Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01176

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

             Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00153 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

  2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 629 дүгээр магадлалтай,                                                                                                    

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох

           Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44,043,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэндсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ц” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-тай 2016 оны 05 сарын 18-ны өдөр Налайх дүүргийн нутагт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилга барих төслийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх онцгой эрх, мөн төвийг барих барилга угсралтын ажлын сунгалтын гэрээг байгуулсан. 2016 оны 7 сард “Ц” ХХК нь манай “Б” ХХК-д “танайх энэ ажилд туслан гүйцэтгэгчээр ор, заслын бүх ажил, дээврийн ажлыг мөн тухайн ажилд шаардлагатай материалыг өөрийн хөрөнгөөр нийлүүл, материал болон ажлын гүйцэтгэлд гарсан зардлыг 25 хувиар өсгөж өгье, зөвшөөрч байвал яаралтай ажилдаа ор, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хүмүүс ирэхэд ажил зогссон байдалтай харагдаад байна, гэрээг явцын дунд хийе, 1 м.кв-ийн үнэлгээг тухайн үеийн ханшаар бодьё” гэх саналыг тавьсан. Бид зарцуулсан материалаа тухай бүр нь тухайн компанийн няравт тэмдэглүүлж байсан, ажлаа 2016 оны 07 сарын 22-ны өдөр эхэлсэн, хүйтрээд хийсэн заслын ажил маань хуурч унаад байсан тул дулаанаа яаралтай авах шаардлага тавьсан, дулаанаа аваагүйн улмаас заслын ажилд доголдол гарч байсан тул бид ажлаа дулаан авсны дараа үргэлжлүүлэхээр 2016 оны 10 сард түр зогсоосон, энэ хооронд бидний авсан материалаар Солонгос ажилчдаар ажлыг хийж гүйцэтгүүлсэн байсан. Манай компани дээрх хугацаанд Налайх дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг барих ажилд ажилчдын цалинд 78,288,255 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувь нэмэгдүүлээд 97,860,318 төгрөг, материалын зардалд 78,338,300 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувиар нэмэгдүүлээд 97,922,875 төгрөг, нийт 195,783,158 төгрөг болсон бөгөөд үүнээс хойш бид мөнгөө нэхэж, гэрээгээ хийе гэж удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 03 сарын 15-ны өдөр “Ц” ХХК-иас 150,000,000 төгрөгийг улсын төсвөөс мөнгө орж ирэхээр өгнө гэх бичгийг хийж өгсөн. Хэдийгээр бидний авах хөлс 195 сая төгрөг болж байгаа хэдий ч бид 150,000,000 төгрөгийг нь зөвшөөрч байна. Ингээд удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 06 сарын 16-ны өдөр манай компанитай хамт ажиллаж байсан О.Болд-Эрдэнийн данс руу “Ц” ХХК-иас 105,956,770 төгрөгийг шилжүүлсэн, ингэж шилжүүлэхдээ тооцоо дуусав гэж өөрсдөө гүйлгээний утгаа бичүүлсэн байсан, үүнийг зөвшөөрөхгүй. Иймд 150,000,000 төгрөгөөс шилжүүлсэн 105,956,770 төгрөгийг хасаад үлдэгдэл 44,043,230 төгрөгийг хариуцагч “Ц” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б” ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилгын заслын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Талууд ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй, харин амаар л тохиролцсон. Материалын зардал болон ажлын хөлсийг “Б” ХХК нь 2016-2017 он хүртэл мөрдөх үнэлгээгээр ажиллахаар болсон. “Б” ХХК нь 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн. Барилгыг ашиглалтад өгсөн боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжилт орж ирэхгүй удсан, 2016 оны 06 сарын 16-ны өдөр талуудын 2 инженер хийж гүйцэтгэсэн ажил болон материалаа дүгнэж харилцан тохиролцсон бөгөөд манай компаниас талбайн инженер Ж.Уранцэцэг, талбайн даамал, инженер М.Чинбат, “Б” ХХК-иас инжежер Я.Гантөгс нар уг ажлыг хариуцан тооцоо болон ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьж байсан. Уг тооцоо нийлсэн баримтыг үндэслэн манай компани “Б” ХХК-д материалын үнэд 63,353,300 төгрөгийг, ажлын гүйцэтгэлд 35,816,875 төгрөгийг, нийт 105,956,770 төгрөгийг 2017 оны 06 сарын 16-ны өдөр “Б” ХХК-ийн Хаан банкны 5011195659 данс руу тооцоо дуусав гэж шилжүүлсэн. Нэхэмжлэлийг 8 дугаар сард гаргасан байдаг, ажлын хөлсний зөрүүг нэхэмжилсэн байна. “Б” ХХК-ийн захирал Б.Цэндсүрэн нь тухайн үед н.Ганхуягаар гарын үсэг зуруулаагүй, нэгэнт 2 талын инженерүүд тооцоо нийлж гарын үсэг зурсан, харин Б.Цэндсүрэн өөрөө бараа материалын үнийг тооцсон нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Зарим бараа материалын үнэ илүү байна. Тухайн үед М.Мөнхсайхан захирал л гарын үсэг зурсан. Гэтэл н.Ганхуяг захирал гарын үсэг зурсан гэж байна. н.Ганхуяг нь гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш, тухайн үед “Ц” ХХК-д менежерийн албан тушаал хашдаг байсан, хавтаст хэргийн 11 дүгээр талд н.Ганхуягийн гарын үсэгтэй бичиг байдаг. Гэтэл н.Ганхуяг нь гарын үсэг зурах эрх хэмжээтэй хүн биш, гүйцэтгэх захирал биш. н.Ганхуягаас энэ талаар асуухад Б.Цэндсүрэн нь банкнаас зээл авах гэхээр өгөхгүй байна, танайхаас авлагатай гэвэл банк зээл олгох байх гэсэн учраас би энэ баталгааг бичиж өгсөн гэж хэлдэг. Нэгэнт 2 тал тооцоо дуусгавар болов ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн учраас н.Ганхуягийн бичиж өгсөн мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00153 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 44,043,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 378,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 629 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 19,255,640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,787,590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “378,166” гэснийг “254,228” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 01 сарын 10-ны өдөр 102/ШШ2018/00153 дугаар шийдвэр гаргаж бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 03 сарын 07-ны  өдөр 629 тоот магадлал гаргаж уг магадлалаар “Ц” ХХК-иас 19,255,640 төгрөг гаргуулж бидний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,787,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхолд харшилсан, зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж бид үзэж байна. Тухайлбал: “Ц” ХХК нь 2017 оны 03 сарын 15 өдөр 03/25 дугаартай албан бичгээр манай компанид 150,000,000 төгрөгийн төлбөр төлөх тухайгаа мэдэгдэж байсан, мөн энэ төлбөрөөс “Ц” ХХК нь манайд 105,956,770 төгрөгийг төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтууд байгаа, үлдэгдэл 44,043,230 төгрөгийг манайд төлөөгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, түүнийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрлэсээр байтал давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг эргэлзээтэй мэтээр тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаад байна. Үүнээс гадна Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд харилцан тохиролцсон барилгын ажил гүйцэтгэлийн жишиг үнийн баримтыг бус харин “Ц” ХХК-иас гаргаж өгсөн жишиг үнийн баримтыг үнэлж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийг тооцооны баримт дахь материал бүрийн үнэлгээний талаар хариуцагч маргаагүй, хариу тайлбар гаргаагүй гэж үзэж эцсийн байдлаар зөвхөн нэг талын эрх ашигт нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 24,787,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ийнхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тиймээс Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 629 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангана.

“Б” ХХК нь “Ц” ХХК-д холбогдуулж материалын үнэ, ажлын хөлсөнд нийт 44,043,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... материалын үнэ, ажлын хөлсийг тохиролцсоны дагуу  материалын үнэд 63,353,300 төгрөг, ажил гүйцэтгэлийн хөлсөнд 35,816,875 төгрөг, нийт 105,956,770 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, 150,000,000 төгрөг төлнө гэж тохиролцоогүй, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Ц” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэстэй Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах хүүхдийн хөгжлийн төв барих төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх онцгой эрхтэй концессоор, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Хүүхдийн хөгжлийн төвийн барилга угсралтын ажлын НХОГ-К/2 дугаартай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/638 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагджээ.

“Ц” ХХК нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч “Б” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан ба заслын бүх ажил, дээврийн ажлыг “Б” ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, материал болон ажлын хөлсөнд гарсан зардлыг “Ц” ХХК 25 хувиар өсгөж төлөхөөр харилцан тохиролцсон гэж нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан байна.

“Б” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлаа эхлүүлсэн ба барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгсөн байдал, ...“Б” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 22-нд ажилдаа орсон, хийж гүйцэтгэсэн ажлын материалын болон ажлын хөлсний тооцоог харилцах тохиролцож байсныг зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “Ц” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/25 дугаар албан бичгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байх бөгөөд уг баримтад “... Хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус компани нь 2016 оны 07 дугаар сарын 22-ноос 2016 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд барилгын дээврийн болон дотор заслын ажил хийж гүйцэтгэсэн, ажлын хөлс болон бараа материалын төлбөр болох 150,000,000 төгрөгийг улсын төсвөөс санхүүжилт орж ирэхээр бүрэн дуусгах ба нэмэлт ажлын дүнг ахин тохирох болно” гэжээ.

Хариуцагч дээрх албан бичгийг “... эрх бүхий албан тушаалтан энэ бичгийг үйлдээгүй, нэхэмжлэгч зээл авах зорилгоор хийлгэсэн” гэж үгүйсгэсэн боловч энэ тухайгаа нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Ц” ХХК нь 105,956770 төгрөгийг дансаар шилжүүлэхдээ гүйлгээний утгыг Ц-с тооцоо дуусгав гэсэн байх бөгөөд энэ баримтаар хариуцагчийг төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажилчдын цалинд 78,288,255 төгрөг, материалын зардалд 78,338,300 төгрөг зарцуулсан, үүнийг 25 хувиар нэмэгдүүлээд нийт 195,783,158 төгрөг болох ёстой ч 25 хувийн нэмэгдлийг амаар тохиролцсон гээд нэмэгдээгүй дүнгээр тооцоо хийсэн гэсэн бол харин хариуцагч нь материалын үнэд 63,353,300 төгрөг, ажил гүйцэтгэлийн хөлсөнд 35,816,875 төгрөг, нийт 105,956,770 төгрөг зарцуулсан гэж талууд харилцан зөрүүтэй тайлбар гаргасан байна.

“Б” ХХК-ийн инженер Я.Гантөгс, “Ц” ХХК-ийн инженер Ж.Уранцэцэг нар материалын үнэ, ажлын хөлсөнд зарцуулсан зардлыг харилцан шалгаж, акт үйлдсэн баримт хэрэгт авагдсан боловч уг баримтыг үйлдсэн огноо тодорхойгүй, нэгж үнэ, нийт үнийг тоо       цоогүй, түүнчлэн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн “Ажлын гүйцэтгэл” гэсэн баримтад хариуцагч талын гарын үсэг зурагдаагүй байна. /хх-7-10/

Анхан шатны шүүх хариуцагч компаниас нэхэмжлэгчид ирүүлсэн 2016 оны 10 сарын 03, 2017 оны 03 сарын 15-ны өдрийн албан бичгийг хэрэгт авагдсан бусад баримт, зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж, хариуцагч “Ц” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөөгүй үлдсэн 44,043,230 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны анхан шатны шүүхийг зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн гэж үзсэн боловч  хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлж чадаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Хэргийн 9 дүгээр талд бараа хүлээлцсэн, 10 дугаар талд ажлын гүйцэтгэл хүлээлцэж тооцоо нийлсэн 2 талын гарын үсэгтэй баримт авагдсаныг үнэлж, магадлалын үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Учир нь дээрх баримтуудыг үйлдсэн огноо тодорхойгүй, үнийг тооцсон хэсгийг балын харандаагаар тэмдэглэсэн, нэхэмжлэгч компанийн тамга дарагдсан бол хариуцагчийн тамга дарагдаагүй байх тул хэргийн байдлыг тогтоох эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу банкнаас зээл авахад нь зориулан 150,000,000 төгрөг өгөх ёстой гэх албан бичгийг хийж өгсөн гэх тайлбараа хариуцагч нь баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүхийг нотолгооны хуваарилалтыг буруу хийсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатын шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 629 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,166 /гурван зуун далан найман мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

           ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН