан дээрх хугацаанд тохиролцсон ажлыг хийж дуусгаагүй болохоо хүлээн зөвшөөрөх бөгөөд, үүний шалтгааныг нэхэмжлэгч тал нэмэлт ажил хийлгэх хүсэлт гаргасны дагуу заасан хугацаанд ажил дуусаагүй талаар тайлбарлана.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж, мөн хуулийн 353.3 дахь хэсэгт Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж гэрээний зүйлийн чанарын доголдлын талаар хуульчилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу томилогдсон шинжээч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн, Барилга, Архитектурын сургууль, Геотехникийн судалгааны төв-ийн дүгнэлтээр маргаан бүхий барилгыг бүхэлдээ хэвийн ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн дүгнэсэн нь уг ажлын гүйцэтгэл биет байдлын доголдолтой болох нь тогтоогдсон.

Тиймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирлоо хариуцагчаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй тул түүний шаардсан хохирлын нийт үнэлгээ болох 3,021,000 төгрөг, уг үнэлгээг хийлгэхэд гарсан зардал 140,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч ... ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /хх 6-14, 85-97/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас 10,404,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу урьдчилгаанд төлсөн 6,000,000 төгрөгөөс хоногийн 0,3 хувиар, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож, гэрээнд бичигдсэнээр буюу хүү хэмээн шаардсан бол, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч ...үгийн шууд утгаар гэрээний агуулгыг тодорхойлох бөгөөд, гэрээнд хүү төлөхөөр тохиролцсон ба, хүү бол үүргийн гүйцэтгэлийг тооцох арга биш... гэж тайлбарлаж маргасан.

Талууд гэрээнд: ...А тал гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөсөө эхлэн сараас 0,3 хувь хүү тооцож буцааж авна. ...Б тал үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоног тутам үнийн дүнгийн 0,3 хувь хүү тооцож А талд төлнө.. хэмээн тусгажээ.

Хэдийгээр Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах шаардлагатай боловч, мөн хуулийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэв гэрээний аль нэг нөхцлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож хийнэ хэмээн хуульчилсан бөгөөд, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж тодорхойлон, хуулийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр хуульчилсан байна.

Маргаан бүхий гэрээний заалтаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохилдолд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг буюу хариуцлага тооцох асуудлыг тохиролцсон байна. Хэдийгээр нэршлийн хувьд хүү гэж тодорхойлсон байгаа боловч, агуулгын хувьд ...Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0,3% хүү тооцон А талд төлөх, ...А тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...сараас 0,3% хүү тооцон Б талд төлөх... хэмээн хариуцлага хүлээхээр оруулсан байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба, талуудын байгуулсан гэрээнд 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн 6,000,000 төгрөгөөс хоног тутам 0,3 хувиар тооцон нэг хоногийн алданги 18,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 578 хоногоор тооцоолон, нийт 10,404,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иймд хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу талуудын гэрээгээр тохирсон нийт дүн 11,550,000 төгрөгийн 50%-д нийцүүлэн, 5,775,000 төгрөгийн алдангийг хариуцагч ... ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч М....т олгож, алдангид илүү шаардсан 4,629,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч М.... нь хариуцагчаас 2 ширхэг хаалганы үнэ (1 ширхэгийг 60,000 төгрөгөөр тооцсон) 120,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгэн, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 8,936,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,749,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч М....ээс гэрээгээр тохиролцсон ажил дээр нэмэлтээр хийсэн ажлын зардал 3,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хэдийгээр ажил гүйцэтгэгчид нийт 4,200,000 төгрөгийн нэмэлт ажлын зардал гарсан гэх үнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч, байшингийн тамбар буюу үүдний хэсгийг өрөө болгож өөрчлөн, уг ажлаас шалтгаалан дээврийн хэмжээ сунгагдсан болох нь гэрээний хавсралт дахь Давхрын байгуулалт М1:50 гэх бүдүүвч зураг, хэрэгт авагдсан Шинжээчийн дүгнэлтийн хавсралт дахь хэмжилтийн зураг зэргээр талуудын гэрээгээр тохиролцсон 8*6 хэмжээтэй хийхээр тохирсон байшин 11*6 хэмжээтэй болсон нь тогтоогдож байна. /хх 16, 88/

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор 2 ширхэг зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасан бөгөөд, тэдгээр баримтын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хангай зах, Т....гаас 898,500 төгрөгийн бараа материал худалдсан Зарлагын баримт авагдсан боловч уг баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, баримтад заагдсан бараа материалыг хэнд худалдсан болох нь тодорхойгүй байна. Харин 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Цайз зах Г....ы Зарлагын баримтаар ... ХХК-д 2,250,000 төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг 3-ын банз худалдсан болох нь тогтоогдсон, тэдгээр банзыг ажил гүйцэтгэхэд ашигласан эсэх талаар нэхэмжлэгч тал маргаагүй учир ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчаас гарсан зардал 2,250,000 төгрөгийг нэхэмжлэгч М....ээс шаардах эрхтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М....ээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2,250,000 төгрөг гаргуулан хариуцагч ... ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 950,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 8,936,000 /найман сая есөн зуун гучин зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,749,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М....ээс 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулан хариуцагч ... ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 950,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,375 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 65,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 157,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 50,950 төгрөг гаргуулах хариуцагчид тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА