Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02398

 

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02398

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж 00/0 өөрийн байранд байрлах А ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Оддын хотхон 00б байрны 00 тоотод байрлах С.З ХХК /РД:0000000/-т холбогдох

Түрээсийн үлдэгдэл төлбөрт 10 800 000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.З ХХК нь 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 12 сар хүртэл А ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж 00/0 тоотод байрлаж аж ахуйн хашаа, оффис түрээсэлж байсан ба түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй болно. 2017 оны 12 сарын 20-ны өдөр А ХК-иас С.З ХХК-ийн захирал Л.А-тэй тооцоо нийлж, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 10 800 000 иөгрөг гэж баталгаажуулж С.З ХХК төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрч байхад төлбөрийг төлж барагдуулахгүй байсаар байна. Иймд С.З ХХК-иас 10 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.З ХХК-ийн захирал Л.А- миний бие нь 2016 оны 10 сараас эхлэн элэгний хатуурал, хорт хавдар оноштойгоор БНСУ-д эмчилгээнд явж улмаар 2017 оны 2 сарын 7-нд элэг солиулах хүнд хагалгаа хийлгэн одоог хүртэл хөдөлмөрийн чадвар алдсаны группэд хамрагдаж яваа билээ. А ХХК-ийн захирал Л.С-тай олон жилийн өмнөөс ажил хэргийн холбоотой танил явж ирсэн бөгөөд 2016 оны 5 сарын сүүлээр уулзах үед оффисгүй болсон талаараа ярианы далимд хэлэхэд манай байранд нэг сул өрөө байгаа, төлбөр мөнгө гээд яах вэ хэрэв өөр хүнд түрээслэхээр бол суллаад өгөхгүй юу гээд өрөөнд ороод орж байрлаж байсан. Ийм ч учраас бидний хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй ба аж ахуйн хашааны хувьд ямар ойлголт яваад байгааг ойлгохгүй байна. Бид ямар нэг аж ахуйн хашаа ашиглах ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй, аж ахуйн хашаа ашиглах тоног төхөөрөмж, эд хөрөнгө байхгүй болно. Мөн дээр дурдсан хугацаанд болон одоог хүртэл бид ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй ба 2017 оны 9 сар хүртэл зөвхөн 2 ширээ, 1 бичиг хэргийн шкаф уг өрөөнд цоожтой байлгаж байсан. Найз нөхдийн журмаар үнэ төлбөргүй гэж ойлгож явтал 2017 оны 12 сарын 20-ны өдөр дуудаж уулзаад санхүүд харуулах шаардлагатай байна. Үүн дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь уг тооцоо нийлсэн баримт гэгч дээр гарын үсгээ зурсан. Тухайн өрөөнд орох үед гэрээ байгуулах төлбөр тооцооны асуудал яригдсан бол өрөөнд орохгүй байсан. Одоо би ямар нэг орлогогүй группийн мөнгөөр амьдарч байх тул төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С.З ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөрт 10 800 000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд өөрийн өмчлөлийн ажлын өрөө болон хашааг түрээслүүлсний төлбөрөө тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч үл зөвшөөрч татгалзлаа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А ХХК өөрийн өмчлөлийн байрны нэг өрөө болон хашааг хариуцагч С.З ХХК-д аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж шилжүүлж, сар бүр 600 000 төгрөг авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

Гэвч талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр байгуулна гэж заасны дагуу 318 дугаар зүйлийн 318.3-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу талуудын хоорондох гэрээ бичгээр байгуулагдаагүй байна.

Иймд дээрх хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талуудын хооронд амаар байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талууд 2017 оны 12 сарын 20-ны өдөр талууд тооцоо нийлж акт үйлдсэн тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж байх боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэсэн нь 10 800 000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг түрээсийн гэрээгээр шаардах эрхээ алдсан байна.

Иймд С.З ХХК-иас 10 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.З ХХК-иас 10 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 187 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц..УРАНГУА