Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 717

 

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тавилга” ХХК-д холбогдох

 

Татварын өр 37 602 620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тавилга” ХХК нь 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 2041022 тоот регистрийн дугаартай модон эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Тавилга” ХХК өнөөдрийн байдлаар 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 тоот хяналт шалгалтын актын 37 602 260 төгрөгийн татварын өртэй байна. Бид татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банк дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцааны гэрээ байгуулах санал тавихад гэрээ байгуулахаас татгалзсан тул хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасны дагуу аж ахуй нэгжийн өмч болох Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тавилга” ХХК-ийн нэр дээрх хөрөнгийг битүүмжлэн татварын өрийг барагдуулах зорилгоор мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно гэсний дагуу татварын өрийг барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан. Актаар тавигдсан татварын өрийг татвар төлөгч хуульд зааснаар 30 хоногийн дотор татварын маргаан таслах зөвлөл болон Захиргааны шүүхэд хандаагүй тул Татварын хуульд зааснаар 31 дэх хоногоос татварын өр болон мэдээллийн санд суусан. Иймд хариуцагч “Тавилга” ХХК-иас хугацаандаа төлөөгүй татварын өр 37 602 620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Тавилга” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын байцаагч бусдаас авлигын чанартайгаар урамшуулал шаардаж түүнийг нь өгөөгүйгээс болж тавигдсан хууль бус, өс хонзонгоор тавигдсан актыг үндэслэн татварын өр үүсгэж нэхэмжлэл гаргасан. Байцаагчийн тавьсан актыг шинжээч дүгнээд 2002-2006 оны 14 ширхэг баримтаар актанд тавигдсан дүн тогтоогдсон байна гэсэн. Татварын байцаагч үндэслэлгүй акт тавьсан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Бусдыг өөрт нь мөнгө өгөөгүйн төлөө их хэмжээний өр төлбөрт оруулж байгаа татварын байцаагч нарт гомдол гаргана. Татварын ерөнхий хуульд зааснаар байцаагч байгууллагын сүүлийн 5 жилийн анхан шатны санхүүгийн баримтыг шалгаж акт тавьдаг. Гэтэл энэ акт 10 жилийн өмнөх санхүүгийн баримтууд дээр акт тавьсан. Татварын байцаагч 2014 оны намар шалгалт хийсэн гэдэг боловч шалгалт хийхээр “Тавилга” ХХК дээр ирээгүй, ямар ч санхүүгийн баримт авч шалгаагүй байдаг. Хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд татварын байцаагчийн тавьсан өрийг бодсон аргачлалыг асууж бодуулах гэхэд нэхэмжлэгч тал бодож гаргаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Төрийг төлөөлж оролцсон прокурор У.Дэндэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Энэ талаар баримтгүй байна. Хариуцагч актыг үндэслэлгүй гэж байна уу актаар тавигдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Акттай холбоотой маргаан байвал Захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Өнөөдөр татварын актаас үүссэн татварын өр төлбөрийг төлүүлэх тухай шүүх хуралдаан болж байгаа тул энэ талаар шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. 2014 оноос хойш улсын төсөвт орох байсан мөнгө орж ирээгүй төрийн эрх ашиг хөндөгдөж байна гэжээ.

 

Шүүх: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн
35.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тавилга” ХХК-д холбогдох хугацаандаа төлөөгүй татварын өр 37 602 620 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 317 дугаартай шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.1-д зааснаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан нотлох баримтуудыг үнэлэн татварын өр 37 602 620 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “шүүх гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг”, 3.1.2-д “дагнасан шүүх гэж эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдсан шүүхийг хэлнэ” гэж заасан бөгөөд өнөөдөр Монгол улсад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр буюу захиргааны актыг хэлэлцэх эрх, үүрэг бүхий Захиргааны шүүх байгуулагдан үйл ажиллагаагаа хэнээс ч хараат бусаар явуулж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу “Тавилга” ХК-д холбогдох 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 дугаар бүхий татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй эсэх тухай маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх хэрэг гэж үзэж байна. Татварын албаны нэхэмжлэлийн шаардлага бол зөвхөн “Хугацаандаа төлөөгүй татварын өр гаргуулах тухай” юм.

Мөн өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 32 дугаар тогтоолын 3.3 дахь хэсэгт “Татварын Ерөнхий хуулийн ... зааснаар татварын өр, төлбөрийг барагдуулах тухай татварын улсын байцаагчийн нэхэмжлэлийг ерөнхий харьяаллын шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, “Татварын улсын байцаагчийн актад татвар төлөгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд уг актын хууль зүйн үндэслэлийн талаарх хариуцагчийн сөрөг шаардлагыг ерөнхий харьяаллын шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэл гэж үзэхгүй”, “Харин татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлгүй болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хожим тогтоогдвол захиргааны хэргийн шүүхийн шийдвэр иргэний хэргийн шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл байдал болно.”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын улсын байцаагчийн акт илтэд үндэслэлгүй, хууль бус болох нь илэрхий байвал ерөнхий харьяаллын шүүх татвар төлөгчийн захиргааны хэргийн шүүхэд хандах эрхийг шийдвэртээ заавал тусгана.” гэж тогтоосон байна.

Татварын алба Иргэний шүүхэд хандах болсны учир нь Татвар төлөгч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй, үндзслэлгүй гэж үзэж байсан бол тухайн акттай танилцсан буюу гардан авсан өдрөөс хойш Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд 10 хоногийн дотор тайлбараа гаргаж өгөх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 17.1.9-д заасны дагуу 30 хоногийн дотор гомдолоо захиргаа болон шүүхийн журмаар гаргах эрхтэй. Энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй ямар нэгэн гомдол гаргаагүй тул татварын улсын байцаагчийн актыг хүчин төгөлдөр болсон гэж үзэж Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 766 дугаар тушаалаар батлагдсан Татварын өр барагдуулах ажлын удирдлага, хяналт бүртгэлийн журам-ын 2.2.4-д “Татвар төлөгч татварын ногдуулалтын талаархи гомдлоо хуульд заасан хугацаанд анхан шатны журмаар татварын Маргаан таслах зөвлөл болон шүүхэд гаргаагүй бол татварын хяналт шалгалтын актыг гардуулсан өдрөөс хойш 31 дэх хоногоос маргаантай актын бүртгэлээс хасч татварын өрөнд бүртгэнэ” гэж зааснаар татварын өрийн мэдээллийн санд суулгасан бөгөөд татварын улсын байцаагч нь татварыг хураах, өр төлбөрийг барагдуулах чиг үүргийн хүрээнд татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д татварын өрийг “Татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль” гэж тодорхойлсоны дагуу татварын өрийг барагдуулахаар мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудсыг гардуулж татвар төлөгч мэдэгдэх хуудсанд дурьдсан хугацаанд татварын өрийг төлөөгүй тул 61 дүгээр зүйлд заасан хугацаандаа төлөөгүй татварын өр үүссэн. Иймээс татварын албан Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураан баргдуулахаар хуульд заасан шат дараалсан арга хэмжээнүүдийг авч татварын өр барагдаагүй тул хугацаандаа төлөөгүй татварын өрийг нэхэмжлэн шүүхэд хандсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй дагуу татварын алба нэхэмлэлийн шаардлага болох 37 602 620 төгрөг юугаар нотлогдож байгаа, яагаад хугацаандаа төлөгдөөгүй татварын өр болохыг хангалттай баримтаар нотлосоор байхад анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “дээрхи татварын актаар таигдсан өр хэдийд үүссэн болон энэ үүрэг хэдийд үүсэж, татварын байгууллага баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн шалгалтын дүнд үндэслэн гаргасан ТУБ-ын актыг татварын өрийг баталгаажуулах баримт гэж шууд үзэн хэргийг шийдвэрлэх боломжгүй байна..., Шүүхийн шинжээчийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр...”гэж хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг үнэлж, актыг үндэслэлтэй эсэх тухайд дүгнэлт өгч, харьяаллын бус асуудлыг хэрэгт шинжлэн судалж, шинжээч томилуулан дүгнэлт гаргуулж, нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 7.2 “Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг гагцхүү хуулиар зохицуулна” гэдгийг зөрчиж иргэний эрх зүйн маргааныг нотлох баримтын хүрээнд хяналгүйгээр харьяаллын бус, нэхэмжлэлийг шаардлагад хамааралгүй маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талын зүгээс шинжээч томилох захирамжийг хэрэгт хамааралгүй, үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байсан болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Татварын өр 37 602 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Тавилга” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 тоот Татварын улсын байцаагчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар хариуцагч “Тавилга” ХХК-ийн 2010-2013 оны татварын 227 687 680 төгрөгийн зөрчилд 22 768 768 төгрөгийн нөхөн татвар, 9 107 507 төгрөгийн торгууль, 5 692 192 төгрөгийн алданги, 34 153 төгрөгийн хүү, нийт 37 602 620 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр тогтоосон байна. /хэргийн 13-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Прокурорын тогтоол №4230 тоот албан бичиг хүсэлтийн дагуу хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн шалгалтыг хийсэн” гэж тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 229 тоот дүгнэлтээр “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 260004471 дугаартай Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 227 687 680 төгрөгийн зөрчил нь хх-57-60 дугаар хуудсанд авагдсан “Тавилга” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн дансны өглөг дансанд тусгагдсан 113 843 840 төгрөгийг 2 дахин тооцсон, 113 843 840 төгрөг нь 2002 оны 12 дугаар сарын 31-нээс 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх “Хос хас” ХХК-нд өгөх өглөг байна. Иймд уг актаар тогтоосон 227 687 680 төгрөгийн зөрчлийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Тавилга” ХХК-д дээрх актаар тавигдсан өр хэдийд үүссэн, татварын байгууллага баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн шалгалтын дүнд үндэслэн гаргасан татварын улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.

 /хэргийн 129-132, 141-146 дугаар тал/

 

Хариуцагч дээрх татварын байцаагчийн актыг эс зөвшөөрч эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаагүй хэдий ч татварыг үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тохиолдолд нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болсон актаа хуульд нийцсэн гэдгийг нотлох үүрэгтэй. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтээр актын хуульд нийцсэн байдал үгүйсгэгдэж байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                              Т.ТУЯА     

 

                                                                                                     С.ЭНХТӨР