Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01311

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн .... байрлах, регистрийн дугаар ..., К... банк ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ..., Д...ын Н...,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ..., Боржигон овогт П...ийн Б...  нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 57 636 545 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай,

 

К... банктай 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч П.Б...гийн сөрөг шаардлагатай,

 

К... банктай 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Д.Н..., П.Б... нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.М...ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд :Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э..., Х.Идэрбулган, хариуцагч Д.Н..., хариуцагч П.Б...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Н...гийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М...ын өмгөөлөгч Ч.Н.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Нэхэмжлэгч К... банк ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Н... тус банктай 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд Д.Н..., П.Б..., Б.Анхбаяр, Б.М... нарын хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо,  ... тоотод байршилтай, 35 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн.Гэтэл Д.Н... зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байна.Банк Д.Н...г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна.Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Н..., П.Б... нараас зээлийн төлбөрийн 57 636 545 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсэж байна гэжээ.

 

             Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:К... банк Д.Н..., П.Б... нарын хооронд 50 000 000 төгрөгийг, жилийн 25,2 хувийн хүүтэй, 5,04 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан.Зээлийн гэрээний барьцаанд Д.Н..., П.Б..., Б.Анхбаяр, Б.М... нарын хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 35 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн. Зээлийн эргэн төлөлт сар болгоны 25-ны өдөр 1 472 460 төгрөг төлөхөөр гэрээнд заасан бөгөөд зээл төлөх хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар заасныг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг.Зээлдэгч нь үндсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 900 000 төгрөг төлөх байтал анхны төлөлтөөсөө зээлээ хугацаанд нь төлөөгүй байдаг бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн зөрчил гаргасан ба өнөөдрийг хүртэл 635 хоногийн зөрчилтэй, 485 хоногийн хүүгийн зөрчилтэй байна. Мөн 2017 оны 3 дугаар сарын байдлаар 25 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй байх байтал 42 307 770 төгрөг байна.Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийн гэрээг цуцлуулахаар шаардлага гаргаж байна.Зээлдэгч нараас үндсэн зээлийн 42 307 769 төгрөг, 14 783 420 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 545 355 төгрөг нийт 57 636 545 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 35 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Н... 2016 оны 7 дугаар сарын 4-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр К... банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 60 сар буюу 5 жилийн хугацаатай, 50 000 000 төгрөгийг, жилийн 25,2 хувийн хүүтэй зээлсэн.Зээлээс 7 692 231 төгрөгийг төлсөн.Улс орны эдийн засаг, мөнгө төгрөгийн асуудал, ажил үйлчилгээ явуулах боломжгүй байгаагаас зээл төлөлтөнд хүндрэл гарсан.Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөл байдлыг харгалзан хуулийн дагуу дүгнэлт хийж эрх мэдлийнхээ хүрээнд зээлийн хүүг бууруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би К... банкнаас 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 5 жилийн хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийг би төлж байсан.Зах зээлийн уналтаас болоод би ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, татвараа төлж чадахгүй улмаар зээлийг төлж чадахгүй болсон.Би зээлээ төлж чадаагүй буруутай, би бизнесийн зээл аваагүй, банк тухайн үед зориулалт харгалзахгүй гэж сурталчилгаа хийсэн, би зээлээ төлж чадахгүй нэг буруутай байхад банк 9 буруутай үйлдэлтэй байна.Үүнд зээл хүүг 49 500 000 төгрөгөөс бодох ёстой, хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлана гэж байгаа, банк торгууь авдаггүй гэсэн атлаа хүү торгууль бодоод нэхэмжлэл гаргасан байна, барьцааны гэрээнд насанд хүрээгүй хүүхдээр гарны үсэг зуруулсан, би авсан зээлээсээ 29 сая төгрөгийг төлсөн.Банк намайг зээлээ төл эсвэл байраа өг гэж хүнлэг бусаар ярьдаг.Би зээлээ 19 удаа дараалан 1 500 000 төгрөгөөр төлсөн.Энэ төлөлтийн 1 000 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцоод, 500 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдах ёстой.Гэтэл үндсэн зээлийн төлбөрөөс хасаагүй, миний тооцоогоор үндсэн зээлээс 13 000 000 төгрөг хасагдах ёстой.Барьцааны гэрээнд миний хүүгээр гарын үсэг зуруулсан атлаа банк миний хүүхэд рүү утсаар ярьж айлгаад 13-14 км алхуулсан байгаад банкны ажилтаны ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.Би үндсэн зээлээс 13 000 000 төгрөгийг хасаад 37 000 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна.Би зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн П.Б...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд хийгдсэн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна.Энэ зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр болсон тул авсан мөнгөө л төлнө.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч П.Б... шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:Би хамтран зээлдэгчийн хувьд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг шаардлага гаргаж байна.Нийслэлийн давж заадах шатны шүүх дээрх гэрээг хянаад тус гэрээг байгуулах үед миний хүүг насанд хүрээгүй, эрх зүйн чадваргүй байсан талаар дүгнэсэн.Иймд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гээр байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч П.Б...гийн өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр К... банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулахад тэдний хүү Б.М... нь насанд хүрээгүй байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгч К... банк шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Х.И... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:П.Б...гийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Б.М... зөвхөн зээлийн барьцааны гэрээнийн нэг тал бөгөөд хуулийн хүрээнд хийгдсэн хэлцэл болно.Б.М... 2014 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 17 нас 4 сар 25 хоногтой байсан ба Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу Б.М... хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх бол хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эхээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр хийх, эсхүл хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулж гэрээ, хэлцэл байгуулах боломжтой юм.Банк зээлийн барьцааны гэрээг Б.М...ын эцэг, эх болох П.Б..., Д.Н..., ах Б.Анхбаяр нарыг оролцуулан зөвшөөрөл авсаны  үндсэн дээр гэрээг байгуулсан юм.Зээлийн барьцааны гэрээнд 4 өмчлөгч гарын үсэг зурсанаар нотлогдож байна.Мөн Б.М...ын гарын үсгээ зурах хэсэгт эцэг П.Б... нь зөвшөөрч байгаагаа илэрхийлж Б.М...ыг төлөөлж гарын үсэг зурснаар хуулийн шаардлага хангагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна. П.Б... 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг шаардлагыг шүүхэд гаргасан мөртлөө улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь үндэслэлгүй байна.Өөрөөр хэлбэл П.Б... нь зээлийн гэрээ 50 000 000 төгрөгийн дүнтэй, барьцааны гэрээ 59 500 000 төгрөгийн үнийн дүнтэй байхад энэхүү дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан тул сөрөг шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй богож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.М... шүүхэд гаргасан шаардлагадаа:Би 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр К... банкнаас ээж Д.Н...тэй байгуулсан зээлийн гэрээн болон барьцааны гэрээнд надаар гарын үсэг зуруулсан байдаг.Би энэ үед насанд хүрээгүй байсан бөгөөд надад банкнаас үүний учир холбогдлыг танилцуулаагүй, гэтэл К... банк миний өмчлөлийн  Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 35 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд худалдан борлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд минйи өмчлөх эрх ноцтой зөрчигдөж хууль бус гэрээгээр орон сууцаа алдаж гэр оронгүй болоход хүрээд байна.Иймд миний өмчлөх эрх хохирч байгаа тул 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн К... банк Д.Н... нарын хооронд байгуулагдсан зээлийн болон эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Н.. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа банкны ажилтан Б.М... ямар гэрээ эсэхийг тайлбарлаж өгөөгүй, гарын үсэг зуруулсан тул гэрээнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг мэдээгүй.Банк шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ зээлийн гэрээний тухай мэдсэн.Банкнаас Б.М...т мессеж бичиж байраа өг гэж дарамтлахад зээлийн гэрээний тухай мэдсэн тул зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүсэж байна.Б.М... 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн ба гэрээ байгуулах үед 17 настай байсан гэв.

 

Нэхэмжлэгч К... банк шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Х.И... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.М... зээлийн гэрээний тал биш атлаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.Харин барьцааны гэрээнд гарын үсэг зурсан асуудал нь хуулийн хүрээнд хийгдсэн.Өөрөөр хэлбэл Б.М... 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд гэрээ байгуулах үед 17 нас, 4 сар, 25 хоногтой байсан ба Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу Б.М... хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх бол хууль ёсны төлөөлөгч болох эцэг эхээс нь зөвшөөрөл авсаны үндсэн дээр хийх, эсхүл хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулан гэрээ хэлцэл байгуулах боломжтой байна.Банк зээийн барьцааны гэрээг Б.М...ын эцэг болох П.Б..., эх Д.Н..., ах Б.Анхбаяр нарыг оролцуулж зөвшөөрөл авсаны үндсэн дээр гэрээ байгуулсан.Мөн зээлийн барьцааны гэрээ бүх оролцогчдод танилцуулсан бөгөөд танилцсаны үндсэн дээр гарын үсгээ зурсан боловч гэрээний учир холбогдлыг тайлбарлаж өгөөгүй гэж худал тайлбар гаргаж байна.Б.М... 50 000 000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ, 59 500 000 төгрөгийн үнийн дүнтэй барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар бие даасан шаардлага гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй байх тул Б.М...ын бие даасан шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч К... банк ХХКомпани хариуцагч Д.Н..., П.Б... нарт холбогдуулан тэдэнтэй байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 42 307 770 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 14 783 420 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 545 355 төгрөг нийт 57 636 545 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 35 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч П.Б... нь К... банктай 2014 оны 2 дугаар сарын 25 ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг шаардлага гаргаж байна.

 

Гуравдагч этгээд Б.М... Д.Н..., П.Б... нарын К... банктай 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах бие даасан шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Д.Н..., П.Б... нар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр К... банкнаас 50 000 000 төгрөгийг, жилийн 25,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2014 оны 2 дугаар сарын  25-ны өдөр хийгдсэн 3020-14/05 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгуулагаас ирүүлсэн зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл анх зээл авахад хийгдсэн зээлийн эргэн төлөх хуваарь болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагаас өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоололын баримтуудыг харьцуулж үзэхэд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих хэмжээгээр биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

 

Хариуцагч Д.Н... би зээлийн төлбөрийг 19 удаа дараалан 1 500 000 төгрөгөөр төлж байсан гэж тайлбарлаж байх боловч зээл, зээлийн хүүгийн тооцоололын баримтаас үзэхэд зээлийн эргэн төлөх хуваарийг байнга зөрчиж төлөлт хийж байсан болох нь нотлогдож байна.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй байна.

 

Нөгөө талаар зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.5-т “банк нь гэрээний 10.2-т заасан тохиолдолууд үүссэн гэж үзвэл зээлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан төлөхийг зээдэгчээс шаардах, гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэж заасан байх бөгөөд гэрээний 10 дугаар зүйлийн  10.2.2-т зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчвөл гэрээг цуцлахаар заасан байна.

 

Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т “зээдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг” ноцтой зөрчил гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нар зээлийг эргэн төлөх хугацааг баримтлахгүй төлөлт хийдэг байсан ба улмаар 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгээгүй, 2016 оны 2 дугаар сарын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш үндсэн зээлийн эргэн хийгдээгүй байгаагаас  үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон байна гэж үзэх үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол,  222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагаас Д.Н...д 2015 оны 10 дугаар арын 1-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн 2 309 057 төгрөг буюу 97 хоногийн зөрчил, зээлийн хүүгийн 910 555 төгрөг буюу 6 хоногийн зөрчил үүссэн байгааг, мөн 2016 оны 5 дугаар  сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6 791 757 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 668 978 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78 918 төгрөг нийт 12 540 653 төгрөгийн зөрчилийн үлдэгдэгтэй байгааг тус тус мэдэгдсэн байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу хариуцагч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Нэхэмжлэгч байгууллага Д.Н...г үндсэн зээлийн төлбөрт 7 692 230 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 19 498 808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97 792 төгрөг нийт 27 288 830 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байхад Д.Н... нийт мөнгөн дүнгийн хэмжээний талаар маргахгүй байх боловч өөрийн төлсөн мөнгөнөөс үндсэн зээлийн төлбөрөөс бага хэмжээгээр хасагдсан байна гэж маргаж байгааг шалгаж үзэхэд зээлдэгч нар дээр дурдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтсон хугацаанд нь эргэн төлөлтийг хийгээгүйн улмаас Д.Н...гийн банкинд эргүүлэн төлсөн мөнгө дээрх байдлаар төлбөрт тооцогдсон байгааг буруу гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд талуудын хооронд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 42 307 770 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 14 783 420 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 545 355 төгрөг нийт 57 636 545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Мөн талуудын хооронд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3020-14/05 дугаартай барьцааны гэрээ хийгдсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 35 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд уг гэрээнд зээлдэгч Д.Н..., П.Б... нар болон Б.Анхбаяр, Б.М... нар гарын үсэг зурсан байна.

 

Хэргийн 12 дугаар талд авагдсан 1998 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон үл хөдөх эд хөрөнгийн бүртгэлийн ... дугаартай гэрчилгээнд  П.Б... /4 хүний хамтын өмч Д.Н.../ Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 35 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул гэрчилгээ олгов гэжээ.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийн 4 өмчлөгчийн П.Б..., Д.Н... нараас гадна Анхбаяр, М... нар өмчлөгч мөн эсэх нь тодорхой бус байна.

 

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэж заасан байхад дээрх барьцааны гэрээнд 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Б.М...аар гарын үсэг зуруулсан байна.

 

Мөн Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ” гэж заасан байх бөгөөд дээрх нэхэмжлэгч байгууллагатай хийсэн барьцааны гэрээг хийх зөвшөөрлийг Б.М...т эцэг П.Б..., эх Д.Н... нараас бичгээр олгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд талуудын хооронд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийгдсэн үеэсээ л хүчин төгөлдөр бус байдаг тул энэхүү барьцааны гэрээний дагуу талуудад эрх, үүрэг үүсэхгүй болно.

 

Иймд К... банк Д.Н..., П.Б... нарын хооронд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай П.Б...гийн сөрөг шаардлага, Б.М...ын бие даасан шаардлагыг хангахгүй орхиж, харин К... банк Д.Н..., П.Б..., Б.А..., Б.М... нарын хооронд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж шийдвэрлэж, нэхэмжлэгч байгууллагын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

К... банк шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа мөнгөн дүнгийн хэмжээг 3 удаа нэмэгдүүлж, 4 удаагийн төлөлтөөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байгааг нөхөн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч байгууллагын тодорхойлсон барьцааны гэрээний үнийн дүн 59 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 455 450 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч нараас 446 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч П.Б..., бие даасан шаардлага гаргасан Б.М... нар талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага гаргасан атлаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70 200 төгрөг төлсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 63.1.4-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд хариуцагч П.Б...гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн  шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 863 400 төгрөгөөс түүний төлсөн 70 200 төгрөгийг хасч үлдсэн 793 200 төгрөгийг П.Б...гээс,  гуравдагч этгээд Б.М...ын бие даасан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 863 400 төгрөгөөс түүний төлсөн 70 200 төгрөгийг хасч үлдсэн 793 200 төгрөгийг Б.М...аас тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч П.Б...гийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардалагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 910 900 төгрөгийг К... банкнаас гаргуулан П.Б..., Б.М... нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Д...ын Н..., Пүрэвийн Б... нараас 57 636 545 /тавин долоон сая зургаан зуун гучин зургаан  мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан К... банк ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар К... банк Д.Н..., П.Б... нарын хооронд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, К... банкнаас 455 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод, Д.Н..., П.Б... нараас 446 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад, мөн П.Б...гээс 793 200 төгрөгийг,  Б.М...аас 793 200 төгрөгийг  тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН