| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/02425/И |
| Дугаар | 102/ШШ2019/02580 |
| Огноо | 2019-10-01 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2019/02580
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,263,000 /нэг сая хоёр зуун жаран гурван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ... СӨХ-ны гүйцэтгэх захирал Г...., хариуцагч О.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон гүйцэтгэх захирал Г.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... СӨХ нь Баянгол дүүргийн .... гудамж, ...а байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж байна. Тус 22а дугаар байрны 205 тоотын сууц өмчлөгч О.... нь тус тоотод аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 20 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 1,263,000 төгрөгийг СӨХ-д төлөөгүй байна. Нэг сарын 63,150 төгрөг бөгөөд, үүнд засвар үйлчилгээнд 60,000 төгрөг, цэвэрлэгээ 3000 төгрөг, баримт 150 төгрөгөөр тус тус тогтоосон. Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу 1,263,000 төгрөгийг СӨХ-д төлөх үүрэгтэй.
2012 онд сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан. 2017 оны 11 дүгээр сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг нэхээгүй явсан. Би 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр томилогдоод энэ байгууллагад сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө төлөөрэй гэхэд төлөөгүй. Эдний өмчлөлд байгаа эд хөрөнгө бол тухайн сууц өмчлөгчдийн холбооны дундын эд хөрөнгө мөн. Орцны нөгөө талд байдаг, манайд хамааралгүй гээд байна. Нэг л байранд байгаа тул хамааралтай. Нэг шугам сүлжээ, нэг цахилгааны утсаар явж байгаа. Халаалт, халуун ус, цэвэр, бохир ус, цахилгааны шугамыг ашиглаж байгаа тул төлөх ёстой. Манайх цэвэрлэгээ үйлчилгээний мөнгө нэхээгүй. Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний мөнгө л нэхсэн. Сууц өмчлөгчдийн холбооны хуулийн дагуу л ажлаа хийж байгаа. 1,263,000 төгрөгийг төлөх ёстой. Төлбөрөө төлчихөөд эрхээ эдлэх ёстой. Дундын өмчлөлийн шугам сүлжээ буюу подволд байдаг халаалт, цэвэр бохир ус, цахилгаан бүгд дундын өмчлөлийн шугам сүлжээ. Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс тогтоосон тариф байгаа. Тэр тогтоол дээр хамгийн бага, доод түвшингээр тогтоосон байдаг. Аж ахуй нэгж 60,000 төгрөг байдаг. Тухайн барилга 2010-2011 онд ашиглалтад орсон. Богда холдинг ХХК барьсан. Энэ 22А барилгыг DZH гэх хятад компани барьсан. Барилгын зураг төслийн дагуу барьсан байж болно. Барилгын материалын чанар муу байсан. Дээд хэсэг ховхорсон байсныг засуулсан. Эм тариагаа хөлдөөсөн нь манайд хамаагүй. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч О.... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Уг орон сууцыг би анх ашиглалтанд ороход нь орж байсан анхны оршин суугчдын нэг юм. Энэ СӨХ-ны ч удирдах зөвлөлийн гишүүн байсан. Уг байрыг би эмийн сангийн үйл ажиллагаа эрхлүүлэхээр бусдад түрээслүүлдэг. Түрээслэгчээс тодорхой шалтгааны улмаас гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Үндэслэл нь: байрны хойд хананд хог асгаж, тэр нь шатаад, хананы дулаалга мөн шатаж, СӨХ бүрэн засвар хийгээгүйн улмаас хойд хана гаднаасаа үргэлж цан цохиж жинддэг. Мөн байрны босоо шугам байнга ус алдаж байснаас өөрсдийн мөнгөөр материалаа авч холболтыг шинэчилсэн боловч дээрээсээ шугамаа даган үргэлж зэвтэй, муу ус гоождог хэвээр. Дээвэр зуны улиралд байнга ус гоождог учир хана цуурсан. Барилга ашиглалтад хийгдсэн үнэлгээгээр хазайлт үүссэн гэсэн дүгнэлт гарсан.
Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн задаргаа засвар үйлчилгээ сард 60,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй. Бидэнтэй ярьж тохиролцсон гэрээ байхгүй. Энэ байр анхнаасаа дээврээс ус гоождог, босоо шугам ус алддаг байсан. Бидний үйлчилгээний хаалга баруун тийшээ, зам руугаа харсан ба, бид хариуцлагынхаа хүрээнд өөрийн байрны харалдаа зам талбайг өөрсдөө цэвэрлэдэг. СӨХ-ны үйлчлэгч эсийн санг цэвэрлэдэггүй. СӨХ-ны хариуцсан талбай тусдаа, зүүн тийшээ харсан, хог хаягдлаа бид өөрсдөө гэрээгээр устгуулдаг. Иймд энэ нэхэмжлэл хийсвэр байна.
Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа дүрэм журмын дагуу явагддаггүй. Дотор байгаа нийтийн өмчлөлийн үйл ажиллагааг дэмжих нэг ч зүйл байхгүй. Энэ 2 дарга нь удирдах зөвлөл болж байгаад Г.... гэж хүнийг сонгосон. Энэ хүн 22а байранд байдаггүй. Оршин суугчдын хурал хийгээгүй. Энэ 3 хүний тохиролцоогоор сонгогдсон. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт албан газрын сууц өмчлөгчдийн холбоотой хийсэн гэрээ байх ёстой. Эднийхтэй дундын өмчлөлийн ашигтай талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол гэрээ хийх ёстой. Шугам сүлжээний асуудал дээр гэрээ хийх ёстой. Анх түрээслэхдээ сууц өмчлөгчдийн холбоотой 30,000 төгрөгөөр гэрээ хийж өгч байсан тул өөрсдөө засвар үйлчилгээ хийж байсан болохоор мөнгөө төлөөгүй гэсэн. Энэ бол хууль бус сууц өмчлөгчдийн холбоо. Нэг ч сууц өмчлөгчдийн холбооны хурал хийгээгүй. 60,000 төгрөгийг хэн тогтоосон бэ? Шууд банкруу нэхэмжлэл хийгээд байгаа нь буруу шүү дээ. Одоо хүмүүс нь хэлээд байна. Оршин суугчид дотроосоо дарга нь сонгогдсон бол ийм зүйл болохгүй гэж. Оршин суугчдаас сонгогдоогүй тул хэлж байгаа зүйл нь үндэслэлгүй. Гэрээ байхгүй хурааж хурааж байгаад л нэхдэг. Тохиролцсоны үндсэн дээр шүүхэд хандах хэрэгтэй. Бүх оршин суугчид эсэргүүцэж байгаа. Хуулийн байгууллагад мэдэгдэл өгсөн цагаас л мэдсэн. Өмнө нь надад хэлээгүй. 60,000 төгрөгийг хаанаас тогтоосон нь тодорхой бус. Цэвэрлэгээний хувьд аптек бол тусгай хог хаягдлаар явдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... СӨХ нь хариуцагч О....д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 20 сарын хугацааны төлбөрт СӨХ-ны Дээд зөвлөлөөс тогтоосон үнэлгээний дагуу тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2012 онд тогтоосон тарифын доод хэмжээгээр дундын өмчлөлийн салхижуулалтын хоолой, инженерийн шугам сүлжээ, цахилгааны монтаж ашиглалтын төлбөр-т 40,000-80,000 хэмээн тогтоосноос нэг сарын 60,000 төгрөг, цэвэрлэгээ 3,000 төгрөг, баримт 150 төгрөг, бүгд 63,150 төгрөгөөр тооцон нийт 1,263,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч О.... нь дээрх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрөх боловч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 60,000 төгрөгийг нэхэмжлэгч хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, тэрхүү үнэ тарифыг бүх оршин суугчдаас тодруулаагүй бөгөөд, уг төлбөрийн үндэслэлээ баримтаар нотлоогүй, цэвэрлэгээ хийгддэггүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
... СӨХ нь 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Г....г гүйцэтгэх захирлаар томилсон болох нь гэрчилгээ болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэр зэргээр тус тус нотлогдож байна. /хх 3, 4/
Хариуцагч О.... нь нэхэмжлэгч ... СӨХ-ны хариуцан үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а дугаар байрны 205 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг зохигчид тодорхойлон тайлбарлах бөгөөд, энэ талаар хэн аль нь маргаагүй тул тэдний тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотолгооны хэрэгсэл болно.
Хэдийгээр сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3 дахь хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, мөн хуулийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд, хариуцагч О.... нь энэ үүргээ биелүүлээгүй буруутай боловч, тэрхүү зардлын хэмжээг ... СӨХ нь хэрхэн тогтоож шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно, 16.4.2 дахь хэсэгт сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол гэж, мөн хуулийн 16.5 дахь хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилж, СӨХ нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцүүлэн бүх гишүүдийн хурлаар зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан ... СӨХ-ны 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №02 тоот Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, түүний хавсралтаар тогтоосон тариф нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсгүүдэд нийцээгүйн зэрэгцээ, СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргаж байгаагүй болох нь нотлох баримтаар гаргасан энэхүү Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор нотлогдож байна. /хх 5/
Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлөөс тогтоосон тарифын доод хэмжээгээр тооцон сар бүр 63,150 төгрөгийн зардал гаргуулахаар шаардсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчаас шаардаж буй 1,263,000 төгрөгийн төлбөрийн шаардлагаа бүрэн нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ... СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О....гээс 1,263,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА