Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 25

 

                                       

 

 

 

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

                                        “А” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “СЗ-” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн үлдэгдэл төлбөрт 10 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ю.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЗ-” ХХК нь 2016 оны 6 сараас 2017 оны 12 сар хүртэл “А” ХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, ажилчны гудамж 51/1 тоотод байрлаж аж ахуйн хашаа, оффис түрээсэлж байсан ба түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй болно. 2017 оны 12 сарын 20-ны өдөр “А” ХК-аас “СЗ-” ХХК-ийн захирал Л.А-тэй тооцоо нийлж, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 10 800 000 төгрөг гэж баталгаажуулж, “СЗ-” ХХК төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрч байхад төлбөрийг төлж барагдуулахгүй байсаар байна. Иймд “СЗ-” ХХК-аас 10 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СЗ-” ХХК-ийн

захирал Л.А- миний бие нь 2016 оны 10 сараас эхлэн элэгний хатуурал, хорт хавдар оноштойгоор БНСУ-д эмчилгээнд явж улмаар 2017 оны 2 сарын 07-нд элэг солиулах хүнд хагалгаа хийлгэн одоог хүртэл хөдөлмөрийн чадвар алдсаны группэд хамрагдаж яваа билээ. “А” ХК-ийн захирал Л.Стай олон жилийн өмнөөс ажил хэргийн холбоотой танил явж ирсэн бөгөөд 2016 оны 5 сарын сүүлээр уулзах үед оффисгүй болсон талаараа ярианы далимд хэлэхэд манай байранд нэг сул өрөө байгаа, төлбөр мөнгө гээд яах вэ хэрэв өөр хүнд түрээслэхээр бол суллаад өгөхгүй юу гээд өрөөнд ороод байрлаж байсан. Ийм ч учраас бидний хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй ба аж ахуйн хашааны хувьд ямар ойлголт яваад байгааг ойлгохгүй байна. Бид ямар нэг аж ахуйн хашаа ашиглах ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй, аж ахуйн хашаа ашиглах тоног төхөөрөмж, эд хөрөнгө байхгүй болно. Мөн дээр дурдсан хугацаанд болон одоог хүртэл бид ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй ба 2017 оны 9 сар хүртэл зөвхөн 2 ширээ, 1 бичиг хэргийн шкаф уг өрөөнд цоожтой байлгаж байсан. Найз нөхдийн журмаар үнэ төлбөргүй гэж ойлгож явтал 2017 оны 12 сарын 20-ны өдөр дуудаж уулзаад санхүүд харуулах шаардлагатай байна. Үүн дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь уг тооцоо нийлсэн баримт гэгч дээр гарын үсгээ зурсан. Тухайн өрөөнд орох үед гэрээ байгуулах төлбөр тооцооны асуудал яригдсан бол өрөөнд орохгүй байсан. Одоо би ямар нэг орлогогүй группийн мөнгөөр амьдарч байх тул төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “СЗ-” ХХК-аас 10 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 187 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан атал шүүхийн шийдвэрийн бүх хэсэгт “А” ХХК хэмээн тодорхойлж шийдвэрлэсэн байна. “А” ХК-аас гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад баримтаар “А” хувьцаат компани болох нь бүрэн тогтоогдох бөгөөд Компанийн тухай хуулиар хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн бадлыг тодорхойлсон байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн хууль зүйн статусыг буруу тодорхойлж, байгаа нь “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчиж, хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй болгож байна. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн зүйлийг тооцоо нийлсэн акт буюу төлбөр барагдуулах хэлцлийн үүрэгт 10 800 000 төгрөг гаргуулах хэмээн тодорхойлсон боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “СЗ-” ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөрт 10 800 000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ гэж дүгнэсэн төдийгүй хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... 2016 оны 5 сарын сүүлээр Л.Стай уулзах үед оффисгүй болсон тухайгаа хэлэхэд манай байранд нэг сул өрөө байгаа, ... өөр хүнд түрээслэхээр бол суллаад өгөхгүй юу, ажлаа амжуулж бай гэхэд нь тэдний байранд нэг өрөөнд орж байрласан” хэмээн оффист байрлаж байсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, мөн 2017 оны 12 сарын 20-ны өдөр “А” ХК болон “СЗ-” ХХК нарын захирлууд биечлэн уулзаж, тооцоо нийлсэн актыг үйлдсэн бөгөөд тус актад “... түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 800 000 төгрөг байна, түүнийг мөнгөн хэлбэрээр данс хооронд шилжүүлэн өгч авалцахаар тохиролцов” гэж зааснаар талуудын хооронд мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн үйл баримт хангалттай нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг үндэслэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, үүнийг харилцан  хүлээн  зөвшөөрч  мөнгөн төлбөрийн үүрэг болгон баталгаажуулсан ба хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар үйл баримт байсан нь тогтоогдож байтал түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэж байна. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж хуульчилсан бөгөөд талуудын хооронд байгуулсан мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хэлцэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл мөн байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй” гэж хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг зохицуулсан байтал хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг огт шийдвэрлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа огт үүсээгүй мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талууд 2017 оны 12 сарын 20-ны өдөр талууд тооцоо нийлж, акт үйлдсэн тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж байх боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө  хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэсэн нь 10 800 000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг түрээсийн гэрээгээр шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж хуульчилсантай үл нийцэж байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч “СЗ-” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 10 800 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй хэмээн татгалзсан байна. Хэрэгт авагдсан 2017 оны 12 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт болон зохигчдын тайлбараас дүгнэвэл талуудыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг заасан байх бөгөөд талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч “СЗ-” ХХК нь нэхэмжлэгч “А” ХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан гэх үндэслэлтэй, энэ нь талуудын байгуулсан тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/

Иймд нэхэмжлэгч “А” ХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “СЗ-” ХХК-аас 10 800 000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул хариуцагч “СЗ-” ХХК-аас дээрх мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХК-д олгож шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл талуудын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаас дүгнэвэл хариуцагч “СЗ-” ХХК нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж эд юмсын үр шимийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй. Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс буцаан шаардах шаардлагад олох ёстой байсан орлого, үр шим хамаарах бөгөөд буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар үүснэ.

 

Хариуцагч татгалзалдаа түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч хариуцагчийн энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн тайлбар, талуудын байгуулсан 2017 оны 12 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар няцаагдаж байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт “А” ХК-ийн нэрийг “А” ХХК гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг мөн зөвтгөн өөрчлөв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “СЗ-” ХХК-аас 10 800 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “А” ХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч “СЗ-” ХХК-аас 187 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                   Г.ДАВААДОРЖ