| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0341/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 91
Ш.Ө-, П.С-, Ш.О-, Ш.Ц-, Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2019/0341/Э/219/2019/0070/001/2020/0115
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, Ө.Өлзиймаа, Б.Цэрэнбат
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаар шийтгэх тогтоолтой, Ш-гийн Ц-, П-ийн С-, Ш-ийн О-, Ш-ийн Ө-, Ж-гийн Ц- нарт холбогдох, 1918004210337 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай Б- овогт Ш-гийн Ц-,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай Д- овогт П-ийн С-,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай Б- овогт Ш-ийн О-,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай А- овогт Ш-ийн Ө-,
Монгол Улсын иргэн, урьд:
-2010 оны 08 сарын 11-ний өдөр Дархан Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3.т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай Б- овогт Ж-гийн Ц-.
Шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, П.С- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас иргэн Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол,
-шүүгдэгч Ш.Ө-, Ш.О-, П.С-, Ш.Ц- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-өөс 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг, “Дархан-2” өртөөний орчим нутаглаж байсан иргэн Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Ш.Ц-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” өртөөний орчмоос иргэн П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Ж.Ц-, Ш.Ц-, Ш.О- нар бүлэглэн 2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, “Дархан-2” өртөөний орчмоос иргэн Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаар шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б- овогт Ш-гийн Ц-, Д- овогт П-ийн С-, Б- овогт Ш-ийн О-, А- овогт Ш-ийн Ө-, Б- овогт Ж-гийн Ц- нарыг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ш.Ц-, Ш.Ө-, Ж.Ц- П.С-, Ш.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө- нарыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.Ц-, П.С-, Ш.О- нарыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ж.Ц-, П.С-, Ш.О- нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ц-ын 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий 06-65 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл эсвэл түүний үнийг, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хонгор халзан зүсмийн морь эсвэл түүний үнийг хурааж улсын орлогод, 78-24УНХ дугаартай “Ниссан тино” маркийн автомашин тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, П.С- нараас тус тус 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 78-24 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, 06-65 ДАЗ улсын дугаартай мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгааг дурдаж,
-Шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, Ж.Ц-, П.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, Ж.Ц-, П.С- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
2015 оны Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох зарчим тусгалаа олсон. Хэрвээ давтан үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх үзэж ял оногдуулах бол энэ шинжийг харгалзан хэргийн нөхцөл байдал, учруулсан хохиролд тохируулан ялыг шударга ёсны зарчимд нийцүүлж нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас ялгамжтай байдлаар оногдуулах ёстой.
Дээрх тохиолдолд шүүгдэгч нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн ба ингэхдээ шүүгдэгч Ш.Ц-, Ш.О- нар нь 4 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Ш.Ө- нь 3 удаагийн үйлдлээр, шүүгдэгч П.С- нь 2 удаагийн үйлдлээр тус тус мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж тус бүр 4 хохирогчид 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан байхад шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн хийсэн дүгнэлт, шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчид оногдуулсан ялын хувьд хөнгөдсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл шаардлагад нийцээгүй байна
Шүүгдэгч Ж.Ц- нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэж байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “ ... 06-65 ДАЗ дугаарын мотоциклийг хурааж улсын орлогод орлуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “ ... 06-65 ДАЗ дугаарын мотоцикл эсвэл түүний үнийг гаргуулах” гэж агуулгын хувьд зөрүүтэй, хоёрдмол утгатай байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх бөгөөд, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.
Шүүгдэгч Ж.Ц-ын эзэмшлийн 06-65 ДАЗ улсын дугаартай мотоциклийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр прокурорын тогтоолоор битүүмжилсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “06-65 ДАЗ улсын дугаартай мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгааг дурдсугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.т заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн. Хяналтын шатны шүүхээс хэргийг буцаахдаа ял хөнгөдсөн гэдэг үндэслэлээр буцаасан. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин гэмт хэрэг үйлдэхдээ мотоциклыг хэрэглээгүй. Тухайн үед байсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Прокурор үйлдэл тус бүрд нь ял оногдуулан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.О-, Ш.Ц- нарын өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Ө-, П.С- нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, Ж.Ц-, П.С- нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзвэл:
Прокуророос шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, П.С- нарыг бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас иргэн Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч Ш.Ө-, Ш.О-, П.С-, Ш.Ц- нарыг бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-өөс 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг, “Дархан-2” өртөөний орчим нутаглаж байсан иргэн Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч Ш.Ц-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нарыг бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” өртөөний орчмоос иргэн П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч Ж.Ц-, Ш.Ц-, Ш.О- нарыг бүлэглэн 2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, “Дархан-2” өртөөний орчмоос иргэн Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.т заасныг журамлан шүүгдэгч Ш.Ц-, П.С-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нарыг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Ш.Ц-, Ш.Ө-, Ж.Ц- П.С-, Ш.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө- нарыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.Ц-, П.С-, Ш.О- нарыг тус тус 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Ж.Ц-ын 450,000 төгрөгийн үнэ бүхий 06-65 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл эсвэл түүний үнийг, 300,000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ эсвэл түүний үнийг хурааж улсын орлогод, 78-24 УНХ дугаартай “Ниссан тино” маркийн автомашин тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, П.С- нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 450.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 78-24 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, 06-65 ДАЗ улсын дугаартай мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгааг дурдаж, шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, Ж.Ц-, П.С- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, П.С-, Ж.Ц- нар нь бүлэглэж дээрх мал хулгайлах гэмт хэргүүдийг 2019 оны 5., 6 дугаар саруудад үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн нь тогтоогдсон байх боловч анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хянан хэлэлцэж, 2020 оны 01 сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2.т “бүлэглэж”, ., 2.4.т “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хүндрүүлж өөрчлөлт оруулсныг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2.т заасан ...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...гэсэн заалт, мөн энэ хуулийн өөрчлөлтөөс өмнө мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол гэсэн хүндрүүлсэн заалт байхгүй байсан тул гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өөрсдийнх нь үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-, Ж.Ц-, П.А-, Д.Г-, гэрч Б.Х-, Д.М-, Д.О-, А.Н-, О.Ц-, Ч.Э-, М.С-, М.Н- нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар үхрийн толгой 2 хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ж.Ц-ын 06-65 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ, 78-24 УНХ дугаартай “Ниссан тино” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Капитал зууч” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, хохирогч нарт хохирол төлсөн баримтууд зэрэг нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тэдний ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ялгамжтай хугацаагаар тэнссэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байна.
Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Т-ын М-ын өмчлөлийн 78-24 УНХ улсын дугаартай “Ниссан тино” маркийн суудлын автомашин, шүүгдэгч Ж.Ц- өөрийн өмчлөлийн 06-65 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээгээ ашигласан нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3., 7.5 дугаар зүйлийн 4.т зааснаар 78-24 УНХ улсын дугаартай “Ниссан тино” маркийн машины үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн шүүгдэгч Ж.Ц-ын мотоцикл, шүдлэн үрээ зэргийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй
Харин шүүгдэгч Ж.Ц-ын өмчлөлийн 06-65 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл нь 3-р хавтаст хэргийн 114 дүгээр талд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгаа гэж зааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг буюу ...шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг зөвтгүүлэх гэснийг хүлээн авч, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг:
-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 78-24 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Ц-ын хонгор халзан зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-ын өмчлөлийн 06-65 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл нь 3-р хавтаст хэргийн 114 дүгээр талд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн болохыг дурдсугай., гэж өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ