Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00758

 

Баянгол дүүргийн Татварын

хэлтсийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00317 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 717 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Баянгол дүүргийн Татварын хэлтэс,

Хариуцагч : Тавилга ХК,

Нэхэмжлэлийн шаардлага : Татварын өр 37.602.620 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тавилга ХК 2014.7.07-ны өдрийн 260004471 хяналт шалгалтын актын 37.602.260 төгрөгийн татварын өртэй байна. Бид татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банк дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцааны гэрээ байгуулах санал тавихад гэрээ байгуулахаас татгалзсан тул хуулийн 67.1.3-т заасны дагуу аж ахуй нэгжийн өмч болох Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тавилга ХК-ийн нэр дээрхи хөрөнгийг битүүмжлэн, татварын өрийг барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан. Актаар тавигдсан татварын өрийг татвар төлөгч хуульд зааснаар 30 хоногийн дотор татварын маргаан таслах зөвлөл, Захиргааны шүүхэд хандаагүй. Иймд хариуцагч Тавилга ХК-иас хугацаандаа төлөөгүй татварын өр 37.602.620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Татварын байцаагч бусдаас авлигын чанартайгаар урамшуулал шаардаж түүнийг нь өгөөгүйгээс болж  өс хонзонгоор акт тавигдсан бөгөөд үүнээс болж татварын өр үүсэж байна. Байцаагчийн тавьсан актыг шинжээч дүгнээд 2002-2006 оны 14 ширхэг баримтаар  тавигдсан дүн  байна гэсэн. Татварын байцаагч үндэслэлгүй акт тавьсан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Бусдыг өөрт нь мөнгө өгөөгүйн төлөө их хэмжээний өр төлбөрт оруулж байгаа татварын байцаагч нартай холбоотой  гомдол гаргана. Татварын ерөнхий хуульд зааснаар байцаагч байгууллагын сүүлийн 5 жилийн анхан шатны санхүүгийн баримтыг шалгаж акт тавьдаг. Гэтэл энэ акт 10 жилийн өмнөх санхүүгийн баримтууд дээр акт тавьсан. Татварын байцаагч 2014 оны намар шалгалт хийсэн гэдэг боловч шалгалт хийхээр Тавилга ХК дээр ирээгүй, ямар ч санхүүгийн баримт авч шалгаагүй байдаг. Хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд татварын байцаагчийн тавьсан өрийг бодсон аргачлалыг асууж бодуулах гэхэд нэхэмжлэгч тал бодож гаргаж чадаагүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 102/ШШ2017/00317 дугаартай шийдвэр гаргаж, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Тавилга ХК-д холбогдох 37.602.620 төгрөг гаргуулах Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 717 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  260004471 дугаартай акт үндэслэлтэй эсэх тухай маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх хэрэг байна. Татварын албаны нэхэмжлэлийн шаардлага бол  "Хугацаандаа төлөөгүй татварын өр гаргуулах тухай" юм. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоолоор татварын өр, төлбөрийг барагдуулах  нэхэмжлэлийг  иргэний шүүх шийдвэрлэнэ. Татвар төлөгч Татварын маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй тохиолдолд актын хууль зүйн үндэслэлийн талаарх хариуцагчийн сөрөг шаардлагыг  сөрөг нэхэмжлэл гэж үзэхгүй. Акт хууль зүйн үндэслэлгүй нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хожим тогтоогдвол  уг шийдвэр иргэний хэргийн шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл байдал болно. Татварын алба Иргэний шүүхэд хандах болсны учир нь Татвар төлөгч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байсан бол гардан авсан өдрөөс хойш Татварын ерөнхий хуулийн 18.1.5-д заасны  гомдолоо зохих журмаар гаргах эрхтэй. Гомдол гаргаагүй тул актыг хүчин төгөлдөр  гэж үзэж  зохих журмыг үндэслэн өрийн мэдээллийн санд суулгасан. Татварын улсын байцаагч нь татварыг хураах, өр төлбөрийг барагдуулах чиг үүргийн хүрээнд  өрийг барагдуулахаар  мэдэгдэх хуудас гардуулсан. Заасан хугацаанд төлөөгүй учир татварын өр үүссэн. Хуульд заасан шат дараалсан арга хэмжээнүүдийг авч татварын өр барагдаагүй тул хугацаандаа төлөөгүй татварын өрийг нэхэмжлэн шүүхэд хандсан. Зохигч  шаардлагаа нотлох үүргийн дагуу 37.602.620 төгрөг юугаар нотлогдож байгаа, яагаад хугацаандаа төлөгдөөгүй татварын өр болохыг хангалттай баримтаар нотолсон. Гэтэл давж заалдах  шатны шүүх   нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Шүүхийн тухай хуулийн 7.1, 7.2-т заасныг зөрчиж иргэний эрх зүйн маргааныг нотлох баримтын хүрээнд хяналгүйгээр харьяаллын бус, нэхэмжлэлийг шаардлагад хамааралгүй маргааныг шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн татварын хэлтэс нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Татварын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 дугаар акт / хх13/ -д заасан 37.602.620 төгрөгийг Тавилга ХК-иас гаргуулахыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги,  татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна. Маргааны зүйл болж буй 37.602.620 төгрөг  нь  татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн байх бөгөөд татварын өр байна.

Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд зааснаар татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулах, мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон бол биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.

Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл  хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна. Татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах, уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна. Татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заана.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл болон акт, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 260000356 дугаар дүгнэлт, зөрчлийн жагсаалт гэх 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл № 2041022, дүгнэлт танилцуулах тухай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, акт гаргуулсан тухай 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, зөрчлийн талаархи 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо, татварын хяналт шалгалтын ажлын карт-с /хх 15-26, 44-51/ өөр татварын өрийг барагдуулах ажиллагааг хийсэн гэж үзэх баримт авагдаагүй, эдгээр баримтаар хариуцагчийн дансны зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоосон, мэдэгдэх хуудсыг банкинд хүлээлгэн өгсөн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул Баянгол  дүүргийн татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Тодруулбал, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл болон эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн акт /хх 20-26/ -д зурагдсан гарын үсэг нь засвартай байна. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 260000356 дугаар дүгнэлт, зөрчлийн жагсаалт гэх 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл № 2041022, дүгнэлт танилцуулах тухай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл /хх 15-16, 44-48/ нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 дугаар актаас өмнө хийгдсэн ажиллагаа тул  нэхэмжлэлийг нотлохгүй юм. Акт гаргуулсан тухай 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, зөрчлийн талаархи  2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо, татварын хяналт шалгалтын ажлын карт нь татварын өрийг барагдуулах ажиллагаанд хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах, Татварын Ерөнхий хуульд заасан ажиллагааг хийсэн нь тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг Татварын Ерөнхий хуульд заасан журмын дагуу барагдуулах ажиллагааг хийсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй.

2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 дугаар акт үндэслэлтэй эсэх нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :          

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00317 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 717 дугаар магадлалыг тус тус  хүчингүй болгож, Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасныг баримтлан Тавилга ХК-иас 37.602.620 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ