Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1846

 

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2016/01846

 

Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр дугаар 07-ны өдрийн 102/ШШ2016/05054 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Нямсүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 50 023 331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.Нямсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Капитрон банкны төлөөлөгч Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нямсүрэн нь тус банктай 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3020-14/05 дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 50 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, /жилийн/ 25,2 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч   Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн, Б.Анхбаяр, Б.Мөнгөнбаяр нарын хамтын емчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205000473 тоот дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо. 4 дүгээр хороолол, 9А дугаар байрны 6 тоот хаягт орших, 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд  бүртгүүлсэн.  Гэтэл зээлдэгч Д.Нямсүрэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж,  зээл, хүүг хугацаандаа төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Д.Нямсүрэнг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, хүүгийн төлбөрийг  хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч  үр дүнд хүрээгүй. Иймд Д.Нямсүрэнтэй байгуулсан 3020-14/05 тоот гэрээг хугацаанаас  өмнө цуцалж, зээл 42 307 769 төгрөг,  хүү 6 341 803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100 873 төгрөг, нийт 48 750 446 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээл, нэмэгдүүлсэн хүүд тооцогдох 1 272 885 төгрөг, бүгд 50 023 331 төгрөгийг Д.Нямсүрэнгээс гаргуулж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг дурдаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банктай зээл, барьцааны гэрээ байгуулж, 60 сарын хугацаатай, 50 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй зээлсэн.  Зээлээс 7 692 231 төгрөгийг төлсөн. Улс орны эдийн засаг, мөнгө төгрөгийн асуудал, ажил үйлчилгээ явуулах боломжгүй байгаагаас зээл төлөлтөд хүндрэл гарсан нөхцөл байдлыг харгалзан хүүг бууруулж өгнө үү. Зээлийн гэрээний  эргэн төлөлтийн талаар миний зүгээс нэхэмжлэгчид хандаж байсан боловч нэхэмжлэгч тал өөрчлөлт оруулахгүй гээд хүлээж аваагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Нямсүрэнгээс 7 715 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 307 769 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74 243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр  тооцоход  зээл нь 31 747 443.28 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байсан. Харин зээлдэгч нь шүүх хуралдаан болсон өдөр 42 307 769.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байснаас үзэхэд 10 560 325.72 төгрөгийг үндсэн зээлийг хуваарьт заасны дагуу төлөөгүй байна. Мөн хүүг хуваарьт өдрүүдэд төлөөгүйгээс нийт 7 568 612.00 төгрөгийн хүүгийн төлөлт хийгдээгүй, 146 948.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн  төлөлт хийгдээгүй байна. Зээлдэгч нь  гэрээний дагуу 18 275 885.72 төгрөгийн төлөлт хийгээгүй, үүргийн зөрчилтэй болох нь нотлогдсон. 

Энэ  зөрчил нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан "Ноцтой зөрчил- Зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн  эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг" гэж, мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т "Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн" бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах зохицуулалтад хамаарч байна.  Гэтэл шүүх  гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй  гэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч  Капитрон банкны зүгээс хариуцагчид нийт 2 удаа албан шаардлага хүргүүлж, зээл,  хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг сануулсан байхад шүүгч хавстаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу.

Хариуцагчийн гүйцэтгэх ёстой үзүүлэлтийг, гүйцэтгэсэн үзүүлэлттэй харьцуулах аргаар хувьд шилжүүлбэл үндсэн зээл төлөлтийн үүргээ 42 хувь, үндсэн хүүгийн  төлөлтийн үүргээ 75 хувь гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээ 51.6 хувь биелүүлсэн байна. Гэтэл шүүх хариуцагчийг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлээгүй болох нь нотлогдож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч Д.Нямсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 023 329 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “..,улс орны эдийн засаг, мөнгө төгрөгийн асуудал, ажил үйлчилгээ явуулах боломжгүй байгаагаас зээл төлөлтөд хүндрэл гарсан, зээлийн хүүг бууруулж тооцож өгнө үү, гэрээг цуцлах үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Капитрон банк ХХК нь  2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр   50 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нарт зээлдүүлж, зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-4-6, 9 хуудас/ Гэрээнд П.Баатарсүрэн, Д.Нямсүрэн нар гарын үсэг зурсан боловч Капитрон банк нь хариуцагчаар Д.Нямсүрэнг татсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хариуцагчийн зүгээс зээл төлөх хугацааг хэтрүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэх нөхцөл байдалд хамааралтай гэрээний үүрэг зөрчсөн хугацаа, хэмжээ, гүйцэтгээгүй үлдсэн үүргийн хэмжээ тодорхой бус байна. 

 

Хэргийн 10-11 дүгээр талд авагдсан зээл, хүүгийн тооцоолол гэсэн баримтаас   зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэзээнээс зөрчигдсөн болох нь тодорхойгүй, зээлдэгч “.., зээлээс 7 692 231 төгрөг төлсөн“ гэж тайлбарласан ч дээрх баримтаар нийт 27 288 831 төгрөг төлсөн, хариуцагчийн төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн аль хэсэгт хамаарч байгааг тооцоолж тодорхойлох боломжгүй. Талуудын тайлбар, үнийн дүн зөрүүтэй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тал бүрээс нь мэтгэлцээн гараагүй байх тул үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан зээлийн барьцааны гэрээний нэг тал болох 4 иргэний нэг болох Б.Мөнгөнбаяр нь гэрээ байгуулах үед насанд хүрсэн эсэх, эрх зүйн бүрэн чадамжтай эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх  боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр дугаар 07-ны өдрийн 102/ШШ2016/05054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Капитрон банк ХХК -ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 489 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                    Ш.ОЮУНХАНД