Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 629

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44 043 230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ц” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-тай 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн нутагт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилга барих төслийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх онцгой эрх, мөн төвийг барих барилга угсралтын ажлын сунгалтын гэрээг байгуулсан. 2016 оны 7 дугаар сард “Ц” ХХК нь манай “Б” ХХК-д танайх энэ ажилд туслан гүйцэтгэгчээр ор, заслын бүх ажил, дээврийн ажлыг мөн тухайн ажилд шаардлагатай материалыг өөрийн хөрөнгөөр нийлүүл, материал болон ажлын гүйцэтгэлд гарсан зардлыг 25 хувиар өсгөж өгье, зөвшөөрч байвал яаралтай ажилдаа ор, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хүмүүс ирэхэд ажил зогссон байдалтай харагдаад байна, гэрээг явцын дунд хийе, 1 м.кв-ийн үнэлгээг тухайн үеийн ханшаар бодьё гэх саналыг тавьсан. Бид зарцуулсан материалаа тухай бүр нь тухайн компанийн няравт тэмдэглүүлж байсан, ажлаа 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эхэлсэн, хүйтрээд хийсэн заслын ажил маань хуурч унаад байсан тул дулаанаа яаралтай авах шаардлага тавьсан, дулаанаа аваагүйн улмаас заслын ажилд доголдол гарч байсан тул бид ажлаа дулаан авсны дараа үргэлжлүүлэхээр 2016 оны 10 дугаар сард түр зогсоосон, энэ хооронд бидний авсан материалаар Солонгос ажилчдаар ажлыг хийж гүйцэтгүүлсэн байсан. Манай компани дээрх хугацаанд Налайх дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг барих ажилд ажилчдын цалинд 78 288 255 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувь нэмэгдүүлээд 97 860 318 төгрөг, материалын зардалд 78 338 300 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувиар нэмэгдүүлээд 97 922 875 төгрөг, нийт 195 783 158 төгрөг болсон бөгөөд үүнээс хойш бид мөнгөө нэхэж, гэрээгээ хийе гэж удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Ц” ХХК-иас 150 000 000 төгрөгийг улсын төсвөөс мөнгө орж ирэхээр өгнө гэх бичгийг хийж өгсөн. Хэдийгээр бидний авах хөлс 195 сая төгрөг болж байгаа хэдий ч бид 150 000 000 төгрөгийг нь зөвшөөрч байна. Ингээд удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай компанитай хамт ажиллаж байсан О.Болд-Эрдэнийн данс руу “Ц” ХХК-иас 105 956 770 төгрөгийг шилжүүлсэн, ингэж шилжүүлэхдээ “тооцоо дуусав” гэж өөрсдөө гүйлгээний утгаа бичүүлсэн байсан, үүнийг зөвшөөрөхгүй. Иймд 150 000 000 төгрөгөөс шилжүүлсэн 105 956 770 төгрөгийг хасаад үлдэгдэл 44 043 230 төгрөгийг хариуцагч “Ц” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б” ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилгын заслын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Талууд ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй, харин амаар л тохиролцсон. Материалын зардал болон ажлын хөлсийг “Б” ХХК нь 2016-2017 он хүртэл мөрдөх үнэлгээгээр ажиллахаар болсон. “Б” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн. Барилгыг ашиглалтад өгсөн боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжилт орж ирэхгүй удсан, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр талуудын 2 инженер хийж гүйцэтгэсэн ажил болон материалаа дүгнэж харилцан тохиролцсон бөгөөд манай компаниас талбайн инженер Ж.Уранцэцэг, талбайн даамал, инженер М.Чинбат, “Б” ХХК-иас инжежер Я.Гантөгс нар уг ажлыг хариуцан тооцоо болон ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьж байсан. Уг тооцоо нийлсэн баримтыг үндэслэн манай компани “Б” ХХК-д материалын үнэд 63 353 3000 төгрөгийг, ажлын гүйцэтгэлд 35 816 875 төгрөгийг, нийт 105 956 770 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Б” ХХК-ийн Хаан банкны 5011195659 данс руу “тооцоо дуусав” гэж шилжүүлсэн. Нэхэмжлэлийг 8 дугаар сард гаргасан байдаг, ажлын хөлсний зөрүүг нэхэмжилсэн байна. “Б" ХХК-ийн захирал Б.Ц нь тухайн үед н.Ганхуягаар гарын үсэг зуруулаагүй, нэгэнт 2 талын инженерүүд тооцоо нийлж гарын үсэг зурсан, харин Б.Ц өөрөө бараа материалын үнийг тооцсон нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Зарим бараа материалын үнэ илүү байна. Тухайн үед М.Мөнхсайхан захирал л гарын үсэг зурсан гэтэл н.Ганхуяг захирал гарын үсэг зурсан гэж байна. н.Ганхуяг нь гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш, тухайн үед “Ц” ХХК-д менежерын албан тушаал хашдаг байсан, хавтаст хэргийн 11 дүгээр талд н.Ганхуягийн гарын үсэгтэй бичиг байдаг. Гэтэл н.Ганхуяг нь гарын үсэг зурах эрх хэмжээтэй хүн биш, гүйцэтгэх захирал биш. н.Ганхуягаас энэ талаар асуухад Б.Ц нь банкнаас зээл авах гэхээр өгөхгүй байна, танайхаас авлагатай гэвэл банк зээл олгох байх гэсэн учраас би энэ баталгааг бичиж өгсөн гэж хэлдэг, нэгэнт 2 тал тооцоо дуусгавар болов ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн учраас н.Ганхуягийн бичиж өгсөн мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 44 043 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 378 166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378 166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчин нэхэмжлэгчийн гаргасан буюу тооцооны баримтаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хавтаст хэргийн 9, 10 дугаар талд материалын нэр, ажлын гүйцэтгэл гэсэн хуудсаар хийсэн ажлаа 2 тал тооцоо нийлж хариуцан ажиллаж “Б” ХХК-ийн инженер Я.Гантөгс, “Ц” ХХК-ийн инженер М.Чинбат, Ж.Уранцэцэг нарын гарын үсэг зурж баталгаажуулсны дагуу “Ц” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5026483628 тоот дансанд “Ц” ХХК-иас тооцоо дуусгая гээд 105 956 770 төгрөгийг “Б” ХХК-д өгсөн. Гэтэл шүүх 2 талын тооцоо нийлээгүй нэхэмжлэгчийн өөрсдийн гаргасан тооцооны баримтыг үндэслэн төлбөр болох 44 043 230 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

           

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44 043 230 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “Ц” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай “Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах хүүхдийн хөгжлийн төв барих” төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх онцгой эрх /концесс/ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах хүүхдийн хөгжлийн төв барих барилга угсралтын ажлын гэрээ байгуулан, гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/638 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.                                                    /хх-55-56, 59-61 дүгээр тал/

 

            Хариуцагч нь дээрх гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч компанийг ажиллуулсан ба Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Хүүхдийн хөгжлийн төвийн заслын болон дээврийн ажлыг нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, хариуцагч материал болон ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь 78 338 300 төгрөгийн бараа хүлээлгэн өгч, 78 288 255 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, бараа болон ажил гүйцэтгэсэн зардлыг 25 хувиар өсгөн өгөхөөр гэрээгээр тохиролцсон гэх, хариуцагч нь 63 353 300 төгрөгийн бараа хүлээн авсан, 35 816 875 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, бараа болон ажил гүйцэтгэсэн зардлыг 25 хувиар нэмэгдүүлж тооцохооор гэрээгээр тохиролцоогүй гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь бараа болон ажил гүйцэтгэсэн зардлыг талууд гэрээгээр 25 хувиар өсгөн өгөхөөр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт буруу болсныг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчид “2016 оноос 2017 он хүртэл мөрдөгдөх ажлын үнэлгээг” танилцуулан уг үнэлгээгээр ажиллахаар ажлын хөлсийг тохирсон гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул энэхүү үнэлгээгээр талууд ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцон тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.                                               /хх-51 дүгээр тал/

 

Хэргийн 9 дүгээр талд бараа хүлээлцсэн, 10 дугаар талд ажлын гүйцэтгэл хүлээлцэж тооцоо нийлсэн 2 талын гарын үсэгтэй баримт авагдсан байх бөгөөд уг баримтыг талуудын тайлбар болон хэргийн 8 дугаар тал дахь нэхэмжлэгчийн тооцооны баримттай харьцуулж нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн бараа, түүний үнэ болон гүйцэтгэсэн ажлын хөлсийг тогтоох боломжтой байна.

 

Ийнхүү талууд гэрээгээр хийсэн ажлын үнэлгээг тохиролцсон атлаа хүлээлгэн өгсөн барааны талаар тохиролцоогүй байгааг хэргийн 8 дугаар тал дахь нэхэмжлэгчийн тооцооны баримт дахь материал бүрийн үнэлгээний талаар хариуцагч маргаагүй, хариу тайлбар гаргаагүй тул уг баримтыг хэргийн 9-10 дугаар тал дахь баримт болон талуудын тайлбартай харьцуулж барааг тооцох боломжтой шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу банкнаас зээл авахад нь зориулан “150 000 000 төгрөг өгөх ёстой гэх албан бичгийг хийж өгсөн” гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, уг тайлбарыг нэхэмжлэгч няцаасан тайлбар гаргасан байхад няцаасан тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй гэж үзэж 44 043 230 000 төгрөг гаргуулсан шүүхийн дүгнэлт нотолгооны хуваарилалтыг буруу хийсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн бараа хүлээлгэн өгсөн гэх баримтад нөгөө тал болох “Ц” ХХК-ийг төлөөлөх хүний гарын үсэг зурагдаагүй байхад зөвхөн уг баримтад үндэслэж бараа хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй. Энэхүү баримтад хар замаск 17 тн, цагаан замаск 20 тн, паркетан шал 235 м.куб, хаалга 63 ширхэг гэж тооцоог бичсэн бол зохигч компаниудын төлөөлөгч 2 тал гарын үсэг зурж, тооцоо нийлсэн баримтад хар замаск 17 тн, цагаан замаск 20 тн, паркетан шал 235 м.куб, хаалга 63 ширхэг, доод хэсэгт цагаан замаскны үлдэгдэл 1 тн 125, хар замаск 1 тн 200 гэж бичжээ. Иймд 2 талын гарын үсэг бүхий баримт дахь тооцоог үндэслэж нэхэмжлэгч “Б” ХХК нь 63 736 300 төгрөгийн бараа, цэвэрлэгээний ажлаас бусад 61 476 110 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Иймд нийт 125 212 410 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 105 956 770 төгрөгийг хасч, үлдэгдэл 19 255 640 төгрөгийг хариуцагч “Ц” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгон, нэхэмжлэлээс шаардлагаас үлдэх 24 787 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 19 255 640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 787 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “378 166” гэснийг “254 228” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ