Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1597

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/1311 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 57 636 545 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Капитрон банктай 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч П.Баатарсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага,

Капитрон банктай 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.Мөнгөнбаярын бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, Х.Идэрбулган,

Хариуцагч Д.Нямсүрэн,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мөнгөнбаяр,

Хариуцагч Д.Нямсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банк Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн хооронд 50 000 000 төгрөгийг, жилийи 25.2 хувийн хүүтэй, 5.04 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн, Б.Анхбаяр, Б.Мөнгөнбаяр нарын хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-А байрны 5 байршилтай, 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж үл хөдлөх эд хөрөнгийн улсын буртгэлийн албанд бүртгүүлсэн. Зээлийн эргэн төлөлт cap болгоны 25-ны өдөр 1 472 460 төгрөг төлөхөөр гэрээнд заасан бөгөөд зээл төлөх хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хугацаанаас нь өмнө цуцлахаар заасныг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдэгч нь үндсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 900 000 төгрөг төлөх байтал анхны төлөлтөөсөө зээлээ хугацаанд нь төлөөгүй байдаг бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн зөрчил гаргасан ба өнөөдрийг хүртэл 635 хоногийн зөрчилтэй, 485 хоногийн хүүгийн зөрчилтэй байна. Мөн 2017 оны 3 дугаар сарын байдлаар 25 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй байх байтал 42 307 770 төгрөг байна. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийн гэрээг цуцлуулахаар шаардлага гаргаж байна. Зээлдэгч нараас үндсэн зээлийн 42 307 769 төгрөг, 14 783 420 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 545 355 төгрөг нийт 57 636 545 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-А байрны 6 тоотод байршилтай, 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Капитрон банкнаас 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 5 жилийн хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийг би төлж байсан. Зах зээлийн уналтаас болоод би ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, татвараа төлж чадахгүй байсаар зээлийг төлж чадахгүй болсон. Би зээлээ төлж чадаагүй буруутай, би бизнесийн зээл аваагүй, банк тухайн үед зориулалт харгалзахгүй гэж сурталчилгаа хийсэн, би зээлээ төлж чадахгүй нэг буруутай байхад банк 9 буруутай үйлдэлтэй байна. Үүнд зээл хүүг 49 500 000 төгрөгөөс бодох ёстой, хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцална гэж байгаа, банк торгууль авдаггүй гэсэн атлаа хүү торгууль бодоод нэхэмжлэл гаргасан байна, барьцааны гэрээнд насанд хүрээгүй хүүхдээр гарын үсэг зуруулсан, би авсан зээлээсээ 29 сая төгрөгийг төлсөн. Банк намайг зээлээ төл эсвэл байраа өг гэж хүнлэг бусаар ярьдаг. Би зээлээ 19 удаа дарааллан 1 500 000 төгрөгөөр төлсөн. Энэ төлөлтийн 1 000 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцоод, 500 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдах ёстой. Гэтэл үндсэн зээлийн төлбөрөөс хасаагүй, миний тооцоогоор үндсэн зээлээс 13 000 000 төгрөг хасагдах ёстой. Барьцааны гэрээнд миний хүүгээр гарын үсэг зуруулсан. Би үндсэн зээлээс 13 000 000 төгрөгийг хасаад 37 000 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Би зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн П.Баатарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хийгдсэн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр болсон тул авсан мөнгөө л төлнө. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагч П.Баатарсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би хамтран зээлдэгчийн хувьд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг шаардлага гаргаж байна. Нийслэлийн давж заадах шатны шүүх дээрх гэрээг хянаад тус гэрээг байгуулах үед миний хүүг насанд хүрээгүй, эрх зүйн чадваргүй байсан талаар дүгнэсэн. Иймд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Баатарсүрэнгийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Б.Мөнгөнбаяр зөвхөн зээлийн барьцааны гэрээний нэг тал бөгөөд хуулийн хүрээнд хийгдсэн хэлцэл болно. Б.Мөнгөнбаяр 2014 оны 02 дугаар сарын 25-ны байдлаар 17 нас 4 cap 25 хоногтой байсан ба Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу Б.Мөнгөнбаяр хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх бол хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эхээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр хийх, эсхүл хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулж гэрээ, хэлцэл байгуулах боломжтой юм. Банк зээлийн барьцааны гэрээг Б.Мөнгөнбаярын эцэг, эх болох П.Баатарсүрэн, Д.Нямсүрэн, ах Б.Анхбаяр нарыг оролцуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээг байгуулсан юм. Зээлийн барьцааны гэрээнд 4 өмчлөгч гарын үсэг зурснаар нотлогдож байна. Мөн Б.Мөнгөнбаярын гарын үсгээ зурах хэсэгт эцэг П.Баатарсүрэн нь зөвшөөрч байгаагаа илэрхийлж Б.Мөнгөнбаярыг төлөөлж гарын үсэг зурснаар хуулийн шаардлага хангагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна. П.Баатарсүрэн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг шаардлагыг шүүхэд гаргасан мөртлөө улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, П.Баатарсүрэн нь зээлийн гэрээ 50 000 000 төгрөгийн дүнтэй, барьцааны гэрээ 59 500 000 төгрөгийн үнийн дүнтэй байхад энэхүү дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан тул сөрөг шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Мөнгөнбаяр шүүхэд гаргасан шаардлагадаа: Би 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банкнаас Д.Нямсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Би энэ үед насанд хүрээгүй байсан бөгөөд надад банкнаас үүний учир холбогдлыг танилцуулаагүй, гэтэл Капитрон банк миний өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-А байрны 6 тоотод байршилтай, 35 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд худалдан борлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй бөгөөд миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж хууль бус гэрээгээр орон сууцаа алдаж гэр оронгүй болоход хүрээд байна. Иймд миний өмчлөх эрх хохирч байгаа тул 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Капитрон банк Д.Нямсүрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн болон эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнгөнбаяр зээлийн гэрээний тал биш атлаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Харин барьцааны гэрээнд гарын үсэг зурсан асуудал нь хуулийн хүрээнд хийгдсэн. Өөрөөр хэлбэл, Б.Мөнгөнбаяр 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд гэрээ байгуулах үед 17 нас 4 cap 25 хоногтой байсан ба Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх бол хууль ёсны төлөөлөгч болох эцэг эхээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр хийх, эсхүл хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулан гэрээ хэлцэл байгуулах боломжтой байна. Банк зээлийн барьцааны гэрээг Б.Мөнгөнбаярын эцэг болох П.Баатарсүрэн, эх Д.Нямсүрэн, ах Б.Анхбаяр нарыг оролцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулсан. Мөн зээлийн барьцааны гэрээ бүх оролцогчдод танилцуулсан бөгөөд танилцсаны үндсэн дээр гарын үсгээ зурсан боловч гэрээний учир холбогдлыг тайлбарлаж өгөөгүй гэж худал тайлбар гаргаж байна. Б.Мөнгөнбаяр 50 000 000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ, 59 500 000 төгрөгийн үнийн дүнтэй барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар бие даасан шаардлага гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй байх тул Б.Мөнгөнбаярын бие даасан шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Доржготовын Нямсүрэн, Пүрэвийн Баатарсүрэн нараас 57 636 545 төгрөгийг гаргуулан “Капитрон банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Капитрон банк Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Капитрон банкнаас 455 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод, Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нараас 446 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад, мөн П.Баатарсүрэнгээс 793 200 төгрөгийг, Б.Мөнгөнбаяраас 793 200 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хариуцагч болох П.Баатарсүрэнгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг, гуравдагч этгээд болох Б.Мөнгөнбаярын бие даасан шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3020-14/05 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгээр зээлийн барьцааны гэрээг дараах байдлаар үнэлж, дүгнэсэн байна. Үүнд:

1. Шүүх 4 өмчлөгчийн П.Баатарсүрэн, Д.Нямсүрэн нараас гадна Б.Анхбаяр, Б.Мөнгөнбаяр нар өмчлөгч мөн эсэх нь тодорхой бус гэж дүгнэсэн атлаа Б.Мөнгөнбаярыг өмчлөгч гэж үзэж хариуцагч болон Б.Мөнгөнбаярын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2. Зээлийн барьцааны гэрээнд Б.Мөнгөнбаяраар гарын үсэг зуруулсан нь хуулийн хүрээнд хийгдсэн болно. Өөрөөр хэлбэл, Б.Мөнгөнбаяр нь 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн байсан бөгөөд гэрээ байгуулах өдрийн байдлаар буюу 17 нас 4 cap 25 хоногтой байсан юм. Энэ нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар “насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай” этгээд юм. Мөн хуулийн 16.2-т “Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ” гэж заасны дагуу Б.Мөнгөнбаяр нь хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх бол хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эхээс зөвшөөрел авсны үндсэн дээрх хийх, эсхүл хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан гэрээ хэлцэл байгуулах боломжтой юм. Ийнхүү хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авч байгаа явдал нь насанд хүрээгүй этгээд өөрийн хийж буй үйлдэл, хэлцлийн үр дагаврыг бүрэн ойлгох чадваргүй гэж үзэж тэдний эрх, ашгийг хамгаалах зорилготой хийгддэг. Бичгээр зөвшөөрөл авч байгаа нь зөвшөөрлийг баталгаажуулж байгаагаас гадна зөвшөөрөл өгсөн өгөөгүй гэдэг маргаан гаргахгүй үүднээс бичгээр авахаар хуульчилсан байна.

Харин банк нь дээрх зээлийн барьцааны гэрээг Б.Мөнгөнбаярын эцэг П.Баатарсүрэн, эх Д.Нямсүрэн, ах Б.Анхбаяр нарыг оролцуулж буюу Б.Мөнгөнбаярын хууль ёсны төлөөлөгчдийг бүгдийг оролцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулсан. Энэ нь зээлийн барьцааны гэрээний гарын үсэг зурсан хэсэгт 4 өмчлөгч гарын үсэг зурснаар нотлогдоно. Мөн Б.Мөнгөнбаярын гарын үсэг зурах хэсэгт түүний эцэг П.Баатарсүрэн нь зөвшөөрч буйгаа илэрхийлж Б.Мөнгөнбаярыг төлөөлж гарын үсэг зурснаар хуулийн шаардлага бүрэн хангагдсан юм.

Ийнхүү Б.Мөнгөнбаяр нь хэдий гэрээ байгуулах өдрийн байдлаар насанд хүрээгүй эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан боловч зээлийн барьцааны гэрээг түүний хууль ёсны төлөөлөгчид нь зөвшөөрч, тэдгээрийн оролцоотойгоор хийсэн, хуулийн шаардлага хангаж хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01311 тоот шийдвэрийн зарим хэсэг буюу 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3020-14/05 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 57 636 545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Нямсүрэн зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч П.Баатарсүрэн 42 307 769 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Хариуцагч П.Баатарсүрэн нь Капитрон банктай 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн байна.

 

Мөн Капитрон банктай 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг гуравдагч этгээд Б.Мөнгөнбаяр гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК, хариуцагч Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нар нь 50 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205000473 дугаартай, 3771 дугаарын гэрчилгээтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 9а дугаар байр, 6 тоот 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. /хэргийн 4-9 дүгээр тал/

 

Дээрх 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 4.9-д “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцон авна” гэж заасан ба мөн гэрээний 3.1.4-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 5.04 хувь байхаар талууд гэрээндээ тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан “нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх” тухай болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.”, 25 дугаар зүйлийн 2-т “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.” гэсэн заалтуудад тус тус нийцжээ.

 

Иймээс хариуцагч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ удаа зөрчиж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 27 288 831 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн ирүүлсэн зээл, зээлийн хүүгийн тооцооллыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй байх бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд талуудын байгуулсан гэрээний 7.1.5-д зааснаар зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй талаар тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хугацаа нь дуусах зээлийн гэрээг уг хугацаанаас өмнө цуцлаж, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, 57 636 545 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон эрх хэмжээнийхээ хүрээнд гэрээг хугацаанаас өмнө цуцлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд, тухайн цуцласан хугацаанаас хойш зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхгүй. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх гэрээний үүрэгт үндсэн зээл 42 307 769 төгрөг, зээлийн хүү 6 341 803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100 873 төгрөг, нийт 48 750 446 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн 8 886 099 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүх талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3080-14/05 тоот барьцааны гэрээг байгуулах зөвшөөрлийг Б.Мөнгөнбаярт эцэг П.Баатарсүрэн, эх Д.Нямсүрэн нараас бичгээр олгосон баримтгүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь зээлдэгч буюу П.Баатарсүрэн, Д.Нямсүрэн нар нь дээрх барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалтад хамаарахгүй юм.

 

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мөнгөнбаярын эцэг П.Баатарсүрэн, эх Д.Нямсүрэн нар нь барьцааны гэрээнд гарын үзэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.” гэж заасны дагуу Б.Мөнгөнбаярт эцэг, эх нь хэлцлийг хийх зөвшөөрлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь гуравдагч этгээд Б.Мөнгөнбаярын эцэг, эх буюу хууль ёсны төлөөлөгч болох талаар маргаагүй, гэрээнд хэн аль нь гарын үсэг зуржээ.

 

Гэтэл анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/1311 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Доржготовын Нямсүрэн, Пүрэвийн Баатарсүрэн нараас 48 750 446 төгрөгийг гаргуулан “Капитрон банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 886 099 төгрөгт холбогдох хэсгийг, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мөнгөнбаяр, хариуцагч П.Баатарсүрэн нарын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлага, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 9а дугаар байр, 6 тоот 35 м.кв талбай бүхий 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000473 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн нараас 401 702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, П.Баатарсүрэнгээс 793 200 төгрөгийг, Б.Мөнгөнбаяраас 793 200 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 133 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ   

 

                                                           ШҮҮГЧИД                             Т.ТУЯА

                       

                                                                                                       С.ЭНХТӨР