Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ТХ

 

Хариуцагч: Т ХХК

 

Татварын өр 37.602.620 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Б, прокурор У.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Тх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т ХХК нь 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 2041022 тоот регистрийн дугаартай модон эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Т ХХК өнөөдрийн байдлаар 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 тоот хяналт шалгалтын актын 37.602.260 төгрөгийн татварын өртэй байна. Бид татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банк дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцааны гэрээ байгуулах санал тавихад гэрээ байгуулахаас татгалзсан тул хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасны дагуу аж ахуй нэгжийн өмч болох Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ийн нэр дээрхи хөрөнгийг битүүмжлэн татварын өрийг барагдуулах зорилгоор мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно гэсний дагуу татварын өрийг барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан. Актаар тавигдсан татварын өрийг татвар төлөгч хуульд зааснаар 30 хоногийн дотор татварын маргаан таслах зөвлөл болон Захиргааны шүүхэд хандаагүй тул Татварын хуульд зааснаар 31 дэх хоногоос татварын өр болон мэдээллийн санд суусан. Иймд хариуцагч Т ХХК-иас хугацаандаа төлөөгүй татварын өр 37.602.620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

            Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,  Ж.Амгалан нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Татварын байцаагч бусдаас авлигын чанартайгаар урамшуулал шаардаж түүнийг нь өгөөгүйгээс болж тавигдсан хууль бус, өс хонзонгоор тавигдсан актыг үндэслэн татварын өр үүсгэж нэхэмжлэл гаргасан. Байцаагчийн тавьсан актыг шинжээч дүгнээд 2002-2006 оны 14 ширхэг баримтаар актанд тавигдсан дүн тогтоогдсон байна гэсэн. Татварын байцаагч үндэслэлгүй акт тавьсан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Бусдыг өөрт нь мөнгө өгөөгүйн төлөө их хэмжээний өр төлбөрт оруулж байгаа татварын байцаагч нарт гомдол гаргана. Татварын ерөнхий хуульд зааснаар байцаагч байгууллагын сүүлийн 5 жилийн анхан шатны санхүүгийн баримтыг шалгаж акт тавьдаг. Гэтэл энэ акт 10 жилийн өмнөх санхүүгийн баримтууд дээр акт тавьсан. Татварын байцаагч 2014 оны намар шалгалт хийсэн гэдэг боловч шалгалт хийхээр Т ХХК дээр ирээгүй, ямар ч санхүүгийн баримт авч шалгаагүй байдаг. Хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд татварын байцаагчийн тавьсан өрийг бодсон аргачлалыг асууж бодуулах гэхэд нэхэмжлэгч тал бодож гаргаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

            Төрийг төлөөлж оролцсон прокурор У.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Энэ талаар баримтгүй байна. Хариуцагч актыг үндэслэлгүй гэж байна уу актаар тавигдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Акттай холбоотой маргаан байвал Захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Өнөөдөр татварын актаас үүссэн татварын өр төлбөрийг төлүүлэх тухай шүүх хуралдаан болж байгаа тул энэ талаар шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. 2014 оноос хойш улсын төсөвт орох байсан мөнгө орж ирээгүй төрийн эрх ашиг хөндөгдөж байна гэв.

 

 

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Тх нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан хугацаандаа төлөөгүй татварын өр 37.602.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар Т ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт 22.768.768 төгрөгийн нөхөн татвар, 9.107.507 төгрөгийн торгууль, 5.692.192 төгрөгийн алданги, 34.153 төгрөгийн хүү нийт 37.602.620 төгрөгийн төлбөрийн акт тавигджээ.

 

            Хариуцагч Т ХХК-д дээрх актаар тавигдсан өр хэдийд үүссэн болон энэ үүрэг хэдийд үүсэж татварын байгууллага баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн шалгалтын дүнд үндэслэн гаргасан татварын улсын байцаагчийн актыг татварын өрийг баталгаажуулах баримт гэж шууд үзэн хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Татварын байгууллага нь хуульд заасан өөр арга хэлбэрээр буюу татварын тайлан балансыг үзэж, шалгаснаар өрийн хэмжээг баталгаажуулсан эсэх талаарх баримт болон Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Прокурорын тогтоол №4230 тоот албан бичиг хүсэлтийн дагуу хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн шалгалтыг хийсэн гэсэн тайлбарыг нотолсон баримтгүй, энэ талаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 дугаартай Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 227.687.680 төгрөгийн зөрчил нь хх-57-60 дугаар хуудсанд авагдсан Т ХХК-ийн 2010 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн дансны өглөг дансанд тусгагдсан 113.843.840 төгрөгийг 2 дахин тооцсон, 113.843.840 төгрөг нь 2002 оны 12 дугаар сарын 31-нээс 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх Хос хас ХХК-нд өгөх өглөг байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Иймд хариуцагч Т ХХК-иас татварын өр 37.602.620 төгрөг гаргуулах тухай Тхэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хойшлуулж талуудад мэдэгдсэн боловч  энэ өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон эсэх талаарх баримтгүй, шүүгчийн захирамжийг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дурьдав.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

                                             ТОГТООХ нь:

 

 

 

1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар хариуцагч Т ХХК-д холбогдох хугацаандаа төлөөгүй татварын өр 37.602.620 төгрөг гаргуулах тухай Тхэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                    

 

 

 

                               

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА