Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/00153

 

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/00153

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Усны гудамж 18Гаруда центер ... тоот хаягт оршин байх, Б.А ХХК /РД.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Ханну төв, ... тоот хаягт оршин байх, Ц ХХК /РД.../-д холбогдох,

 

Ажлын гүйцэтгэх гэрээний үүрэгт 44,043,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Туул нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ц ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-тай 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн нутагт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилга барих төслийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх онцгой эрх, мөн төвийг барих барилга угсралтын ажлын сунгалтын гэрээг байгуулсан байсан. 2016 оны 7 дугаар сарын эхэн хавьцаа Ц ХХК нь манай Бэст аксис ХХК-д танайх энэ ажилд туслан гүйцэтгэгчээр ор, заслын бүх ажил, дээврийн ажлыг мөн тухайн ажилд шаардлагатай материалыг өөрийн хөрөнгөөр нийлүүл, материал болон ажлын гүйцэтгэлд гарсан зардлыг 25 хувиар өсгөж өгье, зөвшөөрч байвал яаралтай ажилдаа ор, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хүмүүс ирэхэд ажил зогссон байдалтай харагдаад байна, гэрээг явцын дунд хийе, 1 м2-ийн үнэлгээг тухайн үеийн ханшаар бодьё гэх саналыг тавьсан. Бид зарцуулсан материалаа тухай бүр нь тухайн компанийн няравт тэмдэглүүлж байсан, ажлаа 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эхэлсэн, хүйтрээд хийсэн заслын ажил маань хуурч унаад байсан тул дулаанаа яаралтай авах шаардлага тавьсан, дулаанаа аваагүйн улмаас заслын ажилд доголдол гарч байсан тул бид ажлаа дулаан авсны дараа үргэлжлүүлэхээр 2016 оны 10 дугаар сард түр зогсоосон, энэ хооронд бидний авсан материалаар Солонгос ажилчдаар ажлыг хийж гүйцэтгүүлсэн байсан.

Манай компани дээрх хугацаанд Налайх дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг барих ажилд ажилчдын цалинд 78,288,255 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувь нэмэгдүүлээд 97,860,318 төгрөг, материалын зардалд 78,338,300 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувиар нэмэгдүүлээд 97,922,875 төгрөг, нийт 195,783,158 төгрөг болсон бөгөөд үүнээс хойш бид мөнгөө нэхэж, гэрээгээ хийе гэж удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ц ХХК-аас 150,000,000 төгрөгийг улсын төсвөөс мөнгө орж ирэхээр өгнө гэх бичгийг хийж өгсөн. Хэдийгээр бидний авах хөлс 195 сая төгрөг болж байгаа хэдий ч бид 150,000,000 төгрөгийг нь зөвшөөрч байна. Ингээд удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай компанитай хамт ажиллаж байсан О.Б-ийн данс руу Ц ХХК-аас 105,956,770 төгрөгийг шилжүүлсэн, ингэж шилжүүлэхдээ тооцоо дуусав гэж өөрсдөө гүйлгээний утгаа бичүүлсэн байсан, үүнийг зөвшөөрөхгүй. Иймд 150,000,000 төгрөгөөс шилжүүлсэн 105,956,770 төгрөгийг хасаад үлдэгдэл 44,043,230 төгрөгийг хариуцагч Ц ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилгын заслын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллсан. Талууд ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй, харин амаар л тохиролцсон. Материалын зардал болон ажлын хөлсийг Б.А ХХК нь 2016-2017 он хүртэл мөрдөх үнэлгээгээр ажиллахаар болсон. Б.А ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн. Барилгыг ашиглалтад өгсөн боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжилт орж ирэхгүй удсан, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр талуудын 2 инженер хийж гүйцэтгэсэн ажил болон материалаа дүгнэж харилцан тохиролцсон бөгөөд манай компаниас талбайн инженер Ж.Уранцэцэг, талбайн даамал, инженер М.Чинбат, Б.А ХХК-иас инжежер Я.Гантөгс нар уг ажлыг хариуцан тооцоо болон ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьж байсан. Уг тооцоо нийлсэн баримтыг үндэслэн манай компани Б.А ХХК-д материалын үнэд 63,353,3000 төгрөгийг, ажлын гүйцэтгэлд 35,816,875 төгрөгийг, нийт 105,956,770 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.А ХХК-ийн Хаан банкны 5011195659 данс руу тооцоо дуусав гэж шилжүүлсэн. Нэхэмжлэлийг 8 дугаар сард гаргасан байдаг, ажлын хөлсний зөрүүг нэхэмжилсэн байна. Б.А ХХК-ийн захирал Б.Ц нь тухайн үед Ганхуягаар гарын үсэг зуруулаагүй, нэгэнт 2 талын инженерүүд тооцоо нийлж гарын үсэг зурсан, харин Б.Ц өөрөө бараа материалын үнийг тооцсон нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Зарим бараа материалын үнэ илүү байна. Тухайн үед Мөнхсайхан захирал л гарын үсэг зурсан гэтэл Ганхуяг захирал гарын үсэг зурсан гэж байна. Ганхуяг нь гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш, тухайн үед Ц ХХК-д менежерын албан тушаал хашдаг байсан, хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст Ганхуягийн гарын үсэгтэй бичиг байдаг гэтэл Ганхуяг нь гарын үсэг зурах эрх хэмжээтэй хүн биш, гүйцэтгэх захирал биш. Ганхуягаас энэ талаар асуухад Б.Ц нь банкнаас зээл авах гэхээр өгөхгүй байна, танайхаас авлагатай гэвэл банк зээл олгох байх гэсэн учраас би энэ баталгааг бичиж өгсөн гэж хэлдэг, нэгэнт 2 тал тооцоо дуусгавар болов ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн учраас Г-ийн бичиж өгсөн мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулж материалын үнэ, ажлын хөлсөнд нийт 44,043,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Ц ХХК нь ... 2 компанийн эрх бүхий албан тушаалтнууд Б.А ХХК-ийн зарцуулсан материалын үнэ, ажлын хөлсийг тохиролцсоны дагуу тухайн үеийнх нь ханшаар тооцож, акт үйлдсэн, үүний дагуу материалын үнэд 63,353,300 төгрөг, ажил гүйцэтгэлийн хөлсөнд 35,816,875 төгрөг, нийт 105,956,770 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, 150,000,000 төгрөг төлнө гэж тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц ХХК-иас материалын үнэ, ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Цэцгэнгэрс ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэстэй 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах хүүхдийн хөгжлийн төв барих төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх онцгой эрх /концесс/, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Хүүхдийн хөгжлийн төвийн барилга угсралтын ажлын НХОГ-К/2 дугаартай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/638 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгчээ.

 

Хариуцагч Ц ХХК нь дээрх барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч Б.А ХХК-г ажиллуулсан, Налайх дүүргийн Хүүхдийн хөгжлийн төвийн заслын бүх ажил, дээврийн ажлыг Б.А ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, материал болон ажлын хөлсөнд гарсан зардлыг 25 хувиар өсгөж Ц ХХК төлөхөөр харилцан тохирчээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна., мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэжээ.

 

Зохигчид 2016 оны 7 дугаар сард Налайх дүүргийн Хүүхдийн хөгжлийн төвийн барилгын заслын бүх ажил, дээврийн ажлыг Б.А ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу Б.А ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажлаа эхлүүлсэн ба барилга байгууламжийг барьж улсын комисст хүлээлгэж өгсөн байдал, нэхэмжлэгч, болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Б.А ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 22-нд ажилдаа орсон, хийж гүйцэтгэсэн ажлын материалын болон ажлын хөлсний тооцоог харилцах тохиролцож байсан гэсэн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Ажлын гүйцэтгэлд зарцуулсан материалын үнэ, ажлын хөлсөнд зарцуулсан зардлын талаар нэхэмжлэгч ажилчдын цалинд 78,288,255 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувь нэмэгдүүлээд 97,860,318 төгрөг, материалын зардалд 78,338,300 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувиар нэмэгдүүлээд 97,922,875 төгрөг, нийт 195,783,158 төгрөг, харин хариуцагч материалын үнэд 63,353,300 төгрөг, ажил гүйцэтгэлийн хөлсөнд 35,816,875 төгрөг, нийт 105,956,770 төгрөг зарцуулсан гэж харилцан зөрүүтэй тооцоог гаргасан. Нэхэмжлэгч Б.А ХХК-ийн инженер Я.Гантөгс, хариуцагч Ц ХХК-ийн инженер Ж.Уранцэцэг нар материалын үнэ, ажлын хөлсөнд зарцуулсан зарлыг харилцан шалгаж, акт үйлдсэн гэх боловч тухайн баримтыг 2016 оны хэдэн сарын хэдний өдөр үйлдсэн нь тодорхойгүй, нэгж үнэ, нийт үнийг тооцоогүй байна.

 

Харин хэрэгт авагдсан Ц ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03/25 дугаар Манай компани нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр НХОГ К/2 дугаар концессын гэрээ байгуулж, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус компани нь 2016 оны 7 дугаар сарын 22-ноос 2016 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд барилгын дээврийн болон дотор заслын ажил хийж гүйцэтгэсэн, ажлын хөлс болон бараа материалын төлбөр болох 150,000,000 төгрөгийг улсын төсвөөс санхүүжилт орж ирэхээр бүрэн дуусгах ба нэмэлт ажлын дүнг ахин тохирох болно. гэх албан бичгийг нэхэмжлэгч Б.А ХХК-д өгч байснаас үзвэл тухайн Хүүхэд хөгжлийн төвийн барилгын дээврийн болон дотор заслын ажлыг нэхэмжлэгч Б.А ХХК хийж гүйцэтгэхэд гарсан зардал буюу материалын үнэ, ажилчдын хөлсөнд хариуцагч Ц ХХК 150,000,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрчээ.

 

Дээрх баримтыг хариуцагч ... эрх бүхий албан тушаалтан энэ бичгийг үйлдээгүй гэж тайлбар гаргаж маргах боловч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно. Мөн Хаан банкин дахь О.Болд-Эрдэнийн эзэмшиж буй 5026483628 тоот данс руу хариуцагч Ц ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 105,956770 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг Цэцэнгэрс-с тооцоо дуусгав гэж шилжүүлсэн нь нэг талын баримт бөгөөд үүгээр хариуцагчийг үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Дээрх мөнгийг хүлээн авсан тал дээр нэхэмжлэгч маргаагүй болно.

 

Иймд хариуцагч Ц ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөөгүй үлдсэн 44,043,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас 44,043,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 378,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР