Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2017/0624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хамтран хариуцагч: Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, иргэдийн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “... Б.Б нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн
Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд үүрэгт ажлаа авсан өдрөөс эхлэн орон нутгийн ажилдаа идэвхийлэн орж дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг маш сайн гүйцэтгэн 2015 онд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тогтоолоор явцыг 84.5 хувьтайгаар, 2015 оны нийгэм эдийн засгийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 92.6 хувийн биелэлттэй  хэмээн миний үйл ажиллагааг 
хангалттай” гэж дүгнэгдсэн.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар Багануур дүүргээс Улсын Их Хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн 4 хүн олонхийн санал авч ялалт байгуулсны дараа дүүргийн Монгол ардын намын хорооноос зарим гишүүн, иргэдийн хурлын Төлөөлөгчид Улсын Их Хуралд олонхи болсон тул дүүргийг хүчээр авна хэмээн сүрдүүлэх болсон.

Монгол Ардын намын гишүүд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчид 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дангаар хуралдаж хуучин даргаа чөлөөлж шинээр Монгол Ардын намын гишүүн, иргэдийн Хурлын төлөөлөгч С.Дг Хурлын даргаар томилсон байдаг. С.Д нь Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон даруйдаа дүүргийн Засаг даргаас намайг хууль зөрчин үндэслэлгүйгээр огцруулсан шийдвэрийг гаргасан байна.

Тогтоолоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7 дахь заалтууд, Монгол Ардын намын бүлгийн санал, дүгнэлтийг үндэслэж  гаргасан бөгөөд тогтоолын 1 дүгээр хэсэгт “Дүүргийн Засаг дарга Б.Б нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул намын бүлгийн дүгнэлтийг үндэслэн түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулсугай” гэж заажээ.

Уг тогтоол нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд хуралдаанд намайг өөрийн биеэр байлцуулаагүй, миний ажлын тайланг сонсоогүй, асууж тодруулаагүй, чухам ямар чиг үүргээ хэрэгжүүлж, биелүүлж чадаагүй нь тодорхойгүй байхад шинэ хурлын дарга, намаараа бүлэглэн тогтоолыг гаргасан байна.

Мөн тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-т заасан “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулна гэснээс үзвэл Хурлын дарга намайг огцруулах асуудлыг хуралд оруулсан” байх ёстой бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасны дагуу Хурал хуульд заасан чиг үүргийн дагуу огцруулах санал гаргаж дээд шатны Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл санал гаргаагүй шууд огцруулсан, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г-д заасан бүрэн эрхийг Хурал эдлэх бөгөөд тогтоол хуульд нийцээгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гаргах хуульд  заасан журам, нөхцлүүдийг зөрчсөн байна.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан бөгөөд шинээр Засаг дарга томилогдсон байх тул Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоол гарсан өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт 95 өдрийн цалин хөлсийг нөхөн олгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Б.Бийг хууль бусаар үндэслэлгүйгээр Засаг даргаас огцруулсан бөгөөд 08 тоот тогтоолыг гаргаж ажлаас чөлөөлөөгүй байсан бол ээлжит сонгууль хүртэл ажлаа бүрэн хийх боломжтой байсан. Ээлжит сонгууль болж Багануур дүүргийн иргэдийн Төлөлөгөчдийн Хурлын анхдугаар хурал 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан бөгөөд шинээр Засаг дарга томилогдсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хулуийн 38 дугаар зүйлийн 38.1-т “аймаг нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрд урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг үндэслэн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас Б.Бийн урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг гаргуулан Б.Бид олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

“...Тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Б нь 2016 он гарснаар ажилдаа ирвэл зохих 157 өдрөөс 64 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй ажил тасалсан. Тэрээр архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг бөгөөд энэ байдал нь Тамгын газрын ажилтан албан хаагч нарт буруу үлгэр дуурайлал болдог. Ажилчид нь ажилдаа ирдэггүй, дүүргийн ажил үндсэндээ зогсонги байдалд орсон, иргэдийн өргөдөл хүсэлт зэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй. Энэ байдлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаасанхааралдаа авч Засаг даргын тайланг сонсох цаашид дээрх зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болж хурлыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зарласан. Товыг Засаг дарга Б.Б болон Ардилсан намын нэр бүхий төлөөлөгч нарт урьдчилан мэдээлсэн.

Ингэж мэдээлэхдээ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Facebook” грүпп, гар утсаа авахгүй байгаатөлөөлөгч нар руу “message”-ээр хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлдээ дурьдахдаа нууцаар хуралдсан, надад болон төлөөлөгч нарт хурлын товыг мэдэгдээгүй гэх мэтээр гүтгэсэн байна.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Засагзахиргаанутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар “Засаг дарга чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тогтоол гаргасан. Иймд дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Б.Б нь Засаг даргын Тамгын газраас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,129,637 төгрөг, мөн Засаг дарга ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 4,605,429 төгрөг нийт 7,735,066 төгрөг нэхэмжилсэн байна.

Энэхүү 7,735,066 төгрөгийг Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох”-оор хуульчилсан байна.

Тэгэхээр Нийслэлийн Засаг даргаас Б.Бийг ажилд эгүүлэн томилсон шийдвэр гараагүй учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй юм. Мөн ажилтны дундаж цалин хөлсийг бодохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаар бодож тооцно гэж заасан аргачлалын дагуу бодож гаргаагүй байна.

Мөн Б.Б нь ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д заасан бүрэн эрхийн хүрээнд Засаг даргыг огцруулах санал гаргаж, Нийслэлийн Засаг даргад уламжилсны дагуу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/155 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн учраас нэхэмжилсэн 4,605,429 төгрөгийг Засаг даргын Тамгын газраас олгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг маш сайн гүйцэтгэсэн...хууль зөрчин үндэслэлгүйгээр огцруулсан...хуралдаанд намайг байлцуулаагүй, ажлын тайланг сонсоогүй, асууж тодруулаагүй...Нийслэлийн Засаг даргад санал гаргаагүй шууд огцруулсан....08 тоот тогтоолыг гаргаж ажлаас чөлөөлөөгүй байсан бол ээлжит сонгууль хүртэл ажлаа хийх бүрэн боломжтой байсан” гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 1.Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар тогтоолоор ээлжит бус 17 дугаар хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайлан болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус 17 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзвэл “дүүргийн Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайланг Хуралд ирүүлээгүй...үүрэгт ажилдаа хайнга хандсан...хангалтгүй биелүүлсэн” хэмээн дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар түүнийг огцорсонд тооцохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн мөн өдрийн 08 тоот тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7 дахь заалтыг үндэслэн Б.Бийг “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж үзэж бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах, хуралдааны энэхүү шийдвэрийг Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэх, Засаг даргыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч Т.О*******д шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1.г-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг Нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны Засаг даргыг огцруулах асуудлаар зөвхөн санал гаргах эрхтэй бөгөөд уг саналд үндэслэж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал байхад Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Б.Бийг шууд огцруулсан хууль зүйн үндэслэлгүй.  

Тодруулбал, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж, Монгол Улсын Засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “...тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад ... хүргүүлнэ”, 32.3-т “дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн, ингэснээр маргаан бүхий акт болох 08 тоот тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар тогтоолоор дүүргийн ээлжит бус 17 дугаар хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу 14 хоногийн өмнө товлон хуралдуулахаар тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх “... бусад хуралдааныг ... хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэснийг зөрчсөний дээр нэгэнт хэлэлцэхээр тогтоосон асуудал болох дүүргийн Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэлгүйгээр дүүргийн Засаг даргыг огцруулсан нь хууль бус болжээ.

2. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар дүүргийн Засаг даргыг огцруулах эсэх нь Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/155 дугаар захирамжаар Багануур дүүргийн Засаг дарга Б.Бийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын Б/155 тоот захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг захиргааны актад дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6450 дугаар захирамж энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох "2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 30100 төгрөг гаргуулжнэхэмжлэгчид олгосугай.

3.Актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6450 дугаар захирамж энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуунэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН

       ШҮҮГЧИД                                      О.ОЮУНГЭРЭЛ

                                                    М.ЦЭЦЭГМАА