Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 183/2017/00013/И |
Дугаар | 102/ШШ2017/03073 |
Огноо | 2017-11-15 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/03073
2017 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/03073 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин байх, О.И ББСБ ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Орхоны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт М-ын З /РД: .../,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Орхоны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, О овогт У-ийн Б /РД: .../ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 610,644,190 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч У.Б-ийн бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцээд:
Шүүх хуралдаанд: Хариуцагч М.З, хариуцагч У.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч М.З нь тус ББСБ-тай 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр доорх үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалан 380,000,000 төгрөг, 70,000 ам,долларыг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан. A) У.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон, Зайсан гудамж ... байрны ... хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Б) Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болно. 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 380,000,000 төгрөг, 45,000 ам.доллар, мөн сарын 18-ны өдөр 25,000 ам.долларыг тус тус М.Зод гэрээний дагуу олгосон. Зээлийн болон барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. М.З нь 380,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн. Харин 70,000 ам.долларыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхгүй хүндрэл учруулж байгаа.
Иймд М.Зоос үндсэн зээл 70,000 ам.доллар буюу 173,810,000 төгрөг, хүү 132,483 ам.доллар буюу 328,955,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,147 ам.доллар буюу 57,474,001 төгрөг, нийт 225,630 ам.доллар буюу 560,239,290 төгрөгийг, нотариатын зардал 17,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,959,234 төгрөгийн хамт гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Тус ББСБ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацааны буюу 145 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд хүүг 16,917 ам.доллароор буюу 42,004,911 төгрөгөөр нэмэгдүүлэн 370,960,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 3,383 ам.доллароор буюу 8,399,989 төгрөгөөр нэмэгдүүлж 65,873,990 төгрөг буюу 50,404,900 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 245,930 ам.доллар буюу 610,644,190 төгрөгийг М.Зоос нотариатын зардал 17,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3,369,209 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Зын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би О.И ББСБ ХХК-аас 2013 оны 12 дугаар сард 500,000,000 төгрөгийн зээл авсан. Ингээд 380,000,000 төгрөгийг нь урьдчилж авч үлдэгдэл мөнгө нь байхгүй байсан учраас хэд хоногийн дараа 70,000 доллароор авсан байдаг. Зээлийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулж, гэрээний дагуу зээлээ төлж байсан. Зээлийн зориулалт бол худалдааны төвийнхөө дотоод заслын ажлыг дуусгах гэж яаралтай зээл авсан. 2013 онд Нийслэлийн удирдлагаас автомашины захуудыг нүүлгэх шийдвэр гарч манай үйл ажиллагааг зогсоосон. Энэ асуудал нь одоо Захиргааны хэргийн шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа. Би авсан 380,000,000 төгрөгийн зээлээ хүү, торгуультай нь бүрэн төлсөн. Харин 70,000 ам.доллароос 7,000-8,000 долларыг төлсөн байдаг. Долларын ханш өссөн учраас сүүлдээ зээлээ төлж чадаагүй. Манай эхнэрийн бие муудаж, эмчилгээнд нь маш их мөнгө шаардлагатай болж, зээлээ төлж чадаагүй. Ингээд би зээлдүүлэгчид удаа дараа аргагүй байдлаас болж зээлийн гэрээг сунгаж өгнө үү, зээлийг төгрөг рүү шилжүүлж, Байгальмаагийн үл хөдлөх эд хөрөнгийг 6 сарын хугацаанд зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд барьцаа хөрөнгийг сольж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан. Гэтэл хүлээж аваагүй, ядаж хүүг нь зогсоох боломж байна уу гэсэн гэтэл огт хүлээж аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би зээлээ төлнө. Нэгэнт авсан нь үнэн, зээлийн хүүгийн хувьд тухайн үед авч байсан үеийн ханшаар бодуулж, Иргэний хуулийн дагуу зээлийн хүүгээс тодорхой хэсгийг хасаж өгнө үү гэв.
Хариуцагч У.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Золбоот нь 2013 оны 12 дугаар сарын 9-нд 70,000 долларыг 6 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж О.И ББСБ ХХК-аас зээлж авсан байдаг. Байгальмаа нь 6 сарын хугацаанд өөрийн хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн. Тухайн үед долларын ханш 1,327 төгрөг байсан боловч нэхэмжлэл гаргах үед 2,300 төгрөг болсон. Хариуцагч Золбоот нь Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандсан байдаг. Ингээд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Золбоотын нөхцөл байдлыг хүнд нөхцөл байдал гэж үзэж сертификатыг олгосон. Шүүх эрх хэмжээнийхээ дагуу хэргийг шийдэж өгнө үү, Зээлийн гэрээг харвал хэт нэг талыг барьсан гэрээ байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасны дагуу зээлийн хүүг багасгаж болно гэж заасан учраас 50,000,000 төгрөгийг хасаж өгнө үү, үндсэн нэхэмжлэлийн хувьд У.Б нь гарын үсэг зураагүй, нэхэмжлэлийн шаардлагаас У.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл: У.Б нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон, Зайсан гудамж ... байрны ... хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүдийг 6 сарын хугацаатай итгэмжлэлийг М.Зод олгож тус ББСБ-ийн барьцаанд тавьсан. М.Зод одоо 70,000 ам.долларын өр үлдсэн юм байна. У.Бгаас М.Зод олгосон итгэмжлэлийн хугацаа 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дуусгавар болсон, У.Б нь дээрх зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг авч ашиглаагүй, зээлийг М.З бүгдийг нь захиран зарцуулсан. У.Б-ийн орон сууц, гражийг барьцаанаас чөлөөлж, М.З нь өөрийн хөрөнгийг оронд нь барьцаалах хүсэлттэй байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5, 67.2.6, 67.4, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар У.Б-ийн үл хөдлөх хөрөнгийг О.И ББСБ ХХК-иас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.И ББСБ ХХК нь хариуцагч М.З, У.Б нараас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 610,644,190 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай, хариуцагч У.Б нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Болорчимэг нар нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны ... сарын 8-ны өдөр мэдэгдсэн /Баримт №9/ боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч М.З, хариуцагч У.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, ... гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.И ББСБ ХХК нь хариуцагч М.Зтой 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээг тус тус байгуулж, 70,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, У.Б-ийн өмчлөлийн A) Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон, Зайсан гудамж ... байрны ... хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Б) Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүийг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.т-д Зээлийг ашиглах хугацаанд сар тутам зээлээс тооцох хүүний хувь: 5 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан гэрээний 2.3-д М.З нь ... үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч О.И ББСБ ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацааны хүүнд 149,400 ам.доллар буюу 370,960,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,530 ам.доллар буюу 65,873,990 төгрөг нэхэмжилсэнээс үзвэл нэхэмжлэгч нь 1 ам.долларыг 2,483 төгрөгөөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоорс өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж заасныг зөрчсөн тул 1 ам.долларыг гэрээ байгуулах үеийн ханшаар буюу 1723.22 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэжээ. Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1 сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 8 сарын хүртэлх хугацааны буюу нийт 44 сарын 220 хувийн хүүг нэхэмжилсэн нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул 30 хувийн хүүг буюу 21,000 ам.доллар гаргуулах нь зүйтэй гэж үзэж, хүүгийн хэмжээг шүүх багасгаж шийдвэрлэлээ. Харин нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу 4,200 ам.долларыг гаргуулах нь зүйтэй байна. Иймд хариуцагч М.Зоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000 ам.доллар, үндсэн хүү 21,000 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 4,200 ам.доллар, нийт 95,200 ам.доллар буюу 164,050,544 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 13/4127 дугаар Хөрөнгө байрьцаалан гэрээний 1.3, 1.6-д заасан барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446,593,646 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч М.З нь долларын зээлээс 7,000-8,000 ам.долларыг төлсөн гэх боловч баримтаар нотлож чадаагүй тул төлбөрөөс хасч тооцох боломжгүй.
Хариуцагч У.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: У.Б нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон, Зайсан гудамж ... байрны ... хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүдийг 6 сарын хугацаатай итгэмжлэлийг М.Зод олгож тус ББСБ-ийн барьцаанд тавьсан. М.Зод одоо 70,000 ам.долларын өр үлдсэн юм байна. У.Бгаас М.Зод олгосон итгэмжлэлийн хугацаа 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дуусгавар болсон, У.Б нь дээрх зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг авч ашиглаагүй, зээлийг М.З бүгдийг нь захиран зарцуулсан. У.Б-ийн орон сууц, гражийг барьцаанаас чөлөөлж, М.З нь өөрийн хөрөнгийг оронд нь барьцаалах хүсэлттэй байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5, 67.2.6, 67.4, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар У.Б-ийн үл хөдлөх хөрөнгийг О.И ББСБ ХХК-иас чөлөөлж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч У.Б нь өөрийн өмчлөлийн авто зогсоол, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалах итгэмжлэлийг 6 сарын хугацаатай М.Зод олгосон, М.З итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд У.Б-ийн өмчлөлийн авто зогсоол, үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалж зээл авсан. Одоо итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчийн олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. гэжээ. Иймд О.И ББСБ ХХК нь хариуцагч У.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон, Зайсан гудамж ... байрны ... хаягт байрлах 18 м.кв талбай бүхий авто зогсоол, мөн хотхоны /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүдийг хууль бусаар эзэмшиж байна гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч М.Зоос 95,200 ам.доллартой тэнцэх 164,050,544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446,593,646 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 13/4127 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 1.3, 1.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон, Зайсан гудамж ... байрны ... хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн ... хороо, Д.Л хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, ... дугаарт бүртгэлтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,369,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 978,203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР