Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01082

 

 

АСБИ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02398 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

АСБИ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Соёмбот зам ХХК-д холбогдох,

Түрээсийн үлдэгдэл төлбөрт 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч АСБИ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Соёмбот зам ХХК нь 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 12 сар хүртэл АСБИ ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж 51/1 тоотод байрлаж аж ахуйн хашаа, оффис түрээсэлж байсан ба түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй болно. 2017.12.20-ны өдөр АСБИ ХК-иас Соёмбот зам ХХК-ийн захирал Л.Адилбиштэй тооцоо нийлж, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 10,800,000 төгрөг гэж баталгаажуулж Соёмбот зам ХХК төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрч байхад төлбөрийг төлж барагдуулахгүй байсаар байна. Иймд Соёмбот зам ХХК-иас 10,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Соёмбот зам ХХК-ийн захирал Л.Адилбиш миний бие нь 2016 оны 10 сараас эхлэн элэгний хатуурал, хорт хавдар оноштойгоор БНСУ-д эмчилгээнд явж улмаар 2017.02.07-нд элэг солиулах хүнд хагалгаа хийлгэн одоог хүртэл хөдөлмөрийн чадвар алдсаны группэд хамрагдаж яваа билээ. АСБИ ХХК-ийн захирал Л.Сүмбандтай олон жилийн өмнөөс ажил хэргийн холбоотой танил явж ирсэн бөгөөд 2016 оны 5 сарын сүүлээр уулзах үед оффисгүй болсон талаараа ярианы далимд хэлэхэд манай байранд нэг сул өрөө байгаа, төлбөр мөнгө гээд яах вэ хэрэв өөр хүнд түрээслэхээр бол суллаад өгөхгүй юу, уг өрөөнд ороод ажлаа амжуулахгүй юу гэсэн тул тэдний байранд нэг өрөөнд ороод орж байрлаж байсан. Ийм ч учраас бидний хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй ба аж ахуйн хашааны хувьд ямар ойлголт яваад байгааг ойлгохгүй байна. Бид ямар нэг аж ахуйн хашаа ашиглах ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй, аж ахуйн хашаа ашиглах тоног төхөөрөмж, эд хөрөнгө байхгүй болно. Мөн дээр дурдсан хугацаанд болон одоог хүртэл бид ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй ба 2017 оны 9 сар хүртэл зөвхөн 2 ширээ, 1 бичиг хэргийн шкаф уг өрөөнд цоожтой байлгаж байсан. Найз нөхдийн журмаар үнэ төлбөргүй гэж ойлгож явтал 2017.12.20-ны өдөр дуудаж уулзаад санхүүд харуулах шаардлагатай байна, үүн дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь уг тооцоо нийлсэн баримт гэгч дээр гарын үсгээ зурсан. Тухайн өрөөнд орох үед гэрээ байгуулах, төлбөр тооцооны асуудал ерөөсөө яригдаагүй ба байрлаж байх хугацаанд ч ямар нэг төлбөрийн тухай асуудал гараагүй болно. Хэрэв яригдсан бол би уг өрөөнд орохгүй байсан. Одоо би ямар нэг орлого байхгүй группийн мөнгө 700,000 төгрөгөөр амьдарч байгаа тул төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02398 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Соёмбот зам ХХК-иас 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АСБИ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 187,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Соёмбот зам ХХК-иас 10,800,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Асби ХК-д олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Соёмбот зам ХХК-аас 187 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Асби ХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар хяналын журмаар гаргасан гомдолдоо: АСБИ ХК-ийн нэхэмжлэлтэй Соёмбот зам ХХК-д холбогдох Түрээсийн төлбөрт 10,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалын Хянавал хэсэгт ...Соёмбот зам ХХК нь нэхэмжпэгч АСБИ ХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан гэх үндэслэлтэй энэ нь талуудын байгуулсан тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч АСБИ ХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Соёмбот зам ХХК-иас 10,800,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул хариуцагч Соёмбот зам ХХК-иас дээрх мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч АСБИ ХК-д олгож шийдвэрлэв гэжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг нь бусдын хөрөнгийг эзэмшиж ашиглаж, үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олсон байдаг. Гэтэл хариуцагч Соёмбот зам ХХК нь тухайн оффисын өрөөг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй, өөрийн компанийн зардлыг хэмнээгүй. Учир нь Соёмбот зам ХХК-ийн захирал Л.Адилбиш нь хүнд өвчний улмаас гадаадад удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн тул төлбөр нэхэмжилж байгаа хугацаанд тус компани нь ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй, зардлаа хэмнээгүй. Энэ талаарх тайлбар болон нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн тайлбар болон холбогдох нотлох баримтыг үнэлж үзсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг үнэлж үзсэн. Соёмбот зам ХХК нь ямар нэг үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олсныг нотлох баримт байхгүй байгаа. Соёмбот зам ХХК-ийн захирал Л.Адилбиш нь АСБИ ХК-ийн захирал Л.Сүмбандтай олон жилийн өмнөөс ажил хэргийн холбоотой, танил явж ирсэн бөгөөд 2016 оны 5 сарын сүүлээр уулзах үед оффисгүй болсон талаараа ярианы далимд хэлэхэд манай байранд нэг сул өрөө байгаа, төлбөр мөнгө гээд яах вэ, хэрэв өөр хүнд түрээслэхээр бол суллаад өгөхгүй юу гэж хэлсэн тухай хариуцагчийн хариу тайлбарт байгаа. Анх талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, үнэ төлбөргүй гэж тохиролцсон тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих, эзэмших асуудал яригдах боломжгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх талууд анх уулзаж, хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн байдлыг харгалзаж үзээгүй. Анхнаасаа үнэ хөлс тохирсон бол түрээсийн гэрээ хийгдэх байсан. Энэ талаар ямар нэг баримт нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгөөгүй, баримт байдаггүй. Нэхэмжлэгч АСБИ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь (түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 10,800,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Иргэний хуульд заасан Түрээсийн гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага хангасан гэрээ болон гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон тухай ямар нэг баримт байдаггүй. Харин жил гаруй хугацааны дараа нэхэмжлэгч тал Соёмбот зам ХХК-ийн захирал Л.Адилбишийг дуудаж уулзаад санхүүд харуулах шаардлагатай байна үүн дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь итгээд гарын үсгээ зурсан тухайгаа хариуцагч хариу тайлбартаа дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуурч мэхэлж хийсэн хэлцлийг үндэслэж, Иргэний хуулийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн.

Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн судлалгүйгээр Иргэний хуулийн 492.1, 493.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч АСБИ ХК нь хариуцагч Соёмбот зам ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...түрээсийн гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага хангасан гэрээ болон гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон тухай ямар нэг баримт байдаггүй. ...давж заалдах шатны шүүх хуурч мэхэлж хийсэн хэлцлийг ...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь ...10,800,000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэхийг түрээсийн гэрээгээр шаардах эрхээ алдсан... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус заасан. 

Хариуцагч Соёмбот зам ХХК нь ...бидний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, төлбөр мөнгө тохиролцоогүй, ...тухайн оффисын өрөөг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй гэж маргах боловч уг тайлбарын үндэслэлээ нотлоогүй, харин хэрэгт нотлох баримтаар авагдсан, талуудын хооронд хийгдсэн 2017.12.20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч хуулийн этгээд нь АСБИ ХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж ашиглан, түрээсийн төлбөрт 10,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогджээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн ...талууд хуульд зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг эзэмшиж ашиглан, эд юмсын үр шимийг бий болгосон тул нэхэмжлэгч АСБИ ХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 10,800,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН